Wednesday 25 April 2012

Ж.Энхбаяр:Би энэ салбарт нүүдлийн шувуу шиг түр ирээд явж байгаа хүн биш


УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Та сайдын ажлаа авангуутаа яамныхантайгаа уулзаад МАН-ын үзэл баримтлалд нийцсэн бодлого явуулах ёстой гэж хэлсэн гэсэн. Энэ үнэн үү?
-Миний ажил хийх гол зарчим нь Батлан хамгаалахын салбар улс төрөөс ангид байх ёстой гэдэг зүйл. Энд ямар нэгэн санаатай болон санамсаргүй тохиолдлоор мэргэжлийн бус улсууд удирдах бүрэлдэхүүнд томилогдож болохгүй. Яагаад гэвэл энэ салбарт өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой систем байдаг.
-Тэгэхээр та яамныхаа өнөөгийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах уу?
-Манай салбар бол хүнийг сургах, давтан сургах. Түүний дараа хариуцлагатай албан тушаалд томилж ажиллуулах, ажиллуулсныхаа дараа ахин дахин давтан сургах, эргээд удирдах бүрэлдэхүүнд дэвшүүлэх гэсэн тусгай онцлогийг шаарддаг. Энэ нь ч шинжлэх ухааны үндэслэлтэй .Өөрөөр хэлбэл дайны туршлага, цэргүүдийн амь насан дээр бичигдсэн дадлага байдаг юм.
Салаан дарга дивиз командалж болохгүй.
Нөхцөл байдал хүндэрсэн дайны цагт улс орныг аль болох бага хохиролтойгоор даван туулах үйл явцыг удирдан зохион байгуулах, командлах мэргэжлийг эзэмшихийн тулд шат шатны сургууль төгсөж байж генерал, хурандаа гэдэг эрхэм цолонд хүрдэг. Монголын төр ингэж зэвсэгт хүчний боловсон хүчнийг бэлтгэдэг. Тиймээс Батлан хамгаалахын яаманд миний ажиллах зарчим бол арми, зэвсэгт хүчин улс төрөөс ангид байх, армийн боловсон хүчний мэргэжлийн залгамж халааг бэлтгэх бодлого хадгалагдах ёстой гэж үзэж байгаа. Гурав дах зарчим нь энэ салбарт ажиллаж байгаа боловсон хүчний нийгмийн асуудал шийдэгдэх ёстой гэдэг байр сууринаас ажиллана.
-Ерөнхийлөгч сайдад нэр дэвшигчидтэй уулзахдаа Батлан хамгаалахын яаманд зангарагтай эр хүн байх ёстой. Би өөрөө зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд... гэх үгийг хэлж байсан. Үүнд та ямар дүгнэлт хийж байв?
-Төрийн тэргүүнтэй хамгийн ойр ажилладаг салбар бол Батлан хамгаалахын яам. Миний хувьд тэр зангараг гэдэг зүйлийг юу гэж ойлгосон бэ гэхээр аливаа шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн түвшинд гаргах ёстой. Гаргасан шийдвэрээ тууштай хэрэгжүүлж, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь шалгаж, үр дунг нь үзэж, түүнтэй холбоотой шийдвэр гаргах чадвар эзэмшсэн байх ёстой гэдэг зүйлийг л хэлж байгаа болов уу гэж ойлгосон. Би энэ шаардлагуудыг хангаж ажиллана гэдэгтээ ч итгэлтэй байгаа. Энэ салбарт ялангуяа Батлан хамгаалахын салбарт амин хувийн ашиг хонжоо, сонирхлыг дагуулж очиж болохгүй. Яагаад гэвэл би энэ орчинд төрсөн, өссөн, хүмүүжсэн хүн. Тиймээс энэ салбартаа сэтгэл гаргаж ажиллана.
-Тэгвэл яг ямар ажлуудыг хийх вэ?
