Tuesday 17 April 2012

“Би улс төрд удаан байна гэж зүтгэхгүй”

УИХ-ын гишүүн, Иргэний Зориг-Ногоон намын дарга Д.Энхбатыг “Ярилцах танхим”-даа урилаа. Түүнтэй УИХ-ын 2012 оны сонгууль болон цаг үеийн бусад асуудлын талаар ярилцсан юм.


-Иргэний Зориг-Ногоон нам гурван дарга, хоёр дэд дар­­гатай болсон. “Намдаа ши­нээр элссэн хүмүүст албан тушаал амласан учраас ийм шийдвэр гаргасан” гэж хар­дах хүмүүс ч бий. Харин та ямар тайлбар өгөх вэ?

-Их буруу яриа. Иргэний Зориг нам, Ногоон нам нэгдэх шийдвэрийг яг жилийн өмнө гаргасан. Гэсэн ч энэ үйл явц ил, далд шалтгаанаар саатсаар өдийг хүрсэн. Энэ хооронд нам албан ёсоор, хуулийн дагуу нэгдээгүй ч баг болоод ажиллаж байсан. Харин хэдхэн хоногийн өмнө бид намынхаа гэрчилгээг авсан. Тиймээс ч намынхаа салбаруудыг нэгт­гэх, удирдлагуудыг сонгох аж­лыг эхэлж байгаа юм. Дээ­рээс нь Хүний төлөө намыг бай­гуулаад ажиллаж байсан Х.Бат-Ялалт манай намд нэгд­сэн. Түүнийг намынхаа нэг дэд даргаар сонгосон. Цааш­даа аймаг, дүүргийн намын удирдлагууд хурлаа хийгээд явах байх. Гэхдээ орон нутагт намын дотоод сонгууль явуу­лахгүй байхаар шийдсэн. Сон­гууль удахгүй болох гэж байгаа учраас сонгуулийн ажил­даа шууд орох юм. Намд ши­нээр элсэж байгаа хүмүүст ал­бан тушаал өгсөн зүйл байхгүй. Хамгийн гол нь манай намд шинэ хүмүүс гарч ирж байгаа юм.

-ИЗ-НН-д Х.Бат-Ялал­таас өөр хүн гишүүнээр элс­сэн үү. Та нэгэнтээ “Манай намд олон хүн элсэнэ” гэж хэлж байсан?


-Гишүүн элсүүлэх про­цесс цаашид явагдана. Одоо­гоор хараахан эхлээгүй бай­гаа. Элсэх хүсэлтэй хү­мүүс ирж байгаа. Гэхдээ бид нам­даа шинэ гишүүн элсүү­лэх кампанит ажил зо­хион бай­гуулахгүй. Манай нам хатуу гишүүнчлэлээс тат­гал­заж бай­гаа. Ардын нам, Ардчилсан намынхан шиг хавт­гайруулж гишүүн элсүү­лэ­хээс татгалзаж байгаа юм.

-Та “УИХ-ын 2012 оны сон­гуу­лиар ашиглах санал тоо­лох ма­шиныг АНУ-д ашиг­ласан. Прог­раммд нь ал­даа гарсны улмаас сон­гууль будилаантсан” гэж бичсэн байх аа?

-АНУ-ын Флорида мужийн орон нутгийн сонгуульд ашиг­ласан санал тоолох машины программд алдаа гарч сонгуулийн дүн будилаантсан нь илэрсэн юм билээ.

Дээрх машиныг үйлдвэрлэгч нь манай улсад сон­гуулийн санал тоолох машин ний­лүүлж байгаа “Dominion Voting Systems” компани. Үүнээс болж сон­гогдох ёсгүй байсан хүн ялж, тэр шийдвэр нь батлагдсан. АНУ-д ч нэлээд шуугиан тарьж л дээ. Би энэ компанийнхантай уулзаж, ярьсан.

-Юу гэж байх юм?

-“Программыг нь гуравдагч ком­пани хийсэн. Орон нутгийн удирд­лагууд нь программаа өөр хүмүүсээр хийлгэсэн. Тийм учраас хариуцлагаа ч тухайн компанийнхантай тооцож байгаа” гэж байна лээ.

