Monday 16 April 2012

С.Бямбацогт: Хөгжлийн гарц чадварлаг монгол хүнээс эхэлнэ


Гуравдугаар сарын 4-ний өдрийг Монголын оюутны эрхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн оюутны эрхийн өдөр ням гаригт тохиосноос өнөөдөр оюутны эрхийн өдрийг бүх нийтээрээ тэмдэглэж байна. Монголын оюутны холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Эрдмийн эзэд-2” чуулганыг зохион байгуулсан зэрэг оюутны эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн олон үйл явдал болж байна.

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан бид Монголын ардчилсан социалист оюутны холбооны ерөнхийлөгч С.Бямбацогттой уулзаж оюутны эрхийн асуудал, МАСОХ-ны үйл ажиллагаа болон цаг үеийн зарим сэдвээр ярилцсаныг танд хүргэж байна.

-Сайн байна уу. Танд оюутны эрхийн өдрийн мэндийг дэвшүүлье.

-Баярлалаа. Эх орныхоо өнцөг булан бүрт сурч буй Монголын нийт оюутнууддаа болон МАСОХ-ны гишүүд дэмжигчдэдээ оюутны эрхийн өдрийн мэндийг хүргэе.

-Ер нь ардчилсан социалист үзэл баримтлал гэж юу юм бэ. Ардчилсан гэдэг үгтэй социалист гэдэг үг холбогдсон сонин нэр томьёо таны сонирхлыг яагаад татах болов ?

-За би жишиж болох нэгэн томоохон үзэл баримталалтай нь харьцуулж ярья л даа. Либерал үзэл баримтлал, ардчилсан социалист үзэл баримтлал гэж. Хоёулаа л ардчилал хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, хоёулаа л хөгжлийн бодит жишээтэй. Либерал үзэл баримтлалаар хөгжсөн улс орнууд байхад ардчилсан социалист үзэл баримтлалаар өндөр хөгжсөн улс бас их бий. Либерал үзэл баримтлал нь зах зээлд, нийгмийн амьдралд төр аль болох оролцохгүй байх хэрэгтэй гэдэг бол ардчилсан социалист үзэл баримтлал нь зах зээл явдаг замаараа явна, харин нийгмийн сайн сайхны тулд төрийн тодорхой үүрэг бий. Тухайлбал төр нийгэмдээ халамжтай байх ёстой, шударга хандах ёстой, хүний эрх, эрх чөлөөг бүрэн хангах ёстой гэсэн зүйлийг онцолсон үзэл баримтлал юм л даа. Манай орны хувьд улс орны ардчилал, ардчилсан социалист үзэлд тулгуурлах хэрэгтэй гэж ойлгодог.

-Нийгмийн халамж гэдэг нь коммунист бодлого, улстөрийн хөрөнгө оруулалт гэж ярих хүмүүс байдаг шүү дээ.

-Манайхан социализм шиг хэрэггүй юм байхгүй мэтээр одоо ярьдаг болжээ. Монгол улс ардчилсан замаар хөгжиж буй нь үнэн, цаашид хөгжих нь ч үнэн. Ардчилсан төр, нийгэм нь манай орны хөгжлийн баталгаа ард түмний хамгийн зөв сонголт гэдэгтээ хэн ч маргахгүй ээ. Гэхдээ социалист нийгэмд хүн огт амьдарч болохгүй байсан юм шиг зүйлийг яриад байх юм. Социалист нийгэмд авах зүйл маш их байсан. Ялангуяа социалист нийгэм бол хүүхдүүдэд, залуучуудад маш ээлтэй нийгэм байсан. Мөн социалист нийгэм нь нийгмийн халамжийн маш сайн тогтолцоотой байсан. Хүмүүс бүгд хувь хувиа бодоод, төр ч ард түмэндээ халамж тавихгүй бол нийгэм гэж байгаад яах юм бэ. Тиймээс төр, нийгмийн сайн сайхны төлөө анхаарлаа тавьж тодорхой үйлчилгээг хүргэдэг байх ёстой.

-Тэгвэл ардчилсан социалист оюутны холбооныхон гэж хэн бэ?

-Бид бол улс эх орныхоо хөгжилд ардчилсан социалист үзэл баримтлалыг дуулал болгоон зориг золбоотой, эрч хүчтэй Монголын шилдэг охид хөвгүүд.

-Танайхан ингэхэд хэдүүлээ вэ?

