Wednesday 18 April 2012

С.Бямбацогт: АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд байна уу эсвэл Монгол төрийг тогтворгүйтүүлэхэд уриалаад байна уу гэдгийг би ойлгохгүй байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн тухайд намууд эсрэг тэсрэг байр суурьтай байна. Нэгдсэн ойлголцолд хүрч чадах болов уу. Найдвар багатай л харагдаж байна шүү?
-Яаж ч бодсон орон нутгийн сонгуулийг хоёрхон сарын дараа УИХ-ын сонгуультай хамт явуулна гэхэд хүнд. Наад зах нь зургаан сарын өмнө тойрог, хэсгийн хороогоо байгуулсан байх ёстой. Гэтэл УИХ-ын сонгуулиар төрийн эрх барих дээд- байгууллагыг сонгодог. Харин орон нутгийн сонгууль бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын тэргүүлэгч, төлөөлөгчдийг сонгодог. Үндсэн хуулинд ч гэсэн хоёр өөр заалт байхад хоёр сонгуулийг хамт явуулах хууль эрх зүйн хувьд бололцоогүй. УИХ-ын сонгуулийн хуулиар мөнгө амладаг, өгдөг, элдэв бэлэг сэлт, эрүүл мэндийн үнэгүй үзлэг, урлаг соёл, шашны арга хэмжээнүүдийг хаачихсан. Гэтэл орон нутгийн сонгуулийн хуулиар бүгд нээлттэй хэвээрээ байгаа. Асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Нөгөө талаар орон нутгийн сонгуулийн санал авах хугацаа 22.00 цагт дуусах бол УИХ-ынх20 цагт дуусна. Түүнчлэн УИХ-ын сонгуулиар нэг сонгогч нэр дэвшигчдээс 1-3 хүнийг л дугуйлдаг. Хэрэв хоёр сонгууль хамт болбол УИХ-ын мандат дээрээ 1-3, аймаг, нийслэл, иргэдийн хурал дээрээ 2-4, сум дүүргийн иргэдийн хурал дээрээ 3-9 хүнийг дугуйлна. Өмнө нь 1-3 хүн дугуйлдаг байсан бол энэ удаа хамгийн багадаа гэхэд л 9-16 хүн дугуйлах болно. Өөрөөр хэлбэл санал өгөх хугацаа өмнөхөөсөө арав дахин нэмэгдэнэ гэсэн үг. Хэдэн цагт санал хурааж дуусдаг билээ. Иргэд 100 хувь саналаа өгч амждаг бил үү гээд аль ч өнцгөөс нь харсан хоёр сонгуулийг хамт хийж, нэг өдөрт санал өгөх боломжгүй байгаад байгаа юм. Ер нь тэгээд хууль эрх зүй, цаг хугацааны хувьд олон зөрчил үүсэх гээд байхад хоёр сонгуулийг хамт явуулна гээд зүтгээд байгаа хүмүүсийг би зориуд сонгуулийг будилаантуулах, үймээн самуун үүсгэх, аль болох шударга болгох-гүй байхын тулд хийж байгаа оролдлого хийж байна гэж харж байгаа.
-Түүнээс гадна сонгуулийн тухай хуулийн заалтыг Цэц хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Хэрвээ УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихвал, Сонгуулийн тухай хуульд зургаан сараас өмнө гар хүрч болохгүй гэсэн Үндсэн хуулийг зөрчих л болох нь дээ?
-Үндсэн хуульд хууль санаачлах эрх бүхий гурван субьект бий гээд заачихсан. Гэвч УИХ-ын 76 гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч ч сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах заалтыг хөндсөнгүй. Харин Цэц, Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үз,сэн. Тиймээс УИХ Цэцийн шийдвэрийг хэлэлцэх ёстой гээд байгаа юм. Миний хувьд Цэцийн шийдвэрийг хэлэлцэх нь Үндсэн хуультай зөрчилдөхгүй гэж үзэж байгаа. Хэрвээ УИХ Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээгээд авчихвал шилждэг заалт үндсэн-дээ байхгүй болж цэвэр нам дугуйлна. Нөгөөтэйгүүр Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй Цэц их суудлын хуралдаанаараа шийдвэр гаргах юм бол дахиад л шилждэг, гулсдаг заалт байхгүй болно. Энэ тохиолдолд өнөөх л нам дугуйлах асуудал гарч ирнэ. Мэдээж нам дугуйлах заалт үлдэхээр Үндсэн хууль зөрчих эсэх асуудлаар иргэд гомдлоо гаргаад, Цэц дахиад шийдэх байх. Тухайн үед Цэц юу гэж шийдэхийг би хэлж мэдэхгүй. Яах аргагүй л Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг ард түмэн шууд сонгоно гээд бичсэн байгаа. Миний бодлоор түүнтэй зөрчилдөх асуудал байж магадгүй. Гэхдээ шууд гэдэг нь сонгогч очоод намыг биш хүнийг дугуйлах ёстой гэсэн үг үү, эсвэл өөрийн биеэр тойргийн хороон дээр очиж саналаа өгөхийг хэлэх үү гэдгийг Цэц л тайлбарлах байх.
