Парламентын намрын чуулганы завсарлагаа өндөрлөх дөхөж, удахгүй хаврын чуулгантай золгох гэж байна. Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэх төслүүд бэлэн болсон эсэх, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар тус Байнгын хорооны дарга Д.Очирбаттай ярилцлаа.
-Нийслэлийн Авто замын газрын дарга асан Д.Бат-Эрдэнээс авилга авсан гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар өгвөл?
-Намайг ХБНГУ-д томилолтоор явсан хойгуур хөрөнгө мөнгө идэж уусан тухай мэдээллийг вэйб сайт, хэвлэлд гаргасан байна билээ. Хэний захиалгаар ийм зүйл бичээд байгааг нь сайн мэдэхгүй юм. Миний хувьд мөнгө идэж уугаад, авилга аваад байсан зүйл огт байхгүй.-Баримт нотолгоо нь бий гэж байсан?
-Үнэхээр баримт бий юм бол гаргаж ирээд нотлох байлгүй. Ямар ч гэсэн энэ асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандчихаад байгаа. Авилга авч 30-40 сая төгрөг өвөртөлж, хэтэвчээ түнтийлгэснээ огт санахгүй юм. Төрд алба хаахдаа, Засаг даргаар ажиллах хугацаандаа авилгад өртөөгүй л юмсан.-Тухайн үед нийслэлийн Авто замын газрын даргаар ажиллаж байсан Д.Бат-Эрдэнээс удаа дараалан мөнгө авсан юм биш үү?
-2008 оны сонгуулийн үед энэ асуудлыг анх гаргаж байсан юм. Тухайн үед нэг их тоолгүй, тэвчиж, худлаа шоудаж байна гэж бодоод тэгсгээд өнгөрөөсөн. Аливаа зүйл хэм хэмжээтэй байх ёстой. Хоёр дахь удаагаа арай л тэвчиж чадахгүй нь. Ямар ч гэсэн ингэж доромжлуулж, нэр төрөө гутаалгахаар зүйл хийгээгүй учир цагдаагийн байгууллагад өргөдлөө өгсөн. Тэд шалгаад тогтооно биз.-Ц.Батбаяр гишүүн ч холбоотой гэсэн зүйл бичсэн байна билээ?
-Биднийг нийлж байгаад л авсан бололтой юм бичсэн байна. Ер нь, сонгууль дөхөж байгаа болохоор нэр хүндэд халдан, гутааж, дахин нэр дэвшүүлэхгүй байх л арга зам хайгаад байх шиг. -Хуулийн төслүүдийг чамбай болгох зорилгоор хэд хэдэн ажлын хэсэг томилон ажиллуулсан.-Хаврын чуулган эхлэхэд арав хүрэхгүй хоног үлдлээ. Байнгын хороогоор хэлэлцэх асуудлууд бэлэн болсон уу?
Ерөнхийдөө дараалалд багтсан асуудлууд хэлэлцүүлэгт ороход бэлэн болчихсон. Мөн чуулганы завсарлагааны хугацаанд багц хуулийн төслүүдийн талаар болон салбарын шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үүний үр дүн ч гарсан гэж бодож байна.-Ажлын хэсгүүдэд зарчмын зөрүүтэй санал гарч, хэлэлцүүлэгт бэлтгэх ажил удааширдаг. Ийм асуудал гарч байна уу?
-Тийм асуудал бага шүү. Хаврын чуулган хаяанд тулчихсан учир ажлын хэсгүүдээ хуралдуулж, зарчмын зөрүүтэй саналуудаа багасгаж байгаа. Санал зөрөлдөж марган, цаг алдах шаардлагагүй шүү дээ.-Намрын чуулган завсарлах үед Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах, салбарын шинэчлэл хийх тухай ярьсан. Энэ талаар?
-Манай эрүүл мэндийн тогтолцоонд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Ардчилал шинэчлэлийн замаар явснаас хойш ганцхан энэ салбарт л шинэчлэл хийгдсэнгүй. Энэ асуудлаар салбарынхны дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлыг нь ч сонслоо. Бүгд л шинэчлэл хийхийг дэмжиж байна. Харин эрүүл мэндийн даатгалтай холбоотой хуулийн төслийг бэлтгэж, боловсруулж байгаа. Дан ганц эрүүл мэндийн даатгал ч биш багц хуульд нь өөрчлөлт оруулах юм л даа. Саяхан ХБНГУ-д очин тус орны даатгалын тогтолцоотой танилцлаа. Учир нь, энэ талаар маш их туршлагатай, дэлхийд тэргүүлэгч орны нэг болохоор судалж мэдэх зүйл олон байсан юм.-Хууль гарснаар өөрчлөлт хийж чадах болов уу?
