Wednesday, 25 April 2012

Ж.Энхбаяр: Би шазруун зантай хүн дээ



Энэ удаагийн “Улс төржөөгүй яриа”-ныхаа хойморт УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг урьсан юм. Аавынхаа мэргэжлийг өвлөж чадаагүй ч эх орныхоо төлөө гэсэн үйл хэргийг нь залгуулж яваадаа тэрбээр эцэг хүний буян заяа хэмээн ханцуй дороо нууцхан залбирч явдаг ажээ.
-Таныг нутаг яваад ирсэн гэж сонссон. Алтай нутгаар сонин сайхан юутай, хаваржилт ямар байна вэ?
-УИХ-ын гишүүн болоод анхныхаа томилолтоор нутаг яваад ирлээ. Нийт 10 сумаар орсон. Сар шинээс хойш цаг агаарын байдал тогтуун сайхан байна. Мөн олон түмний сэтгэл ч тогтуун сайхан байна даа.  Ер нь Алтайд сүүлийн хэдэн жил цаг агаарын байдал өвөл нь өнтэй, хавар нь хахир болдог болоод байгаа. Тиймээс малчид дор бүрнээ хавардаа бэлдээд завгүй байцгаана.
-Засагт ханы хөх харчууд хэзээнээс л эр бяр, эрдэм мэдлэгээр сүрхий гэж ярьдаг. Таны бодлоор алтайчуудын бусдаас ялгарах онцлог нь юу вэ?
-Алтайчуудад бусдаас ялгарах гурван онцлог бий. Тэд хөдөлмөрч ард түмэн. Хатуу ширүүн байгаль цаг уурын нөхцөлд ажиллаж, амьдардаг шаргуу хүмүүс. Мөн шударга, шазруун улсууд байдаг. Өөрөөр хэлбэл, нэг байр сууриндаа бат зогсож чаддаг, голч нуруутай. Түүнчлэн оюунлаг ард түмэн юм. Энэ нутгаас Монгол Улсын урдаа барьдаг эрдэмтэн, доктор олноор төрсөн.  Харин орон нутгийн хувьд ашигт малтмал, эрдэс баялгийн арвин нөөцтэй нутаг юм.
Ялангуяа эдийн засгийн хямралтай байгаа энэ үед ашигт малтмалыг хэрэглэх гарц тэр
нутагт бий шүү.
-Энэ нутагт тахилгатай уул овоо олон бий. Танай гэр бүлийн хувьд хэдэн үеэрээ уламжлан шүтэн, залбирч ирсэн газар бий юу?
-Байлгүй яах вэ. Манай нутагт төрийн тусгай хамгаалалттай хайрхан олон бий. Тухайлбал, Хасагт хайрхан, Бурхан буудай, Ээж хайрхан гэх мэт. Тэр ч бүү хэл сум төр засгийн “улаан ном”-д ороогүй ч ард түмнийх нь шүтэн, тахидаг уул нуруу олон байгаа.
-Та удам судар, өвөг дээдсийнхээ тухай хуучилна уу?
-Говь-Алтай аймагт Монгол гэх Их улсыг байгуулахад оролцсон 22 гол овгийн таван нь энэ газраас улбаатай. Тухайлбал, Жалаар, Бэсүд, Урианхай, Боржгон гэх мэт. Миний удам судар гэвэл Жалаар овгийн хүн дээ, би. Монгол Улсын анхны Ерөнхий сайд, төрийн Гуо Мухлай гэдэг хүн бол Жалаар овгийн хүн байсан. Манай өвөг эцэг малчин ардаас гаралтай тийм л хүн байсан. Нутаг усандаа шаг Ламбаа хэмээн алдаршсан, бариа засал хийдэг номтой хүн байлаа. Тэр ч бүү хэл төрж чадахгүй байгаа эхийн хүүхдийг гэдсэн дотор нь задлаад гаргаад ирдэг хүн байсан гэсэн. Харин аав маань эх орныхоо төлөө бүхий л ухамсарт амьдралаа зориулсан жагсаалын цэргээс төрийн сайд хүртлээ ажилласан ноён нуруутай, сайхан хүн байлаа. Өөрөөр хэлбэл, байлдагчаас цэргийн генерал болсон жинхэнэ эр хүн байсан юм. Ёстой л улс төр, нийгэмд бүхий л хүч чадлаа шавхсан Жадамбаа гэдэг сайхан буурал байлаа.
