Monday 16 April 2012

Б.Бадамцэцэг: Хүн нэг л амьдардаг бол жүжигчин хүн мөнх амьдардаг

Анагаах ухааны их сургуулийн оюутан Б.Бадамцэцэг. Даруухан агаад нэг л өөриймсөг санагдах энэ бүсгүйг би уншигч таньтай уулзуулмаар санагдлаа. Уг нь Монголын кино дэлгэцэнд өөрийн гэсэн дүрээ мөнхөлж, Мисс-Монгол 2010 оны гоо бүсгүйн алтан титэм хүртсэнийг нь хүн бүхэн мэдэх биз ээ. Амьдрал хэмээх их тавиланд өөрийн гэгээн цагаан ул мөрөө үлдээж, улс орныхоо төлөө хувь нэмэрээ оруулах гэж зүтгэж буй түүний зорилго, нандин хүсэл нь ариухан сэтгэл, гэгээн ухаанд нь ундарсаар яваа мэт санагдсаныг нуух юун. Энэ орчлонгийн гэрэл гэгээ нь бүсгүй хүн байдаг. Харин тэрхүү бүсгүйн ухаанаар хорвоо өнгө үзэмжээ нэмдэг гэж ярьдаг билээ. Ингээд Урлаг соёлынхоо гэгээн хоймор Б.Бадамцэцэгийг уръя.

-Анх яаж яваад кинонд тоглох болсон бэ?

-Дэлхийн шатрын аварга Энхтуул бид хоёр багийн найзууд бөгөөд нэг нэгнийхээ амжилтын гарааг нээж өгсөн гэж хэлж болно. Би анх Энхтуулыгаа хоёулаа шатрын клубт явъя гэж санал тавьж байсан. Тэгээд л шатар тоглож эхэлсэн. Энхтуул маань анхандаа дургүй байсан ч шатарт их сайн болсон. Би замын дундаас шатрын клубээ орхичихсон. Нэг өдөр Энхтуул маань хоёулаа МҮОНРТ орж хүнд бичиг баримт хүргэж өгье гээд хүрээд ирсэн. Гэтэл яг үнэндээ бичиг баримт хүнд өгөх биш “Хэцүү анги”-ийн пробонд орох болсон. Хүмүүс сайн мэдэхгүй байх бид хоёрдугаар шат хүртэл явсан. Тэгээд Энхтуул маань азийн аваргын тэмцээнд явах болоод болüчихсон. Харин би кинондоо тоглох болсон.

-Олны танил байх ямар байна?

-Нэг хэсэг надад хэцүү байсан. Хааяа бүр уйлна. ”Хэцүү анги”-д тоглосныхоо дараа шүү дээ. Надад ямар ч орлого байхгүй арван жилийн хүүхэд. Аав ээжээсээ мөнгө авна, автобусаар явна. Нэг удаа автобусаар явж байсан чинь хүмүүс ард шивнэж байгаа сонсогдоод “Яанаа. энэ одоо ингэж явдаг юм байх даа. Яг л кинон дээр гарсан амьдралтайгаа адилхан юм байна” гээд л арчаагүй ухааны юм яриад. Би бүр яахаа мэдэхгүй автобусны урд талд шигдээд л явсан. Би уг нь багаасаа л автобусанд суудаг байсан.Тэр өдрөөс хойш автобусанд суухаа больсон. Дараа нь мисс болсон. Мэдээж мисс автобусаар зорчих юм бол манайхан бөөн юм ярих байлгүй. Хийх дуртай юмнаасаа татгалзах болсон. Хүмүүс намайг Гэрлээгээр л их танина. Зарим нь гэрийн хаяг, утасны дугаараа өгчих гэж гуйна.

-Өөрөө ямар нэгэн дүр мөрөөдөж явдаг уу?

