Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ц.Очирбаттай ярилцлаа.
-Байнгын хорооныхон 10 гаруй хоногийн өмнө Орхон аймагт ажилласан. Иргэд ч УИХ-ын намрын чуулганаар баталсан хууль тогтоомжтой холбог-дуулан олон санал хэлсэн. Энэ бүгдээс та ямар дүгнэлт хийсэн бэ?
-Байнгын хорооны нэг үүрэг нь хуулиа танилцуулах байдаг. Тиймээс нийгмийн салбарын гол хуулиуд болох Иргэний эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг танилцуулж хэлэлцүүлсэн. Анхан шатанд ажиллаж байгаа хүмүүсийн саналыг авсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгосонтой холбоотойгоор уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ирж ажилтан, албан хаагчдынхаа тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг тусгасан гэрээтэй танилцсан. Боловсон хүчин, хөдөлмөрийн аюулгүй байдалтай ч танилцсан.-Орхон аймгийнхан засаг захиргааны нэгжийн хувьд өөрчлөх олон асуудлын талаар ярьсан. Боловсрол соёлын газрын нэг мэргэжилтэн л гэхэд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тул ганцаараа олон сургууль, цэцэрлэгийг хариуцдаг гэж байсан. Та энэ талаар санал оруулах уу?
-Орхончуудын энэ саналыг хүлээж авч байгаа. Орхон аймаг төвлөрөл ихтэй учир бараг л хотын статустай болсон. Тиймээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулахад санал оруулна. Ингэснээр нэг хүн олон асуудал хариуцахгүй.Төрийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэхэд ч дөхөм болно.-Орон нутагт тулгамдсан, тэр дундаа гарцаагүй шийдэх шаардлагатай ямар асуудал байна вэ?
-Эрүүл мэндийн салбарыг орчин үеийн багаж,тоног төхөөрөмжөөр хангаад өгвөл манай эмч мэргэжилтнүүдэд мэргэжлийн ур чадвар байна. Өнөөдөр бодит байдал дээр 3-4 аймгийг нэгтгэсэн аймаг дундын эрүүл мэндийн үйлчилгээний төв нь эрт галавын багаж хэрэгсэлтэй ажиллаж байна. Эмнэлгүүдэд сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмж гарцаагүй шаардлагатай байна. Компьютер томографийн аппаратаас эхлээд тоочоод байвал дутагдаагүй юм алга. Дээр нь эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байгаа боловсон хүчний боловсрол, нийгмийн асуудалд анхаарах цаг болсон байна. Энэ салбарынхны цалин тэтгэвэр, нийгмийн хангамж хамгийн бага. Тэгсэн хэрнээ хийж байгаа ажил нь дэндүү их ачаалалтай байна. Хууль сурталчлах энэ ажлын хүрээнд баруун бүсийн оношилгоо шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч нарын санал бодлыг сонслоо. Эмнэлгийн байр 30 жилийн өмнө ашиглалтад орсон хэрнээ өнөөг хүртэл дорвитой засвар үйлчилгээ хийгээгүйгээс хуучирч муудсан байна. Ажиллаж байгаа эмч, ажилчид нь цалин багатай, эмнэлэгт нь төсвийн хөрөнгө оруулалт муу зэрэг дутагдалтай талууд ажиглагдлаа. Тиймээс эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлыг байнгын хорооны хуралдаанд оруулж, албан хаагчдын саналыг тусгахаар болсон.-Эмч, эмнэлгийн ажилчдын тухай хууль санаачилна гэж байсан. Яагаад ийм хууль хэрэгтэй гэж үзэх болов оо?