-Та нутгаасаа хүүхэд байхдаа гарсан уу?
-Хүүхэд ахуй насны минь амьдрал Хар азаргын нуруутай яах аргагүй холбоотой. Энэ нурууны ар, өвөрт тоглож наадан хүн болсон. Харин намайг нэгдүгээр ангид орох жил манайх хотод шилжиж ирээд Х.Чойбалсангийн нэрэмжит нэгдүгээр дунд сургуульд орж байсан.
-Ж.Энхбаяр гэдэг хүний дотоод ертөнцийг сонирхмоор байна л даа. Таны амьдралын философи юу вэ?
-Төвшин, шударга туйлын цэнгэл гэсэн эртний хэлц үгийг амьдралдаа баримталдаг. Эрт дээр үеэс улаан залаат монголчууд тэргүүндээ буюу малгайныхаа оройд энэ үгийг бичиж явдаг байжээ. Ер нь ямар ч хүн төвшин, шударга байвал цэнгэлийн манлай, сэтгэлийн амар амгаланг эдэлнэ гэж боддог.
-Аливаа хүн бурхнаас заяасан төөрөг тавилангаараа амьдардаг гэдэгтэй санал нийлэх үү?
-Энэ үгтэй санал нийлдэг. Хувь тавилан өөрөө нийгмийн ороо бусгаа цаг үеэс шалтгаалан эрс өөрчлөгддөг юм болов уу даа. Яагаад гэвэл би багаасаа л цэргийн амьдралыг мөрөөддөг байлаа. Тийм ч учраас арван жилээ төгсөөд цэргийн сургуульд орсон. Гэтэл 1990 оны зах зээлийн шуурганд амьдралын эрхээр урд хөршөөс гахай үүрч бараа зөөн хар зах дээр наймаа хийн бие даан ажлын гараагаа эхэлж билээ.
-Та ер нь хэр шүтлэгтэй хүн бэ?
-Шүтлэгтэй гэж хэлж болно. Эрт дээр үеэс уламжлал болгон дээдлэн, тахин шүтэж ирсэн бурхны шашныхаа мөн чанарыг ойлгож мэдэхийн тулд ном судрыг нь уншиж судалж байгаа. Мөн лал, христ, буддын талаар харьцуулан үзэж эрүүл ухаанаар ойлгохыг хичээдэг. Гэхдээ буддын шашнаа шүтдэг. Мөн монгол хүн учраас төрж, өссөн байгаль дэлхий, уул ус, лус савдгаа дээдлэн тахиж, хайрлаж явдаг.
-Та шашнуудыг харьцуулан үзэж байгаа гэлээ. Таны бодлоор буддын шашны бусдаас ялгарах онцлог, давуу тал нь…
-Энэ шашны гол онцлог нь хүнийг эрхэмлэдэг. Хүн өөрөө бурхан гэсэн философитой. Өөрөөр хэлбэл, хүн өөрөө өөрийгөө гэгээрэлд хүргэх боломжтой гэсэн үг.
-Хүн болгон адилгүй хүлэг бүхэн жороогүй гэдэг. Тэгэхээр Ж.Энхбаяр гэдэг хүний бусдаас ялгарах онцлог юу вэ?
-Жазруун зантай, өөрийн гэсэн байр суурьт хатуу зогсохыг хичээдэг. Ер нь л өөрийнхөөрөө байхыг эрхэмлэдэг дээ.
-Дуудах нэрийг эцэг, эх. Дуурсах алдрыг өөрөө гэдэг шүү дээ. Таны бодлоор өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд хэн хамгийн их тусалсан вэ?
-Аавын маань үг сургаал, шийдвэрлэх нөлөө хамгийн их тус болсон. 1996 он буюу аав маань бурхан болсны намар МАХН улс төрийн хүрээнд бүрэн ялагдал хүлээчихсэн, түүхийн тавцангаас арчигдах ёстой гэсэн байр суурь иргэдийн дунд бий болоход Б.Бат-Оргил бид хоёр хэдэн залуутай энэ намд элсэж байсан. Тэр үед аавтай маань хамт ажиллаж байсан олон сайхан ах, эгч нар зааж, сургасан.  Санаж, бодох юмгүй цэл залуухан хаашаа бол хаашаа салхи шиг хийсэх 22 настай байхад Ц.Балдорж эрхлэгч намайг хүүхэд шигээ бодож зааж зөвлөж билээ.
