Wednesday 18 April 2012

С.Бямбацогт:АН цалин,тэтгэврээр барьцаалах нь зохимжгүй

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулган ирэх даваа гаригт эхэлнэ. Хэлэлцэх асуудлын хамгийн гол сэдэв хоёр намын бүлгийн санал зөрүүтэй байгаа Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл бий. Үүнд МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-2012 оны УИХ-ын сонгууль товлосон хугацаандаа зарлагдах байх. 2008 онд ярьж байгаад Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах хууль баталсан. Түүнээс хойш нөхцөл байдал, Сонгуулийн хууль нэлээд өөрчлөгдлөө. Иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулж иргэд ухаалаг үнэмлэхтэй болох гэж байна. Сонгуулийн хууль тогтолцоо, бүтэц, үйл явцын хувьд нэлээд өөрчлөгдсөн. Хуучин бол мажоритар тогтолцоо байсан бол одоо холимогоор сонгууль явуулах гэж байна. УИХ-ын сонгууль шинэ нөхцөл байдалд шинэ хуулиар явах нь. Улс эх орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал төвөгтэй байгаа учраас хоёр сонгуулийг тусад нь явуулах нь зүйтэй гэсэн байр суурийг МАН барьж байгаа.

-АН-ын бүлэг хоёр сонгуулийг хамт явуулна гэсэн байр сууриасаа буцсан. Тэд нийслэл, аймгийн сонгуулийг хамтад нь, дүүрэг, сумынхыг тусад нь явуулах саналаа танай намын бүлэгт хүргүүлсэн гэсэн. Энэ саналыг МАН-ын бүлэг хүлээж авсан уу. Хэзээ шийдвэрээ гаргах бол?

-Энэ талаар манай намын бүлэг хуралдаагүй, шийдвэр гаргаагүй байна. Орон нутгийн эрх барих, аймаг, дүүрэг, сум гээд шат шатны төлөөлөгчдийг сонгох сонгуулийг хоёр хуваахаар сум, дүүргийн Иргэдийн хурал хэр хүчин төгөлдөр болж чадах бол. Хүмүүс ач холбогдол өгөхөө больчихвол яах вэ. Ирц хүрэхгүй байх асуудал нэлээд хүндрэлтэй болж магадгүй. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал юунаас болсон билээ. Сонгуульд аль нэг нам эвслээс нэр дэвшээд ялагдсан хүмүүс нийлээд сонгууль шударга бус,булхай луйвартай боллоо гэж асуудал үүсгэж байсан. Одоо УИХ-аас гадна аймаг нийслэлийн Иргэдийн хуралд дэвшээд ялагдсан хүмүүс ба с янз бүрийн асуудал гаргаж зөвхөн Улаанбаатарын биш улс орны хэмжээнд нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх вий гэдэг үүднээс бид орон нутгийн сонгуулийг тусад нь явуулъя гэсэн байр суурьтай байгаа.

-Танай намыг УИХ-ын сонгуульд ялагдчихвал Орон нутгийн сонгуульд ялахын тулд тусад нь явуулах гэж байна гэсэн шүүмжлэл гарч байгаа шүү дээ?

-Ямар нэгэн байдлаар намд ашигтай улс төрийн өнцгөөс нь хараагүй. Будилчихвий гэснээс асуудлыг ярьж байгаа.Түүнээс салгахын тулд хамт явуулахын тулд хамтатгах гэж байгаа юм биш. Заримыг нь хамт, заримыг нь тусад нь явуулбал хүндрэл үүсч болзошгүй гэж үзэж байгаа.

-Та МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. АН-ын саналыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэж хариу өгнө гэсэн юм биш үү Ер нь танай намын Удирдах зөвлөл, Бага хурал ойрын үед хуралдах уу. Ямар асуудал хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Ойрын үед манай намын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдах тов гараагүй байгаа. Энэ асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцээд байх шаардлагагүй байх.