-Монголд ийм зүйл болохгүй гэх баталгаа бий юү?

-Сонгуулийн санал тоолох цахим систем орж ирж байгаа нь зарч­мын хувьд зөв. Санаа зовоож бай­гаа зүйл нь “Санал тоолох ма­шиныг ажиллуулах хүмүүсийг яаж хянах вэ” гэдэг байна. Манаачийг яаж манах вэ гэсэн үг ч байдаг шүү дээ. Сонгуулийн ерөнхий хороо бо­лон бусад төрийн байгууллагад ажил­лаж байгаа хүмүүсийг хянах тог­тол­цоо Монголд байна уу гэвэл, үгүй. Компьютерийн программыг сер­ти­фикатжуулдаг тогтолцоо ч Мон­голд байхгүй. Өөрөөр хэлбэл, АНУ-ын компани зөв программ бичээд өглөө гэхэд түү­нийг нь Ховд аймгийн Булган суманд хэрэглэсэн гэсэн баталгаа байхгүй гэсэн үг. Үүнээс гадна санал тоолох машинаар гаргасан тоонд аудит хийх тогтолцоо ч алга. Машин зөв тоолж болно. Харин тэр зөв тоог буруу болгоод биччихэж болно. Машинаар тоолж гаргасан тоо мөн гэдгийг баталж чадахгүй. Хувь хүмүүс шалгаж болно л доо. Би л гэхэд мэргэжлийн хүн учраас шалгаж чадна. Гэхдээ Монгол орон даяар тараасан 2500 машиныг нэг хүн шалгаж чадахгүй. Нэг битгий хэл арван хүн ч чадахгүй. Тиймээс л санаа зовоож байна.

-Та сонгуулийг зохион байгуу­лах төрийн албан хаагчдад ит­гэхгүй байна аа даа?

-УИХ-ын 2012 оны сонгуулийг төрийн албан хаагчдын хүчээр зохион байгуулахаар болсон. Харин тэдгээр төрийн албан хаагчийг ямар шалгуураар, яаж сонгож байгаа нь ойлгомжгүй юм. Магадгүй 2008 оны сонгуулийг будилаантуулсан хүмүүс энэ сонгуулийг зохион байгуулах гээд бэлтгэл ажлаа хийж байвал яах вэ. Шүүх өнөөдөр цагдаагийн экс дарга нарыг шүүж байна. До­лоодугаар сарын 1, цагдаагийн экс дарга нар хэрэгт холбогдсон нь сонгуулийн дараах асуудал. Яг сон­гуулийг будилаантуулсан нь тойрог, хэсгийн хороонд ажиллаж байсан хүмүүс. Гол буруутай хүмүүс нь ямар ч хариуцлага хүлээгээгүй байгаа. Тэд энэ сонгуулийг зохион байгуулах уу, үүнийг хэн хянаж байгаа вэ гэдэг нь мөн тодорхойгүй байна.

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Ардын на­мын Ерөнхий нарийн бичгийн дар­гын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Амарсанааг томилсон. Энэ бас л хардлага төрүүлж байгаа юу?

-Энэ бол улаан цайм хард­лага төрүүлж байгаа. Улс төрийн намууд Монголын төрийн системээр тоглодгоо болих хэрэгтэй. Ардын намын эрх ашгийг хамгаалахын тулд Монголын төрийг үймүүлж бо­лохгүй. Иргэний бүртгэл, мэдээллийн чиглэлээр төрд олон жил ажилласан хүн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар очих ёстой байсан. Гэтэл нэг намын томилгоогоор энэ бүхнийг шийдэж байгаа юм. Энэ бол Монголын төрийн хамгийн эмзэг асуудал болоод байна.

