Tuesday 17 April 2012

”Сонгууль луйваргүй болно гэдэгт би итгэхгүй байна”



УИХ-ын гишүүн З.Алтайг “Ярилцах танхим”-даа урилаа. Түүнтэй сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байгаа долоодугаар сарын 1-ний хэрэг, УИХ, орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар ярилцсан юм.


-Долоодугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаж буй цагдаагийн экс удирд­лагуудыг шүүх ажиллагаа үргэлжилж буй. Улс төрийн намууд ч өөр, өөрийн өнц­гөөс тайлбарлаж байна л даа. Харин та энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Долоодугаар сарын 1-нд юу болсныг Монголын ард түмэн бүгдээрээ харсан. Бүгд энэ үйл явдлын гэрч болсон. Аль нэг талбай, айлын орцонд болсон үйл явдал биш. Монгол Улсын нийслэл Улаанбаатарын төв талбайд болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч бүх үйл явцыг харуулсан. Хамгийн гол нь иргэд юунаас эхэлсэн, юугаар төгссөн, үр дүнд нь юу болсон гэдгийг бүгд харсан. Энэ зөв, тэр буруу гэдгийг ч өөр, өөрийнхөөрөө шүүж бай­гаа байх. Харин эцсийн шийд­вэрийг шүүх гаргах байлгүй дээ. Би Монгол Улсын иргэний хувьд олон талаас нь харж байж энэ хэрэгт буруутай бүх хүнийг шийтгэх ёстой гэж бодож байгаа.

-Чухам хэн буруутай гэж?

-“Сонгуулийн үр дүн бу­дилаантай, хуудуутай бол­лоо. Уг нь бид гарах байсан юм” гэж намын дарга нар л хэлсэн шүү дээ. Тэд л иргэдийг “Хүрээд ир. Цуглар. Одоо л хийдэг, одоо л бужигнуулдаг цаг боллоо” гэж хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр уриалан. Яах вэ, сонгууль булхайтай бол­сон уу, үгүй юү гэдгийг шүүх нь шийдэх биз. Ямар ч байсан гэр орондоо байсан хүмүүсийг уриалан дуудаж цуглуулаад нөгөө улс төрийн хүчнийхээ эсрэг турхирсан нь үнэн. Эцсийн эцэст байдал хяналтаас гарсан. Уриалан дуудсан хэдэн улстөрч битгий хэл Монгол Улсын цагдаа ирээд тарааж хүчрээгүй. Дараа нь нөгөө хэдэн улстөрч сүүлээ хавчсан нохой шиг зугтаад алга болсон. Намынхаа бай­ранд ч байдаггүй. Утас нь ч салгаатай. Тэр үед улсын ду­гаартай портерууд чулуу авчирч тараасан байсан гэж байгаа юм. Молотовын шингэн гэдэг лонхтой шатдаг бодисыг зориудаар авчраад тараасан гэж яриад байгаа юм. Ингээд бодохоор долоодугаар сарын 1 чинь хэн нэгний төлөвлөсөн хэрэг. Иргэн хүн өөрийнхөө машинаар голын эрэг дээр очоод, чулуу цуглуулаад сууж байх уу. Тэр шингэн нь Мон­голд байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Хэн нэг нь хадгалж байгаад лонх, лонхоор нь гаргаж байшин шатаасныг шалгах л ёстой.

-Цагдаагийн экс удирд­лагуудыг шалгаж байгаа тухайд?

-Амиа алдсан таван иргэ­нийг цагдаа буудсаныг чухам ямар баримтаар нотлоод бай­гаа юм бэ. Нотлох юм байгаа юм бол шүүх хурлын үеэр ард түмэнд үзүүл л дээ. Баримтаа гаргаж ирээд хүн хэлмэгдүүлээгүй гэдгээ нотолбол ард түмэн ойлгоно. “Буруутай хүн нь цагдаа байна уу, хэн байна хамаагүй. Ялаа эдэл л гэнэ. Гэтэл хүний амь нас хохироосныг нь нотлоогүй байж хэдэн цагдааг хорьдог нь буруу. Цагдаагийн экс удирдлагуудыг ямар нэгэн нотлох баримтгүйгээр цагдан хорьж байгаа нь “Энэ хэдэн хүнийг улс төрийн золиос болгож байгаа юм биш биз” гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм. Буудсан биш, буудах шийдвэр гаргасан, зохион байгуулсан цаад эздийг гаргаад ир л дээ. Тэдний давхар яллахад яадаг юм бэ. Яагаад хэдэн цагдаа руу дайраад байгаа юм бэ. Хамаа алга. Цагдаа нар хүн буудсан бол хэргээ хүлээнэ гэхсэн. Гэтэл хар жийптэй цагдаа нар байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Төрийн байгууллагад хар жийп хэд байдаг юм бол. Тэгээд ч хүний араас хөөгөөд зээр агнаж байгаа юм шиг буудна гэж байх уу. Үгүй л болов уу. Тиймээс л энэ бол зохион байгуулалттайгаар хийсэн хэрэг гэж иргэн хүний үүднээс хардаад байгаа юм. УИХ-ын гишүүний үүднээс биш шүү. Шүүвэл бүгдийг нь шүүгээд, ул суурьтай шийдвэр гаргаач гээд байгаа юм.