-Монгол Улс 2.8 сая иргэнтэй гэсэн албан ёсны тоо бий. Гэтэл хүн амаа 100 хувь даатгалд хамруулж, томоохон эмнэлгүүдээ ч орчин үеийн эмчилгээний багажаар хангаж, иргэдийг тавтай орчинд эмчлүүлэх боломжоор хангаж чадаагүй л байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн жил нийгмийн эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хууль санаачлан батлуулсан. Бид үүнтэй адилхан Эрүүл мэндийн даатгалын байгууллагаа шинэчлэх, иргэдээ даатгалд хамруулж, үзлэг оношилгоонд жил бүр оруулж байх тийм л хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр зорьж, зүтгэж байна. Өнөөдөр даатгалын орчин маань иргэдэд хүрч чадахгүй яваа. Үүнээс болж маргаан ч үүссэн. Яагаад ийм зүйл гарч байна гэдгийг олж харах нь чухал.-Асуудал даатгалын байгууллагын бүтэц зохион байгуулалтад байгаа гэсэн үг үү?
-Үгүй. Байгууллагын ажиллах орчин бүрдсэн, бүтэц сайтай. Ганцхан иргэнээ эрүүл байлгахад ямар арга хэмжээ авах, хэчнээн төгрөг зарцуулж урьдчилан сэргийлэх гэдэг дээр анхаарал хандуулдаггүйгээс маргаан, бухимдал үүсэж байгаа хэрэг. Бас бодлого тодорхойлогчид өвчтөнийхөө эрүүл мэндэд огт анхаарахгүй байна. Зөвхөн арав хоног витамин тарьж биеийг нь тордсон болоод эмнэлгээс гаргах. Мөн бага зэргийн зөвлөгөө өгч байх жишээтэй. Үүнээс илүү үйлчилгээ үзүүлэх боломж бий. Энэ бүхнийг шийдэхийн тулд цогц шинэчлэл хийх гээд байгаа хэрэг.-Тэгэхээр жил бүр төлөвлөж байгаа хөрөнгө мөнгө бага учраас илүү үйлчилгээ, эмчилгээ хийх боломж хязгаарлагдаад байх шиг?
-Иймэрхүү асуудал ч бий л дээ. Уг нь, бидэнд иргэдээ бүрэн үзлэг оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн авах боломж байна. Ганцхан энэ нөхцөл боломжоо иргэд, эмч нартаа ойлгуулж өгч чадахгүй явна. Хэмнэлт хийх зорилгоор эмчлүүлэгчээс зуун хувь хөрөнгө гаргуулах гээд байна уу гэсэн асуудал хууль хэлэлцүүлэх үед гарч байсан юм. Нэг зүйл хэлэхэд газрын хэвлийдээ хэдэн зуун жил идэх баялагтай хэрнээ 2.8 сая иргэнийхээ эрүүл мэндэд санаа тавихгүй байна. Их хэмжээний мөнгө олж байгаа юм бол багахан хэсгийг хүний эрүүл мэндэд зарцуулж яагаад болохгүй гэж. Адаглаад оношилгооны багаж авчхаж болно шүү дээ. Цаг хугацааны элэгдэлд орчихсон 20-30 жилийн настай аппаратаар чадан ядан онош тавьж байна. Ер нь,малаа тоолж, индексжүүлээд, чихэнд нь кноп хатгаад л, тун их санаа тавьж байгаа. Харин иргэнээ эрүүл байлгах асуудлаа гээчихсэн байна.Тэгэхээр иргэд нь малаас дор болчихсон ч юм шиг.-Эрүүл мэндийн салбарт өмнөх бодлогоо сайжруулан үргэлжлүүлэх залгамж гэж байдаг биз дээ?
-За даа тийм зүйл байхгүй гэж хэлэхэд бараг болно. Өнөөдөр дөрвөн жилээр сайд томилогддог. Тухайн сайд ажлаа өгч өөр хүн томилогдсоноор өмнөхөө үгүйсгэж бодлогоо өөрчилнө. Мөн хэн дарга болсноос шалтгаалан бүтэц нь өөрчлөгдөнө. Нэгийг халж нөгөөг томилох нь шинэчлэл биш. Энэ бүхнийг өөрчилж, бодлогоо залгамжлан, өмнөхөө үгүйсгэхгүй засаж сайжруулан явах нь илүү оновчтой гэж боддог. Ямар ч гэсэн хууль төрвөл энэ бүхэн шийдэгдэх байх. Чуулган эхлэхээр нэн тэргүүнд хэлэлцэж батлуулахаар төлөвлөөд байна.
Э.Мөнгөн
Ардчилал
2011 оны 3-р сарын 29, Мягмар гариг
No comments:
Post a Comment