Tuesday, 24 April 2012

Д.Очирбат:Ч.Сайханбилэгт нарийн бэлхүүстэй, шингэн дуутай эр, эм нь мэдэгдэхгүй хүн таалагддаг


УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа.
- АН-ын бүлгийн гишүүд байнгын хорооны даргаа дараагийн хүнд хүлээлгэн өгөхөд та бас өөрчлөгдчихлөө. Энд ямар нэгэн учир жанцан байсан уу?

-Байнгын хорооны даргыг нэг жилийн хугацаатайгаар гишүүд ээлжлэн хашдаг. Тэр дагуу л жилийн дараа дараагийн хүндээ энэ албаа хүлээлгэн өглөө. Юунд нь гайхаад байгаа хэрэг вэ?/инээв/
-Д.Одбаяр, Ж.Сүхбаатар нар үргэлжлүүлэн байнгын хорооны даргаар ажиллахаар үлдсэн шүү дээ. Та МАН-ын гишүүн. Бусдыг нь улируулан сонгосон атлаа таныг өөрчилсөн нь анхаарал татсан юм л даа?

-Нөгөө байнгын хорооны дарга нарыг улируулаад сонгосон. Богино хугацаанд өөрчлөөд яахав гээд тус байнгын хорооны гишүүд нь нэрээ дэвшүүлээгүй юм билээ. Харин манай байнгын хорооны гишүүд дундаас Д.Тлейхан гишүүн өөрийнхөө нэрийг дэвшүүлж өрсөлдье гэсэн юм. Тэгээд л олонхийн санал аваад НББСШУБХ-ны дарга болсон хэрэг.
-Таныг улируулан сонгоё гэж тохиролцсон ч бүлгийн хурал дээр байдал гэнэт өөрчлөгдсөн юм биш үү?

-Тохиролцсон эсэхийг мэдэхгүй юм аа.Одоо үүнийг яриад яахав дээ.
-Таныг муу ажиллаж байсан учир өөрчилсөн юм болов уу?

- Манай байнгын хороо өнгөрсөн жилийн хугацаанд үнэхээр сайн ажилласан гэдгийг хаана ч бардам хэлнэ. Бусад байнгын хороодоос хамгийн олон хууль хэлэлцэж батлуулсан байна. Нийтдээ 18 хууль гарлаа. Үүний долоо, найм нь нийгмийн суурь хуулиуд. Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн эм хэрэгслийн тухай, Халамжийн тухай, Жендерийн тэгш байдлыг хангах тухай гээд л. Зарим байнгын хороо ганц ч гол хуулиа гаргаж чадаагүй, сонгуультай золгох гэж байна даг.
-АН засгаас гарснаар сайдын томилогоо хийгдсэн. Тэр үед таныг Эрүүл мэндийн сайд болно гэсэн мэдээлэл хөвөрч байсан. МАН-ын бүлэг дотор ганц эмч мэргэжилтэй хүн та байсан шүү дээ?

-Эрүүл мэндийн сайд больё гэж би амбийцлаагүй. Болбол болно биз, болохгүй бол заавал болно гэж зүтгэхийг хүсээгүй ээ. Намайг сайд болгоод өг гэж намын дарга дээр гүйж ороогүй. Дэмжээрэй, зүтгүүлээрэй гэж бүлгийнхээ гишүүдийг гуйгаагүй. Ийм ийм гурван яамны сайдыг парламентын гаднаас сонгоно гэсэн. Хэрэв бүгдийг нь УИХ-ын гишүүдээс сонгож томилно гэвэл ганц эмч мэргэжилтэй намайг л санал болгох байсан байлгүй.
-Та Эхэд урамшуулал олгох хуулийн төсөл санаачлаад хэлэлцүүлж буй. АН-ынхан дэмжихгүй гэдгээ мэдэгдээд завсарлага авсан. Энэ хуулийн төсөл батлагдахгүй байх аа?

