Wednesday 18 April 2012

”Н.Энхбаярыг хамгаалах гэж Ц.Нямдоржийг огцруулах гээгүй”

УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Балдан-Очир, Р.Раш нарын гишүүн өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруул” гэсэн утгатай шаардлага тавьсан. Тиймээс УИХ-ын гишүүн Р.Рашийг “Ярилцах танхим”-даа урьж энэ талаар ярилцлаа.


-Чухам яагаад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Ням­доржийг огцруулах шаард­лагыг өргөн барих болов. МАХН-ын дарга Н.Энх­баярыг албадан баривчлах явцад гарсан үйл явдлын гол буруутан нь үнэхээр Ц.Ням­дорж сайд гэж үү?

-Монгол Улсын төрийн эрхийг барих, хууль тогтоох дээд байгууллага баталж гар­гасан хуульдаа эзэн болох ёстой. УИХ-ын гишүүд хууль баталчихаад “Энэ хуулийг бид хэрэгжүүлэх ёсгүй. Хэрэг­жилт нь бидэнд хамаагүй” гээд гар хумхиад сууж болохгүй.

-Иргэд шаардлага өгч байгаагийн гол шалтгааныг олон янзаар хүлээж авч байгаа байх?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариуцсан ажилдаа хэр зэрэг эзэн болж байгааг нь ч бид авч хэлэлцсэн. Ингээд “Нөхөр Ц.Нямдоржийг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй” гэж үзсэн юм. Энэ хүн цагдаа, хүчний байгууллагыг хариуцан ажиллаж буй хүний хувьд нийгмийн хэв журам сахиулах, иргэдийн амгалан тайван байдлыг хангах ажлыг ч биечлэн хариуцах ёстой.

-АТГ-ын зүгээс “Сэжигтэн Н.Энхбаяр мөрдөн шалгах ажил­лагааг тасалдуулсан. МАХН-ын гишүүд, дэмжигчид эмх замба­раагүй байдал үүсгэсэн” гэж тайл­барлаж байгаа шүү дээ?

-Тухайн үед холбогдох байгуул­лагууд нь шийдвэр гаргасны үндсэн дээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан. Яах вэ. “Шүүхийн хараат бус байдал” гэх мэтээр тайл­бар тавьж магадгүй. Гэхдээ тэр үед олон тооны цагдаагийн ажилтан нэг цэг дээр төвлөрсөн байсан. Улмаар тэнд байсан иргэдтэй мөргөлдөж, сөр­гөлдсөн. Тэнд чухам ямар үйл явдал болсныг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр харсан шүү дээ. Иймэрхүү байдал цаашаа даамжирсан бол юунд ч хүргэж мэдэхээр байсан. Тиймээс ч энэ салбарыг хариуцаж ажиллаж байгаагийнх нь хувьд “Хууль зүй, дотоод хэргийн сайдтай хариуцлага тооцох ёстой” гэж байгаа юм.

-Гишүүдийн энэ алхмыг “Н.Энх­­баяр даргыг хамгаалах гэ­сэн оролд­лого” гэж тайлбарлах хүн олон байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?


-Хэн нэгнийг, тэр дундаа Н.Энх­баярыг хамгаалах гэсэндээ ийм ал­хам хийгээгүй.

-Түүнийг баривчлах үед хамт байсан гишүүдийн зүгээс Ц.Ням­дорж сайдыг огцруулах санал гар­гасан байх. Тиймээс ингэж асууж байна л даа?

-Бид “Төр төмөр нүүртэй” гэж ярьдаг. Гэхдээ энэ бол зүгээр л нэг толгойдоо төмөр углачихаад явахын нэр биш. Би бол энэ үгийг “УИХ-аас баталсан хууль чамбай, чанга хэрэгжих ёстой” гэсэн агуулгаар нь ойлгосоор ирсэн. Тэгээд л Ц.Нямдорж сайдыг огцруулах сана­лыг дэмжсэн. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй ч гэж ярьдаг. Түмэн олон МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчлах үйл ажиллагааг харсан. Тиймээс ч иргэд цагдаа, хүчний байгууллагынханд шүүмжлэлтэй хандаж байна. Нийгэмд ийм байдал үүсчихээд байхад УИХ-ын гишүүд юу ч болоогүй юм шиг алхаад байх нь хэр зохимжтой юм бол. УИХ-ын гишүүний ёс зүйд ний­цэхгүй байх. Ингэж л үзсэн.

-Тийм гэж үү?

-Монголчууд өр нимгэн хүмүүс. Шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэх явцад Монгол ёс суртахуунаар асууд­лыг тунгааж байгаа хүмүүст эвгүй харагдахаар, эвгүй сонсогдохоор үйлдэл олны нүдэн дээр болсон. Хэнийг баривчилсан гэдэг нь үнэхээр хамаа байхгүй.

-Энэхүү дүгнэлтээ ганцхан энэ удаагийн хэрэг дээр үндэслэж гаргав уу. Долоодугаар сарын 1-ний хэрэг гээд ёс зүйгүй, хууль, цагдаагийн байгууллагынхан гэм буруутныг нь олж чадахгүй олон асуудал байна шүү дээ?