-Таны хувьд Үндсэн хууль зөрчихгүйгээр энэ заалтыг өөрчлөх боломж байна уу?
-Би Сонгуулийн хуулиар мэргэшсэн хуульч биш учраас зөв, буруу гэж шууд хэлж чадахгүй. Гэхдээ намын нэрээр сонгогдох 28 хүний нэрийг дугуйлах байдлаар сонгох хувилбар байж болох юм. Эсвэл 2008 оны сонгууль явуулсан томсгосон мажоритар хэлбэрээр сонгууль явуулж болно гэж төсөөлж байна. Гэхдээ энэ бол хамгийн зөв, сайн шийдэл гэж хэлэхгүй.
-Хуучин мажоритар тогтолцоогоор сонгууль явуулна гэхээр урагшилсан биш ухарсан болох юм биш үү. Тогтолцоогоо л өөрчлөхгүй бол болохгүй гэж зүтгэсээр шинэ хуулийг баталсан биз дээ?
-Сонгууль луйвартай, булхайтай болдог асуудал тогтолцооноос болдоггүй, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа, процессоос болдог. Компанит ажлыг зохион байгуулахдаа бэлэг тараах, мөнгө өгөх, шашны зан үйл хийх, элдэв юм амлах, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах, эмнэлгийн үзлэг хийх гэх зэргээр сонгогчдын саналыг татахын тулд олон зүйл хийдэг байсан. Харин энэ асуудлуудыг сая шинэ баталсан Сонгуулийн хуулиар маш сайн хааж өгсөн. Сонгуулийн булхай хийх, санал хураалтын дүнд нөлөөлөх гэж оролдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, сонгогчдод 10 мянган төгрөг өгсөн баримтыг нотолж чадвал 100 мянган төгрөгөөр урамшуулна гэх мэтээр сонгуульд шударга бусаар ялалт байгуулах арга замыг хаасан. Энэ бол дөрвөн жилийн турш ярьсан энэ хуулийн гол давуу тал.
-Дөрвөн жилийн хугацаанд Монгол Улс 3-4 удаа сонгууль хийж байгаа. Тиймээс ядаж УИХ, Орон нутгийн сонгуулийг хамт хийх нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэнэ. Энэ үүднээсээ хоёр сонгуулийг хамт хийхийг зөвтгөж гболох юм биш үү?