-Сүүлийн үед “Намууд шүүх, цагдааг хүртэл өмчиллөө” гэж ярих болсон. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тийм. Эрх баригч намууд Сон­гуулийн ерөнхий хороо төдийгүй цагдаа, шүүхийг хоёр хуваагаад тог­лож байгаа. Өмгөөлөгчдөөр ч тоглож байна. Дээд шүүхийн шүүгчид хүртэл улс төрийн захиалгаар ажилладаг бол­сон. Өөрөөр хэлбэл, төрийн инс­титуциудыг намын эрх ашгийг хамгаалах зэвсэг болгон ашиглаж байна. Бие, биеэ алах зэвсэг шүү. Монголын төрийг самарч байна. Тийм учраас улс төрийн намын эрх мэдлийг эрс багасгах асуудлыг манай нам гаргаж тавина. УИХ-ын 2012 оны сонгуулиар бид ялбал намуудын эрх мэдлийг багасгана.

-Яаж?

-Намын бүлгүүд төрийн албан хаагчдыг, сайд нарыг, Ерөнхий сай­дыг хүртэл дуудаж уулздаг болсон. Тэдэнд ийм эрх байхгүй. Намын бүлэг бол УИХ-ын бүрэлдэхүүнд ажил­ладаг нэг хэсэг болохоос бие даасан байгууллага биш. Тиймээс улс төрийн намуудад улс төр, УИХ-ын үйл ажиллагаанд оролцох эрхийг нь өгөөд бусад асуудалд оролцдогийг болиулах хэрэгтэй. Нам иргэдэд төрийн эрх барихад нь гүүр болох үүрэгтэй. Тэгээд л гүйцээ. Гэтэл одоо Монголд цөөнхийн засаг тогтчихоод байгаа юм. Хүмүүс олигархийн засаг ч гэж ярьдаг. Цөөнхийн засаг цөөнхийн намаас тогтдог. Төрийг олон түмний төр болгохын тулд улс төрийн намуудыг олон түмний нам болгох хэрэгтэй.

-Ийм боломжийг эрх барьж байгаа намууд өгөх болов уу?

-Өнөөдөр бол тийм боломж өгөхгүй. Ардын нам, Ардчилсан нам ямар байх нь хамаагүй. Иргэний Зориг-Ногоон нам ямар ч байсан олон түмний нээлттэй нам болно. Түүний дараа улс төрийн шинэ нам хэрхэн нээлттэй, шударга ажиллаж байгааг хараад намуудаас дэмжих хүн гарч ирэхийг үгүйсгэхгүй.

-Хаврын чуулган эхэллээ. Одоо намууд “УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг хамтад нь явуулна, явуулахгүй” гээд маргалдаж эхэлнэ. Таны хувьд хэрхэх ёстой гэж үзэж байгаа вэ?

-Би Ардын намын гишүүдэд нэг үг хэлдэг юм. Тэр нь “Орон нутгийн хурлын болон УИХ-ын сонгуулийг хамт явуулна гэсэн шийдвэрийг хэн баталсан юм бэ” гэдэг. Энэ шийдвэрийг Ардын нам олонхи байхдаа 2007 онд баталсан. Өөрсдөө хууль баталчихаад одоо гомдоллоод байж болохгүй. Хуулиас болж будилаан гараагүй. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа “Сонгуулийн тухай хуулиа өнөө, маргаашгүй шинэчлэн батална” гэж ярьсаар байтал дөрвөн жил болсон. Хуулиа хоёр жилийн өмнө баталсан бол Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиа янзалж, сонгуулийн бэлтгэлийг ч хангаж амжих байлаа. Маргаан үүсэх шалтгааныг намууд өөрсдөө бий болгосон. Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэлийг хангаагүй нь ч тэдний буруу. Тийм учраас одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу хоёр сонгуулийг хамтад нь явуулахаас өөр арга байхгүй. Хуулиа л дагна шүү дээ. Өөр яах юм.

-Цэцийн дүгнэлтийн тухайд?


