УИХ-ын дэд дарга Д.Очирбаттай ярилцлаа.
Байнгын хорооны дарга нарыг өөрчиллөө. Ингэхдээ АН-аас байнгын
хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүдийг МАН өөрийнхөө гишүүдээр солив.
Гэтэл МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл,
шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат бас өөрчлөгдөх юм байна. Энэ
тухай түүнтэй ярилцлаа.-Танай нам яагаад таныг солих болов?
-Миний бүрэн эрхийн хугацаа дууссан. Жил жилээр сунгагдаад явдаг юм. Тэгээд л байнгын хорооны даргын ажлаа егөх гэж байна.-Тэгвэл МАН-ын бусад байнгын хорооны дарга нар өөрчлөгдөх үү?
-Бусад байнгын хороод дээр өрсөлдөх хүн байхгүй учир одоо байгаа дарга нар нь улирч байгаа юм. Миний хувьд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дээр А.Тлейхан гишүүнтэй үзээд ялагдсан.-Энэ шийдвэртэй санал нэгдэж байна уу?
-Асуудалгүй шүү дээ. Байнгын хорооны даргыг нэг нэг жилээр хийдэг ёстой. Тэр журмынхаа дагуу л явж байна. Миний хувьд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дээр нэлээд олон асуудлыг хөндөж тавьсан.Өмнө нь хуримтлагдсан олон асуудал байсан.
Арван зургаан жил батлагдаж чадаагүй Жендерийн тэгш байдлын тухай хуулийг манай байнгын хороо хөндсөн. Түүнчлэн Эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан.Тэгэхээр ажлаа хангалттай хийсэн гэж үзэж байна.-Та сүүлийн үед намынхаа дарга нарыг нэлээд шүүмжлээд байх шиг. Үүнтэй холбогдуулж таныг байнгын хорооны даргаас чөлөөлж байгаа юм биш үү?
-Тийм зүйл байхгүй.-Байнгын хорооны даргын ажлаа өгсний дараа таны санаачилсан Олон хүүхэдтэй эхэд олгох урамшууллын тухай хуулийн төсөл хойшлох юм биш биз?
-Тэр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хороогоор хийчихсэн. Дараа нь УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой байсан юм. Тухайн үед АН-ын гишүүд завсарлага авчихсан шүү дээ. Ийм л байдалтай байна.-Байнгын хорооны дарга нарын томилгооны асуудлыг зарим хүмүүс намаасаа гарлаа хэмээн шантаажилж байгаад авлаа гэх яриа байна?
-Тийм яриа байхгүй.-Сүүлийн үед хоёр нам бие бие рүүгээ хандсан мэдэгдэл гаргах боллоо. Өчигдөр л гэхэд МАН-ын зүгээс АН-ыг хамтарсан засгаас гарах нэрийдлээр төр засгийн ажлыг хойш чангааж байна гэсэн утгатай мэдэгдэл гаргасан байна лээ. АН төрийн ажлыг яг яаж хойш татаад байгаа юм бэ?
-Яг ямар мэдэгдэл хэзээ гарсныг би хараагүй. Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганд хэлэлцүүлэх гээд оруулахаар АН-ын гишүүд завсарлага аваад гарах жишээтэй. Эсвэл энэ хуультай барьцаж хүүхдэд мөнгө олгох хууль өргөн барих гэх мэт төрийн ажлыг зориуд хойш татсан зүйл ажиглагдаад байгаа. Түүнчлэн гурван талт хэлэлцээрийн асуудлаар тохиролцчихсон цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг төсвийн тодотголоор хэлэлцэхгүй гэх байр суурьтай байгаагаа АН-ын гишүүд чуулганы хуралдаан дээр илэрхийллээ.-Өнгөрсөн сарын чуулганы хуралдаан дээр сонгууль хүртэл Халамжийн тухай хуулийг хэлэлцэхгүй гэж ярилцаж байсан биз дээ?
