Wednesday, 25 April 2012

Ж.Энхбаяр: "Явцгаая" гэж уриалаад хүмүүсийн өмнө алхахыг хичээдэг


УИХ-ын шинэ, бас хамгийн залуу гишүүдийн нэг Жадамбаагийн Энхбаяртай ярилцлаа. Говь-Алтай аймгийн иргэд түүнийг парламент дахь төлөөллөөрөө сонгосон. Тэрээр 2000-2006 онд гаалийн байгууллагад удирдах алба хашиж байгаад 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар ажиллаж байв. Ж.Энхбаяр 36 настай.
-Та 1996 онд 23 настайдаа МАХН-ын гишүүн болж байсан юм билээ. Тэр үед залуусын сэтгэлийг шинэ тутам намууд л хөдөлгөдөг байсан шүү дээ. Монголд ардчилал шинээр бий болсны дөнгөж дараахан 23-тай залуу улс төрийн сонголт хийгээд тэр нь МАХН байсан гэхээр ямар нэг онцгой учир шалтгаан Танд байжээ дээ?
-УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялагдаад байсан үе шүү дээ. МАХН дуусчихлаа, улс төрийн үйл ажиллагааг нь хориглоё, татан булгая, өмчийг нь хураая гэсэн шахаа ид хурцдаж байсан. 1996 оны намар л даа, аав минь бурхан болсон. Ажил явдлыг нь дуусгаад долоо хоногийн дараа МАХН-ын нэгдүгээр үүрт өргөдөл бичиж гишүүний үнэмлэхийг нь өвөртөлж билээ. Төрийн соёрхолт жүжигчин Н.Сувдын хүү Бат-Оргил бид хоёр нэлээд хэдэн залуусыг дагуулаад МАХН-д элссэн юм. Тэгэхэд олон ч танил маань хөгшчүүлийн намд орлоо гэж шүүмжилсэн дээ. МАХН-д алдаа, оноо байдаг. Хамгийн гол үнэт зүйл нь энэ нам Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болж байсны хувьд би сонгосон. Алдааг нь залруулъя, өөрчлөлт шинэчлэлтэд нь гар бие оролцъё гэж.
-Ааваа хөдөөлүүлчхээд л МАХН-д элссэнийг тань аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх зорилго гэж ойлгож болох уу. Таны аав МАХН-ын хувьд хэн байсан юм бэ?
-Манай аав зөвхөн МАХН-ын гэхээсээ төрийн хүн, эх орны цэрэг байлаа. Монгол Улсын аюулгүй байдлын төлөө бүхий л ухамсарт амьдралаа зориулсан хүн. Жагсаалын цэргээс Батлан хамгаалах яамны сайд, дэслэгч генерал хүртлээ батлан хамгаалах салбарыг хөл дээр нь босгох, сайжруулж шинэчлэхийн төлөө ажилласан. Цэргийн хүний нутаг орноо гэсэн үзэл санаа миний хүмүүжлийн үндэс суурь.
-Захиж хэлсэн хамгийн үнэтэй үг нь юу бол?
-"Монгол төрийн цус бохирлогдсон" гэсэн нь айхтар гашуун сонсогдож байлаа.
-"Монгол төрийн цус бохирлогдсон" гэдэг үг одоо ч үнэний хувьтай сонсогдох байх. Зөвхөн Ардчилсан намаас болж биш, Хувьсгалт нам ч бохирлож байгаа юм шиг санагдахгүй байна уу?
-Шулуухан хэлэхэд тийм. Би УИХ-ын гишүүн боллоо, Энэ танхимд сэтгэлгээний маш том хямрал байна. Гишүүдийн үзэл бодол, хандлагууд зөрчилдөж байна.
-Та нар бүлгээ хаалттай хуралдуулж байр сууриа нэгтгэж аваад чуулганаар батлуулчихдаг шүү дээ. МАХН-ын бүлэг дотор юу болдгийг мэдэх юм алга. Өөр үзэл бодол, хандлагууд байдаг юм уу?
-Миний ойлгож байгаагаар Монголд шилжилтийн хямрал дуусаагүй байна. Системийн шилжилт үргэлжилж байгаа болохоор үзэл бодлын хямрал нэг намын дотор ч илэрсээр байх шиг.
