УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа.
-Сонгууль дөхөж гишүүд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж эхэллээ. Та ер нь өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулсан байна?
-Гишүүд сонгогдсон тойрогтоо л анхаарал хандуулж ажилладаг. Миний хувьд нийслэлээс сонгогдсон учир бусдын жишгээр л тойрогтоо анхаарал хандуулж ажилласан. Тодруулбал Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, гэр хорооллын барилгажилт, агаарын бохирдлын асуудалд хөрөнгө тавьж УИХ-аар батлах шаардлагатай зарим арга хэмжээг авсан. Шинэ Улаанбаатар хөтөлбөрийг анх санаачилж одоо бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн байгаа, Ер нь Улаанбаатар хотоо өөрийн гэсэн статустай, хөрөнгө санхүүтэй болгох талаар нийслэлээс сонгогдсон гишүүнийхээ хувьд нилээдгүй анхаарч ажилласан гэж болно. Өнгөрсөн жил Нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлдэг 50 тэрбум төгрөгийн 25 тэрбум төгрөгийг нь хотдоо үлдээсэн.Тухайн мөнгөөр нийслэлийн замыг шинэчилсэн, бүтээн байгуулалтын ажлаа урагшлуулж байна.
Ийм жишгээр л ажилласан байгаа. Миний сонгогдсон Чингэлтэй дүүрэг бол нийслэлийн төв дүүрэг юм. Их уулархаг, нийт иргэдийн дийлэнх нь гэр хороололд хамрагддаг онцлогтой. Тиймээс гэр хорооллын иргэдийн нийгмийн амьдралд тулгамдах зүйл их. Хайлааст, Чингэлтэй дүүргийн үерийн далангууд өнгөрсөн 50-иад онд баригдсан байдаг. Үеэ элээсэн эдгээр байгууламжууд их муудаж. сэтэрсэн байх жишээтэй. Ер нь их ачаалалтай дүүргүүдийн нэг. Үер устай холбоотой маш олон асуудал яригддаг. Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллах байх хугацаандаа ч зарим асуудлыг шийдсэн байдаг. Өөрийгөө дүгнэх юм бол муугүй л ажилласан гэж бодож байгаа. Хайлааст, Чингэлтэй дүүргийн үерийн далангийн шинэчлэлийн ажилд найман тэрбум төгрөг төсөвлөж өгсөн. Мөн дүүргийнхээ нэн ядуу, амьдралын түвшин доогуур, өрх толгойлсон, өнчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийт 300 гаруй гэр олгоод байна. Хамгийн чухал ажил болох Чингэлтэй дүүрэгт оршдог Хайрхан уулыг орон нутгийн хамгаалалтад авсан явдал юм. Тэр утгаараа Хайрхан уулаа хамгаалах зорилгоор камержуулсан байгаа. Ингэснээр хэн ойг сүйтгэж байна тэр хүнийг алсын зайнаас хяналтын камер харж хянадаг болсон. Түүнчлэн эмч хүнийхээ хувьд анх удаа улсын төсөвт тэрбум 715 сая төгрөгөөр сүүлийн үеийн шинэ "Эхо" аппаратыг Улсын клиникийн төв эмнэлэгүүдэд суурилуулахаар болж ажлыг эхлүүлсэн. Энэ мэт зүйлийг хийжээ. Гэхдээ цаашид хийх ажил ч ихээхэн байна.-Таны хувьд хэд хэдэн халамжийн хууль өргөн барьчихаад байгаа. Ер нь өнөөдөр манай улсад халамж хавтгайрчихаад байгаа юм биш үү?
