Monday, 23 April 2012

Д.Очирбат: УИХ гэхээр л хувааж иддэг газар биш


Сонгууль дөхөж, улстөрчид цаашдаа яах тухайгаа бодож эхэллээ. Сүүлийн үед хоёр танхимтай парламенттай болох яриа чих дэлсэж байна. Энэ хэвээрээ байна, эсвэл танхим нэмэх нь зөв, нэг бол гишүүдийн тоог нэмье гэсэн олон саная гарсаар. Энэ тухай УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбаттай ярилцлаа.
-Хоёр танхимтай парламенттай болох гэсэн яриа ойрд их гарах болсон. Ерөнхий сайд, Ардын намын дарга С.Батболд ч бусад намын дарга нартай уулзах үеэрээ энэ саналыг гаргасан. Хоёр танхимтай парламент чухам ямар байдаг юм бол. Монголд хэр зохимжтой вэ?
-Ер нь өнөөгийн нөхцөлд сонгуульд булхай ордог, хөрөнгө мөнгөний сонгууль болдог, мөнгөний сонирхол түлхүү орж ирдэг байдал давамгайлчхаад байна. 2008 онд жижиг тойргоос томсгосон тойрогт шилжиж, нэг аймаг дүүргийг нэг тойрог болгочихвол мөнгөний сонирхол алга болно гэж байсан. Гэтэл бүхэл бүтэн аймаг дүүргээр нь мөнгө тарааж, янз бүрийн бараа, эд материал өгөөд л дууслаа шүү дээ. Тэгэхээр сонгуулийн энэ мөнгөний амлалт шийдэхэд хэцүү юм байна. Тойргийг хэчнээн томсголоо ч санал худалдаж авах гэж оролдсоор л.Дараагийн сонгуульд ч энэ уул уурхайн лиценз эзэмшиж, түүнийгээ сая, сая доллараар худалдаад байгаа, энэ их мөнгөтэй улсууд парламентаар өөрсдөдөө ашигтай хууль батлуулахын тулд УИХ руу маш олон хүнийг оруулах, "чихэж" мэдэхээр болчхоод байна. Хэрэв мөнгөөр сонгуулийг худалдаж авсаар байвал цаашдаа парламентыг өөртөө худалдаж авах, магадгүй олонхын бүлэг болохуйц хэсэгт нь томоохон бизнесийн бүлэглэл байр сууриа эзэлчихвэл яа вэ. Мөнгөгүй төрийн албан хаагч, насаараа төрийн төлөө зүтгэсэн хүмүүс мөнгө тараагаад байхаар гарч ирэхгүй шүү дээ. Тэгэхээр төрийн дархлааг бэхжүүлэх, мөнгөний урсгалыг таслан зогсоох, мөнгөний нөхдийг аль болох цөөн гаргаж ирэх нь өнөөгийн нийгмийн тулгамдаад байгаа асуудал болчхоод байна.
Сонгуулийг холимог хувилбараар явуулах уу, Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болох уу гэж байгаа. Ингэвэл улсын хэмжээнд мөнгө тарааж чадахгүй гэсэн санал гарч байна л даа. Харамсалтай нь УИХ дээр энэ асуудал гацчихаад огт урагшаа ахихгүй байна, Ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболд өөрөө бүх намын даргыг цуглуулж байгаад энэ асуудлыг хөндөнө гэдэг бол эрх барьж байгаа намын хувьд сэтгэлзүйн том уриалга болж байгаа юм. Хоёр танхимтай парламентын системийг оруулж ирье гэдэг нь олон намыг улс төрд оруулж ирэх боломжийг нээж өгч байгаа гэсэн үг. Үүнийг дагаад олон хүн гарч ирнэ. Ардын нам дангаараа 46 суудлыг нь аваад энэ чигээрээ байя гэлгүйгээр бусад намын гишүүдээр парламентаа бүрдүүлж, бултаараа олон асуудлыг хэлэлцье, хоёр танхимтай болгоё, тэгээд асуудлаа авч хэлэлцдэг, улс төрийн нарийн механизмыг тодорхойлдог болмоор байна шүү дээ. Өнөөдөр бид хэтэрхий талцаж, бие биерүүгээ дайрч байна. Сонгуулийн үеэр чи, би дээ тулж, хонь чоно шиг байснаа, сонгуулийн дараа ах дүү хоёр болдог энэ байдаг гаднаас харахад хиймэл харагдаж байгаа. Ер нь дээд, доод парламентын танхимтай болж парламентынхаа тогтвортой харьцааг хадгалан, өөрийн орны хөгжилдөө бүгд санаа тавьдаг л болъё л доо.
Яагаад заавал үүнийг сонгох хэрэгтэй юм бэ?