-Ингэхэд Таны ямар итгэл үнэмшил бусадтайгаа зөрчилддөг юм бэ?
-Би эдийн засгийн либерал бодлогыг дэмждэг. Бид 18 жил хэтэрхий задгай явлаа. Үр дүнд нь бидний сонгосон систем сорилтод хөл алдаж байна. Монгол Улс нэмүү өртөг үйлдвэрлэж чаддаггүй, зүгээр л хэрэглэгч орон болсон. Эдийн засаг дахь төрийн оролцоо дэндүү их. Төр өөрөө худалдан авагч, захиалагч, хөрөнгө оруулагч. Гэтэл төрийн ганц орлого нь зэс. Зэсийн ханш унахад л Монголын эдийн засаг хямардаг. Миний хүсэж мөрөөддөг зүйл юу гэвэл эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах.
-Зоригтой шүүмжлэл, өөр байр сууриараа олны анхаарлыг татдаг хүн МАХН-д цөөн. Тэр тусмаа Ж.Энхбаяр гэдэг хүн ямар бодол санаатай байгаа тухай хүмүүс мэддэггүй. Та МАХН-ын удирдах дээд байгууллагын гишүүн биз дээ? Тэнд өөрийнхөөрөө байж чаддаг уу?
-Тийм л дээ. Би 1996 оноос хойш Бага хуралд тав дахь удаагаа сонгогдож байна. Тэнд миний үзэл бодол, үйл ажиллагааны орон зай байдаг учраас намайг тасралтгүй сонгосон байх. Дахиад л аавынхаа талаар дурсъя. Миний эцэг надад яг өөрийнхөөрөө ажиллаж амьдрах үлгэр дууриалыг үлдээсэн. 20 дугаар тогтоол, алт дилерийн хэрэг гээд энэ нийгмийн эхэн үед гарсан томоохон хэрэг, үйл явдлуудад барьж байсан байр сууриар нь би бахархдаг. Ю.Цэдэнбал даргыг Орост таалал төгсөхөд шарилыг нь Монголд авчрах хүн ааваас өөр байгаагүй. Бүгд муу нэр зүүхээс хулчийж байсан. Тэгэхэд аав "Монгол цэрэг маршалаа дагуулж ирнэ" гээд явж байлаа. Аав хэнээс ч, юунаас ч айдаггүй байсан. Би ч тэгж амьдардаг.
-Та УИХ-д орж ирээд хагас жил болж байна. Ажиллаж байгаа энэ талбартаа сэтгэл хангалуун байгаа юу?
-Би УИХ-д сонгогдохоос өмнө төрийн хууль хяналтын байгууллагад найман жил ажилласан. УИХ-ын Байнгын хороодод асуудлаа тавьж нягт хамтран ажиллаж байлаа. Хууль боловсруулах, батлах ажиллагаанд оролцохыг зорьсон минь биелэгдлээ. Монголын хүн амын 75 хувь нь 35-аас доош насны залуус шүү дээ. Би тэдний дуу хоолой болж, эрх ашгийг нь хамгаалах зорилготой.

Үнэнийг хэлэхэд би парламентын засаглалд сэтгэл дундуур байна. Өнөөгийн байдлаар Монголд парламентын засаглал бүрэн дүүрэн зохицож байгаа юм уу. Надад ойлгомжгүй санагддаг. Засаглалын гажуудлыг яаралтай нэг тийш болгох зайлшгүй шаардлага байна.

Засаглал ярихаас өмнө өнгөрүүлсэн 18 жилээ эргэн харах хэрэгтэй. Үндсэн хууль бидний зарим харилцааг зохицуулж чадахгүй боллоо. Монгол Улсын засаг захиргаа, түүний нэгжийн байршил, бүтцийг хамгийн оновчтой зохион байгуулалттай гэж хэлэх аргагүй. Манайд эрүүл мэнд, боловсролын сайн систем байхгүй. Одоо бидний мөрдөж байгаа эдийн засгийн загварыг зөв гэж би боддоггүй. Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд эргэлзээнд орчихоод байна. Улстөрчид, ард иргэд бүгд итгэл алдарчхаад урсгалаараа хөвцгөөж байна. Улстөрчид, ард иргэд бүгд итгэл алдарчхаад байна. цаашид  хэрхэх тухай бодлого, стратеги алга. Үүнд л миний сэтгэл зовж байна.
