Wednesday 25 April 2012

Ж.Энхбаяр: Орон нутгийнхны бүрэн эрх дуусаагүй учраас хоёр сонгуулийг зэрэг явуулах боломжгүй


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас Сонгуулийн хуулийн тогтолцооны маргаантай байгаа зарим асуудлаар байр суурийг нь сонирхлоо
-Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах нь зөв буруу гэдэг дээр гишүүд янз бүрийн байр суурьтай байна. АН-ынхан хамтад нь явуулах ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Таны хувьд мэдээж намын бүлгийн байр суурийг дагах нь ойлгомжтой?
-Намын бүлгийн байр суурь гэхээс илүү бодит байдлыг харахад яагаад ч хамт явуулах боломжгүй асуудал шүү дээ.
-Хамт явуулахгүй гэж намын бүлгээрээ зүтгэцгээж байгаа нь нэг талаараа ард түмнийг басамжилж байгаа ч юм шиг. Будилна, тиймээс сонгуулийг тусад нь явуулах хэрэгтэй гэх мэтээр ярьж механик шалтгаанууд тоочих юм. МАН ингэж ард түмнээ хэтэрхий дорд үзэж болж байгаа юм уу?
-Ер НЬ ЯаЖ ч бодсон улс төрийн хоёр намын байр сууриас илүү бодит нөхцөл байдлыг харж, асуудалд хандах хэрэгтэй. Тэр утгаараа бүх юмны суурь болсон Үндсэн хуулиа хар. Нөгөө талдаа орон нутгийн байгууллагын бүрэн эрхийн асуудал дөрвөн жил байх ёстой учраас энэ хугацаандаа бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоогийн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын сонгуультай хамт явуулах юм бол бүрэн эрх нь зөрчигдөнө. Үндсэндээ бүрэн эрхийнх нь хэрэгжих хугацаа заасан хугацаанд хүрэхгүй болчихож байгаа юм. Товчхондоо энэ бол хамгийн том суурь зөрчил.
-Гэхдээ УИХ-ын гишүүд санал нэгдэхээрээ Үндсэн хууль зөрчиж болдог, санал нийлэхгүй болохоороо эцэг хуулиа зөрчиж болохгүй гэж яриад эхэлдэг. Таны үг тэгж л сонсогдохоор байна шүү дээ?
-Ямар ч тохиолдолд Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Нөгөө талаар бүх шатны сонгуульд 16000 орчим хүн нэр дэвших тооцоо гараад байгаа юм. Орон нутаг, баг, сум, аймаг, дүүрэг, их хурал гэх мэтчилэнгээр сонгуульд ажиллах баг бүрэлдэхүүн гээд өргөн хүрээг хамарна. Тэр бүх зохион байгуулалт, ачааллыг даах бодит нөх-цөл бололцоо бидэнд байгаа бил үү, бодох л хэрэгтэй.
Наад захын ийм хоёр учир шалтгаан байна.
Дээрээс нь сонгуулийн хуулийн сонгууль явуулах эрхзүйн орчин нь хоёр өөр. Маш олон хязгаарлалтад орсон. Жишээ нь орон нутгийн сонгуульд урлаг уран сайхны арга хэмжээ ямар нэгэн хязгаарлалтад ороогүй байна. Хоёр өөр хуулийн орчинд нэг цаг хугацаа нь давхцаад байна. Тэгэхээр УИХ-ын гишүүн нь хийгээд байгаа юм уу, нөгөө нэр дэвшиж байгаа сумын төлөөлөгч нь хийгээд байгаа юм уу. Үнэхээр ялгах бололцоогүй сөрөг, маргаан дагуулсан юм гарах болов уу гэдэг болгоомжлол байна.
-Ямар болгоомжлол гэж. Асуудал ойлгомжтой юм биш үү?