-Сонгуулийн жил гээд зургаадугаар сард УИХ, 10 дугаар сард орон нутгийн сонгууль болдог. Дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгууль. Үүнийг бид ярих ёстой. Гэхдээ цагийг нь тулгачихаад хэрэгжих боломжгүй үед биш, эртнээс ул суурьтай хандаад дараагийн сонгуулийн ажил эхлэхээс өмнө шинэ парламент ярих ёстой юм. Тэгэхгүй бол сонгуулийн хамар дээр тулж ирчихээд хамт хийх нь зөв буруу гээд нийгмийг аль болох хүнд байдалд оруулж, төрийн ажилд гацаа тавих байдлаар хандмааргүй байна. Мэдээж сонгуулиудыг хамт явуулж яагаад болохгүй гэж. УИХ-ын сонгууль нь тусдаа яваад орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль хамт явж болно гэсэн хувилбар байж болно. Эсвэл Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болчихъё л доо. Гэхдээ өнөөдөр хувилбаруудыг ярьдаг цаг нь биш. Хэрэв ярих байсан бол 2009, 2010 онд ярих байсан юм. Сонгууль болоход хоёрхон сар дутуу байхад хоёр сонгуулийг хамт явуулах нь зөв, буруу гэж маргаж суухын оронд яаж амжилттай шударга явуулах вэ гэдэгт анхаарах ёстой. Таван литрийн саван дотор арван литрийн сүү хийх гэвэл багтахгүй биз дээ. Түүнтэй адил цаг нь богиноссон байхад санал дугуйлах хугацаа нь арав дахин нэмэгдчихсэн байна шүү дээ. Хугацаандаа багтахгүй байхад орон нутаг, УИХ-ын сонгуулийг хамт явуулна гээд зүтгээд байгаа нь буруу. Өмнөх сонгуулиудаар ч гэсэн санал авах цаг дуусчихсан байхад "би саналаа өгнө" гээд сонгогчид хашгичаад зогсдог байсан. Сонгох эрхээ эдэлж чадаагүй иргэд "би саналаа өгөөгүй, миний эрхийг зорИуд хаалаа" гээд гомдоно, босно. Түүнийг нь далимдуулаад ялагдсан хүмүүс бөөн улс төр болгоод долоодугаар сарын нэгэн дахиад давтагдана биз дээ. Гэтэл яагаад зориуд ийм зүйл рүү түлхээд байгаа юм бэ. Нүүрэн дээрээ өөр зүйл хэлж байгаа ч үнэн төрх нь ийм л харагдаад байна.
-МАН-ын Бага хурал удахгүй болох мэдээлэл байсан. Энэ хурлаар сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах уу?
-Бага хурлаараа сонгуульд Оролцох мөрийн хөтөлбөрөө ярилцаж батална. Мөн сонгуульд нэр дэвшигчид ч яригдах байх. Энэ сарын сүүлээр болох байх.
-Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс намынхаа сонгуулийн штабт дэмжлэг үзүүлдэг нь нууц биш. Хэдий хэрийн мөнгө зарцуулах төлөвтэй байна вэ?
-Мэдээж намаас нэр дэвшиж байгаа юм чинь хүн хүч дайчилж, хөрөнгө мөнгө гаргаж л таарна. Огт мөнгө гаргахгүй, намынхаа гишүүд дэмжигчтэй хамтарч ажиллахгүй байж байгаад сонгогдчихно гэж байхгүй. Тохирсон хөрөнгийг зарцуулж л таарна. Яг хэдий хэрийн мөнгө гаргах нь тухайн нэр дэвшигч, тойргоос нь хамаардаг. УИХ-ын гишүүний үүргээ өнгөрсөн хугацаанд хэр биелүүлэв гэд-гээс шалтгаалаад нэр дэвшигчдийн зарцуулах зарлага тодорхойлогдоно. Тайван цагт хөлс их гарах юм бол байлдааны үед цус бага гарна гэдэг үг байдаг шүү дээ.
-Угаасаа МАН-ын бүлэг шилждэг гулсдагийг зөвшөөрөхгүй байсан ч АН-ын бүлэг "28 хувиас дээш санал авсан нэр дэвшигч намын нэрээр Их хуралд орж болно. Үүнийг батлахгүй бол Сонгуулийн хууль гацаанд орно" гэсэн учраас арга буюу хүлээж авсан гэж болно. Сонгууль хаяанд ирчихлээ гэдэг утгаараа суудлыг яаралтай ярилцаж шийдэх ёстой. Өөр өөрийнхөөрөө зүтгээд байж болохгүй биз дээ?
-Хэн хэндээ буулт хийхгүй, хоёр талд гэдийгээд байвал Монгол төрийг авч явах хоёр намаас өөр хэн ч хохирохгүй. Тиймээс үүрч байгаа ачаа, хариуцлагаа аль аль нь ухамсарлах л учиртай даа.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг тухайн үед Их хурлын сонгуулийн хуультай хамт өөрчилж болоогүй юм уу?