Их засвар хийхгүй бол монголын байдал ноцтойгоо хүндэрнэ. Монгол Улсад олигтой инженер алга, сайн ажилчин ч алга. Тархи алга.
-Бас парламентад сөрөг хүчин алга. Чухам ийм үед тэр их засварыг эхлүүлэх ёстой биш үү?
-Хийхгүй л юм байна.
-Хийгээсэй гээд суугаад байх уу, яамаар юм бэ дээ?
-XX зуунд Монгол 20 жилийн дотор үсрэнгүй хөгжсөнийг эргэж харъя. Зөвлөлтийн системийг шууд хуулбарласан. Боловсролоос эхлээд шинжлэх ухааны бүх салбар "үсэрсэн".
-Одоо хоёр дахь үсрэлтийг яаж хийх вэ?
-Бид Орос ч үгүй, Америк ч үгүй, хий дэмий хийрхлүүдийн дунд гацчихлаа. Аргаа бараад эрхийн тэнэг хүүхэд шиг аав, ээжийнхээ үлдээсэн авдрыг уудалж зараад дуусгах нь. Хямралаар илэрч байна шүү дээ. Зэс яах вэ, зээл авъя гээд гуйлга гуйцгааж байна. Баялаг бүтээж чадсангүй. Тэгэхээр хоёр дахь үсрэлтийг яаралтай хуулахаас өөр аргагүй. Стандартыг шууд хуулъя. Монгол стандарт гаргаж авна гээд байгаа нь бидний алдаа болж байна.

Стандарт бол зорилт, хэм хэмжээ. Жишээ нь Сингапур Английнхыг хуулсан. Европын пост коммунист орнууд бүгд европ стандартад нэгдсэн, шууд хуулж амжилтад хүрцгээлээ.
-Та ийм бодолтой яваагаа УИХ-д, МАХН-ын удирдлагадаа ойлгуулах гэж хичээж байгаа юу?
-Эхний ээлжид Монголын залуучуудтайгаа хуваалцмаар байна. Үеэ өнгөрөөсөн хүмүүс үүнийг хүсэхгүй, эсэргүүцнэ. Ирээдүйн эзэд л шийдэг. Одоогийн тогтолцоо, системээр цаашаа явбал юун үсэрч хөгжих вэ, бүтэхгүй гэдгийг цаг хугацаа харуулна.
-Ялсан намын мөрийн хөтөлбөр гэж Монгол Улсын хөгжлийг дөрвөн жилээр тодорхойлдог луужин байна. МАХН, АН бие биеэсээ дутахгүй, гэхдээ уралдаж мөнгө амладаг. Бодлогогүй амлалтууд чинь л хямралыг бий болгоод байгаа юм биш үү?
-Тийм, яг үнэн. Улстөрчдийн амласан халамжийн мөнгийг харж иргэд ажил амьдралаа зохицуулах хэрэггүй гэдгийг өнөөгийн хямрал ойлгууллаа. Тийм болохоор би энэ хямралыг "баяртай" хүлээж авч байгаа. Үр дүнд нь нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдөөсэй. Зээлээр бус, хөдөлмөрлөж байж мөнгө босгодог, иргэд нь ажилч хичээнгүй, бүтээлч байж улс орон хөгждөг гэдгийг төрийн бодлогод ч, энгийн хүмүүст ч хатуу ойлгуулах цаг ирж байна.
-Засгийн газрын боловсруулсан хямралыг гэтлэх төлөвлөгөө Таныхаар хэр төсөл вэ?
-Таалагдаагүй. Гал унтраах төдий төсөл байна лээ. Гадаадаас 1,5 их наяд төгрөг гүйж ирнэ гэж байгаа юм. гэтэл УИХ-ын баталсан төсвийн алдагдал нэг тэрбум элбэг давж байгаа. 1,5 их наядаар төсвийнхөө цоорхойг нөхөөд л таарах байх.