-Болгоомжлол гэдгийг юу гэж онцлоод байна вэ гэхээр 2012-2016 он бол Мон-гол Улсын нийгэм эдийн зас-гийн гол суурь шийдэл өндөр хөгжих жил тохиож байгаа юм. Энэ цаг үеийг үр дүнтэй ашиглахын тулд сонгууль нь ямар нэг хууль эрхзүйн маргаан, зөрчилгүй байх ёстой. 2012 онд орон нутаг бодон УИХ-ын  сонгуулийг шударга, ил тод байх нөхцөлийг хангах хэрэгтэй. Ингэж тайван замаар сонгуулиа хийгээд ард нь гарах юм бол 2012-2016 он Монгол Улсын хөгжил дэвшлийн шийдвэрлэх үе гэж тодотгож хэлээд байна. Улс эх орны өмнө тулгамдсан маш олон суурь асуудал эцэслэн шийдвэрлэгдэж "дуусах цаг үе. Тийм учраас шат шатны сонгуулийг аль болох маргаан, будилаангүй, зөв хийх хэрэгтэй. Тэр үүднээс маргаан гарч байна. Гэхдээ сонгуулийн хуулийг салгая гэдэг хуулийн төсөл гараад хэлэлцэгдэж байна. Хэлэлцэгдэх эцсийн хугацаа нь дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болох болов уу. Яагаад гэвэл бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа орон нутгийн удирдлагуудын төлөөллийн сонгууль аравдугаар сарын 10-даар явагдсан. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 15-нд хуулийн өөрчлөлт хийх боломж байгаа. Боломжийг гаргах талаас асуудлыг ярьж байна. Хэрвээ тэр боломж нь бүрдэхгүй бол өнөөдрийн хүчин төгөлдөр хуулиар явахаас өөр аргагүй.
-Хоёр намынхан нэгдэж хамтраад Сонгуулийн хуулийг батлахдаа иймэрхүү маргаантай асуудлууд гарна гэдгийг тооцоолоогүй юм уу. Өнөөдөр гэнэтхэн хуулийн хугацааны хувьд боломжгүй гэх мэтээр яриад эхэлчих юм?
-Тодорхой асуудлуудыг дараа нь батална гэж тохиролцсон. Ямар ч байсан УИХ-ын сонгуулийн хуулиа цэгцлээд авсны дараагаар орон нутгийнхыг болъё гэж ярилцсан.
-Тэгж тохиролцсон юм бол МАН сонгуулийг салгах хэрэгтэй гэж байгаа нь цаад утгаараа луйвраа хийх гэж байна. Өөрөөр хэлбэл УИХ-д ялагдах юм бол ямар ч хамаагүй үнээр орон нутгийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлье гэж бодсон гэх мэтээр ярьж эхэлсэн. ҮЗХ-ны гишүүд шүүмжлэл, мэдэгдэл гаргаад эхэлчихсэн шүү дээ?
Энэ бол яг намынх нь байр суурь биш. Хэсэг бүлэг фракцийнх нь гаргаад байгаа улстөрийн мэдэгдэл гэдгийг анзаарч хараад л байгаа юм. Түүнээс АН дотор орон нутгийн сонгуулийг тусдаа байх ёстой гэдэг байр суурьтай гишүүд олон бий. Дахин хэлэхэд энэ бол АН-ын байр суурь биш. Тэгээд ч асуудлыг УИХ нээлттэйгээр хэлэлцээд шийдэх ёстой. Ялангуяа хоёр  намын гишүүдийн дуу нэгтэй оролцоод саналаа өргөн бариад эхэлчихсэн асуудал.
-Тэгвэл автоматаар тоолох учраас өмнөх сонгууль шиг удах шалтгаан байхгүй. Маргаан ч гарахгүй гэж АН-ынхан зүтгээд байгаа шүү дээ?