-Энэ тухай яригдаж байсан. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг УИХ-ын сонгуулийн тухай хуультай хамт шийдээд явъя, өөрчлөлтөө нэг мөр хийе гэсэн. Харамсалтай нь Ардчилсан намын бүлэг тусад нь шийдье гээд хойш тавьсан. Дараа нь орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэлж амжаагүй байтал нэгдүгээр сар гараад, Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарсан. Орон нутгийн сонгуулийн тухай хуулиа намрын чуулган завсарлахаас өмнө шийдье гэсэн боловч хамтарсан засгийн газраас гарсан АН-ын бүлэг завсарлага авсаар байгаад намрын чуулганыг хаалгасан. Ээлжит бус чуулганыг зарласан бас нэг гол асуудал ч энэ байсныг бүгд мэдэж байгаа. Гэвч АН-ын бүлэг Засгийн газар хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүл, хүчинтэй хуулиа мөрд гэж шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл, АН-ынхан "муу л бол бидэнд сайн" гэсэн зарчмаар ажиллаад шаварт унасан шарын эзэн чи л энэ асуудлаа зохицуул гэсэн байдлаар МАН-д хандаж байгаа. Гэхдээ үүнээс болж эцсийн эцэст МАН ганцаараа хохирохгүй, Монголын төр, ард түмэн хохирно. Харин АН-ынхан манай нам ганцаараа хохирох юм шигээр загнаж, дээрээс нь дэвсэлж байгаа нь дэндүү жудаггүй зан.
-Түүнээс гадна долоодугаар сарын нэгний хэргийн буруутан тухайн үеийн цагдаагийн дарга байсан хурандаа нар болж байна. Үүнийг та хэрхэн харж дүгнэж байгаа вэ. Улстөрч гэхээсээ илүүтэй иргэн хүний хувьд?
-Эцсийн шийдвэрийг шүүх л тогтооно. Гэхдээ миний хувьд тангараг өргөсөн цагдааг төрийн өмнө хүлээсэн нийгмийн хэв журмыг сахиулах үүргээ биелүүлснийх нь төлөө яллаж байгаа нь буруу. Төрийнхөө өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн хүнийг яллаад байх юм бол энэ төрд хэн ажиллах юм бэ.
-Тэгээд цагдаа нар биш юм бол хэн хариуцлагын ширээний ард суух ёстой гэж. Буруутан байж л байгаа шүү дээ?
-Долоодугаар сарын нэгнээр дөрөөлж нэг нэгнээ хараар будаж, монголчууд хоорондоо талцах нь зөв үзэгдэл биш. Аль ч талаас нь харсан тэр. Долоодугаар сарын нэгэнд монголчууд бүгдээрээ л хохирсон. Бүгд хохирчихоод дээрээс нь хэн нэгнийгээ дахиж яллах гээд байгаа нь зарчмын хувьд буруу гэж би бодож байгаа. Нэгэнт Монголын төр буруутай гээд Ерөнхийлөгч уучлал гуйчихсан, УИХ нь гэм буруутай байж магадгүй гэсэн бүх хүнийг хууль гаргаад өршөөчихсөн. Гэтэл энэ дундаас хэдэн хүнийг сугалж аваад яллах гээд байгаа нь буруу. УИХ гэдэг төрийн эрх барих дээд байгууллага нь өршөөчихсөн юм чинь, бүгд хохирсон юм чинь үүгээр нь л дуусгах ёстой.
-Хэрвээ АН хамтарсан Засгийн газраас гараагүй байсан бодол хоёр сонгуулийг хамт явуулах эсэх тухай асуудал гацаанд орохгүй байсан гэх хүн олон байдаг юм билээ.Та үүнтэй санал нийлэх үү. Өөрөөр хэлбэл АН-ыг сөрөг хүчний үүргээ тун ч гарамгай гүйцэтгэж байгаа гэдэгтэй?
-АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд байна уу, Монголын төрийг тогтворгүй болгож, ард түмнийг үймээн самуунд уриалан дуудах гээд байна уу гэдгийг ойлгохгүй байна. Хамт явуулах ямар ч боломжгүй УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулийг хамт явуулж будилаантуулах, иргэний ухаалаг үнэмлэхээр санал хураах ёстой гэсэн мөртлөө хэрэгжүүлэх гэхээр зориуд удаашруулж, иргэдийг бухимдуулах, зориуд программчилсан санал хураах төхөөрөмж оруулж ирж луйвар хийх гэх мэт үйлдэл болоод эс үйлдлүүд АН-ынхны зүгээс гарч байгаад харамсаж байна.
З.Урсгал
2012 оны 4-р сарын 11, Лхагва гариг
 Улаанбаатар Таймс

No comments:

Post a Comment