-Улс төрд орохын тулд. баахан мөнгө хөрөнгө зардаг, хууль тогтоох эрх мэдэлд очихын тулд заавал хүмүүсийг лообийддог байдал алга болно. Жижиг нам, том нам гэхгүйгээр олонхоороо хэлэлцдэг, тэдний санааг тусгаж өгдөг парламент байх нь зүйтэй. Би хувьдаа үүнийг дэмжиж байгаа.
-Манай орон Ардын их хурал, Улсын бага хурал гэсэн хоёр танхимтай байж үзсэн. Хэрэв хоёр танхимтай болбол өмнөхөөсөө ямар ялгаатай байх вэ?
-Тухайн үеийн хоёр танхим ямар байсныг сайн мэдэхгүй юм. Ер нь дээд танхим нь хууль тогтоодог байнгын ажиллагаатай, доод танхим нь дүүргийн ИТХ шиг төсөв батлах эсвэл онц хурал зарлахад цугладаг байсан гэж ойлгоод байгаа юм. Одоогийн байгуулах гээд байгаа санаа нь дээд, доод хоёр танхим хоёулаа улс орныхоо үйл ажиллагааг шийддэг байнгын, тогтмол үйл ажиллагаатай, хоёр танхимынхаа хүрээнд бүрэн эрхтэй. Тэгэхдээ нийлээд улс орныхоо эрх ашгийг төлөө явдаг, сонгодог тоглолцоотой парламент байх ёстой гэж бодож байна. Дээд, доод хоёр танхим хоёулаа хууль баталдаг. Дээд танхим нь цөөн хүнтэй, түүнээсээ ерөнхий хууль тогтоомж, батламжаа гаргадаг. Улс орныхоо бүх шийдвэр, Монгол Улсын хувь заяанд нөлөөлөх зүйлд анхаарлаа түлхүү хандуулдаг ийм л парламентын тогтолцоо манайд хэрэгтэй байна.
-Энэ асуудлыг дөнгөж ярьж эхэлж байна. Гэхдээ дээд, доод танхим хэдэн гишүүнтэй байвал зүгээр гэж бодож байна.
-Жишээлбэл сум, хороо бүрээс төлөөлөлтэй, тэр нь танхимаа бүрдүүлж болно. Ингээд доод танхимаа бүрдүүлсэн бол тэр дундаасаа дээд танхимын гишүүдээ сонгодог байх болов уу.
-Ингэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн асуудал гарч ирнэ. Үндсэн хуулиа өөрчилж, хоёр танхимтай парламенттай болоход их хугацаа шаардагдах байх. Хэзээнээс хэрэгжиж эхэлнэ гэж бодож байна вэ?
-Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж энэ асуудлыг зааж өгнө шүү дээ. Заавал өөрчилж таарна. Улс орныхоо эрх ашгийг хамгаалах, иргэдээ хөл хөсөр, гар газар амьдруулахын тулд Үндсэн хууль өөрөө сахин хамгаалагч болдог. Цаашид сайн сайхан амьдрахын тулд, энэ тогтолцоог бий болгохын тулд тодорхой хэмжээний өөрчлөлт орох л болно. Ер нь энэ хаврын чуулганаар хэлэлцэх Сонгуулийн тухай хууль зэрэг асуудалд хоёр танхимтай парламент гэв гэнэт, шууд л суучихна гэж байхгүй л дээ. Цаг хугацаа өөрөө үүнийг зохицуулах байх.
-2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр бараг амжихгүй болов уу гэж харагдаж байна?
-Үүнийг би хэлж мэдэхгүй юм байна. Хэр зэрэг үр бүтээлтэй хэлэлцэж, ажиллаж чадна, түүнээс л шалтгаална шүү дээ. Нэгэнт л ярьсан, Ардын намын дарга,' Ерөнхий сайд С.Батболд өөрөө санаачилгыг гартаа авч, бусад намын дарга нарыг дуудаад хэлчихсэн бол зүтгүүлэх л хэрэгтэй. Ажлын хэсгийг ч өөрөө ахалж байгаа юм билээ. Гишүүддээ, хаана хаанаа хэлэлцүүлгээ хийж, сайтар ярилцах хэрэгтэй. Гишүүд л үүнийг батална. УИХ, намын бүлгүүд, ард иргэдээрээ ч хэлэлцүүлэх шаардлагатай. Зөв хувилбар, зөв шийдвэр гэж үзсэн бол эртхэн л эхлүүлэх хэрэгтэй.
-Нөгөө талаас Ардчилсан намын гишүүд эсэргүүцэж байна гэж байсан. Үүн шиг хэрэггүй зүйл байхгүй гэж үзэх хүн ч байгаа дуулдсан. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжсэн байр суурьтай байгаа гэсэн яриа гараад байна?