-Ерөнхийлөгч Д.Сандаг-Очир генералтай уулзсан Хууль зүй, дотоод хэргийн сайд цагдаа­гийн дарга нарыг өмөөрч үг хэл­сэ­нээс үүдэн “Шүүн таслах үйл ажил­­ла­гаанд нөлөөлж байна” гэх шүүмж­лэлийг олон хүн хэлж бай­­гаа. Харин та юу гэж дүгнэж бай­гаа бол?

-Ерөнхийлөгч, Д.Сандаг-Очир гене­рал хоёрын хооронд ямар яриа өр­нөснийг мэдэхгүй. Хэвлэлээс л харсан. Д.Сандаг-Очир генерал бол үүргээ гүйцэтгэж байгаа хүн. Харин түүний дарга нь хэн юм бэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд биз дээ. Ерөн­хийлөгч ярих л байсан юм бол Д.Сандаг-Очир генералтай ярих ямар хэ­рэгтэй юм. Хариуцдаг сайдтай нь ярь л даа. Гэтэл нэг агентлагийн дар­­гыг өрөөндөө дуудаж авчраад “Гене­рал цолыг чинь хураана” гэж айл­гаад яах юм бэ. Юманд чинь эрэм­бэ да­раалал гэж нэг юм байна шүү дээ.

-Сонгууль болох хугацаа ойртож байна. Гэтэл сонгуулийн бэлтгэл ажил хангалтгүй байгаа бололтой. Ер нь сонгууль шударга болж чадах болов уу?

-Дэлхийн улс орнуудын иргэд “Сонгууль сайхан боллоо. Булхай, луйвар гарсангүй” гээд алга ташиж байсныг би лав мэдэхгүй юм байна. Саяхан ОХУ-д юу болов. Бүгд мэдэж байгаа. Гэхдээ сонгууль ерөнхийдөө шударга болжээ гэдэг асуудлыг хаана, хаанаа тавих ёстой. Ингэж хардаад байвал цаашид ч хэвээрээ үргэлжилнэ. Бүх зүйлийг болохгүй талаас нь харвал болохгүй л байна. Төгс шийдлийг нь олсон зүйл гэж байхгүй. Бурхан багш л ирж хар, цагаанаар нь ялгадаггүй юм бол. Шинэчлэн баталсан Сонгуулийн тухай хуульд дэвшилттэй зүйл их бий. Өнгөрсөн сонгуулийнх шиг сонгуулийн хэсгийн хороонд нам, эвслийн хүмүүс орж будилаантуулдаг, намынхаа даалгаврыг биелүүлдэг, хууль бус үйлдэл хийснийхээ төлөө мөнгө, байр авдагийг болиулсан. Мөнгө хараад нүд нь улаанаараа эргэлддэг хүмүүсийг зайлуулъя, сонгуулийн саналыг автомат машинаар тоолж үзье гэдэг чинь дэвшил. Манайд санал тоолох машины программ зэргийг ойлгох мэдлэгтэй хүн зөндөө байгаа. Тэр хүмүүсийг нэг баг болгож байгаад шалгуулж болно. Шинэ юмнаас битгий ухар л гэж би хэлэх гээд байна. Хийе гэвэл юу ч хийж болно.

-Санал тоолох машиныг оруулж ирж дуусаагүй байгаа. Ца­хим үнэмлэхийг ч хэвлэж эхлээгүй. Үүнийг бурууг намууд бие, бие­рүүгээ тохож байна шүү дээ?

-Амжихын төлөө явах ёстой. Мөнгө нь байх юм бол тэр муу хэдэн машиныг хормын дотор л оруулаад ирнэ шүү дээ. Ер нь бол наадах чинь сонгуулийн шоу. Улстөрчид ир­гэдийг, улсыг баллуурдаж, унагаж, төрд итгэх итгэлийг байхгүй болгож байдаг хөгийн амьтад шүү дээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дар­гаар Ардын намынхан агуу их хувсгалч, коммунист хүнийг томил­чихлоо. Ийм хариуцлагатай цаг үед ийм хүнийг тус газрын даргаар то­милж байгаа нь сонгууль шударга болно гэсэн итгэлийг үгүй хийгээд л хаячихаж байгаа юм. Сонгууль бул­хай, луйваргүй болно гэдэгт би л хувьдаа итгэхгүй байгаа. Ялангуяа Л.Амарсанаа гэдэг хүн сонгуулийн бичиг баримтыг зохих журмаар нь та­раагаад, энэ ажлыг гардаад, хэл амгүй хийчихнэ гэдэгт итгэхгүй бай­­гаа. Шударга хүн зөндөө байгаа. Ард иргэдээ дэндүү басамжилсан, өөрс­дийнхөө суудлыг бодсон шийдвэр га­ргаж байгаа Ардын намынхныг бодохоор дотор муухай эвгүйрч байна.

