Tuesday 17 April 2012

З.Энхболд: ЗГ-ыг огцруулах тухай ярилцана

УИХ-ын гишүүн З.Энхболдыг “Ярилцах танхим”-ынхаа энэ удаагийн зочноор урилаа. Түүнтэй УИХ-ын сонгуулийн тухай болон орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль, долоодугаар сарын 1-тэй холбоотой үймээний улмаас үүссэн нөхцөл байдлын талаар ярилцсан юм.


-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан ур­жигдар болж УИХ-ын сон­гуулийн тухай хуулийн нэг заалтыг Үндсэн хуультай зөр­чилдөж байгаа гэсэн шийд­вэр гаргасан. Тэгэхээр одоо нэр дэвшигчид “Гулсана” гэ­сэн ойлголт байхгүй болчихлоо гэсэн үг үү?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг боловсруулахдаа УИХ-ын гишүүд хоёр муу зүй­лийн нэгийг нь сонгосон тө­дий. Огт өрсөлдөлгүйгээр на­мын нэрийн ард нуугдаад УИХ-ын гишүүн болдог хувил­бараас татгалзсан. Харин өр­сөлдөөд босго давсан то­хиол­долд УИХ-ын гишүүн бол­сон нь дээр юм байна гэж үзсэний үндсэн дээр тойрог дээр өрсөлдсөн гишүүд нь пар­ламентын гишүүн болдог Герман улсын туршлагаас нэвт­рүүлж хуульдаа тусгасан. Та бүхний нэрлээд байгаагаар “гул­сах” заалтыг хуульд тус­га­сан нь намуудыг хариуц­лагатай байлгах гэж л хийсэн шийдвэр. Харин Үндсэн хуу­лийн Цэцээс үүнийг буруу гэж байгаа тохиолдолд нөгөө хувилбар нь сэргэнэ гэсэн үг. Үндсэн хуулийн Цэц парлель системийг Үндсэн хууль зөр­чөөгүй гэж үзэж байгаа юм байна. Парлель гэдэг нь тойргоос сонгогдох хүмүүс нь тусдаа нэр дэвшиж, намын жагсаалтаар санал авах нь бас тусдаа сонгогдоно гэ­сэн үг. Тий­мээс УИХ-ын ги­шүүд хоёр өөр системээр сон­гог­доно гэсэн үг. Уг нь бид нэг жагсаалттай, жагсаалт нь хоорондоо гүйдэг холимог системийг Монголын нөхцөлд хамгийн сайн таарах юм гэж үзээд хуулиа баталсан.

-УИХ-ын сонгууль болохоос зур­гаан сарын өмнө УИХ-ын сон­гуулийн тухай хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулахыг хуулиар хо­риглосон байдаг шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдэх юм бэ?


-УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй байх хуга­цааг яагаад зааж өгсөн бэ гэхээр тухайн үеийн УИХ-ын гишүүд сон­гуулийг өөртөө ашигтай байдлаар дур дураараа өөрчлөх бо­ломжийг нь хааж өгөх зорилготой юм. Харин Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бол энэ асуудлаас тусдаа. Хэн нэгэн хүний хүсэл сонирхлоор хуульд өөрчлөлт оруулахгүй. Тэгэ­хээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шалтгаан нь өөр байгаа биз. Үндсэн хууль зөрчсөн хуулиар сонгуулийг зохион байгуулж болохгүй учир “засвар” хийж болно гэж үзэж байгаа юм. Гэхдээ УИХ-ын хаврын чуулган эхлэхээр Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхийг хэлэлцэнэ. Тэгэхээр хэлэлцүүлгийн үеэр одоо үүсээд байгаа олон асуул­тад хариулт өгөх боломжтой болно.

-Орон нутгийн хурлын сон­гуулийн тухай хуулийн дагуу хоёр сонгуулийг зэрэг явуулбал “Орон нутгийн удирдлагуудын бүрэн эрх дөрвөн жил байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчинө гэдэг үндэслэлээр Ардын намынхан Үнд­сэн хуулийн Цэцэд хандсан гэсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ. Цэц дахиад хориг тавибал яах бол?