-Ардчилсан намынхан яагаад дургүйцэх болсон байр суурийг би сонсож амжаагүй байна. Хаврын чуулган эхэлж, намын бүлгүүд хуралдахаар ерөнхий багцаа нь харагдах байх. Зарим хэвлэлээс харахад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг парламентын хоёр танхимтай болохыг дэмжсэн л ярилцлага өгсөн байсан шүү дээ. Бүлгийнхэн, намынхан нь юу гэснийг сайн мэдэхгүй байна. Ерөнхий утга, масс, намуудын байр суурь бол энэ тогтолцооны асуудлыг аль, аль талдаа дэмжиж байгаа байдал харагдсан. Ингэхгүй бол дахиад л мөнгөний сонгууль давтагддаг, ахиад бие бие рүүгээ дайрч давшилдаг явдал гарна шүү дээ. Гэрэлтэй, гэгээтэй зүйл огт харагдахгүй.
-Гол зорилго нь мөнгөний, эрх мэдлийн төлөө сонгуулиас зайлсхийж, олон намын төлөөлөл оруулья гэж байна гэж ойлгож болох уу. Эсвэл цаана нь өөр зүйл байна уу?
-Олон намын төлөөллөөс гадна, ард түмний олон төлөөлөлтэй байя гэсэн санаа. Улс орны тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй. Хууль боловсруулдаг хүмүүс тэр хууль боловсруулдаг ажлаа л хийе. Тэр бизнесмэн, уул уурхайнхан хутгалдаад юугаа хийх вэ. Бизнес хийдэг нь бизнесээ, хууль боловсруулдаг нь хуулиа, өөр өөрийнхөө хийдэг ажлыг л хийе л дээ.
-Дээр үед Улс төрийн товчооны есөн гишүүнийг их хангамж эдэлж байна гээд хэл ам гарч, элдэвлэж байсан. Одоо нөгөө 76 ч тэднээс дутахгүй эрх ямба эдэлж байна. Одоо хоёр танхимтай болчхоор бүр их зардал ард түмний халааснаас гарах гээд байгаа юм биш үү. Үүнийг та бидний татвараас л авна гэж ахмадууд дургүйцэж байсан?
-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр яамдын эсвэл төрийн албаны бүтэц дэндүү хязгаарлагдмал байна. Уул уурхай хариуцсан ганц л мэргэжилтэн сууж байх жишээтэй. хөдөлмөрийн хяналт хариуцсан ганц л ажилтан байна гэдэг ч юм уу. Үүнийг томсгож өгөх хэрэгтэй. Айх зүйл огт байхгүй. Хэрэгтэй эрх мэдэл, албан тушаалаа аваад алга бодохгүйгээс хойш өгөх л хэрэгтэй. УИХ 187 хууль тогтоомж баталж, шинэчилсэн байна. Тэгэхээр өдөрт гурав, дөрвийг хэлэлцсэн гэсэн үг. Их ачаалалтай байгаа биз. Ачааллыг ярихгүйгээр, сайдууд үргэлж, иддэг, уудаг, захиргааныхан гэхээр л их эрх дархтай хүнд сурталтай гэж ойлгож болохгүй. Төрийн ажлыг хийхийн тулд тодорхой хэмжээний статус авах ёстой. Тамын тогооны үлгэрээс одоо гармаар байна шүү дээ. Энэ хүн сайд болсон, үүнийг унагахгүй бол болохгүй гэж нөгөөх нь боддог энэ сэтгэхүйгээсээ салах цаг аль хэдийнэ болжээ. 2.8-хан сая хүн амтай. Хэчнээн зуун жилээр ч идэх газрын хэвлийн баялагтай ийм нөхцөл байдалд бидэнд улс орноо хөгжүүлэх, өөрсдөө хөгжих сэтгэхүй дутаж байна. Дэлхийн бусад орнууд биднээс илүү хөгжсөн, илүү боловсорсон, хүн ам нь эрүүл яваад байхад бид цөөхүүлээ мөртлөө тамын тогооны үлгэрээсээ ангижирч чадахгүй л сууж байгаа байхгүй юу.
-Зарим гишүүн доод танхим нь 80, дээд танхим нь 40 гишүүнтэй байвал зүгээр гэж үзэж байгаа юм билээ. Дэлхийн жижиг орнууд ч хоёр танхимтай байдаг гэж Ардын намын бүлгийн дарга ДЛүндээжанцан хэлж байсан. Таны хувьд гишүүдийн тоо хэд байвал зүгээр бол?