-УИХ, орон нутгийн сонгуулийг хамтатгах эсэх дээр та ямар байр суурьтай байгаа юм бэ?

-Орон нутгийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах тухай шийдвэрийг аль таван жилийн өмнө шийдсэн. Тэгэхэд энэ хоёр нам хоёулаа л парламентад сууж байсан. Зөвшилцөж байгаад “Тэгье. Энэ л зөв зам” гээд хуулиа баталсан шүү дээ. Хууль гаргаад, тэр нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа бол маргаад байх зүйлгүй шүү дээ. Хуулиа хэрэгжүүлэх ганц л зам үлдсэн. Харин одоо нэгэнт баталсан хуулийнхаа зөв, бурууг шүүж, “УИХ, орон нутгийн сонгуулийг хамт хийнэ, хийхгүй” гэж байгаа нь өнгөрсөн хорвоо шүү дээ. Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн. Сонгууль болоход хэдхэн сар үлдэж байгаа энэ үед дэмий юм ярьж ард иргэдийн сэтгэлийг үймүүлэх ямар шаардлагатай юм бэ. Хууль нь гарсан түүнийг хэрэгжүүл. Хүндрэл гарсан бол зохицуул. Одоо болох, болохгүйн тухай ярьж байгаа нь дэндүү марзан байна. Хууль гаргасан хүмүүс нь хуулиа биелүүлэхгүй гээд эхэлбэл ард түмэнд бид юугаа ярих юм бэ. Сонгогчдод юу гэж хэлэх юм бэ. Өөрөө, өөрийгөө баллуурддаг төр засаг, хууль сахиулагчид байдаг юм уу. Ямар ч байсан хийгээд л үзэх хэрэгтэй. Гэтэл энэ бүхнээс улс төрийн хонжоо хайж, “Манай намд ашигтай. Танай намд ашигтай” гэдэг хөгийн улс төрийн тоглоом хийх гэж байгаа бол “боль” л гэж хэлнэ. Парламентад Ардын нам үнэмлэхүй олонхи байхад энэ асуудлыг шийдсэн шүү дээ. Өөрсдийнхөө баталсан хуулийг хэрэгжүүлэхгүй байгааг нь ойлгохгүй байна.

-Үндсэн хуулийн Цэц Сонгуу­лийн тухай хуулийн 48-аас 28 руу гулсах тухай заалтыг хэлэлцэж бай­гаа. Энэ заалтыг түдгэлзүүлэх нь зөв үү?

-Би “Энэ заалтыг Цэц түдгэл­зүүлээсэй” гэж бодож байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд “Шууд сонгоно” гээд заачихсан байгаа. Бүгдээрээ хуулиа уншъя л даа. Ер нь 28 “муужгай”-гаар яах гээд байгаа юм бэ. Сонгууль өрсөлдөөгүй, намын нэрээр гарч ирчихээд “Би УИХ-ын гишүүн болчихлоо” гээд хэнхдэг цээжээ дэлдэх дэлдэх эрх тэдэнд байгаа юм уу. Хууль бус, хулгайч төрийн түшээ л гарч ирнэ. Тийм хүнийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Ямар улаан нүүрээрээ УИХ-д орчихсон, гишүүний тэмдэг зүүчихсэн явж байх юм бэ. Иргэд лав хүлээн зөвшөөрөхгүй. Байж болохгүй асуудал шүү дээ.

-Энэ заалтыг түдгэлзүүлбэл юу болох бол. Сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчилж болохгүй хуультай шүү дээ?

-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ямар ч боломж байхгүй. Цаг хугацаа нь ч тэгж таарч байна. Явж, явж сонгуулийг хуучин хуулиар явуулах нь л гэж харж байна. Шинэ хууль баталсан нь шоу байж л дээ. Хуулиа шинэчилсэн, сайжруулсан болж харагдаж байгаад “Найз нараа болсонгүй. Цэц дээр уначихлаа. Сонгуулийг 2008 оных шиг зохион байгуулах болж таарлаа” гэж магадгүй нь. Сонгуулийг 2008 оных шиг зохион байгуулах олон гишүүн хүсэж байгаа, хөөрхий амьтад. Гэхдээ энэ бол маш муу хувилбар. Нөгөө л муу хэлэгддэг жалга, довны депутатууд гарч ирнэ. Төсвийн мөнгийг хэрэгтэй, хэрэггүй юм руу цацна. Энэ дөрвөн жилд ард түмэн юу хожсон юм бэ. УИХ-ын 2012 оны сонгуулийг энэ маягаар явуулбал улс орон хөгжихгүй. Жалга, довны үзэл гаарна. Олсон мөнгөө хуваагаад, хийсгээд хаядаг гунигтай түүх л давтагдах юм байна.

Т.УРАНГЭРЭЛ

"Улс төрийн тойм" сонин

No comments:

Post a Comment