-Сайд нарын танхимд багтаагүй УИХ-ын гишүүд бүгд л таны хэлдгийг яриад байгаа. Засгийн газар парламентаа сонсдог юм уу?
-УИХ Засгийн газарт хөтлөгдөөд явдаг нь л манай засаглалын гажиг шүү дээ.
-МАСЗХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Энхбаяр гэхээр хүмүүс залуусын фракцынх гэж ойлгох байх. МАСЗХ МАХН дотроо фракц болтлоо байр сууриа олж чадсан гэж боддог уу?
-МАСЗХ бол фракц биш. 35 хүртэлх насны залуусыг эгнээндээ нэгтгэдэг МАХН-ын дэргэдэх дүрмийн байгууллага. Намд шинэ залуу боловсон хүчнийг нийлүүлэх үүрэгтэй.
-Улс төрд карьер хөөх боломж олгодог газар юм аа гэж үү?
-Тийм. Үүгээрээ манай нам АН-аас давуу талтай. МАСЗХ-ны шалгуураар залууст тодорхой хат суулгаж жинхэнэ улс төрд нийлүүлдэг.
-Та аль фракцынх вэ?
-Би аль фракцынх вэ гэвэл хэлэлцэж байгаа тодорхой асуудлаар байр суурь нэгтэй хүмүүстэй нийлдэг. Түүнээс биш яг тийм фракцынх гэж сүржигнэх нь утгагүй хэрэг.
-МАСЗХ-ын ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга боллоо.  Залуучуудын холбооныхон экс ерөнхийлөгчөөрөө дамжуулж МАХН ын бодлогод илүү нөлөөлөх боломж гарч байгаа гэж ойлгож болох уу?
-Яг тэгж шууд ойлгож болохгүй. У.Хүрэлсүх, Т.Занданшатар бид хэд яах аргагүй нэг баг Гэхдээ бидэнд хэн хэнийхээ хашиж байгаа албан тушаалыг ашиглах бодол алга. Биенийхээ үзэл бодол, үйл хөдлөлийг удирддаггүй, нөлөөлдөггүй нь бид хэдийн үерхэл нөхөрлөлийн үнэт зүйл болтлоо төлөвшиж чадсан юм шүү. МАСЗХ-г юу нэгтгэдэг вэ гэвэл нэг нь нөгөөгийнхөө байр суурийг хүндэтгэдэг. Дарга буруу ярьж байсан ч дагаж
балиашигладаг эрүүл бус, өөдгүй чанар байдаггүйгээрээ МАСЗХ үнэ цэнтэй.
Үүсч байгуулагдсан 15 жилийнхээ хугацаанд МАСЗХ олон шилдэг залуусыг улс төрд бэлтгэсэн дээ.
-"Хадгаламж" банкнаас 14 тэрбум төгрөг зувчуулсан хэрэг явдлыг МАСЗХ-ны үнэн нүүр царай гэж үзэх хандлага бий болсон шүү дээ. Сүүлийн үед МАСЗХ-ны гишүүд холбооныхоо нэрийг сайнаар ч, муугаар ч гаргахаас айдаг бэлчихсэн юм шиг санагдаж байна.
-Анзаарч байгаа бол МАХН-ын дотоодод бүтцийн томоохон өөрчлөлт явагдаж байна. бага хурлуудаа хийлээ, намын удирдлагуудаа шинээр сонголоо. МАХН-ын анхан шатны бүх байгууллагууд нийслэлд Цуглаж хуралдаж байна. Эдгээр хүрээнд залуучуудын асуудлыг ярьж байгаа. Шинэчилсэн бүртгэлээр МАСЗХ 47 мянган гишүүнтэй болсон. Зах зээлийн нийгэмд залуу хүмүүс олон алдаа гаргасан нь сургамж болж байна. "Хадгаламж" банкны хэрэг бол нэг илрэл нь. МАСЗХ-ны нэг гишүүн энэ хэргийг хийсэн, одоо ялаа эдэлж байгаа. Бид дүгнэлт хийж дотоод журмаа шинэчлэн засварлаж байна. МАСЗХ энэ хавар их хурлаа хийнэ. Үүгээр олон асуудлыг хэлэлцэхээр бэлтгэж эхэлсэн. Гишүүнчлэлд тавих шаардлага, ёс зүйн, санхүүжилтийн дүрмээ боловсронгуй болгож байгаа.

