Tuesday 17 April 2012

Х.Баттулга: Хөгжлийн банк баталгаагаа хурдан гаргаж өгвөл энэ ондоо “Шинэ яармаг” хорооллыг эхлүүлэх боломжтой

Засгийн газрын хуралдааны завсарлагаанаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хөгжлийн банкны баталгааны талаар Засгийн газрын хуралдаанаас ямар шийдвэр гаргасан бэ?

-Хөгжлийн банкны баталгаагаар "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг санхүүжүүлнэ. "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрөөр Улаанбаатар, орон нутагт гээд нийтдээ 16 хороолол барина гэсэн үг. Бид байшингаар нь барьдаг байсан бол энэ удаад хорооллоор нь барина.

Үүнийг нэг болох "Шинэ Яармаг" хорооллын хөрөнгө мөнгийг Хятадын "Эксим" банкнаас санхүүжүүлэхээр Ерөнхий сайдын айлчлалын үеэр Санамж бичигт гарын үсэг зурсан.

Санамж бичгийн дараагийн алхам нь жилийн дөрвөн хувийн хүүтэй 12 жилийн хугацаатай зээл юм. Энэ зээлийг Хөгжлийн банк эргүүлж төлнө гэсэн баталгаа гаргаж, сайн нөхцөлтэйгээр оруулсан. Эхний удаад баригдах "Шинэ Яармаг" хороолол 15 мянган айлын орон сууцтай байх юм. Бидний тавьж байгаа гол нөхцөл Мэргэжлийн сургалтын төвийг нь эхлээд барина. Эмнэлэг, сургууль гэх мэт бусад үйлчилгээ нь хамтдаа баригдана. Хөгжлийн банкнаас баталгаагаа хурдан гаргаж өгвөл энэ ондоо ажлаа эхлүүлэх боломжтой. Цогцоор нь хот төлөвлөлтөө барина гэсэн үг.

-Жилийн зургаан хувийн хүүтэй олгох орон сууцны санхүүжилтийг Хөгжлийн банкнаас яаж олгох вэ?

-Хөгжлийн банк эх үүсвэрээ үнэтэй олж ирэх юм бол барилгын салбар руу үнэтэй л очно гэсэн үг. Тэгэхээр арилжааны банкнууд сарын нэг хувийн хүүтэй зээл өглөө гэж бодоход жилийн 12 хувь болно. Ийм тохиолдолд нөхцөл байдал хүндэрнэ. Иймээс үүний зөрүүг нь буюу 12 хувийн хүүтэй бол Засгаас буюу төрөөс үлдсэн зургаан хувийг нь төлнө гэсэн санаа шүү дээ. Энэ бол үндсэндээ нөхцөл сайтай зээл учраас бага зөрүү гаргаж байж бага хүүг улсын нуруунд үүрүүлэх л гэсэн үг юм. Ер нь, орлогын талдаа актив өндөрсөөд ирэхээр хүүгийн төлбөр багасах ёстой.

-"Хүний хөгжил сан"-гийн мөнгийг орон сууцны зээлд авч болно гэж байгаа. Энэ тухайд?

-Хэлэлцэж байгаа. Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны ажлын явцтай танилцаж байна.

Нийтлэлч
Л.Номин
Эх сурвалж
Ардчилал сонин

No comments:

Post a Comment