-Дуудлага өгсөн өвчтөн хаана байх нь хамаагүй, заавал хүрч үйлчлэх үүрэгтэй. Түүнийхээ төлөө тангараг өргөсөн хүмүүс. Ажил үүргээ гүйцэтгэж яваад халдлагад өртөх явдал бишгүй гарч байсан. Толгойтод дуудлагаар явж байсан эмч өвчтөнд хорлогдсон тохиолдол бий шүү дээ. Тэгэхээр Эрүүл мэндийн тухай хуульд эмчийг хамгаалсан зохицуулалт оруулж өгөх зайлшгүй шаардлагатай болсон байна. Тиймээс манай байнгын хороо иргэдийн санал болгосон, зайлшгүй хийх шаардлагатай тулгамдсан асуудлуудад хөрөнгө гар-гуулахаар Засгийн газарт санал тавьж, УИХ-д оруулахаар ажиллана.-Саналуудыг хэрхэн шийдвэрлэх талаар орхончууд сонирхож байгаа. Мэдээж санал үр дүнтэй байгаасай гэсэн хүлээлттэй байгаа байх?
-Байнгын хороо завсарлагаанаар ажилласан ажлын дүнгээ хэлэлцэнэ. Хэлэлцээд Засгийн газарт тодотгол болон дараа оны улсын төсөв хэлэлцэх үеэр хөрөнгө тусгуулах талаар байнгын хороо идэвхтэй ажиллана.-Завсарлагаанаар соёлын өв хадгалагдаж байгаа газруудаар очиж үзнэ гэж байсан. Явсан уу?
-Энэ удаа амжсангүй. Цаашид түүх соёлын дурсгалт газруудыг хамгаалах талаар олон ажил хийнэ. Түүхийн өв соёлын үнэт зүйлс гадагшаа чөлөөтэй урсаж байгаад хяналт тавина.-Гурван яамны ажлын тайланг сонсохоор төлөвлөсөн. Чуулганы нээлт ирэх мягмар гаригт болох нь?
-УИХ-ын нэгдсэн чуулган эхэлсний дараа салбарын гурван яам буюу ЭМЯ, НХХЯ, БСШУЯ-ны ажлын тайланг сонсоно. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулаад НХХЯ, ХХААХҮЯ, ЭБЭХЯ-ныхныг урьж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хийж байгаа ажлын талаар сонсгол хийнэ.-Уучлаарай, таны талаар таагүй мэдээлэл гарсан. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?
-Намайг ХБНГУ-д томилолтоор явсан хойгуур хөрөнгө мөнгө идэж уусан тухай мэдээллийг вэйб сайт, хэвлэлд гаргасан байна лээ. Хэний захиалгаар ийм зүйл бичээд байгааг нь сайн мэдэхгүй юм. Миний хувьд мөнгө идэж уугаад, авилга аваад байсан зүйл огт байхгүй.-Баримттай нотолгоотой гэж сонссон?
-Үнэхээр баримттай юм бол гаргаад нотлогдох байлгүй. Ямар ч гэсэн энэ асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандчихаад байгаа. Авилга авч 30-40 сая төгрөг өвөртөлж, хэтэвчээ түнтийлгэснээ огт санахгүй юм. Төрд алба хаахдаа, Засаг даргаар ажиллах хугацаандаа авилгад өртөөгүй л юмсан.-Тухайн үед Нийслэлийн авто замын газрын даргаар ажиллаж байсан Д.Бат-Эрдэнээс удаа дараалан мөнгө авсан юм биш үү?
-2008 оны сонгуулийн үед энэ асуудлыг анх гаргаж байсан юм. Тухайн үед нэг их тоолгүй, тэвчиж, худлаа шоудаж байна гэж бодон тэгсгээд өнгөрөөсөн. Аливаа зүйл хэм хэмжээтэй байх ёстой. Хоёр дахь удаагаа арай л тэвчиж чадахгүй нь. Ямар ч гэсэн ингэж доромжлуулж, нэр төрөө гутаалгахаар зүйл хийгээгүй учир цагдаагийн байгууллагад өргөдлөө өгсөн. Тэд шалгаад тогтооно биз.-Ц.Батбаяр гишүүн ч холбоотой гэсэн зүйл бичсэн байна лээ?
-Бид хоёрыг нийлж байгаад л авсан бололтой юм бичсэн байна. Ер нь, сонгууль дөхөж байгаа болохоор нэр хүндэд халдан, гутааж, дахин нэр дэвшүүлэхгүй байх л арга зам хайгаад байх шиг.
Б.Мягмансанж
Нийгмийн толь
2011 оны 4-р сарын 01, Баасан гариг
No comments:
Post a Comment