-Ямар ч хүнд амьдралаа эргээд бодоход оносон, харамсах ч юм олон байдаг. Таны хувьд?
-Миний хамгийн их харамсдаг юм бол цэргийн сургуулиа төгсөх минь яав даа гэж боддог. 1990 оны зах зээлийн тэр хүнд үед Монгол Улсад цэрэг, арми хэрэггүй юм шиг санасан юм болов уу даа. Ёстой л залуу байж дээ.
-Хүн болж төрсний тань бахархал юу вэ?
-Энэ хорвоод хүн болж төрсний хувьд үр удмаа үлдээлээ. Харин эцэг хүн болсны хувьд үр хүүхдэдээ зөв хүмүүжил олгох явдал юм. Тэгээд ч энэ ухагдахууныг биеэрээ амслаа. Эцэг хүний нийгэмд үлдээсэн нэр хүнд үр хүүхдэдээ ямар их чухал байдгийг мэдсэн. Тухайлбал, өнгөрсөн зун УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нийгэм тэр чигээрээ намайг Жадамбаагийн хүү гэдгээр нь хүндэтгэж байсан. Энэ бол үнэхээр үнэлж баршгүй өв шүү. Хэдийгээр тэр хүн бурхны оронд мордсон ч сайн эцгийн нэр үр хүүхдээ тэтгэж явдаг юм билээ.
-Эр хүнийг найранд гурван дуу, наадамд гурван даваатай гэдэг дээ. Таны хувьд?
-Нүүдэлчин гэх тодотголтой бидний үнэт зүйл бол монгол бөх, монгол наадам юм. Наадам гэх ганцхан үгийн цаана энэ л ард түмний бахархал, үнэт өв гээд олон юм багтдаг. Тухайлбал, уртын дуу, хурдан морь, сур, харваа….Тэр ч утгаараа Говь-Алтай аймгийн Хантайшир бөхийн дэвжээний тэргүүнээр гурав дахь жилдээ ажиллаж байна. Харин дуу хуурын хувьд гэвэл багадаа хоор дууны гоцлол хийдэг байв. Гэхдээ харамсалтай нь хүүхэд байхдаа хоолойнхоо хөвчийг гэмтээчихсэн. Уг нь би дуулах дуртай. Бэрд надаас “Чиний ганцхан хүслийг биелүүлье” гэвэл “Сайхан хоолойтой болгож өгөөч” л гэнэ дээ. (инээв) Гэхдээ ямар ч найр наадамд нүүрээ улалзуулахгүй халаасны ганц хоёр дуу бий. Сүүлийн үед ерөөл, магтаал сонирхоод байгаа шүү.
-Таныг нэлээд залуу байхдаа аав болсон гэж сонссон?
-20 настай байхдаа эхнэр авч байлаа. Эхнэртэйгээ гэр бүл болоод 16 жил болсон байна. Манайх гурван сайхан хүүтэй, эхнэр маань дархан бэр. Ер нь залуугаараа гэр бүл болоход амьдралын мөн чанарыг дэндүү эрт амсдаг юм болов уу даа гэж боддог.
-Би бодохдоо аливаа гэр бүлийн ноён нуруу эцэг хүн дээр тогтдог гэж боддог. Таны хувьд өөрийнхөө санасан хэмжээнд сайн аав, сайн гэрийн эзэн байж чаддаг уу?
-Би ямагт хичээдэг. Үр хүүхэд, хань ижилдээ ноён нуруу нь болох юмсан гэж л боддог.
-Удахгүй Зэвсэгт хүчний баяр болно. Аав тань насаараа цэргийн албанд зүтгэжээ. Энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Халх голын 70 жилийн ой энэ жил тохиож байгаа юм билээ. Энэ утгаараа аавынхаа хэлсэн, ярьсан, бүтээсэн үйл хэрэг гэгээн дүрийг мөнхөлж дөрвөн боть ном гаргаж байгаа. Номынхоо нээлтийг цэргийн баяраар хийх болно.  Уг номд аавтай маань хамт ажилладаг байсан буурлууд үгээ хэлсэн байгаа. Энэ хүний урсгал болон удмыг нь залгуулж байгаа хүүгийн хувьд үйл хэргийг нь үргэлжлүүлж байна даа.
2009 оны 3-р сарын 16, Даваа гариг
Нийгмийн толь

No comments:

Post a Comment