Sunday, 29 April 2012

Г.Занданшатар:Малчдын орлогыг хоёр тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бий


Монгол Улс 149 оронтой дипломат харилцаатай. Энэ жил анх удаа гадаад харилцаагаа эдийн засагжуулах том баримт бичиг баталсан. Гадаадын хөрөнгө оруулалтын газар харин 1996 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 25 хүн ажиллаж байна. Уг нь эднийх 49 хүнтэй байх ёстой ч төсөв хүрдэггүй шалтгаанаар ийм цөөн хүнтэй ажилладаг аж. Жилийн төсөв нь 250 саяхан төгрөг. Хөрөнгө оруулагчдад зориулсан арга хэмжээний өртөг өндөр байдаг учир батлагдсан төсөв хүрдэггүй, бадар гуйх хэлбэрээр ажлаа амжуулдаг хийгээд гадаадын хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн таатай орчин бүрдсэн тухай тус газрын дэд дарга Г.Дугаржав ярив. Түүнээс гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой зарим тоо баримтыг сонирхлоо. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд зөвхөн 2008 онд 459.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг нэгдсэн төсөвт төвлөрүүлсэн бол /"Эрдэнэт", " Монголросцветмет" зэрэг том аж ахуйн нэгж үүнд хамаарахгүй/ энэ оны эхний гурван улирлын дүнгээр 727 сая долларын хөрөнгө оруулалт манай улсад бүртгэгджээ. Зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлд гэхэд л хөрөнгө оруулагчид 43 тэрбум төгрөг төлсөн байх аж. Хөрөнгө оруулагчдын таван бүсийн чуулга уулзалтыг ГХОГ-аас зохион байгуулаад эхэлсэн Ирэх сарын эхээр Европ-Монголын хөрөнгө оруулагчдын уулзалтыг Лондонд, арванхоёрдугаар сарын 14-нд Засгийн газар, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт, 2010 онд Монгол-Америкийн бизнесийн уулзалт Японд хийхээр төлөвлөж буй. Түүнд Монголын талын зохион байгуулагчаар Гадаадын хөрөнгө оруулалтын газрынхан оролцоно. Ийм уулзалт зохион байгуулахад байрны түрээсийн зардал маш өндөр байдаг аж. Харин тухайн арга хэмжээний үр днүд ГХОГ-ынхан сэтгэл хангалуун байдаг тухай Г.Дугаржав ярьсан. Гэтэл хөрөнгө оруулагчтай шууд харилцдаг Гадаадын хөрөнгө оруулалтын газар нь ердөө 250-хан сая төгрөгийн төсөвтэй байдагт салбарын сайд нь сэтгэл дундуур байх нь аргагүй биз. Харьяа газрынхаа үйл ажиллагаатай өчигдөр танилцсан Гадаад харилцааны сайд Г.Занданшатар цомхон багаар нүсэр ажил амжуулж байгаа Б.Ганзориг даргатай Гадаадын хөрөнгө оруулалтын газрынханд талархал илэрхийлэв. Эх орноо олон улсын тавцанд сурталчлах, тэр хэрээрээ хөрөнгө оруулагчдад сонирхол төрүүлж, түүнийг татах нь Гадаадын хөрөнгө оруулалтын газар /ГХОГ/ үндсэн чиг үүрэг аж. Монгол жижигхэн зах зээлтэй, хөгжиж буй улс, ашигт малтмалынхаа нөөц, баялгаар сүүлийн үед хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татах болсон. Гэхдээ үүнийг хангалттай үр дүн гэж сайд Г.Занданшатар үзэхгүй байна. Монголыг гадаадад сурталчлах өртөг их өндөр аж. Цагаасаа хамаарч 40-200 мянган долларыг нэг удаагийн сурталчилгаанд зарцуулах нь ядмаг эдийн засагтай манай улсад хүнд байгааг сайд тэмдэглээд, дотоодын томоохон аж ахуйн нэгж болох "Эрдэнэт", "Монголросцветмет", "Говь" болон аялал жуулчлалын компаниудтай хамтарч ажиллах, хөрөнгө оруулагчдад түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх "нэг цонх"-ны бодлого баримталж ажиллахыг тус газрын удирдлагад санал болгов. Монгол Улс мал аж ахуйгаа эдийн засагжуулж чадсан тохиолдолд уул уурхайн салбараас ч илүү ашиг олох, сэргээгдэх баялаг юм гэдгийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар зөвлөж, энэ чиглэлээр хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллахын чухлыг тэмдэглэв. Малын гаралтай түүхий эдийг экспортлох боломжийг судлахыг Орос, Хятад, БНСУ-д суугаа Элчин сайд нарт үүрэг болгосноо сайд хэллээ. Сайд Г.Занданшатар, тус Газрын дарга Б.Ганзориг нар сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө.

Г.Занданшатар:-Мэдлэгт суурилсан хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажиллах хэрэгтэй. Япон, Энэтхэг, БНСУ-аас мэдээллийн технологи, мэдлэгт суурилсан хөрөнгө оруулалт татах, зэс, малын гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулж экспортлох чиглэлээр хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллахыг ГХОГ-ын удирдлагад зөвлөсөн. Жилд 10-20 сая толгой мал экспортлоход малчдын орлого хоёр тэрбум доллараар нэмэгдэх боломж бүрдэх юм.

Б.Ганзориг:-Гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, нэг цонхны үйлчилгээ үзүүлэх, тарифын хөнгөлөлт, урамшуулал шинээр олгох орчныг бүрдүүлэх хэрэгтэй байгаа. гадаад худалдааны үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд уул, уурхай, хөдөө аж ахуйн салбарт түлхүү анхаарч, энэ том зах зээлд шууд хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажиллана. Гадаад бодлогоо эдийн засагжуулах талаар эрчимтэй ажиллах шаардлага байгаа.

Г.Энхтөр
2009 оны 11-р сарын 24, Мягмар гариг
Өнөөдөр сонин

No comments:

Post a Comment