-“Сонгуулийн тухай хууль Үнд­сэн хуультай зөрчилдөж” байна гэсэн Цэцийн дүгнэлтийг дэмжиж бай­гаа. Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж байхдаа ч “Нэг хүн сонгуульд хоёр удаа орол­цож болохгүй” гэдгийг хэлж байсан. Тойрог дээр өрсөлдөөд ялагд­сан ч намын жагсаалтад багтаад га­раад ирэхийг хэлж байна л даа. Гэтэл жагсаалтын төгсгөлд нэр нь бичигдсэн хүмүүс сонгуульд огт оролцохгүй болно гэсэн үг. Ийм байж болохгүй.

-Намын нэрээр парламентад суух нь ч хууль зөрчиж байгаа юм биш үү?


-Үүнд эргэлзэж байгаа. Мон­гол Улсын Үндсэн хуульд “Шууд сонгоно” гэсэн заалт бий. Энэ нь хэн нэгнээр дамжуулж биш өөрөө сонгоно гэсэн утгатай. Тэр хүн намын нэрсийн жагсаалтыг дугуйлахдаа 28 хүнийг багаар нь сонгож байна л гэсэн үг. Тиймээс хууль зөрчихгүй. Шударга тогтолцоо юм.

-Сүүлийн үед Ардчилсан нам, Ардын намынхан үүнээс гадна олон зүйл дээр санал зө­рөл­дөх боллоо. Өөр намын даргын хувьд юу гэж дүгнэж байгаа вэ?

-Монголчууд, сэтгүүлчид нэг зүйлд битгий хууртагдаасай гэж боддог. Одоо маргалдаж байгаа намууд сонгуулийн дараа бие, биедээ учиргүй хайртай болно. Үнэхээр өрсөлдөөд байгаа зүйл байхгүй. Яах вэ. Бие, биедээ гомдож, юмаа булаацалдаж байж болох юм. Гэхдээ зарчмын өөр байр суурь бол байхгүй. Ардын нам, Ард­чилсан намд байгаа тодорхой хү­мүүс намаараа талцаагүй. Харин бү­лэг­лэлүүдээрээ талцаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ардын нам бо­лон Ардчилсан намынхан орсон нэг бүлэг нь нөгөө бүлэгтэйгээ зөр­чилдөж байна гэсэн үг. Энэ бол хоёр на­мын хоорондох асуудал биш. Нам дамжсан бүлэглэлүүдийн зөрчил. Аль нь ч дийлсэн Монголын нийгэмд сайн зүйл авчрахгүй. Зарчмаа дагах­гүй бол хэзээ нэгэн цагт ийм л зүйл болдог. Тооцоогүй хоёр найзын дунд тодорхой хугацааны дараа мөн­гөний хэрүүл болдогтой л адил. Тийм учраас л Монголын ард түмэн “Нэг нь төрийн эрхээ барь. Нөгөө нь сөрөг хүчин бол. Ямар нэг зөв­шилцөл байх ёсгүй” гээд байгаа юм. Одоо бол болдог юм болдгоороо л болж байна.

-Цаашид хэрхэх бол?

-Ингээд заваараад байвал за­ваа­­раад л байна. Тиймээс энэ сон­гуулиас хойш засгаа барих нь ба­риад явсан нь дээр. Ойлгомжтой байх хэрэгтэй шүү дээ. Ардын на­мын дарга С.Бат­болд өнөөдөр “Бид хамтарсан Зас­гийн газрын мө­рийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа” гэж ярьдаг. Харин Ард­чил­сан намынхан өөрсдийнх нь мө­рийн хөтөлбөрийг хэрэгжүүлж бай­гаа хүмүүстэй заргалдаад байдаг. Үнэхээр ойлгомжгүй байгаа биз дээ. Засаг барьж байгаа нам, сөрөг хүчин хоёр хэзээ ч нэг мөрийн хөтөлбөртэй байж болдоггүйн жишээ энэ. Гэхдээ харин ч гайгүй байна гэж хэлж болно шүү.

-Яагаад?

-Хэрэлдэхэд бэлэн хүмүүс цаана чинь зөндөө байгаа. Х.Баттулга, Ц.Нямдорж хоёр л олны анхааралд ор­чихлоо. Хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр гараагүй маргаантай, будилаан­тай олон хэрүүл байж л байгаа.