-Бид олон асуудал руу үсэрхийлж байж энэ дүгнэлтийг хийгээгүй. Тод­руулбал, Монголын нийгэмд хууль сахиулах ажил ямар байгаа, гэмт хэргийн байдал, гарч байгаа олон асуудал дээр үндэслэж өргөн хү­рээний дүгнэлт хийгээгүй гэсэн үг.

-Зөвхөн МАХН-ын дарга Н.Энх­баярыг баривчлах үйл явц л Ардын намын гишүүдийг ийнхүү хөдөлгөсөн байх нь ээ?

-Өнгөрсөн долоо хоногт болсон МАХН-ын дарга Н.Энхбаярыг алба­дан баривчлах ажиллагаан дээр үндэслээд л ийм шийдвэр гаргасан.

-Ц.Нямдорж сайдыг огцруулс­наар асуудал шийдэгдэх болов уу?

-Ямар ч байсан энэ салбарыг хариуцаж байгаа сайдтай хариуцлага тооцохоос өөр аргагүй.

-Та бүхний шийдвэрийг зарим хүн “Цагаа олоогүй алхам” гэж шүүм­жилж мэдэх юм. Ялангуяа Ар­дын намын удирдлагууд?

-УИХ-ын хаврын чуулган богино хугацаанд хуралдана. Дээрээс нь УИХ-ын 2012 оны сонгууль хэзээ мөдгүй болох гэж байгаа. “Ийм үед Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг ярьж, шуугиан тарих хэрэг байгаа юм уу” гэсэн шүүмжлэл гарахыг үгүйсгэхгүй. Гэх­дээ төрийн хууль гажиж байхад дуугүй хараад суух нь УИХ-ын ги­шүүний ёс зүйд нийцэхгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос энэ үйл явцын талаар тод­руулахад “Би мэдээгүй” гээд сууж байгаа юм. Ийм байж болохгүй. Цаг­даа, хүчний байгууллагууд ямар алхам хийж байгааг энэ хүн мэдэж байх ёстой. Ялангуяа олныг хамарсан эмх замбараагүй явдал болох нөх­цөл бүрдсэн үед “Би мэдээгүй. Унт­чихсан байсан” гэсэн юм яриад сууж байгаа нь зөв үү. Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг Ардын намын нэр хүнд дээшлэх үү, доошлох уу гэдгийг дэнсэлж байгаа цаг үед хөн­дөж байгаа. Гэхдээ энэ бол намд болж буй эрүүл үзэгдэл.

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Х.Баттулга Н.Ням­дорж сайдыг “Авлига авсан байж болзошгүй” гээд шүүхэд өгсөн. Дээрээс нь Ардчилсан намын бүл­гийнхэн цахим үнэмлэх хэвлэх хугацаа хойшилсны буруутнаар түү­нийг нэрлэж байгаа. Энэ үед Ар­дын намын гишүүд нэгнийгээ огц­руулах талаар ярьж байна шүү дээ?

-Огцруулах шаардлагад гарын үсэг зурсан гишүүдийн хувьд өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдал дээр үндэслэн шийдвэр гаргасан гэдгийг би дээр хэлсэн. Ц.Нямдорж сайдын хувьд Х.Баттулга гишүүнийг “Нууц гэрээ байгуулсан” гэх зэргээр шүүмжилж байгаа. Гэхдээ гэрээ байгуулсныг нь би хараагүй. Үнэн бол байж болохгүй асуудал. Шинэ төмөр зам байгуулна гэдэг бол асар том асуудал. Тиймээс энэ асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Цахим үнэмлэх хэвлэх ажил хойшилсон нь Ц.Нямдорж сайдтай холбоогүй. Би энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хо­рооны хуралдаан дээр ч хэлсэн. Ха­рин ч энэ хүн “Цахим үнэмлэх хэв­лэх ажил 14 хоногоор хойшиллоо. Шаардлагатай арга хэмжээ авсан” гэж мэдээлсэн байх.

-Гишүүд ийнхүү шаардлага өгч байгааг “Ардын намын гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаярыг дагах гэж байна. МАХН-д элсэх гэж байна” гэж дүгнэж байгаа хүн олон бий?

-Энэ өнцгөөс нь харж байгаа хүн байгаа байх. Гэхдээ миний хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэм­жих гэсэндээ ийм шийдвэр гаргаагүй. Бусад нь юу гэж бодож байгаа талаар мэдэх зүйл алга.

-“УИХ-д МАХН-ын бүлэг бай­гуулагдвал Р.Раш гишүүн элсэх­гүй юм байна” гэж ойлгож болох уу. Н.Энхбаяр дарга ба­ривч­лагдахаасаа өмнө “Бүлэг бай­гуулахын өмнө ийм зүйл боллоо” гэж байсан?


-Намынхаа жанжин шугамнаас хазайгаад байдаг цаг маань өнгөрсөн байх аа. Гэхдээ хэлэх гэснээ бол хэлж л таарна.

-Гишүүдийн шаардлагыг нааш­тайгаар шийдэх боломж хэр байгаа бол. Хэрвээ УИХ хүлээж авахгүй бол яах вэ?

-УИХ энэ талаар хэлэлцэж, зөв шийдвэр гаргаж чадах байх гэдэгт найдаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Т.УРАНГЭРЭЛ
"Улс төрийн тойм" сони
н

No comments:

Post a Comment