-Хоёр танхимтай парламенттай орон олон. Миний хувьд 108 гишүүн байвал л зүгээр байх. Монгол ёс заншил, уламжлалаа бодсон ч их өлзийтэй тоо. Их эсвэл бага аль нь ч 108 гишүүнтэй байж болно. Бүр болдоггүй юм гэхэд 76-гаа 108 болгочход ч гэмгүй. Тэгэхгүй бол нэг дүүргийн асуудлыг нэг гишүүн хамаардаг. Ингэхээр улс орны хөгжлийн асуудлыг хэлэлцэх ҮҮ. дүүргийн болохгүй байгаа тэр зүйлийн араас хөөцөлдөх үү гэдэг асуудал гарч ирнэ. Аль болох сонгогчдодоо ойртох, тэдний саналыг авах, үгийг нь сонсох тал дээр гишүүдийн тоог нэмэх л хэрэгтэй. Үүнд огт эмзэглэх асуудал байхгүй. Иргэдийнхээ төлөө зорьсон, улс орноо гэж байгаа улсуудыг хийх зүйлийг нь хийлгэх л ёстой байхгүй юу. Хоёр танхимтай байвал ажлаа бас хуваарилж авна.
Хэн нь юугаа хийх вэ гэдгээ хэлэлцэж тодорхой болгоно. Танхим бүр ямар эрхтэй байх зохицуулалт их чухал. Дөнгөж яригдаж байгаа учраас тэр нь тийм, энэ нь ийм байна гэж хэлэх арай эрт байна л даа. Өмнө байсан шиг депутат нь шаардлагатай үед цугладаг, дээд танхим нь одоогийн УИХ шиг байдгаар явах уу эсвэл хоёулаа өөр өөрийн эрх мэдэлтэй, статустай, хоёулаа байнгын ажиллагаатай,асуудалд тэнцвэртэй ханддаг байх уу гэдгийг тухайн үедээ л шийдэх байх.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, хоёр танхимтай парламенттай боллоо гэхэд манай орны ирээдүй танд хэрхэн харагдаж байна?
-Ер нь улс орны амьдрал, улс төрийн байдал гэдэг өөрөө л хөгждөг зүйл. Тогтсон уламжлалаа хадгалсан, түрүүчээсээ суралцдаг болох ёстой. Нэг 76 гарч ирээд өмнөх 76-гийнхаа хийсэн зүйлийг тэр чигээр нь нурааж, үгүйсгэдэг төрийн албаны тогтолцоо манайд байна. Төрийн алба гэдэг зүйл олон зуун жилээр хөгжиж, цаашдаа улам нарийн болж, үр хойчдоо уламжлагдаж явах ёстой. Тэгэхгүйгээр тамын тогооны үлгэрээс хэзээ ч салж чадахгүй. Хоёр танхимтай болно, олон улстөрч орж ирнэ гэдэг бол эдгээр асуудлыг багасгах гэсэн л санаа шүү дээ.
-Ойрын үед парламентын хоёр танхимтай болгох ажлыг хэрэгжүүлж амжихгүй ч хаврын чуулганаар хэлэлцэх Сонгуулийн тухай хуульд бага ч болов тусгаж болох уу?
-Одоо ямар тогтолцоотой сонгуулийн хууль хэлэлцэх гээд байгаагаа УИХ-ын гишүүд өөрсдөө ч мэдэхгүй л явж байна шүү дээ. 2008 оных нь хэвээрээ явах уу, холимог эсвэл можаритар байх уу гэдгээ хаана хаанаа тогтоогүй л байна. Янз янзын санал гарч л байна. Үүнийгээ намын бүлгээрээ шийдэж байж дараагийн асуудалд шилжих байх. Ерөнхийдөө мөнгөний, эд материалын, гадны нөлөөтэй сонгуулиас зайлсхийх хэрэгтэй. Би түрүүн хэлсэн. Хийдэг хийдэг ажлаа, чаддаг чаддаг зүйлээ л хийе гэж. УИХ гэхээр л мөнгө шамшигдуулж, хувааж , иддэг газар байгаа юм биш. Нэг их мөнгө зарж УИХ-д гарчхаад юу ч чадахгүй, унтаж дөрвөн жил суудлын бөглөө болох хэрэггүй шүү дээ.
- УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байдаг асуудал хоёр танхимтай парламенттай болоход арилж чадах уу. Үүнээс болоод нэг нэгнийхээ дээр гарах гэж зүтгэх зэргээр зовлон цөөнгүй байдаг?
-Би арилчих болов уу гэж бодож байна. УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүн байж, тэрнээс болоод дээр доороо ордог асуудлыг халахаас өөр арга байхгүй шүү дээ.
Т.Цэвээнгэрэл
Өдрийн шуудан
2011 оны 4-р сарын 01, Баасан гариг

No comments:

Post a Comment