Wednesday 18 April 2012

С.Бямбацогт:Тусгаар тогтнолын суурийг тавьсан учраас “Эх орончдын өдөр”-ийг үгүйсгэх учиргүй

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой уулзаж ярилцлаа.

Эх орончдын өдөр буюу МАН байгуулагдсаны 91 жилийн ой өчигдөр тохиолоо. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн С.Бямбацогтын байр суурийг сонирхлоо. Тэрбээр 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр МАН-тай салшгүй холбогддог шиг Эх орончдын өдөр ч гэсэн хамаарах ёстой хэмээсэн.

-Эх орончдын өдөр боллоо. Эх орончдын гэх тодотголтой энэ өдрийн утга учир нь юу юм бэ?

-1911 онд Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж, тусгаар тогтнолоо зарлаж байсан. Гэвч манай хоёр хөрш Орос болон БНХАУ Монгол Улсыг тусгаар тогтносон бус Хятадын харьяат болгох шийдвэрийг Монголыг оролцуулахгүйгээр гаргаж байсан. Үүний дараа буюу 1919 оноос гамин, 1920 оноос Барон Унгерн зэрэг харийн түрэмгийлэгчид орж ирсэн түүхтэй. Үүнээс болж Монгол Улс тэдэнд талхигдаж байсан юм.

Энэ үед буюу 1921 онд МАН байгуулагдаж, Д.Сүхбаатар тэргүүтэй эх орончид хувьсгалын ( гараагаа Хиагтаас эхэлж, ардын хувьсгал ялж байсан түүхтэй.

Ийнхүү өнгөрсөн хорьдугаар зуунд Монгол Улс бүрэн эрхт, тусгаар тогтносон улс болох эх үүсвэр тавигдсан. Үүнийг тухайн үеийн эх оронч, хувьсгалчид хийж байсан юм. Тиймдээ ч энэ өдрийг Эх орончдын өдөр гэж тэмдэглэдэг. I Мөн МАН байгуулагдсаны ойн өдөр. Энэ түүхээрээ Монгол Улсын иргэн болж төрсөн бид бүхэн бахархах ёстой.

Энэ өдрийг тэмдэглэх ёстой эсэх талаар багагүй маргаан түүхч, судлаач, улс төрчдийн дунд өрнөдөг. Энэ талаар таны байр суурь ямар байдаг вэ?

-Тусгаар тогтнолыг тунхаглан зарлах, хүлээн зөвшөөрөх, НҮБ-д элсэж, Монголыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх гэдэг өөр хэрэг. Хувьсгалыг хийж болно. Гэхдээ гал түлэхийн тулд оч, дөл, цучил байх хэрэгтэй. Тэгж байж гал маань бадран асдаг. Түүнтэй адилхан эх оронч хөвгүүд 1921 оны хувьсгалыг хийгээгүй бол бид өнөөдөр тусгаар тогтнол гэж ярихгүй. Өврөөр хэлбэл тусгаар тогтносон Монгол Улсын бүрэн эрхт иргэн гэж ярих эрхгүй байлаа л даа. Тэр утгаараа эх орончдын хийсэн хувьсгал бол Монгол Улсын тусгаар тогтнолын эхийг тавьсан. Тиймээс энэ өдрийг үгүйсгэх ямар ч аргагүй.

-Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан Эх орончдын өдрийг өөрийн намын түүх хэмээн тайлбарлаж байна?

-Өнөөдрийн байгуулагдсан МАХН бол 2010 онд байгуулагдсан 19 дэх улс төрийн хүчин. Тэр утгаараа Эх орончдын өдөртэй холбогдох учиргүй. Хэрэв тэд өөрсдөө тэгж яриад Эх орончдын өдрийг булаацалдаж байгаа бол учир дутагдалтай. МАН яагаад Эх орончдын өдрийг баяраа болгох ёстой вэ гэхээр манай нам 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан. Үүнийг Улсын дээд шүүхэд бүртгэж, албан ёсоор хүлээн зөвшөөрчихсөн. Мөн жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэх тухай хуулийг УИХ-аас батлан гаргасан. Ингээд бодохоор 1921 оны гуравдугаар сарын 1-н МАН-тай холбоотой байдаг шиг Эх орончдын өдөр ч мөн ялгаагүй юм. Манай нам 1924 онд нэрээ өөрчилж МАХН болгосон. Энэ нь тухай үеийн коминтерн буюу ЗХУ-ын нөлөө байсан. 2012 он хүртэл манай нам энэ нэрээрээ явж ирсэн. Түүхийнхээ ихэнх хэсэгт МАХН гэсэн нэртэй байж, тэр нь брэнд болчихсон учраас хүмүүсийн дунд төөрөгдөл гардаг. Гэхдээ МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл мөн. Энэ талаар дүрмэндээ хүртэл заачихсан. Үүнтэй хэн ч маргахгүй. Гагцхүү манай намын нэрийг зарим хүмүүс ашиглаад явж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа байх.

-Магадгүй энэ нь улс төрийн тактик байх л даа?

-Тийм. УИХ-ын болон орон нутгийн сонгууль дөхөж байна. МАХН гэдэг нэрийг төрөхөөсөө эхлээд сонсож, насаараа гишүүн нь явсан хүмүүсийн ой тоонд салшгүй гүн шингэчихсэн байдаг. Энэ сэтгэлзүй дээр тоглож сонгуульд оноо авах улс төрийн тактик явж байна.

Нийтлэлч
Б.Энхжаргал
Эх сурвалж
Өдрийн шуудан

No comments:

Post a Comment