-Эхэд урамшуулал олгох тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг нь НББСШБ-ын хороогоор хийсэн байгаа. Тэгэхээр УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд бэлэн болчихсон байгаа гэсэн үг. Харамсалтай нь АН-ын бүлэг хэлэлцэх гэхээр завсарлага авчихаад байгаа юм. УИХ-ын Дэгийн тухай хуулиар нам, эвсэл эсвэл намын бүлэг завсарлага авбал тухайн хуулийн төслийг хэлэлцэж болдоггүй. Ингээд л гацаанд орчихоод байгаа даа. Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн 45 гишүүн бүгдээрээ дэмжиж байгаа.
-Хэрэв МАН-ынхан Эхэд урамшуулал олгох тухай хууль батлуулбал, АН-ынхан Хүүхдийн мөнгө олгох тухай хуулийг гаргуулна гээд барьцаад суучихлаа даа?

-АН-ынхны барьцамтгай байдал нь хэтэрч байгаа. Хуулийг хуулиар шантаачилж, барьцаалж гаргадаг жишиг бий болгож байна. Өөрсдийнхөө зүтгүүлсэн хуулиа батлуулахын тулд өөр хуулиар барьцаалж, эсвэл зэрэгцүүлж оруулж ирдэг аргадаа гаршаад байгаа. Ийм ашиг сонирхолын зөрчилтэй олон үйл явдлууд өрнөж байна.Эхэд урамшуулал олгох тухай хуулийг бүр хоёр жилийн өмнө боловсруулаад өргөн барьсан. Гэтэл энэ хуулийн төсөл нэгдүгээр хэлэлцүүлэгт ороод ирэнгүүт хэлэлцэхгүй гэж ацаглаад зөрүүлээд Хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох тухай төсөл боловсруулаад Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байх жишээний. Хаврын чуулган эхлэхээр АН-ынхан Хүүхдэд мөнгө олгох тухай хуулийн төслийг нь батлахыг дэмжвэл Эхэд урамшуулал олгох хуулийн төслийг чинь явуулна гэж барьцаж байгаа байхгүй юу даа. Надад ийм л бодол төрж байна.
-АН-ын бүлгийн дарга Ч.Сайхан билэг бөх шиг том биетэй нөхөр матрын нулимс унагаад гэж шүүмжилж байсан. Бодвол таныг л хэлсэн байх?

-Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл яагаад батлагдахгүй байна, Сайханбилэг ээ. Ардчилсан намынхан ямаанд болохоор 30 тэрбум тэрбумаар, ноос ноолуурын салбарыг дэмжихэд 300 тэрбумаар нь өгөхийг дэмжээд байдаг юм билээ, харин эхчүүдэд тэтгэмж болгож өгөх 30 тэрбум төгрөгийг харамлаад байгааг ойлгохгүй байна. Сайханбилэг ээ чи эхчүүдэд хайргүй юм уу гээд байн байн сануулж хэлээд байхаар нь дургүй нь хүрч намайг матрын нулимс унагалаа гэж гоочилж байгаа юм байлгүй. Ер нь Сайхан билэгт бөх шиг том биетэй эр хүн нүдэнд нь өртдөггүй юм бол нарийнхан бэлхүүстэй,шингэн дуутай, эр, эм нь мэдэгддэггүй эрчүүд таалагддаг юм байлгүй дээ хөхрөв/Матрын нулимс гэж их ярих болж. Ерөнхий сайд АН-ыг засгаас гарахаар матрын нулимс унагалаа л гэнэ. Очирбат эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй болохоор матрын нулимс гаргалаа л гэх юм. АН-ынхны хоорондоо ярьж заншсан хэллэг юм байлгүй гэж ойлгоод байгаа шүү дээ. Урьд, хойд насандаа матартай цуг байсан болохоор матар яаж уйлдагийг харсан юм уу хаашаа юм.
-Сонгууль дөхөж байхад мөнгө, тэтгэмж олгохыг хуульчилсан хууль гаргах нь Сонгуулийн тухай хуулиа зөрчих юм биш үү?

-Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл нь сонгуулийн амлалтыг биелүүлэх хууль биш ээ. Хүн ам зүйн хувьд бодож боловсруулсан хуулийн төсөл юм шүү. Монголчууд 2.8 саяуулаа. Өмнөд хөрш таван тэрбум, хойд хөрш 184 сая хүн амтай. Тэгэхээр дунд нь байгаа улсын 2.8 сая хүн ам атга шар будаан дунд гялтайх ганц, хоёрхон ширхэг цагаан .будаа шиг харагдах биз ээ. Аливаа улс орон хүн амаа өсгөхийн тулд хүн ам зүйн бодлогоо оновчтой явуулах ёстой. Монгол Улс адаглаад 10 сая хүн амтай болбол ажиллах хүчний хувьд ч өөрчлөлт гарна. Монгол гэр бүлүүдээс яагаад ганцхан хүүхэдтэй байгаа юм бэ, хүүхэд гаргаач гэхээр байр оронтой болж байж л дараагийнхаа бодно оо, дараалаад хүүхэд гаргачихвал хэн тэжээх юм бэ, манай авгайг ажлын газраас нь дарамтлаад цалингүй чөлөө ав эсвэл ажилдаа ор гээд байдаг гээд элдэв шалтгаан тоочдог. Авгай, нөхөр ээлжлээд хүүхдээ хараад ажлаа хийгээд явах хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй. Ер нь монголчууд нэг хүүхдийг хүүхэдтэй гэж бүү тооц, хоёр хүүхэдтэйг нэг хүүхэдтэй гэж бод, гурван хүүхэдтэй байж айл гэр тэгш байж чадна гэж сургадаг байлаа. Өнөөдөр, нэг, хоёр хүүхэдтэй эхчүүд хар мянгаараа бий. Тэр олон эхчүүд хүүхдийнхээ тоог гурав, дөрөв болгож хүн амаа өсгөх үйлст хүчин зүтгээсэй гэж уриалмаар байна. Олон хүүхэд төрүүлэх тусам төрөөс олгох урамшуулал, тэтгэмжийн хэмжээг нэмэгдэж байхаар тооцон Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Хүн ам зүйн бодлого талаасаа бодолцсноос биш сонгуультай холбож ойлгох хэрэггүй ээ. 2012 оны сонгууль болдогоороо л болно. Аль нэг нам нь ялах л байлгүй. Ямаанд хайртай Сайханбилэг ирэх сонгуулиар сонгогдоо ч уу, үгүй ч үү хэн мэдлээ. Түүнийг байх, үгүйтэй хамаарахгүйгээр Эхэд урамшуулал олгох тухай хууль удаан жил хэрэгжээд л явна. Сонгуулийн хуулинд барин тавин мөнгө тараах, мөнгөний амлалт өгөх, бараа материал олгохыг хорьсон болохоос биш Монгол Улсын хуулийг хориглоогүй. Тэр дундаа хүн ам зүйн бодлогоор гаргах хуулийг хорих үндэсгүй ээ.
-Зүсээ л хувиргасан юм биш үү. Танай хүүхдэд 20 мянга, ээжүүдэд 70 мянга өгнө гээд пиардана. Энэ нь тэгэхээр мөнгөн амлалт болно биз дээ?