-МАСОХ нь гучин мянга гаран гишүүд, дэмжигчидтэй. Нийслэл, аймаг, дүүргүүдэд өөрийн гэсэн салбартай. Энэ салбаруудаараа үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна. Цаашдаа ч ардчилсан социалист үзэл баримтлалтай оюутнуудын тоо өсөх хандлагатай байгаа.

-Залуухан оюутны байгууллага гэхэд их хүчтэй байна шүү...

-Байгуулагдаад ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр 1998 онд буюу нилээн сүүлд байгуулагдсан ч оюутны эрх ашгийг хамгаалах чиглэлд маш сайн төлөвшиж чадсан, оюутнууддаа хангалттай хүлээн зөвшөөрөгдсөн, ер нь төр засаг бусад байгууллагуудад ч тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг үндэсний хэмжээний төрийн бус байгууллага болсон.

-Монголд улс төрийн үзэл баримтлалтай ганцхан л оюутны холбоо байна. Өөр консерватив ч юмуу, либерал ч юмуу оюутны холбоо яагаад гарч ирэхгүй байгаа юм бол?

-Улс төрийн бусад үзэл баримтлалуудаас ардчилсан социалист үзэл баримтлал нь Монголд хэрэгтэйн нэг баталгаа нь энэ гэж бодож байна. Бусад олон үзэл баримтлалуудыг иш болгож болох ч олны дэмжлэгийг авах нь хэд бол.
Нөгөө талаар оюутнууд нийгмийн томоохон бүлэг. Энэ бүлэгт ардчилсан социалист үзэл баримтлалын хэрэгцээ шаардлага маш их бий. Ардчилсан социалист үзэл баримтлалын үндэс суурь нь оюутнуудын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэхэд маш сайн уялдаж тэдний амьдралд дэмжлэг үзүүлдэг.

-Чадварт тулгуурласан боловсрол-Дээд боловсролын чанар гэж байна. Ер нь манай өнөөдрийн их дээд боловсролын сургалт чанарын тухай та ямар бодолтой явдаг вэ?

-Дээд боловсролын системд чанар агуулагдаж байна уу гэдгийг ярих цаг нь болсон. үнэндээ манай их дээд сургуулиуд маань амьдралаас хэт тасархай зүйлийг шинэ үеийн залууст сургаж номлож байх шиг санагддаг. Гэвч бид даяарчлалын эрин зуунд даяаршсан мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй. өөрт хэрэгцээтэй мэдлэг мэдээллээ олж авдаг, түүнийгээ өөрт хэрэгцээтэй байдлаар боловсруулж ашиглаж чаддаг байх боловсрол бидэнд хамгийн чухал. Ингэж байж л бидний мэдлэг боловсрол даяаршлын босгыг давна. Их мэдэх гэж хүмүүс яриад байдаг. Гэтэл дэлхий дээр өдөрт 8000 шинэ мэдлэг, мэдээлэл үүсэж буй тоо баримтыг би саяхан интернэтээс харсан.

Тэр бүх мэдээллийг бид мэдэх шаардлагатай гэж үү. Цаг хугацаа нас хүрэхгүй биз дээ. Тиймээс хүн зөвхөн өөрийнхөө амьдралд өөрийнхөө боловсролд хэрэгцээтэй мэдлэгийг л өвлөх хэрэгтэй. Дээд боловсролын системд сургалтын агуулгыг энэ шаардлагад нийцүүлэх хэрэгцээ амьдралаас өөрөө урган гарч байна. Оюутнууд 30 жилийн өмнө заагдаж байсан лекцийг яг тэр хэвээр нь хуулж бичиж байна шүү дээ. Багш нарын мэдлэг сургалтын арга барилд ихээхэн өөрчлөлт оруулж шинэлэг зүйлийг аль болох нэвтрүүлэх хэрэгтэй байна. Манай оронд боловсрол эзэмшүүлэх тогтолцоо нь бүрдсэн ч учир дутагдалтай зүйл олон байна.

-Оюутны эрхийн өдрийг монголчууд тэмдэглэдэг болоод удаж байна. Тэмдэглэх нь ямар ач холбогдолтой гэж та үздэг вэ?

-Ер нь манай бүхий л үйл ажиллагаа оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах, тэднийг хөгжүүлэх чиглэлд явагддаг. Бидний баримталж буй гол бодлого зорилт бол оюутан залуусыг нийгэмд зөв бие хүн болон төлөвшихөд бүхий л анхаарлаа хандуулан ажиллах, өнөөдрийн оюутан маргаашийн монгол орны хөгжлийг авч явах иргэд гэдэг ойлголтыг МАСОХ ноос хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа бүртээ тусгаж ажилладаг.

