УИХ-ын гишүүн Г.Занданшатартай ярилцлаа.
-Нэр бүхий УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлан өргөн бариад байгаа. Төсөл санаачлагчийн хувьд ямар харилцааг зохицуулах зорилготой хууль болохыг хэлэхгүй юу?
-Стратегийн ач холбогдолтой салбарт хөрөнгө оруулахад
үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг санаачлан өргөн барьсан. Засгийн
газраас санал авахаар хүргүүлсэн. Хуулийн гол зорилго нь Монгол Улсын үндэсний
аюулгүй байдал, ард түмний язгуур эрх ашиг, эдийн засгийн суурь салбартай шууд
холбоотой. Хуулийн төслийг боловсруулахдаа Австрали, ОХУ, Герман зэрэг орны
хуульд судалгаа хийж, харьцуулсан. Гадаадын хөрөнгө оруулалт хэрэгжүүлэхэд
тухайн улс өөрийн гэсэн бодлоготой ханддаг дэлхийн жишиг бий. Тухайлбал,”Рио
Тинто” компанийн хувьцааг БНХАУ-ын “Чиналко” компани худалдаж авах хэлэлцээр
хийж байсныг хүмүүс мэдэх байх. Гэхдээ хэлэлцээр хийгдээгүй учир нь “Чиналко”
“Рио Тинто”-гийн 19 хувийн хувьцааг худалдан авах асуудалд хориг тавьсан. Харин
манай улсад ийм зохицуулалт байхгүй. “Вестерн проспектр” гэдэг Канадын компани
манайд ураны орд газар эзэмшдэг хэрнээ Хятадын компанид зарсан. Гэтэл уран
стратегийн түүхий эд. Магадгүй үүнийг алан хядах үйл ажиллагааг дэмждэг
байгууллага ч юм уу, ер нь ямар ч компани худалдаад авахад Засгийн газрын
зүгээс зохицуулах эрх мэдэл, хууль, эрх зүйн орчин байхгүй байгаа юм. “Айвенхоу
майнз” компанитай гэрээ байгуулаагүй бол өөр компанид худалдчихад үүнийг
зохицуулах аргагүй. Тийм учраас эдгээр салбарт хөрөнгө оруулалт хийхдээ Засгийн
газраас зөвшөөрөл авах шаардлагатай. Ямар тохиолдолд зөвшөөрөл олгохгүйг
тодорхой заасан байгаа. Энэ нь хориглосон зүйл огт биш. Хуулийн төсөлтэй
холбогдуулан нэр бүхий УИХ-ын гишүүд Тавантолгойн орд газрын лицензтэй
холбоотой асуулга тавьсан байгаа.
-Нэг талаас гадаадын хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх нь зайлшгүй. Хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах бодлого алдагдаагүй биз дээ?
-Энэ хууль үйлчилж эхэлснээр гадаадын хөрөнгө оруулагчдад
сөргөөр нөлөөлөхгүй. Яагаад гэвэл, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг нээлттэй
эдийн засаг бүхий Австрали, Америк зэрэг улсад ийм хууль үйлчилдэг. Харин ч энэ
төрлийн хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг илүү баталгаажуулах болно.
-Таныг төрийн далбааны талаар хуулийн төсөл боловсруулсан гэж дуулсан?
-Тийм ээ, энэ хуулийн төсөлдөө санал авахаар Засгийн газарт
хүргүүлээд байгаа. Энэ долоо хоногт УИХ-д өргөн барина. Залуу үеийг эх оронч
үзлээр хүмүүжүүлэхэд чухал ач холбогдолтой. Ер нь гадаадад төрийн далбаа нь хаа
сайгүй намирч байдаг шүү дээ. Гэтэл нийслэлд гэхэд л төрийн ордон, нийслэлийн
Засаг даргын Тамгын газрын байрны дээр л төрийн далбаа маань байна. Хуулиараа ч
зөвхөн төрийн ордон, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын байран дээр
байрлана гээд заачихсан юм. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулж, ард иргэд,
ялангуяа төрийн байгууллагууд төрийн далбаагаа заавал байрлуулна гэж байгаа юм.
Өнгөрсөн наадмаар төрийн далбааг буруугаар ашигласан. Энэ асуудлуудыг хориглож,
хариуцлага тооцох заалт ч бий. Мөн төрийн сүлдээ дээдлэх өдөртэй болъё гэсэн
юм. Монголчууд төрийн далбаа гэхээсээ илүүтэй сүлдэндээ залбирдаг ард түмэн шүү
дээ.
Б.Номин
2009 оны 10-р сарын 23, Баасан гариг
Үнэн
No comments:
Post a Comment