-Орон нутгийн хурлын сон­гуу­лийн тухай хууль Үндсэн хуу­лийг зөрчөөгүй. Учир нь энэ хуу­лийг 2008 оны дөрөвдүгээр сард баталсан. Харин 2008 оны арав­дугаар сард орон нутгийн хурлын сонгууль болсон. Тухайн үед нэр дэв­шигчид болон сонгогчид 2012 онд УИХ болон орон нутгийн хурлын сонгууль зургаадугаар сард зэрэг болно гэдгийг мэдэж байж сон­голтоо хийсэн. Өөрөөр хэлбэл, дө­рөвдүгээр сард баталсан хуулийг баримталж тухайн үеийн сонгуулиа явуулсан гэсэн үг. Тэгэхээр ямар ч зөрчил байхгүй. Ер нь Үндсэн хуулийн эрхзүйд их хурлуудын тоог тоолохдоо оноор тоолж байгаа шүү дээ. Сараар биш. 2008 оны их хурал гэж ярьдаг болохоос 2008 оны зургаадугаар сарын их хурал гэж ярьдаггүй. 2008 оны ИТХ гэж ярьдаг болохоос 2008 оны аравдугаар сарын ИТХ гэж ярьдаггүй. ИТХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хэдэн сар илүү, дутуу байлгах нь 10, 20 дахь асуудал гэж би бодож байгаа. ИТХ нь ард түмний төлөө ажиллаж чадаж байна уу гэдэг нь нэгдүгээр асуудал. Хэрэв чадаж байгаа бол төр засагтаа хандах олон түмний хандлага өнөөд­рийнх шиг сөрөг байхгүй байх байсан. Наад захын хүн л ИТХ-д хэнийг сонгосноо мартчихсан байгаа шүү дээ. Осолдохгүй л УИХ-д хэнийг сонгосноо мартаагүй байгаа биз. Тий­мээс “ИТХ-ын ач холбогдлыг өндөрсгөхийн тулд л хоёр сонгуулийг зэрэг явуулъя. Багаар нь сонгуулж ха­риуцлагаа нэг намаас нэхье” гээд байгаа юм. Гэтэл Ардын намынхан “Үгүй” гээд суучихаад байна.

-Танай намынхан Засгийн газарт “Одоо хүчин төгөлдөр үйл­чилж буй орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэг­жилтийг хангах бэлтгэл ажлыг хий” гэсэн утгатай үүрэг өгсөн. Харин хариуд нь Засгийн газраас үүнийг “Боломжгүй асуудал” гэ­лээ. Үүнийг юу гэж харж байна?


-Үндсэн хуулийн хямрал руу л явж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын хуулийг хэрэг­жүүлэхгүй ээ” гэж мэдэгдэж байна л гэсэн үг. Ерөнхий сайд, Засгийн газар бол Монгол Улсын бүх хуу­лийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ту­хайл­бал, Орон нутгийн хурлын сон­гуулийн санхүүжилтийг Засгийн газраас баталж өгөхгүй бол ИТХ-ууд чинь ажиллахгүй шүү дээ. Тэд Засгийн газраар дамжуулж УИХ-д асуудлаа оруулж ирдэг юм. Энэ мэтээр орон нутгийн хурлын сонгуулийн хуулийг Ерөнхий сайд хэрэгжүүлэхгүй гэж тусад нь салгаж өгсөн заалт хуульд байхгүй. Учир нь гүйцэтгэх засаглалын байгууллага бол сонгууль байтугай олон ажил зохион байгуулах үүрэгтэй.

-Хэрэв хоёр намынхан тохирол­цож чадахгүй байсаар байгаад УИХ-ын хаврын чуулганаар орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж амжихгүй бол яах вэ?

-Хэлэлцэхгүй бол эцсийн хариуц­лагыг Ардын намынхан л хүлээнэ. Тэд “Хууль хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдэж байна. Саналын хуудсыг машинаар тоолохгүй гэсэн. Иргэний ухаалаг үнэм­лэхийг тарааж амжихгүй” гэж мэдэгдлээ. Энэ бүхнээс харахад энэ оны сонгуулийг явуулахгүй нь гэ­сэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Нөгөөтэйгүүр, орон нутагт нэр дэв­шигчдээр дамжуулж мөнгө тараах ажил хийх гээд байна гэсэн хард­лагыг ч төрүүлээд байгаа юм. Эсвэл дүрмийн төдий сонгууль явуулдаг байсан социализмын үе рүү буцаж орох гээд байгаа юм уу, Ардын на­мынхан. “Сонгууль гэдэг чинь их балай юм байна. Больё. Иргэдийн сана­лыг авдаггүй сонгуулиа буцааж нэвтрүүлье” гэж хэлж байгаагаас ялгаа алга.

-Тэгэхээр хууль хэрэгжүүлэхээс татгалзсан Засгийн газрыг яах ёстой юм бэ?