Энэ өдрийг баяр гэж ойлгож яавч болохгүй. Баяраар хүмүүс баярлах ёстой, харин тэмдэглэлт өдрөөр өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэж байх ёстой биз дээ. Харин оюутны байгууллагуудын хариуцлагатай өдөр болгох ёстой. Оюутны эрхийн өдрөөр оюутны байгууллагууд оюутны эрх ашгийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулан олон нийтэд, нийгэмд илүү дуу хоолойгоо мэдрүүлж байх ёстой гэж боддог. Монголын оюутны эрхийн өдрөөр ч мөн иймэрхүү үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж боддог.

-Тэгвэл Монголын оюутны эрхийн өдрөөр МАСОХ-ноос ямар үйл ажиллагааг зохион байгуулж байна вэ?

-Салбар оюутны холбоод маань энэ өдрийг угтан дүүрэг, хороод, сум багийнхаа оюутнуудад зориулан олон үйл ажиллагаа явуулж байна. Тэр энэ гээд хэлээд байх юм бол дуусахгүй байх. Хамгийн далайцтай арга хэмжээнээс дурьдвал нийт оюутан залуусын дунд Монголын маркетингийн анхдугаар олимпиадыг явуулах гэж байна.
Ямартай ч МАСОХ-ны иж бүрэн дөрвөн хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлууд маань хийгдээд явж байна. Оюутнуудынхаа дунд шинэ санааны уралдаанаа зарласан. Танай тэмцээнд ормоор байна. Надад шинэ гоё санаа байна, хугацаагаа жаахан сунгаж болохгүй юмуу гэж бидэнд олон оюутан санал болгосон. Шинэ санаа сэдэж буй оюутнуудаа бид гомдоохгүйн тулд шинэ санааны бүртгэлийн хугацаагаа 9-нийг дуустал сунгасан.

-Уучлаарай, танай оюутны холбоонд ажил хийх санаачилга гарахгүй байгаа юмуу? Энэ шинэ санааны уралдаан гэж яг юу юм бэ? Ямар зорилгоор явагдаж байгаа үйл вэ?

-Зарим хүмүүс ингэж харна гэдгийг бид мэдэж байсан. МАСОХ иж бүрэн дөрвөн хөтөл-бөрийг хэрэгжүүлэхээр боловсруулаад, эхнээс нь хэрэгжүүлж эхэлсэн гэж би хэлсэн шүү дээ. Ер нь оюутны байгууллагын үйл ажиллагаа оюутнуудаасаа нэг л алс, тэдний хүсэл эрмэлзэл бүтээлч сэтгэлгээг тоохгүй явагдаад байгаа дутагдал надад анзаарагдсан л даа. Тэгээд оюутны байгууллагын дарга ч бай, жирийн гишүүн ч бай ямарваа ажилд нэг түвшнээс санаагаа илэрхийлж байх ёстой гэдэг үүднээс энэхүү санаачлагыг гаргасан.

Оюутны байгууллагын удирдлагын үйл ажиллагаа, бодлого төлөвлөлтөд энэ маш том ач холбогдолтой л доо. Тэгээд ч оюутан хүн гэдэг өөрөө оюунлаг хүн байдаг. Тиймээс тэр оюунлаг хүний дотор байгаа боломж бололцоо санал санаачилга бүрийг дэмжиж ажиллах ёстой биз дээ.
МАСОХ-нд хийх ажлын санаа хийгдэхээр төлөвлөгдсөн маш олон ажил байна. Тэр бүгддээ бид оюутнуудаа оролцуулж, илүү нээлттэй ардчилсан шударга зарчмаар үйл ажиллагаа явуулахын тулд энэхүү үйл ажиллагааг явуулж байна гэж ойлгоход болно.

-Иж бүрэн дөрвөн хөтөлбөр гэдгээ тодотгохгүй юу?

-Чадварлаг хүн хөгжлийн тулгуур, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг дэмжих хөтөлбөр, Эрүүл монгол хүн, Мэргэжлийн болон сонирхлын клубуудыг дэмжих гэсэн дөрвөн хөтөлбөр байгаа.

-Их сонирхолтой санагдаж байна л даа. Нэг нэгээр нь товчхон ярилцвал яасан юм бэ?