-Монголын төр нэг бодлоготой. Нэг намын гишүүн шинээр сайд болж очоод зэвсэгт хүчнийг өөрөөр удирдана гэсэн асуудал байхгүй. Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлого, ажлууд явж байгаа. Түүний дагуу үйл хэргүүд үргэлжилж байна. Тиймээс нийгмийн асуудлыг нь гол болгоно. Өнөөдөр цэргийн албанд хүүгээ үдэж байгаа эцэг эх, хань ижлээ гадаад оронд явуулж буй ар гэрийнхэн амар тайван амьдрах боломжийг нээж өгнө. Түүнчлэн ажилчдын нийгмийн асуудал байна. Цалин урамшуулал, тэтгэврийн хэмжээ гэх мэт. Мөн бага дунд шатлалын офицеруудын цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн улс орноо батлан хамгаалах бэлэн байдлын зорилго байдаг. Тэр байдлын хангалтыг дээшлүүлэх үүднээс зэвсэглэл, техникийн шинэчлэлийг хийнэ.
-Гэхдээ хугацаа тун байгаа байна шүү дээ?
-Тийм болохоор яаралтай шийдэх гол багц асуудлынхаа цар хүрээг тооцоолж, төлөвлөж байна. Хугацаа бага биш харин их байгаа гэж бодож байгаа. Би энэ салбарт нүүдлийн шувуу шиг түр ирээд явж байгаа хүн биш гэж өөрийгөө бодож байгаа шүү. Энд нэлээд урт, удаан хугацаанд тогтвортой ажиллана гэсэн бодолтой, даалгавартай ажиллаж байгаа. Энэ салбарт хийх олон томоохон шийдвэрлэх асуудал бий. Үүнийг шийдвэрлэхийн төлөө өөрөөс хамаарах бүхнээ зориулна. Энэ салбартаа сэтгэл гаргаж ажиллана. Ийм цаг үе нь болсон. Яагаад гэвэл, би дахин хэлье. Энэ бол миний өссөн төрсөн гэр бүл. Миний хүн болж хүмүүжсэн орчин.
-Зарим гишүүдийн зүгээс ийм богино хугацаанд сайд .байсан гэсэн нэртэй л үлдэнэ гэж үзэж байсан л даа...
-Сайд гэдэг нэрээс илүү надад хариуцлага ирж байгаа юм. Салбарынхны маань итгэл байна. Өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах салбарынхны анги нэгтгэлийн удирдлагын 60-70 хувь нь надтай нэг байранд өсөж, тоглож хүн болсон залуучууд байна. Тийм болохоор энэ салбарт ажиллах нь надад таатай байна.
-Сайдад томилох хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүнийг нэр дэвшүүлж болохгүй гэх зүйл нэлээд яригдаж, завсарлага хүртэл авч байсан. Та тухайн үед ямар бодолтой байв?
-Тэр бол улс төр. Улс төрийн шийдэл, улс төрчдийн л авир. Энэ бол хэн ч, ямар ч улс төрийн хүчин байсан хийх л ёстой үйлдэл байсан. Гэхдээ бид өнөөдөр Монгол Улсын мөрдөж байгаа хууль, эрхзүйн хүрээнд л ажиллах ёстой. Тэр хүрээнд ч асуудал шийдэгдсэн. Хоёр нам зөвшилцөж чадсан.
-Сайдуудын нөхөн томилгооны асуудал яригдаж эхлэх үеэс л МАН-ынхан дотроо бужигнаантай байгаа нь мэдрэгдэж эхэлсэн. Өнөөгийн сайдуудыг ч гэсэн нам доторх бүлэг, фракциуд нэр дэвшүүлсэн гэх юм билээ?
-Манай намд фракц гэж байдаггүй. Нэг л эрх ашиг, нийтлэг том зорилготой. УИХ-д байгаа 45 гишүүн бүгд улс төрийн албан тушаалын аль алиныг нь хашчих чадвартай, ард түмнээс итгэл авсан хүмүүс. Тиймээс тодорхой хэмжээний өрсөлдөөнийг намын дарга маань нээж өгсөн. Тэр хүрээнд бид улс төрийн асар өндөр соёлтой, бие биенээ хүндэтгэсэн уур амьсгал дор өрсөлдөөнийг явуулсан. Тэр дагуу бүлгээс нэр дэвшүүлж, намын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд эцсийн шийдлийг хийсэн. Энэ бол аль ч намд байхгүй, өвөрмөц шийдэл байсан.
Нийтлэлч
Т.Гэрэлмаа
Эх сурвалж
Өдрийн сонин
2012 оны 2-р сарын 03, Баасан гариг

No comments:

Post a Comment