-Мөрийн хөтөлбөр гэснээс “Ард­чилсан нам, Ардын намынхан амлалтаа биелүүлээгүй” гэдэгтэй санал нийлэх үү. Нэг сая төгрөг, хувьцаа өгөөгүй байгаа шүү дээ?

-Засгийн газар иргэдэд 21 мянган төгрөг өгөхийн тулд Монгол­банкнаас 60 тэрбум төгрөг зээлсэн. Одоо Хятадуудад “Нүүрсээ зарна” гэж хэлээд урьдчилж зээл авч байна. Энэ амлалтаа биелүүлж байгаа хэрэг мөн үү. Монгол хүн бүрийг Хятад улсад өртэй болгочихоод “Ам­лалтаа биелүүлж байна” гэх нь хэр зохимжтой вэ. Бид Монгол Улсын байгалийн баялгийг олборлож дэл­хийн зах зээлд гаргаад олсон ашгаас нь хувь хүртэх тухай ярьж байсан. Харин Хятадаас авсан зээлээс хувь хүртэх тухай яриагүй. Энэ яав ч бай­галийн хишиг биш. Ардын нам, Ардчилсан намынхны хувь хишиг тараах бодлого үнэхээр дампуурч байна. Монгол Улсын үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолд ч маш хор­той. Бид хэдхэн хоногийн өмнө Монголын хоёр дахь томоохон нүүрсний үйлдвэр “Саусгоби сэндс”-ийг Хятадад 823 сая ам.доллараар зарсан. Түүнээс хэд дахин том Тавантолгойг ердөө 2-3 дахин үнэтэй мэтээр яриад байгаа. Бид өрөнд ороод, баялгаа харийнханд өгөөд байж болох уу. Хятадаас мөнгө зээлэхийн тулд нүүрсээ зах зээлийн үнээс гурав дахин хямд өгч байгаа. Ийм улс төрийн бодлого байж болдог юм уу, үгүй юү.

-Үүнийг хэрхэн өөрчлөх ёстой юм бэ?

-УИХ-ын 2012 оны сонгуулиар парламентад аль болох олон нам орж ирээсэй. Энэ хоёр нам хуулийг сайхан болгохыг хүлээнэ гэвэл, худ­лаа. Нэг хэсэг нь гудамжинд, нөгөөх нь Төрийн ордонд хуйвалддаг битгий байгаасай. Монгол Улсын парламент хоёр намынх биш 2.7 сая хүнийх байгаасай. Тэгээд дотроо ярья, учраа олъё. Нэг нь засагт тогтож үлдэхийн тулд баруун, солгойгүй өр тавьж, хуурдагаа болиосой. Монголд баялаг байгаа. Байхгүй учраас биш байгаа юмаа авч чадахгүй байгаа учраас Монгол ядуу. Иргэний хувиар нэг үг хэлье. Монголд хоёр намын тогтолцоо үнэхээр явахгүй. Хуйвалдаад болох­гүй байна. Монголын улс төр тогт­воржих, төлөвших хараахан бо­лоогүй. Тиймээс ч парламентын хаалгыг хаах цаг болоогүй гэсэн үг. Өнөөдөр байгаа улстөрчдийг бүгдийг нь солих юм сан гэж ард түмэн хү­сэж байгаа. Тэгэхэд улстөрчид “Хэ­дүүлээ одоо хаалгаа хаая. Шинэ хүн огт оруулахгүй байя” гээд бай­даг. Хүүхдийн живх, улстөрч хоё­рыг байнга солих хэрэгтэй. Эсрэг то­хиолдолд өмхийрдөг юм. Би ч гэсэн улс төрд нэг их удаан байя гэж зүтгэхгүй. Харин байгаа хугацаандаа хийх юм аа хийнэ. Гэхдээ УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөнө. Парламентыг нээлттэй болгоход хувь нэмрээ оруулна.

-Ярилцсанд баярлалаа.

Т.УРАНГЭРЭЛ

"Улс төрийн тойм" сонин

No comments:

Post a Comment