-Тэгэлгүй яахав. Түүхэн хатны дүр бүтээхсэн гэж боддог. Богд хаан кинонд Дондогдулам хатны дүр бүтээх гэсэн чинь нас багдаад хасагдсан. Миний царай хатны дүрд тохирдоггүй юм шиг байгаа юм. Тэгээд Хорлоогийн дүрд орсон чинь хар материал нь ихэдээд хасагдчихсан. Ингээд л түүхэн кинонд тоглож чадаагүй./Инээв/ Гэхдээ миний царай зүс таарсан хэн нэгэн хатны дүр таарах байхаа.

-Дэлгэцийн бүтээлээ хэзээ нэгэн цагт орхих уу?

-Өөрөө их хайртай болохоор орхихгүй. Тэгээд ч ах эгч нараасаа их юм сурч байгаа болохоор сайхан санагддаг. Урлаг гэдэг гоё л доо. Хүн нэг амьдардаг боловч жүжигчин хүн олон амьдардаг. Нэг кинонд үхэж дуусаж байхад нөгөө кинонд жаргаж дуусах жишээтэй.

-Ямар үе шатаар явж байгаад Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг болчихов?

-Би кинонд тоглохоосоо өмнө “Азийн модель” агентлагт явдаг байсан. 2008 онд 10 жилийн хүүхдүүдийн дунд болдог “Үнсгэлжин”-д оролцож дөрөвдүгээр байр эзэлсэн тэр үед Содтуяа багш надад үнэгүй сурах эрх олгосон юм. Тэгээд 2010 оны мисс болно түүнд бэлд, түрүүлэхгүй ч туршлага хуримтлана гэдэг үүднээс намайг оролцуулсан л даа. Тэгээд тэргүүн байрыг нь эзэлсэн.

-Чиний бодлоор сайхан бүсгүй ямар байх ёстой вэ?

-Бүсгүйчүүд бүхэн олны нүдэнд гоё байх хэрэгтэй. Гэхдээ гоё байх гэж хичээгээд хэрэггүй. Хүн өөрийнхөөрөө л байх нь хамгийн гоё. Хэтэрхий их будалттай ч юм уу хэтэрхий их гангалах гээд дэмий байх. Тэгээд өдөржин өсгийтэй гутал өмсдөг байх ёсгүй шүү дээ. Надад өндөр өсгийтэй гутал дандаа өмсөх ч юм уу гангалах сонирхол байдаггүй. Эмэгтэй хүн будаггүй өөрийнхөөрөө байх тусам л гоё харагддаг шүү дээ. Би тийм ч их буддаггүй өөрийнхөөрөө л байхыг хичээдэг.

-Ээжийнхээ тухай ярьвал?

-Миний ээжийг Батмөнх гэдэг. Би ээжээрээ овоглодог. Эмч мэргэжилтэй. Хувиараа эмнэлэг ажилуулдаг. Ээж минь миний найз, бас сайн ээж минь байж чаддаг. Би ч хамгийн сайн охин нь байж чаддаг гэж боддог.

-Өөрийн чинь хамгийн том гоёл?

-Биенээсээ гэх юм бол би нүдээрээ их бахархдаг юм. Элдэв гоёл зүүж чаддаггүй.

-Эх орныхоо хамгийн сайхан зүйлийг нэрлээч гэвэл?

-Тусгаар тогтнол. Тусгаар тогтнол бол миний байтугай монголын бүх хүний бахархал. Би 2010 онд “мисс интернешнл” олон улсын тэмцээнд явахдаа хамгийн түрүүнд тусгаар тогтнолоо, нийслэлийнхээ хөгжил дэвшилийг голлож ярьсан. Миний өмнөх миссүүд хөдөө орон нутагаа суртàëчилж байсан.

- Амьдрал дээр хэн нэгэн танихгүй хүнд тус болж байв уу?