-Миний санаачилсан эхэд урамшуулал олгох тухай хууль бол гурван хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах утгатайг та бүхэн бүгд мэдэж байгаа. Монгол Улсад хэрэгтэй л бол сонгууль дөхсөн байна уу, үгүй юу гэдэг хууль батлахад огт хамаагүй шүү дээ. Батлагдах ёстой бол батлагдаад ард түмэндээ үйлчлээд явдаг журмаараа явах л ёстой. Сонгуультай холбогдуулж энэ хуулийг гацаагаад байгаа нь тохиромжтой хэлбэр биш юм. АН-ынхан яагаад сонгуультай холбож ойлгоод байгааг ойлгохгүй байна.-Энэ их халамжаас болоод ажил хийх хүн олдохгүй байна гэж яригдаад байгаа шүү дээ?
-Нэг талаараа тийм. Гэхдээ бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байна гээд байх юм. Үнэндээ өнөөдөр бидний амьдралын түвшин ямар байгаа билээ. Жишээ нь манай хууль дээр нэг хүүхэд гаргасан эхэд урамшуулал олгохгүй байгаа. Гурав дахь хүүхдээ төрүүлсэн эхэд л олгох гээд хуульдаа заасан. Нэг үгээр хэлбэл тэр эхийг урамшуулж байгаа байхгүй юу. Хавтгайруулсан урамшуулал гээд байгаа нь тэр сонгуулийн амлалтыг л хэлэх байх. Сонгуулиар тийм юм өгнө гэж өчнөөн амлачихаад сүүлд нь нөгөөхөө өгөх гэж бөөн юм болдог биз дээ. Манайх чинь цөөхөн хүн амтай орон шүү дээ. Тэгэхээр Монгол Улс өөрийнхөө хүн ам зүйн бодлогоо баримталж үндэсний аюулгүй байдлаа хангахын тулд олон шаардлагатай. Хүн амаа өсгөж байж Монгол Улс оршин тогтноно. Энэ гаргаж байгаа хуулийг хүн амаа өсгөхийн төлөө бодлогын эрх зүйн хууль гэж ойлгох хэрэгтэй.-Агаарын бохирдлыг бууруулна гэж жил бүрийн л намар ярьдаг. Гэхдээ гарах үр дүн гэж үгүй. Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд энэ асуудалд яаж ханддаг вэ?
-Би дүүргийн Засаг дарга байхдаа яг энэ утааны асуудал дээр нэлээдгүй ажиллаж байсан. Тэр үед би 300 айлыг хамруулаад утаагүй шахмал түлшийг түлүүлж судалгаа авч байсан. Нэг хэсэгтээ л утаа нь жоохон сааралтана уу гэхээс нэг мөр утаагүй болчихно гэж байдаггүй юм. Шууд хэлэхэд нүүрс түлж байгаа нөхцөлд тэр утаа байж л таарна. Болсон болоогүй баахан зуух авчраад энэ нь утаа шүүдэг агаарын бохирдлыг багасгаж байна гээд л ярих болж. Үнэндээ тэр нь гарч байгаа утааны өнгийг л багасгаж байгаа болохоос биш дотроос нь ялгарч байгаа химийн хорыг арилгадаггүй л байхгүй юу. Одоо бид бүхэн агаарын бохирдлыг тэдэн хувиар буурууллаа гээд л ярьж байна. Яг үнэндээ бол яндан-гаас гарч байгаа утааны өнгийг л саармагжуулсан байгаа юм ш дээ. Утаанаас яаж салах вэ гэвэл зөвхөн орон сууцжуулах л хэрэгтэй. Тэгж л бид утаанаас сална. Гэр хороолол байсан цагт хэзээ ч утаанаас хол байж чадахгүй. Баахан хөрөнгө мөнгө гаргаж хий цацаад байдаг дээрдсэн юм алга л байна. Харин үүнийхээ оронд тэр мөнгөө орон сууцжуулахад нэмэрлэвэл илүү үр дүнд хүрнэ.
Эх сурвалж
"Нийслэл Таймс" сонин 2012 оны 2-р сарын 29, Лхагва гариг
"Нийслэл Таймс" сонин 2012 оны 2-р сарын 29, Лхагва гариг
No comments:
Post a Comment