-Засгийн газар хуулиа хэрэг­жүүлэх ёстой. Үгүй бол хууль хэрэг­жүүлдэг Засгийн газартай болохоос өөр арга алга байна.

-Ардчилсан намынхан УИХ-ын хаврын чуулган эхлэхээр Засгийн газрыг огцруулах санал тавих уу?

-Ярилцаж байж болно. Сонгуулиа явуулах нь чухал асуудал. Түүнээс биш өнөөдөр хэн Ерөнхий сайд байх нь чухал биш. Энэ Ерөнхий сайд үүргээ биелүүлэхгүй гэвэл дараагийн хүнээ томилох ёстой.

-Долоодугаар сарын 1-ний үймээн­тэй холбоотойгоор шүүгдэж байгаа цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал ээлж дараалан боллоо. Шүүх хурлын үеэр үүссэн нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна вэ?

-Иргэд жагсах эрхтэй. Түүнийг нь хэн ч болиулж чадахгүй. Харин жагссан иргэд рүүгээ бууддаг хүмүүсийг шоронд хийх ёстой. Ер нь бол буудах ч эрхгүй. Буудахаас наагуур авах арга хэмжээ олон байсан. Нас барсан хүмүүсийг дандаа ар дагзанд нь буудсан байсан. Хэрэв тэд буу гаргаад цагдаа руу буудаж эхэлсэн бол цагдаа тэдний өөдөөс буудаж болох л байсан. Хууль нь тийм юм. Хэрэв тийм зүйл болсон бол сум урдаас нь орох байсан шүү дээ. Гэтэл жагсаал тарчихаад зугатаж явсан хүмүүсийг л араас нь хөөгөөд буудаад бай­сан юм биш үү. Ийм асуудлын бу­руутныг шүүхээр шийтгэхгүй бол “До­лоодугаар сарын 1” давтагдахыг хэн ч үгүйсгэхгүй. Тэр үед дөрөв биш 40 хүн ч буудуулж мэднэ. Тийм зүйлийг гаргахгүйн тулд л шүүн таслах үйл ажиллагааг явуулж байгаа. Маргааныг шийдэж буруутныг ол гэж шүүхийг байгуулсан. Ингэхдээ шүүх хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаас хараат бус байж шийдвэрээ хараат бусаар гаргах эрхтэй. Янз бүрийн сонирхолтой хүмүүс шүүхэд очдог. Жагсагчдыг хамгаалж байгаад хилмэгдсэн гэгдэх цагдаа нарын асуудлыг шийдээд, нөхөн төлбөрийг нь өгөөд хэдэн зуун хүүхдийг шийт­гээд яллаад явуулчихсан. Гэтэл дөрвөн хүн амиа алдчихаад байгаа асуудлын буруутныг олох гэхээр шүүх, прокурорын ажилд саад болж болохгүй байхаа. Жирийн ир­гэн хүн буудсан бол ялаа аваад л явна. Шүүхийн шийдвэртээ итгээд. Гэтэл цагдаагийн дарга нарыг шүүх бо­лохоор яагаад шүүхдээ итгэдэггүй, шүүхийн ажилд саад болоод байгаа юм. Шүүхийн ажилд саад болсон тохиолдолд авах ёстой олон арга хэмжээ байгаа. Тиймээс шүүх ч гэсэн айлгүйгээр энэ арга хэмжээнүүдээ авах ёстой.

-Цагдаагийн бие бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх бус экс дар­га нарынхаа хүсэл со­нирх­­лыг хам­гаалаад байх шиг. Шүү­­хийн шийдвэрт нөлөөлөх гэж за­нал­хийлсэн тохиолдол хүр­тэл гар­гасан. Үүнийг хэрхэн зохицуу­лах ёстой юм бэ?


-Ер нь бол цагдаагийн байгуул­лагад маш том цэвэрлэгээ хийх ёстой. Тэгж давардаг дарга нар цагдаагийн байгууллагад маш олон бий. Жирийн цагдаа нар бол заналхийлж чадахгүй. Цагдаагийн дунд тушаалынхан хууль хэрэгжүүлэхгүй 20 жил явлаа. Цагдаагийн байгууллагад хийх шинэчлэлийн талаарх саналыг Ард­­чилсан намаас гаргадаг ч Зас­гийн газар хүлээж авдаггүй. Бид цагдаагийн байгууллагыг орон нутгийн хэв журмын цагдаа, мэр­гэжлийн мөрдөн байцаах алба гэж хоёр хуваах нь олон улсын жишигт нийцнэ гэж байсан. Манайх шиг бүх цагдаа нь нэг дороо овоорчихсон, батлан хамгаалахынхнаасаа олон бие бүрэлдэхүүнтэй, өргөсөн тангарагаа бус хурандаа нараа хамгаалдаг цаг­даагийн байгууллага байж болохгүй.