МАСЗХ нэг үхрийн эвэр доргивол ямар байдгийг хатуу ойлгосон. 47 мянган залуусыг нэгтгээд тэдний амьдрал, үйл ажиллагааны салшгүй хэсэг болж байгаа "амьд" байгууллага Монголд МАСЗХ-ноос өөр алга л байна шүү дээ. Тиймээс бид маш сайн ажиллах ёстой.
-МАХН-ын бага хурал маргааш болох гэж байна. Тэнд 40 орчим гишүүний суудал гарсны хэдийг нь МАСЗХ горилж байгаа вэ?
-Хэд гэх вэ дээ. Бага хурлын орон гарсан суудлын төлөөх ширүүн өрсөлдөөн явж байна. МАХН-ын давуу тал гэвэл улс төрийн ардчиллаар бусад намыг тэргүүлж яваа шүү. Хэн нь олон түмэнд ойр танигдсан тэр хүн л анхан шатны байгууллагаас дэмжиж Бага хуралд өрсөлддөг. Залуучууд ч аймаг бүрт нэрээ дэвшүүлж өрсөлдөнө. Бага хурал санал хурааж эцсийн шийдийг өгнө шүү дээ.
-Би таныг анх 1997 онд харснаа санаж байна. Тэгэхэд 24 насандаа ахадсан албархуу төрхтэй залуу харагдсан. Хэл яриа нь хүртэл дарга шиг санагдаж билээ. -Тийм үү (инээв). -Та хэтэрхий залуудаа удирдах алба хашсан байх юм. Хориодхон насандаа "Газар-чин" компанийн захирал, 23 настайдаа МАХН-ын Бага хурлын гишүүн, 27-тойдоо Онцгой албан татварын газрын дарга гээд л. Даргын дөр хэдийнээс суув. Эсвэл генералын хүүхэд болохоор удирдагчийн авьяастай төрдөг юм уу?
-Үгүй дээ. Генерал аав гэхээсээ дайчин цогтой эх орончийн гэр бүлд хүмүүжсэн хүн дээ, би. Багадаа нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Хаана л урлаг, спорт байна би тэнд оролцоно. Хүүхэд байхын л олон хүний дунд өөрийгөө илэрхийлж сурсан. Удирдах албан тушаалд эрт очсон нь миний амьдралын жам байх. Хамгийн дээд тал нь 2000 гаруй ажилтантай байгууллагыг удирдаж байлаа. "Дарга" гэдэг үг моодноос гарчихсан шүү дээ. Хуучны дарга шиг удирдагч энэ үед явахгүй ээ. Орчин цагт менежерүүд манлайлдаг болсон. Дарга бол "яв" гэдэг, харин удирдагч "явцгаая" гэж уриалдаг ялгаа бий. Би "явцгаая" гэж хэлээд өмнө нь алхахыг хичээдэг.
-Та Улаанбаатарт төрж, өссөн хотын хүүхэд. Тэр дундаа нийслэлийн яг төвийнх. Говь-Алтайнхныг төлөөлж чадах уу?
-Би цэргийн хүний хүүхэд болохоос биш гэнэтхэн генералын гэр бүлд оччихоогүй. Миний бага нас цэргийн хуаран, машины хойд хонхорт өнгөрсөн. Говь-Алтайн Халиун сум, Хар азаргын нуруугаар нутагтай өвөө, эмээгийнхээ гэрт малчны амьдралыг үзсан. Би ихэртнээс Говь-Алтайтай холбогдсон болохоор аж амьдрал, хүсэл мөрөөдлийг нь дэндүү сайн мэднэ дээ. Амны салиа арилаа-гүй, цагаан захтай хотын хүүхдийг Говь-Алтайнхан яаж ч донгодоод хүлээж авахгүй.
-Алтайн хөх харчуул айхтар, шар хүүхнүүд нь бүр айхтар гэлцдэг. Лав л хотод суурьшигсдыг нь ажаад байхад овжин улс шиг санагддаг юм.