-Сонгуулийн хуульд тодорхой заасан байгаа. Санал авахын тулд нам, нэр дэвшигчид бэлэн мөнгө, бэлэг сэлт тарааж, амлалт өгөхийг хориглосон. Түүнээс биш УИХ дээр хууль батлахыг хориглоогүй. Жишээлбэл, Эхэд урамшуулах олгох хуулийн төсөл ямар нэгэн сонгуулийн амлалт, эсвэл халамжийн мөнгө олгож буй ойлголт биш. Энэ хууль өөрөө зөвхөн эхчүүдийг урамшуулах, эхчүүд үр хүүхдээ тээж төрүүлж байгаа, өсгөж байгаа энэ нөр их хөдөлмөрийг үнэлдэг үнэлгээтэй болъё гэсэн утгатай. Монгол Улс 2.7 сая хүн амтай. Судалгаанаас харахад хүн амын өсөлтийн хурд хэт удаан байна. Яагаад эхчүүд хүүхэд төрүүлэхгүй байна гэхээр тэжээж чадахгүй,өрхийн орлого бага учраас хүүхэд төрүүлэхгүй байгаа юм. Тэгэхээр энэ хууль хүн амын өсөлтөд гол хөшүүрэг болж нөлөөлнө.-Тэгвэл АН-аас гаргасан мэдэгдэлд МАН-ынхан төрийн байгууллагуудыг сонгуулийн штаб болгож байна гэсэн?
-АН-ынхан өөрсдөө төрийн байгууллагын ажлаа хаяад явчихсан. Эзгүй үлдсэн төрийн ажлыг МАН-ынхан хийх гэхээр "гоншгоноод" байж болохгүй ш дээ. Тийм л сүрхий юм бол хамтарсан үедээ хамтраад хугацаагаа дуусгахгүй яасан юм.-АН хамтарсан Засгийн газраас гарсанд танай намынхан баяртай байгаа юм биш үү. Зарим нэг нь сайд боллоо. Байнгын хороодынхоо дарга нарыг авчихлаа...
-Гараад явчихаж байгаа хүмүүсийг битгий гараач гээд араас нь уйлан дуугараад гүйгээд байх нь хаашаа юм. Гарчихлаа гээд баярлах нь ч бас хаашаа юм. Ямартаа ч төрийн ажил тасралтгүй үргэлжилж байх тэр эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд сайд, дэд сайд нараа томилоод явж байна.-Улс төр хөдөлгөөнд орсонтой зэрэгцээд эдийн засагт өөрчлөлт орж, инфляци хөөрөгдсөн. Энэ байдлыг хоёр нэгэн рүүгээ чихсэн хандлага ажиглагдаж байна?
-Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд байсан Б.Ариунсан нефть импортлогчдыг өрөөндөө дуудаж хурал хийхдээ "Би ажлаа өгөх гэж байна. Үүнээс өмнө та нар үнээ нэмээд авчихаарай" гэж хэлсэн протокол нь байдаг юм байна лээ ш дээ. Манай бүлгийн хурал дээр Ө.Энхтүвшин дарга тэр протоколыг нь бидэнд танилцуулсан. Төрийн ажил хийж байсан хүн тийм хүйтэн сэтгэлээр иргэддээ хандаж болохгүй л байхгүй юу. Тэр хурлаас үүдэж шатахууны үнэ нэмэгдсэн байх талтай. Энэ бол зөвхөн нэг тал нь. Нөгөө талаас нь харах юм бол олон шалтгаан бий. Монгол банк валютын ханшийн зохицуулалтыг хийх чадаагүй зэрэг нь нөлөөлсөн байж болно.-Салбарын сайд нь Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэсэн санал гаргаж, Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажилласан. Үүнийг та хэрхэн дүгнэж байна?
-АН-ынхан Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах дүгнэлт гаргаж байгаа. Харин МАН-ын бүлэг өчигдөр хуралдаад Монголбанкны ерөнхийлөгчид шууд холбогдолтойгоор арга хэмжээ авах, огцруулах шаардлага байхгүй юм байна гэсэн дүгнэлт гаргасан.-Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах, огцруулахгүй гэдэг дээр хоёр нам яг ямар зүйлийг үндэслэж байгаа юм вэ?
-АН-ын бүлэг шууд огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барьсан. Манай бүлэг энэ саналыг шууд үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тухайн үед Монголбанкны нөхдүүдийн буруу байсан уу, үгүй юу гэдэг нь одоо яригдана. Тэгэхээр тухайн үед валютыг өндөр байлгасан, эсвэл инфляцийн түвшинг өндөр байлгасан гэдгээр нь Монголбанкны ерөнхийлөгчийг өнөөдөр шууд халах хүртэл арга хэмжээ авах нь эрт байна гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн.
Нийтлэлч
А.Билгүүн
Эх сурвалж
Өдрийн сонин 2012 оны 2-р сарын 09, Пүрэв гариг
А.Билгүүн
Эх сурвалж
Өдрийн сонин 2012 оны 2-р сарын 09, Пүрэв гариг
No comments:
Post a Comment