- Саяхан би Солонгос яваад ирсэн. Солонгос Монгол эмч нарын нээлттэй хэлэлцүүлэг гэж байдаг. Зун болгон монголд ирж хүүхэд, хөгшидийг эмчилдэг. Би Монгол талын элч төлөөлөгч нь болоод гэрчилгээг нь гардаж авсан. Үүнийхээ шугамаар гурван хүүхэд солонгост эмчлүүлэх эрх авсан байгаа. Одоо материалыг нь явуулах тал дээр ажиллаж байна. Хүмүүнлэгийн ажил хийж байгаа. Агаараас болооод хүүхдүүдийн өвчлөл их болсон. Мөн асрамжийн газраар явж байна. Тухайн өвчтэй хүүхдийн ар гэрийн сарын орлогыг нь харж байгаад эмзэг давхрагын хүүхэд байвал эмчилгээнд явуулах бодолтой байгаа.

-Эрүүл мэндийн салбарт төгсч гарч ирэнгүүтээ юу хийе гэж бодож байна?

-Би магистерт гадны аль нэг анагаахын сургуульд сурна гэж бодож байгаа. Би нэг л мэргэжлийг хүсч энэ мэргэжлийг сонгосон. Манай зарим эмч нар алдаа гаргадаг. Миний зүрхийг үзэж оношилсон эмч гурван сарын настай гэж хэлж байсан. Би түүнийг сонссон цагаасаа эхлэн хямарсаар хямарсаар бие их муудсан. Тэгээд гадагшаа эмчлүүлэх гэж очоод тариа ч хийлгээгүй шахам эрүүл болсон. Тийм учир би шарлахаад зүрхний эмч болно гэж боддог байсан. Яг зүрхний эмч жаахан хэцүү юм билээ. Тэгээд гоо сайханы эмч болохоор зорьсон. Эмэгтэй хүн өглөө босоод толинд хардаг. Тэгээд өөрт нь таалагдаж байвал тэр өдөржингөө л сайхан өөдрөг сэтгэлтэй явдаг шүү дээ. Харин ямар нэгэн юм болохгүй бол тэр өдөржин бухимдалтай байдаг. Би гоо сайханы мэс заслыг 100 хувь дэмждэг. Энэ бол байх л ёстой зүйлийн нэг. Яагаад эмэгтэй хүн өөртөө итгэлтэйгээр урагшаа алхаж болохгүй гэж. Тэр хүн өөртөө итгэлтэй урагшаа нэг алхахад тэр хүний амьдралд ямар их юм өөрчлөгдөх билээ. Тиймээс би хүнийг амьдрал уруугаа итгэл дүүрэн алхахад нь туслах гэж л энэ мэргэжлийг сонгосон.

- Сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонирхуулаач?

Валентины захидал нэртэй шинэ уран бүтээлд саяхан тоглосон. Энэ кино маань жил гаруй хугацаанд бүтсэн. Кино зохиол, жижиг хэрэглэл, спонсор гээд л кино бүтээхэд хэрэгтэй юм бүхнээ хөөцөлдсөөр яваад ийм цаг хугацаа орсон. Харин киноны зураг авалт сар гаруй хугацаанд дууссан. Би Мөнхжин гэдэг охины дүр бүтээсэн. Дөнгөж сургуулиа төгсч ирээд телeвизэд дадлага хийдэг. Тэнд нь Өнөрөө гээд залуу жинхэнэ олны анхаарал татсан хөтлөгч байдаг. Тэгээд л Өнөрөө, Мөнхжин хоёроор киноны үйл явдал өрнөнө дөө.

Залуу нас, гоо сайханыг дагуулдаг хэмээн хэн нэгний ярьж суухыг сонссон юм байна. Тэгвэл гоо сайханыг ухаан дагадаг байж болох юм шиг санагдлаа. Эсвэл ухаан гоо сайхныг дагуулдаг байж ч болох юм. Ямартай ч хорь шүргэж буй насанд баймгүй ухаалаг яриа, дөлгөөн харцтай энэ бүсгүйг гэрэлт ирээдүй хүлээж байгаа. Тэрхүү ирээдүйн зүг алхаж буй Б.Бадамцэцгийн инээмсэглэл бүхэн нь жаргал болж, зорилго бүхэн нь биелж байхын хүсэл шившин энэхүү ярилцлагаа өндөрлье.

В. Нэргүй

Эх сурвалж:

www.emegteichuud.mn

No comments:

Post a Comment