-Тэгье. Чадварлаг хүн хөгжлийн тулгуур хөтөлбөрөөс эхэлье. Энэ хөтөлбөрийн зорилго нь орчин үеийн даяаршсан мэдлэг боловсролтой оюутнуудыг бэлтгэн төрүүлэхийг тулд оюутны байгууллагын зүгээс ямар бодлого чиглэлтэй байх вэ, ер нь оюутнуудаа хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн нэгдсэн цогц бодлого төлөвлөлт бүхий хөтөлбөр байгаа юмаа.

Өнөөдөр оюутны байгууллагуудын үйл ажиллагааны бие даасан байдал тун сул байна. Оюутны байгууллагуудын үйл ажиллагаа оюутнууддаа бүрэн хүрч чадахгүй байна. Оюутнуудыг чадваржуулах нэгдсэн стратеги гэж тодорхой бодлого алга энэ бодлогыг тодорхой болгоё. үүний хүрээнд оюутны байгууллагуудын хамтын ажиллагааг түлхүү уялдуулан төр засагт нэгдсэн байр суурьтай тодорхой бодлогын баримттай хандах тэр нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ хөтөлбөрийг боловсруулсан.

Нөгөө талдаа оюутны бие хүний боловсрол мэдлэгт нь нөлөөлөх, оюутны оюунлаг хөдөлмөрийг дэмжих чиглэлд энэ хөтөлбөрийн хэд хэдэн ажил чиглэгдсэн байгаа. Ер нь монгол улсын хөгжлийн гарц өнөөдрийн зарим хүний яриад байгаа алт, зэс биш аль нэг нам биш ерөөсөө л чадварлаг монгол хүнээс эхэлнэ гэж би боддог.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг дэмжих хөтөлбөр гээд байна. Манай оронд дарга болох, ширээний ард суух сонирхолтой хүмүүсийн тоо ихсэж бүгд энэ чиглэлд чадах чадахгүй нь хамаагүй улайран суралцаад төгсөөд олон мянган ажилгүйчүүдийн эгнээг бүрдүүлж байна. Зам барилгаа хятадуудаар бариуллаа гээд л уурлаад байдаг. Яг үнэндээ энэ зам барилгыг чинь барихаас авхуулаад дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүчний чанар манайд алдагдаад байгаа байхгүй юу. Их сургуулийн улс төрийн анги төгсчихөөд автобус бариад явж байгаа хүнийг хүртэл би мэднэ. Уг нь тэр хүн улс төрийн ангид орж сурч байхаар эхнээсээ л жолооны дамжаанд суусан нь хамаагүй дээр байсан юм.

Өнөөдөр манай орны аль ч салбарт дарга нь ихдэж, ажилчин нь багасаж байна. Хүн болгон дарга болчихгүй нь үнэн. Гэтэл бас хүн болгон дарга болохыг хүсэж байгаа нь Монголд үнэн болчхоод байна. Бүгдээрээ дарга сэтгэлгээтэй болчихвол энэ улс орныг хөгжүүлэх, бүтээн байгуулах ажлыг хэн хийх юм бэ. Төрөөс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг дэмжихэд баримтлах бодлого зорилт, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж байгаа энэ үед төр засагтай хамтран ажиллаж оюутан залуусаа төлөөлөн оролцох үүргээ ухамрсарлаж энэхүү дэд хөтөлбөрийг санаачилсан.

Эрүүл монгол хүн хөтөлбөрийн хувьд Засгийн газрын эрүүл монгол хүн хөтөлбөрийг дэмжих үүнд оюутан залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах дэд хөтөлбөрийг боловсруулсан юмаа. үүний хүрээнд бид оюутан залуусынхаа эрүүл мэндэд анхаарах чиглэлд тодорхой ажлуудыг оюутныг дэмжигч сайн санаат хувь хүн, байгууллагуудтай хамтран хийх болно. Эхнээсээ ч энэхүү хөтөлбөрүүдийг маань дэмжихээ илэрхийлж байгаа..

Мэргэжлийн болон сонирхлын клубуудын дэмжих хөтөлбөр гэж байна энэ нь оюутны клубуудын үйл ажиллагааг дэмжиж тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх бодит санааг ажил хэрэг болгох бүтээгдэхүүнийг амьдрал дээр гаргахад туслах санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой. Оюутнууд нийгмийн идэвх сонирхлоо зөвхөн оюутны зөвлөл холбоодоор дамжуулан илэрхийлдэг байсан бол ашиг сонирхол, мэргэжлээрээ нэгдэн нэг клубийг байгуулж түүгээр дамжуулан маш томоохон чанарлаг үйл ажиллагааг явуулж эхэллээ шүү дээ. Эдгээр клубуудын хөгжлийг дэмжихэд бид тодорхой бодлого боловсруулсан юм.