-УИХ, орон нутгийн сонгууль болдогоороо болоод л өнгөрнө. Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг би санаачилж оруулаагүй бол хэн нэгэн, хэзээ нэгэн цагт боловсруулаад өргөн барьж батлуулах гэж явах нь мэдээж. Харин ч Засгийн газар, НХХЯ, Эрүүл мэндийн яамнаас хүн амын төрөлт багаслаа, энэ нь цөөхүүлээ бидний хувьд аюулын харанга шүү, хүн амаа өсгөх бодлого барья гээд төслөө боловсруулаад оруулаад ирэх ёстой баймаар. Одоо манай улсын хувьд цонх үе нээгдчихээд байгаа. Цонх үе нээгдсэн нь одоохондоо ашигтай. Ид хөдөлмөрлөж, хийж бүтээх насны залуус олон болсон гэсэн үг. Тодруулж хэлбэл, 32-42 насны залуусын тоо ихэссэн байгаа гэж ойлгож болно. Энэ нь арваад жил үргэлжлээд бууралтын байдал руугаа шилжинэ. Тиймээс хүн амын төрөлтийг нэмэгдүүлэх бодлогыг эртнээс хэрэгжүүлж байх нь энэ төрийн үүрэг нь юм. Өнөөдөр зургаан, долоон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд ямарч тэтгэмж алга, төр засгаас дэмжиж байгаа зүйл ч байхгүй байгаа. Хүүхэд төрүүлээд нусаа татаад явж байдаг юм, навсайсан гэрийн авгай, олон хүүхэд цувуулсан авгай гээд ямар ч үнэлэмжгүй. Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл батлагдснаар гурван хүүхэдтөрүүлбэл сар бүр 70200 төгрөг, дөрвөн хүүхэдтэй бол 95 мянган, таван хүүхэдтэй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 140 400 төгрөг гээд нэмэгдсээр найман хүүхэдтэй бол 280800 төгрөгийн тэтгэмж авна. Хүүхэд нь 18 нас хүртэл эхчүүдэд энэ тэтгэмжийг олгоно гэсэн үг. Найман хүүхэд төрүүлж өсгөчихөөд сар бүр 280800 төгрөгийн тэтгэмж авна гэдэг маш бага. Гэхдээ эхний ээлжинд оргүйгээс ортой дээр гэж үзэж байгаа хэрэг. Яваа яваандаа энэ тэтгэмжийн хэмжээ нэмэгдэх биз ээ гэж найдаж байна.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Одоо хоёр хүүхэдтэй. Удахгүй гуравдах хүүхдээ өлгийдэж авах гэж байгаа.
-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дунд фракц байгуулах, намаасаа ч гарах тухай яригдаад байна гэх юм. Тэр нь үнэн юм болов уу?

-Тэгж ярьж байгаа гишүүнтэй тааралдаагүй. Тухайн гишүүн ямар байр суурьтай байх нь эрхийнх нь асуудал учраас үнэлж дүгнэх нь утгагүй хэрэг.
-Та эсэргүү гишүүдтэй дотно, ойр байдаг юм биш үү?

-Найзууд л даа. Хатуу ч гэсэн үнэн үг хэлдэг, намын даргаа ч, намаа ч шүүмжилчихдэг болохоор нь эсэргүү энэ тэр гэж сэтгүүлчид та нар нэр цол өгдөг байх шүү. Бид нэг л намын нөхдүүд. Тэд өөр нэг өнцгөөс асуудлыг харж л байгаа биз. Тэглээ гээд зугтаагаад, энэ эсэргүү нөхөр гээд зайгаа бариад байх уу. Бид уулзалдана, хууч хөөрнө. Гэхдээ миний барьдаг зарчим тэднийхээс өөр л дөө.
-С.Эрдэнэ гишүүн таныг коммунист гэж хэлж байна лээ. Үнэхээр коммунист юм уу?

-Манай нам зүүн чиглэлийн, АН барууны чиглэлийн үзэл баримтлалыг барьдаг гэдэг. Зүүний чиглэлийнхэн нийгмийн халамжид анхаарч, бодлогоо тодорхойлдог. Ингээд хараад байхаар С.Эрдэнэ жинхэнэ коммунист хүн шүү дээ. Түүний санаачилж, боловсруулсан хуулийн төслүүд багш нарын хангамжийг нэмье, тэтгэврийн зөрүүг арилгая гэх мэт нийгмийн халамжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байдаг. Бас ярьж байгаа зүйл нь дандаа хүнд таалагдахыг хичээж байгаа нь ч анзаарагддаг. Хийсэн ажил, хэлсэн үг, үйлдэлээрээ түүнийгээ харуулаад байгаа. АН дотор явж байгаа нүүрээ хувиргасан зүүнтэн, манай намын үзэл баримталтан байхгүй юу.
Эх сурвалж
times.mn 2012 оны 2-р сарын 29, Лхагва гариг

No comments:

Post a Comment