-Цагдаагийн дарга нар шүүхийн шийдвэрийг дураараа эсэргүүцэж, дураараа хэрэгжүүлж байна. Тэд­ний ийм зоригтой байгаагийн цаад шалтгаан нь “Хамгаалагч”-тай учир тэр” гэсэн яриа гарах болсон. Та юу гэж харж байна?


-Хамгаалагч байгааг бүгд л харж байгаа шүү дээ. Телевизийн эфирийг орой бүр эзэгнэж ярилцлага өгч байгаа Ардын намын гишүүдийг хар л даа. “Бид нар та нарыг хамгаалж байна. Та нар шүүхийг нулимаад бай” гэж хэлж байгаатай л адилхан үйлдэл хийж байна. Хууль ёсыг хэрэгжүүлэхийн оронд шүүх шийд­вэрээ гаргах гэж байхад нь саад учруулж болохгүй биз дээ.

-Шүүгдэгч тал болон гэрч нарын зүгээс шүүх хурлыг нээлттэй хийх санал тавьсан ч шүүхээс шүүх хурлыг хаалттай хийнэ гэж байгаа. Та алийг нь дэмжиж байна вэ?

-Шүүхийг зөв, буруу гэж би хэлж чадахгүй. Гэхдээ шүүх хурлыг нээлттэй хийх юм бол бүх асуудал ил тод болно. Шүүхийнхэн ямар нэгэн шалтгаантай болоод л шүүх хурлыг хаалттай хийх гэж байгаа байх. Ер нь бол долоодугаар сарын 1-тэй холбоотой асуудлыг нээлттэй байлгажбайж олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх ёстой.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Тухайн үед Ардчилсан намын даргын хувиар жагсаалд оролцож байсан учир цагдаа нарыг шүүх хуралд гэрчээр оролцуулах ёстой” гэсэн байр суурийг зарим хүн илэрхийлсэн. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хэрэв шүүхээс тийм шийдвэр гар­­гавал очиход буруу зүйл байх­гүй. Жагсаал цуглааныг иргэд хий­дэг. Тиймээс одоогийн Ерөн­хий­­лөгч иргэнийхээ хувиар л тайл­­бар өгч болно. Харин тэр үед жаг­саал цуглааныг зохицуулах үүрэг­­тэй. Цалингаа аваад сууж бай­сан С.Баяр, Н.Энхбаяр, Д.Лүн­дээ­жанцан, Ц.Мөнх-Оргил, цагдаа­гийн удирдлагууд, гудамжинд зог­сож байсан цагдаа нар төрийн ал­бан хаагч байсан. Тэд хуульд заас­ны дагуу жагсаал цуглааныг зо­хи­цуулах үүрэгтэй байсан. Ха­рин Ц.Элбэгдоржид тийм үүрэг бай­гаагүй. Ц.Элбэгдорж сонгуульд оролц­сон 20 намын нэгнийх нь л тө­лөөлөл байсан төдий. Тэгэхээр Ц.Эл­бэгдорж хариуцлага хүлээхгүй. Жагсаал цуглааныг зохицуулж ча­даа­гүй хүмүүс л хариуцлага хү­лээнэ. Ийм ялгааг ойлгохгүй байж улстөржүүлэх маягаар хэргээс мултрах гэж оролдож байгаа үйлд­лийг цагдаагийн экс дарга нар хийж байна билээ. Тэр ч бүү хэл эмнэлэгээс согтуу гарч ирж байсан байх аа. Тэгэхээр тэр эмнэлэг бол тэдний архи ууж, орогнодог газар болсон байна. Гэтэл иргэн Дорж хэрэг хийчихсэн байсан бол эмнэлэг нь хүлээж авч архи өгөх байсан уу гэдэг бас сонин. Тиймээс задарсан дарга нараас нь цагдаагийн байгууллагыг салгаж шинэчлэл хийхгүй бол жирийн цагдаа нар хохирох гээд байна. Иймэрхүү авирыг цагдаагийн дарга нар л гаргаж байгаа биз дээ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин

No comments:

Post a Comment