-Оюутнууд нийгмийн идэвх сонирхлоо зөвхөн оюутны зөвлөл холбоодоор дамжуулан илэрхийлдэг байсан бол ашиг сонирхол, мэргэжлээрээ нэгдэн нэг клубийг байгуулж түүгээр дамжуулан эрх ашгаа хамгаалан илэрхийлдэг боллоо гэж та хэллээ. Клуб гэдэг маань тэгэхээр оюутны холбооны үйл ажиллагааны дутагдлыг нөхөгчид болоод байх шиг...

-Оюутны холбоо, зөвлөлүүдийн хүрч чадахгүй газарт клубүүд хүрч байгаа. Клуб гэдэг бол оюутны байгууллагын нэг бүтэц юм шүү дээ. Ер нь Монголын оюутны байгууллагын түүхэнд хоёр томоохон үзэгдэл өрнөсөн. Одоо гуравдахь нь өрнөх гэж байна. 1942 онд анх улсын их сургуулийн оюутны зөвлөл буюу одоогийн МУИС-ийн оюутны холбоо байгуулагдсан. Энэ нь Монголд анх удаа оюутны удирдах байгууллагыг бүрдүүлсэн түүхэн үзэгдэл болсон юм. Хоёр дахь нь 1990 онд МОХ шинэчлэгдсэн зохион байгуултад орж Ардчилсан Холбоо, Шинэ дэвшилтэд хөдөлгөөн, Соцдекуудын хамтаар ардчиллыг дэмжиж сайд нарын зөвлөл, намын төв хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрохыг шаардсан үеэс эхлэн ардчилсан шинэ нийгэмд оюутны холбоо зөвлөлүүд шинэ хэв маягаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн үе гэж ангилж болно. Одоо гуравдахь үзэгдэл нь оюутны клубүүдээр илэрнэ гэж бодож байна.

Өөрөөр хэлбэл оюутны холбоо зөвлөлүүд клубчлэгдсэн системээр үйл ажиллагаа явуулж клубуудээ дэмжих замаар оюутны эрх ашгийг хамгаалах төрөл бүрийн үйлчилгээг хүргэх эх суурь тавигдаж байна шүү дээ. МУИСОХ, ОК 1998 оноос эхлэн клубуудийн зөвлөлийг дэргэдээ байгуулсан анх тавхан клубтэй байсан бол одоо 50 гаруй клуб, 3000 гаруй гишүүдтэй идэвхтэй үйл ажиллагаа явуулж, клубуудын үйлчилгээнд оюутнууд 100% хамрагдаж байна гэсэн баяртай мэдээг би саяхан хүлээж авсан. Энэ мэт олон оюутны холбоо зөвлөлүүд дэргэдээ клубуудын зөвлөлийг байгуулж ажиллуулж байна. МАСОХ ч мэргэжлийн болон сонирхлын клубуудыг дэмжих чиглэлд тодорхой бодлого боловсруулаад түүнийгээ хэрэгжүүлж байна.

-Та Монголын Оюутны Холбоо, МУИС-ийн Оюутны Холбоо гээд л ярилаа. Ер нь бусад оюутны байгууллагуудтай хэр холбоотой байдаг вэ. Тэдний үйл ажиллагаанд хэр дэмжлэг үзүүлдэг вэ?

-Бид чинь үйлс нэгт ахан дүүс юм шүү дээ. Хамтран ажиллах маш олон зүйл дээр хамтран ажилладаг. МАСОХ-ноос зохион байгуулдаг “Цасан үдэш” Монголын оюутны шинэ жилийн арга хэмжээн дээр чинь оюутны байгууллагынхан тэр чигээрээ цуглана. Хамтын ажиллагааны маш өргөн хүрээтэй байдаг. Ер нь оюутны байгууллагууд манайх танайх гээд байлгүй нэгдсэн нэг л зорилготой байх ёстой. Тэгж байж л энэ 176 мянган орчим оюутныхаа нийтлэг эрх ашгийг хамгаална шүү дээ.

-МАСОХ улс төрийн зорилготой оюутны байгууллага мэт хүмүүст харагддаг. МАСОХ-нд элсэхийн тулд заавал МАХН-д элсэх хэрэгтэй юу?