-Манай Алтайнхан хөдөлмөрч, шударга, оюунлаг сүрхий ард түмэн шүү дээ. Улс төр дэх уламжлал нь хатуу, үнэлэмж нь өндөр. П.Жасрай агсан, Л.Түдэв, А.Базархүү гэсэн мундагуудыг төрүүлсэн гээд боддоо.
-Тэгээд ямар шүүлтүүрээр гараад ирэв?
-Би өнгөрснийг яриагүй. Бодит байдал, ирээдүйн нөхцөлийг ярьсан. Хичээж ажиллахаа амалсан. Миний шударга хүсэл мөрөөдлийг нутгийн олон дэмжсэн. УИХ-ын 2008 оны сонгуульд иргэдээс авсан хувь хэмжээгээрээ би рекорд тог-тоосон шүү дээ.
-Тар хэр хөрөнгөтэй хүн бэ?
-Хөрөнгө, орлогын мэдүүлэгт хангалттай ил тод мэдээлсэн. Би 1990оноосгахай үүрч, ганзага тээсэн хүн шүү дээ. 18-тайдаа байгуулсан компани маань өнгөрсөн 18жилд худалдаа, үйлдвэрлэлийн олон салбарт үйл аижллагаагаа тэлсэн. Барилга, банк, санхүү, геологи, уул уурхайн салбарт ,амжилт олсон.
-Бизнесээс улс төрд орсон хүмүүс муу нэр зүүдэг. Та "олигарх" алдраас яаж ангид явав?
-Засгаас ганц тендер аваагүй, нэг ч мөнгө хүр-тээгүйтэй холбоотой.   .
-Та залуу хүн гэхэд нэлээд бууралтчихаж. Юунаас болдог юм бол?
-Энхбаярын ажил амьдрал өнөөдрийн төвшинд хүрсэн нь бууралтах шалтгаан юм байлгүй.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Миний эхнэр сартуул овогтой Нямбуугийн Ариунчимэг гэж бүсгүй бий. Бид гурван хүүтэй. Том нь 16 нас хүрч байна.
-Та их эрт гэрлэжээ?
-Бид 20 настайдаа гэрлэсэн. Нэг л мэдэхэд 16 жил өнгөрчихөж.
-Эрт гэрлэхийн ид шид гэж байх юм уу?
-Миний хувьд Энхбаяр гэдэг хүний амжилт бол эрт гэрлэсэнтэй минь холбоотой. Үүрэг, хариуцлага эрт хүлээж, тэр хэрээр амьдралд эрт хөлөө
-Тэгвэл дорвон жилийн дараа 40-хон настайдаа өвоө боллоо гэхэд дуртай байх нь ээ?
-Дургүйцэхгүй. Жамаараа л болог.
-Та нэлээд хашир хүн байх аа?
-Би дандаа хяналт, шалгалт хариуцсан ажил хийж ирсэн. Өөрийн эрхгүй нэг тийм сэтгэл зүй бүрэлддэг юм байна. Хашир гэх үү, болгоомжтой ч гэх юм уу. Юмыг нэг тайлбараас биш олон талаас нь хардаг дадалтай. Цаад учир шалтгааныг нь ухах гэдэг. Хяналтын материал, шалгалтын дүнтэй зууралдаж алдаа гаргахгүйн тулд ахин дахин хянаж шалгасан найман жилийн туршлага л даа.
-Үгийг нь сонсож суудаг, аавын оронд аав болсон хүн бий юу?
-Тэр намар манайх гэдэг айл аав, ах дүүгээ алдаж айхтар цохилтод ороход хүмүүсийн мөн чанар голд ортол танигдаж билээ. Хэрсүүжихгүй байхын аргагүй. Тэгэхэд Ц.Бэлдоржагсан огт танихгүй мөртлөө  намайг дуудаж уулздаг юм. амьдралд хөл алдах вий гэж хайрлаж хэлсэн хатуу үгс аавын эзгүй тэр хачин өдрүүдэд их түшигтэй болдог.
2009 оны 2-р сарын 20, Баасан гариг
Зууны мэдээ

No comments:

Post a Comment