-АН-ын бүлэг өнгөрсөн даваа гаригт хуралдсан. Ээлжит бус чуулган дөрөв хоног үргэлжилж таван асуудал хэлэлцэхээр төсөвлөсөн учир эртхэн ажилдаа оръё гэж АН үзэж байгаа юм билээ. Тэд танайхыг хуралдахыг горьдож хоёр сонгуулийн талаар шийдвэрээ гаргахыг хүлээж байгаагаа илэрхийлсэн. Танай намын бүлэг ажлаа хийж байгаа юм уу?

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлосон таван асуудлаас Орон нутгийн хурлын сонгуулиас бусад нь эцсийн хэлэлцүүлэгт хүрчихсэн. Батлах төвшинд байгаа гэсэн үг. Орон нутгийн сонгуулийг хамт эсвэл тусад нь явуулах эсэх л том асуудал болсон. АН-ын бүлэг Орон нутгийн сонгуулийг заавал хамт явуул,хамт явуулахгүй бол бусад асуудлыг батлуулахгүй гэсэн байр суурьтай байна.Тухайлбал, төсвийн тодотгол бий.Тодотголоор төрийн албан хаагчид,багш нарын цалингийн нэмэгдэл,ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг шийдэх гэж байна шүү дээ. Үүгээр барьцаалж Орон нутгийн сонгуулийг хамт явуулна гэвэл төсвийн хуулийг хэлэлцэнэ батлуулна ,тусад нь явуулна гэвэл бид батлуулахгүй гэж байгаа юм. Улс төрийн эрх ашгаа бодож намдаа ашигтай гэдэг үүднээс төрийн албан хаагчдын цалин,ахмадуудын тэтгэврээр барьцаалах нь зохимжгүй.

-Хоёр нам нэг нэгийгээ барьцаалж,ашиг хонжоо хайж байх зуур иргэд хохирсоор байна. Цалин тэтгэврийн нэмэгдэл,хувьцаа,бэлэн мөнгө гээд маш олон хүлээлт бий. Хоёр нам ойлголцож шийдвэр гаргаж боддоггүй юм уу?

-Хамтарсан Засгийн газрын үед яриад хэлэлцээд ойлголцоод шийддэг байсан. Засгийн газраас гарчихаад МАН дангаараа эрх барьж байгаа үед нь ачаагаа үүрч хариуцлагаа хүлээх гэж байгаа хүмүүсийг аль болох дэгээдээд түлхээд унагаачихъя. Тэгэх юм бол МАН-тай хамт ард түмэн унах хамаагүй. Эргээд ард түмэн МАН-д бухимдал гомдлоо илэрхийлэх байх гэсэн үүднээс хонцын сэтгэлээр асуудалд хандаж болохгүй. АН ийм байдлаар хандаж байгаа гэж би ойлгож байгаа. Бидэнд ашигтай байх ёстой, МАН-тай хамт ард түмэн хохирох нь хамаа-гүй гэж үзэж байна. Яагаад гэвэл эрх баригчид эцсийн хариуцлага хүлээнэ гэдэг байдлаар хандаж байгаа нь харамсалтай. Улс төрийн намууд өөрийнхөө эрх ашгийг хоёрдугаарт тавих ёстой. АН эрх ашгаа нэгдүгээрт, улс орон, төрийн ажлыг дараа нь тавьж байна. Өөрсдөө улс төр хийж хожоо олж байвал, тэр нь ард түмэнд тусна уу, Ардын намд тусна уу хамаагүй гэж байгаа нь үнэхээр харамсалтай.

-Иргэд хувьцаа, бэлэн мөнгөө хэзээ авах боломжтой вэ. Хүн бүр энэ асуултыг өөр зуураа тавьцгааж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-2012 оны төсвийн тухай хуулийг баталчихсан. Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай 334 мянган иргэнд нэг сая төгрөгийг бэлнээр олгоно гээд 334 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Хэзээ, ямар үе шаттай өгөхийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Хуульчлагдсан учир эргэлзэх зүйл байхгүй. Үлдсэн иргэдэд нэг сая төгрөг эсвэл түүнтэй тэнцэх хувьцаа олгох асуудлыг шийдсэн. Өмнө нь зөвхөн хувьцаа олгохоор байсан бол одоо бэлэн мөнгө ч авч болох сонголттойгоор 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулсан. Засгийн газар хэрэгжүүлэх журам гаргах байх. МАН болон Засгийн газрын баримталж буй бодлого бол сонгуулиас өмнө амлалтаа биелүүлэх зорилт тавьж байгаа.