-Хэн ямар намын гишүүн байх нь огт хамаагүй гол нь ардчилсан социалист үзэл баримтлалын мөн чанарыг ойлгож, улс эх орноо энэ үзэл баримтлалтай төрийн үйл ажил¬лагаагаар хөгжүүлэхийг дэмждэг байхад л хангалттай. МАСОХ-ны гишүүд бол МАХН-ын гишүүн биш. Тодорхой нэг хэсэг нь өөрийн хүсэл эрмэл¬зэлээр МАХН д элсдэг ч манай оюутны холбоонд өөр намын гишүүн хүн явж л байдаг. Оюутны эрх ашгийг хамгаалах чиглэлд намчирхаж яавч болохгүй.

-МАХН-ын өмнөөс мэдэгдэл хийж МАХН-аа өмгөөлөөд байдаггүй юм уу?

-Өнөөдөр Монголд Ардчилсан социалист үзэл баримтлалыг иш болгосон 10 гаруй улс төрийн хүчин байна. Гэхдээ бүтэн нэг зуун, хоёр хувьсгалын давалгаанд огт ганхаагүй, улс төрийн төгс төлөвшилтэй нам бол МАХН л байна шүү дээ. Сайн муу янз янзаар хэлэгдэж байгаа ч энэ нам Монголын хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой. Бид МАХН-ыг ингэж бодож хүндэлж явдаг. Гэхдээ бид аль нэг намын захиалгаар оюутнуудаа турхирч байсан удаагүй ээ. Тийм юм ч болохгүй. МАХН-ын улстөрийн нэр хүндийг биш, Монголын ардчилсан социалист үзэл баримтлалын улс төрийн нэр хүндийг л бид өмгөөлдөг.

-Ер нь оюутны эрх ашиг зөрчигдөж байна гэж их ярьдаг. Оюутны эрх ашгийг хамгаалах чиглэлд та ямаршуухан бодлого байр суурьтай ханддаг вэ?

-Оюутны эрх ашиг гэж зүйлийг ярихын тулд хэд хэдэн асуудлыг тодорхойлох ёстой л доо. Нэгдүгээрт, оюутан гэж хэн бэ. Хоёрдугаарт, оюутны нийтлэг эрх ашиг гэж юу вэ гэдэг дээр эхлээд ярилцъя. Тодорхой мэргэжил эзэмших зорилгоор суралцаж боловсролын зэрэг горилогчийг оюутан гэнэ. Тодорхой бүлгийн эдийн болон эдийн бус хэрэгцээний нийтлэг байдлыг нийтлэг эрх ашиг гэж ойлгоно. Тэгвэл оюутны нийтлэг эрх ашиг гэж юу юм бэ. Ерөөсөө л сурч боловсрох таатай орчин гэсэн дөрөвхөн үгэнд л багтаж байгаа юм. Оюутнууд хүссэн мэргэжлээрээ сурах эрхтэй, хүссэн мэдээллээ авах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, амьдралын шаардлага хангасан байр сууц дотуур байранд амьдрах эрхтэй, эрх чөлөөгөөр бүрэн хангагдсан нөхцөлд сурах эрхтэй, төлсөн сургалтын төлбөртэйгөө тэнхцэхүйц үйлчилгээг сургуулиасаа авах эрхтэй, материаллаг бааз техникийг сурах үйл ажиллагаандаа бүрэн ашиглах эрхтэй гэх мэт оюутны эрх ашгийг тоочоод байвал маш олон. Харамсалтай нь Монголд оюутны эрх ашиг зөрчигдсөөр л байна.

Жишээ нь Улаанбаатарын нийт дотуур байранд 16 000 оюутан амьдрах боломжтойгоос одоогоор 12 000 мянга нь л энэ дотуур байранд амьдарч чадаж байна шүү дээ. өнөөдөр зөвхөн МУИС ийг тойроод 17 баар цэнгээний газар үйл ажиллагаа явуулж байна. Оюутны дотуур байрны өмнө барилга барих гээд нүх ухаад тэр ч бүү хэл эрх ашгаа хамгаалах гэсэн оюутнуудыг баривчилсан хэрэг хүртэл гарсан. Хуулийг хүний эрхийн эсрэг хэрэглүүр болгож яавч болохгүй.

-Оюутны эрх ашиг гэж ийм, оюутны эрх ашиг Монголд дээрх байдлаар зөрчигдөж байгаа юм байна. МАСОХ-ноос оюутны эрх ашгийг хамгаалах, шийдвэрлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байна уу?