-Автоматаар тоолоход сон-гууль будилахгүй гэж хэн хэл-сэн юм бэ. Сонгуулийг шууд, ил тод л явуулах хэрэгтэй. Тайванийн жишээг дурдахад сонгуулиа хэзээ ч автоматаар тоолдоггүй, гараар тоолдог. Гараар тоолохдоо Ж.Энхбаяр гэж тоолоод дээшээ өргөдөг. Ийм маягаар хийдэг. Гол нь сонгуулийнхаа хороог жижгэсгээд, олон тойрог байгуулдаг. Тэгээд дандаа гараараа барьж, нүдээрээ үзэж тоолдог. Монгол хүн нүд чих хоёрын дунд дөрвөн хуруу зай бий гэж ярьдаг шүү дээ. Товчхондоо миний байр суурь энэ. Сонгууль үндсэндээ можаритари систем буюу 76 гишүүнийг сонгож явах нь чухал. Ард түмэн нүдээрээ үзэж гараараа имэрч байж л сонгох ёстой. Нийгмийн амьдрал сайжраад, автоматаар тоолдог цахим үнэмлэх нэвтрээд ирсэн цагт автоматаар тоолоход болохгүй гэх газаргүй.
-МАН-ын хувьд сонгуулийн санал тоолох асуудал дээр толгой өвдөхгүй юм биш үү. Улсын бүртгэлийн газрын даргыг төрийн албаны шалгалт өгөхгүйгээр томилчихлоо. Сонгууль будлиантуулах нэг эх үүсвэрийн үндсийг тавилаа. Энэ бол маргаантай асуудал гэж АН-ынхан үзээд байгаа нь зүгээр ч нэг улстөржөөд хэлчихсэн үг биш бололтой?
-Хэцүү юм даа. Удирдаж байсан хүн нь өргөдлөө өгөөд ажлаа чөлөөлчихсөн. Тийм тохиолдолд оронд нь өөр хүн томилж л таарна шүү дээ. Сонгууль болох гээд байдаг. Сонгогчдын цахим үнэмлэх гараагүй, хугацааны хувьд оройтчихлоо. Тэрийгээ хэвлэх тараах, хүнд хүргэх маш том ажлууд хүлээгдэж байна. Үүнийг яаралтай хийхийн тулд цаг алдаж болохгүй. Өнөөдөр нэг хоног ч гэсэн бидэнд хэрэгтэй, асар их үнэ цэнтэй болоод байна шүү дээ. Мэдээж бүх хариуцлага энэ удаагийн Засгийн газар дээр л бууна. Засгийн газар ажлаа хийхийн тулд зохих арга хэмжээг авч таарна. Хууль бус, хуулийн дагуу гэж хэн хэлээд байгаа юм бэ. Би ерөөсөө ойлгохгүй байна.
-АН улстөрийн өнцгөөс хэтрүүлэн харсан гэдэг нь юу л бол. Бодит байдлыг хараад байхад үнэхээр хууль бус томилгоо хийгдсэн байна гэдэг дүр зураг харагдаад байна шүү дээ?
-Аяндаа цаг хугацаа харуулна  аа. Зөрчилтэй  бол тийм хуулийн заалтыг нь зөрчжээ гээд гаргаад өгөх хэрэгтэй.
-Сонгон шалгаруулалтад оруулаагүйгээ юу гэж тайлбарлах вэ?
-Мэдэхгүй юм. Тэр талаар мэдээлэл бага байна.
-ТАЗ-ийн сонгон шалгаруулалтад төрийн албан хаагчийн оруулахгүй юм бол энэ агентлаг байгаад ямар хэрэгтэй юм бэ?
-Сайн мэдэхгүй байна. Хууль эрхзүйн бололцоотой болоод дээрх томилгоог хийсэн биз дээ.
-МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газар биш шүү дээ. Ингэж дураараа авирласан томилгоог дур мэдэн хийж болохгүй биз дээ?
-Энэ Засгийн газар МАН-ынх. МАН олонх, засгаа байгуул, ажлаа хий гэдэг эрхийг ард түмэн өгсөн. Энэ хүрээнд бид ажлаа хийж байна. Дахин хэлэхэд МАН-ын Засгийн газар учраас юу дуртайгаа хийх нь бидний эрх. Эцсийн бүлэгт ард түмэн тоглолт хийхийг үгүйсгэх аргагүй.
Нийтлэлч
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өглөөний сонин
2012 оны 2-р сарын 15, Лхагва гариг

No comments:

Post a Comment