-Амлалт гэснээс 2008 онд танай нам иргэн бүрт бэлэн мөнгө олгоно гэсэн биз дээ. Түүнийгээ хувьцаа болгон хувиргаж хуурч байна гэсэн шүүмжлэл бий. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Уг нь 2008 онд МАН олонх болж Засгийн эрхээ барих ёстой байсан. Хэдийгээр ялсан ч АН-ыг Засагт урьж хамтарч ажилласан. Ингэхдээ олонхийн мөрийн хөтөлбөрийг биелүүлнэ, танайхыг биелүүлэхгүй гэж бид хэлээгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэн бүрт 1.5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувь, хишиг олгоё гэж заасан. Үүнийг 1.5 сая төгрөг буюу түүнтэй тэнцэх хувьцаа гэж ойлгож болно. Энэ хүрээнд хүссэн иргэн бүр хувьцаа эзэмших эрхтэй. Хувьцаа эзэмшихгүй нь мөнгөө авах боломжтой боллоо.

-АН-ын бүлэг өдөр бүр шахам танай нам руу чиглэсэн мэдэгдэл хийж байна. Танайх одоо л сөрөг хүчний дайралтыг мэдэрч байгаа биз. Тухайлбал, энэ долоо хоног Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын орлон гүйцэтгэгчээр танай намын нарийн бичгийн даргыг томилсныг болиулахыг шаардсан шүү дээ?

-УБЕГ-ын дарга нь намын харъяалалтай учир халах хэрэгтэй гэж үзэж байгаа бол буруу. Хэн ч сонгох, сонгогдох, улс төрийн намд харъяалагдах, эс харъяалагдах эрхтэй. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав АН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн шүү дээ. Түүнтэй л адилхан Л .Амарсанаа гэдэг хүн манай намын нарийн бичгийн дарга байсан. Үүнийг улстөржүүлж болохгүй. Болдог бол хоёулаа болдог, болохгүй бол хоёулаа л болохгүй байх ёстой.

-Ээлжит бус чуулган, ирэх хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай төсөл юу байна вэ. Сонгууль ойртлоо гэж улс төр хийхээс илүү бидний амьдралд тулгамдаж буй үй олон асуудал байна. Гишүүд сонгуульд явахаасаа өмнө юуг шийдэх шаардлагатай вэ?

-Улс төр хийхээс илүү ард түмний амьдралд хэрэгтэй олон хууль байна. Миний санаачилсан бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төсөл бий. Бүсийн нэмэгдэл гэхээр нэмж юм өгнө гэж хүмүүс ойлгодог. Өнөөдөр хөдөө, алслагдсан бүсэд амьдарч буй хүмүүс орлого багатай, зардал өндөртэй хохирч байгаа. Тэнд нэмэгдэл буюу нөхөн олговор олгох хэрэгтэй. Нэг литр шатахуун нийслэлд 1800 төгрөг байхад Завханд 2200 төгрөг байдаг.

Нийслэлийнхэн нэг кг гурилыг 500 төгрөгөөр худалдаж авдаг бол Ховдод тээврийн зардал нэмэгдээд 1000 төгрөг болдог.

Ийм ялгаатай тэгш бус нөхцөлд амьдарч байгаа болохоор төв суурин газарт иргэд нүүж шилжиж зах хязгаар нутаг эзгүйрч байгаа. Үүнийг шийдэх бололцоо-той. Одонтой эхчүүдийг урамшуулах, олон хүүхэдтэй эхчүудэд сар бур тэтгэмж олгох хоёр хуулийн төсөл байна. Хүн амаа өсгөх нь төрийн бодлогын нэгдүгээрт тавигдах ёстой. Мөн Боловсролын тухай хуулийн төсөл бий. Энэ хууль хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. Инновацийн тухай хууль бий. Энэ мэтчилэн заавал батлах шаардлагатай томоохон хуулийн төслүүд шийдлээ хүлээж байгаа.

Нийтлэлч
М.Ган
Эх сурвалж
Зууны мэдээ

No comments:

Post a Comment