-Оюутны эрх ашиг зөрчигдөх болгон дээр жагсаал цуглаан зохион байгуулаад байх нь утгагүй. Нийгэм ч иймэрхүү зүйлд цочрохоо больж, залхсан. Тэгвэл бид арай өөр хэлбэрээр тэмцэх хэрэгтэй. Тулгараад буй асуудал бүр дээр оюутан залуусынхаа дуу хоолойг сонсож, нээлттэй ярилцаж, хэрхэн шийдвэрлэх, хэрхэн гацаанаас гарах, төр засагт ямар байдлаар хандах, хууль эрх зүйн орчинд хэрхэн уялдуулах, өөрсдийн болон төр засгийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байгааг нээлттэй хэлэлцэж оюутан залуусын өөрсдийнх нь санал бодол шийдвэрийг үндэслэн бодлогын баримт бичиг боловсруулж, дээд боловсролын системийн байгууллагуудад хүргүүлж үйл ажиллагаанд нь тусгуулах шийдвэрлүүлэх тал дээр түлхүү ажилладаг. Ингэвэл өвчнийг гаднаас илж биш, дотроос нь вирусийг нь арилгах замаар эмчилж чадна. Зөвд зөөлөн гэж үг бий дээ. Аливаа асуудлыг шийдвэрлүүлэхдээ зөв хэлбэрийг сонгож ажиллах л хэрэгтэй.

-Оюутны хөдөлмөр эрхлэлтийн талаар та ямаршуухан байр суурьтай байдаг вэ?

-Оюутнуудын эрхэм үүрэг, сурах юмуу хөдөлмөрлөх юм уу. Би лав сурах гэж бодож байна. Намайг оюутан байхад манай ангид ажил хийдэг оюутнууд байсан тэд үнэхээр оюуны потенциалтай ч ажил хичээлээ гүйцэж үнэхээр амждаггүй зовлон нь надад мэдрэгддэг байсан. Ажил хийж буй оюутнуудын сурлагын байдал доройтож болох сул талтай.

Оюутан байхдаа шударгаар хөдөлмөрлөж сурсан хуга¬цаа бүхэн ирээдүйн амжилт орлогыг тодорхой хувиар нэмэгдүүлдэг гэдгийг шинжлэх ухаа¬ны түвшинд нотлоод байна. Оюутнууд бололцоотой цаг хугацаа зав бүрийг өөрсдийн сурах үйлстээ зарцуулах ёстой гэж бодож байна. Харин онц сайн сурч, сурлагын өндөр амжилт үзүүлж буй оюутнуудаа бид урамшуулах хэрэгтэй товчоор хэлбэл та сайн сур, сурсны чинь хэрээр бид урам¬шуулья гэсэн санаа юм. Манай оюутны холбооноос зохион байгуулсан төрөл бүрийн оюун¬лиг үйл ажиллагаанд оролцсоноороо өөрийгөө нээж хөгжүүлэх, чадварлаг боловсон хүчин болон төлөвшихөөс гадна арга хэмжээнд амжилттай оролцох бүртээ урамшуулалд хамрагдан дахин бонус оноо цуглуулж тэр цуглуулсан онооныхоо үнэлгээгээр урамшуулалт хөтөлбөрт хамрагдаж төрөл бүрийн тэтгэлэг, сургалтын төлбөр, гадаад улс орнуудад суралцан дээд боловсрол эзэмших хөтөлбөрт саадгүй хамрагдах боломжтой болох юм..

-Одоо ярилцаж буй сэдвээ жаахан хазайлгая. Сүүлийн үед хадгаламж банкны 14.2 тэрбум төгрөгийн асуудалд МАСЗХ нэр холбогдоод байгаа энэ тал дээр та ямар бодолтой байна. Ер нь МАСЗХ-той танай байгууллага ямар холбоотой байдаг вэ?

-МАСЗХ бол манайхтай ижилхэн ардчилсан социалист үзэл баримтлалтай залуучуудын байгууллага. үзэл бодол байр суурь нэгтэй байдгийн хувьд тодорхой хэмжээнд хамтран ажилладаг. МАСОХ, МАСЗХ гэдэг бол хоёр тусдаа статус, тусдаа үйл ажиллагаа, тусдаа санхүү удирдлага бүтэц зохион байгуулалттай бие даасан байгууллагууд. Уулын мод урттай богинотой, ухаант хүн сайнтай муутай гэсэн ардын мэргэн үг байдаг. Аль ч газар сайныг сэдэгч хүн байхад мууг үйлдэгч хүн байж л байдаг шүү дээ. Ганц нэг хүмүүсийн үйлдсэн хэрэг дээр бүхэл бүтэн байгууллага, улстөрийн хүчний нэрийг гаргаж олон мянган жирийн гишүүд, чадварлаг удирдагчдынх нь үйл ажиллагааг харлуулах хэрэггүй шүү дээ. Энэ байгууллагад хийсэн бүтээсэн зүйл их бий, хийж бүтээх зүйл ч их бий гэж би хувьдаа боддог. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч хэрэгтэн гэж зарлаж болохгүй гэсэн үндсэн хуулийн заалт бий. Энэ утгаараа хүмүүсийг асуудалд хандаасай гэж хүсэж байна.

