Tuesday 17 April 2012

Х.Баттулга:Би намын даргад өрсөлдөнө гэж яриагүй

Ардчилсан намын гишүүн Х.Баттулга сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-ҮЗХ-ны хурал маргаантай эхэллээ. Хурлын үр дүнг хэрхэн харж байна?

-Үр дүн бол тодорхой болсон. Санал хураалт будлиантуулаад өөрсдөө удирдаад явчихлаа. Заалыг хайрцаглачихсан байна. Гэхдээ заалнаас гадна шал өөр амьдрал байдаг юм шүү.

-Ардчилсан намын ҮЗХ-оор намын даргын асуудлыг ярина гэсэн хүлээлт байсан?

-Ардчилсан намын дарга өчигдөр Гүйцэтгэх зөвлөл гэдэг хуйвалдааны хурлаа хийчихсэн. Тэгээд хэлэлцэх асуудалд намын даргын асуудлыг оруулж ирсэнгүй, тийм боломж ч олгосонгүй.

Ярьсан бол та нэрээ дэвшүүлэх байсан уу?

-Би намын даргад өрсөлдөнө гэж юу ч яриагүй. Социализмын үеийн байдал руу манай нам орчихлоо. Үүнийг нь л шүүмжилсэн. Гэтэл даргын суудалд суух гэлээ гэж мушгиж байгаа.

-Та хамтарсан Засгийн газраас гарахыг дэмжихгүй байгаа гэсэн үнэн үү?

-Гарах нь зөв. Гэхдээ хугацаагаа олоод зөв ярих ёстой Их хурал гэдэг тоглоомын байгууллага биш. 2008 онд хамтрахдаа ҮЗХ-ны хурлаараа хэлэлцээд шийдсэн. Гарахдаа ганц хүн ярьж болохгүй биз дээ.

- ҮЗХ-ны хурлаар хамтарсан Засгийн газрын ажлыг дүгнэлээ. Та индрээс үг хэлэхдээ Ардчилсан нам МАН-тай ажиллах боломжгүй болсон тухай ярьсан. Түүнийгээ тайлбарлахгүй юу?

-Магтан дуулаад байх юм алга. Засгийн газрын ажил 82 хувийн биелэлттэй байгаа бол бид засгаас гараад яах юм бэ. Үнэндээ урагшлуулж болох олон ажилд МАН хойрго хандсан.

Өнөөдөр 21 мянган төгрөг өгчихөөд хөгжиж байна гэж болохгүй биз дээ.

Зээлээр авсан мөнгөө л иргэддээ тарааж байгаа шүү дээ. Жишээ нь, хоёр намын гэрээн дээр дотооддоо бензин боловсруулна гээд заачихсан байдаг юм. Гэтэл тэр нь эхлээ ч үгүй. Дөнгөж сая л чуулганаар яригдсан. Ийм бодит байдлыг л хэллээ.

-Тогтвортой байдлын гэрээг 70 жилээр байгуулж байгаа талаар хэлсэн. Үүнийгээ тодруулаач?

-Ерөнхийдөө сарын өмнө манай яамдаас санал авсан юм. Бид стратегийн ордод тооцсон ордоо 70 жилээр тогтвортой байдлын гэрээгээр явуулж болохгүй гэж саналаа хэлсэн. Гэтэл бидний саналыг Сангийн яаман дээр дарчихсан байна лээ.

Эх сурвалж
Зууны мэдээ

No comments:

Post a Comment