-МАСЗХ намдаа хандив өгөх зорилгоор энэ мөнгийг завшсан гэж хүртэл яриад байгаа. Ер нь МАСОХ, МАХН-д хэдий хэмжээний хандив өгдөг вэ?

-Энгийн логикоор бодоод үзсэн ч оюутнууд ямар орлоготой гэж намд хандив өгөх вэ дээ. МАСОХ, МАХН-д ямар ч хандив өгдөггүй.

-Хандив өгдөггүй юм байж, тэгвэл санхүүжилт авдаг уу?

-МАХН-ын зүгээс МАСОХ-той хамтрах тодорхой зарим ажлууд дээр санхүүгийн болон бусад дэмжлэг авдаг. Манай оюутны холбооны дүрэмд санхүүжилтийн тухай маш ойлгомжтой заалт байдаг. МАСОХ-г удирдаж хариуцлага хүлээх хүмүүс энэ байгууллагаа өөрсдөө санхүүжүүлэх үүрэг хүлээх зарчимтай, энэ зарчмын дагуу манай оюутны холбооны санхүүжилт явагддаг. Манай санхүүгийн асуудал маш нээлттэй шүү дээ. Мэдээж би дээр хэлсэнчлэн монгол орны ирээдүй болсон оюутан залуусын хөгжлийн төлөө сайн санаагаар биднийг дэмжиж хүсэлтэй хувь хүн байгууллагуудтай цаашид идэвхтэй хамтран ажиллья гэсэн бодол бидэнд байгаа

-Тэгвэл санхүүжүүлэх үүрэгтэй хүмүүсийн нэг та болж таарах нь ээ дээ...

-Тиймээ.

-Тэгвэл та өөрийн санхүүжүүлэх эх үүсвэрээ хаанаас гаргадаг вэ?

-Би “Ньюпрогресс групп”-ын тодорхой хэмжээний хувьцааг эзэмшдэг. Тэр ноогдол ашгаа-саа тодорхой хэсгийг оюутан залуустаа хөрөнгө оруулах зорилгоор холбооныхоо үйл ажиллагаа санхүүд дэмжлэг үзүүлдэг. Манай группийн хамт олон ч оюутан залуусынхаа хөгжилд хөрөнгө оруулалт хийх халуун сэтгэлтэй хүмүүс.

-Өнөөдөр Монголын оюутны эрхийн өдрийг орон даяар тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын нийт оюутнууддаа хандаж та юу гэж хэлж захимаар байна. үүгээр ярилцлагаа өндөрлөе?

-Улс орны ирээдүй хөгжил бол та нар юмаа. Босоцгооё, хөгжицгөөе гэж хүн бүр хэлдэг. Оюутан хүн бол хөгжигч хүн байх ёстой гэж би боддог. Тэднээс л хөгжил ханхалж байх ёстой юм шүү дээ. Сэтгэлийн их тэнхээтэй, ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг, өөдрөг зоригтой, өөрийн гэсэн үзэл бодол мөрөөдөлдөө үнэнч, зөв үзэл бодлоороо бусдыг дагуулж чаддаг. Оюуны чадамж мэдлэг мэдээллээ бүрэн ашиглаж чаддаг мэдээллийг зөв арга замаар, зөв хэрэгслээр түргэн шуурхай олж ашиглаж, асуудалд бодитоор хандаж чаддаг тийм хүн болгох гэж тийш нь оюутнуудыг зүглүүлэх зорилгоор МАСОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Эрдэм, эвийн хүчээр ирээдүй өөд хамтдаа гэж уриалан бүгдээрээ хөгжицгөөе, гэхдээ өөрсдөөсөө эхэлцгээе л гэж хэлмээр байна.

Эх сурвалж

Өдрийн сонин 2007/03/05

No comments:

Post a Comment