Tuesday 17 April 2012

Х.Баттулга: “Шинэ яармаг” цогцолборын ажил энэ онд эхэлнэ


УИХ-ын гишүүн Х.Баттулга

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Шинэ яармаг" орон сууцны цогцолбор хорооллын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн банканд БНХАУ-ын "Эксим" банкнаас 300 тэрбум төгрөгийн зээл авах асуудлыг хэлэлцээд, зарчмын хувьд дэмжин Засгийн газрын тогтоол гаргахаар болов. Тус тогтоолоор " Шинэ яармаг" орон сууцны цогцолбор хорооллын санхүүгийн эх үүсвэрийн 300 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг 12 жилийн хугацаатай гаргахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Хашчулуунд зөвшөөрсөн байна. Одоогийн байдлаар Хан-Уул дүүрэгт орших Яармаг гэр хорооллын замын урд хэсэгт байрлах 970 га газарт "Шинэ Яармаг" орон сууцны цогцолбор хороолол барих хот байгуулалтын цогц үйл ажиллагааны бэлтгэл үе шат болох хайгуул судалгааны ажлыг хийгээд байгаа юм байна. Үүний үр дүнд 23900 айл, өрх оршин суух орчинг барьж байгуулахаар болжээ. Уг шинэ хорооллыг 3 хэсэгт хуваан тус бүр хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Дээрх асуудалтай холбоотой зарим зүйлийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас тодрууллаа.

- "Шинэ Яармаг" цогцолборын барилгын ажил хэзээ эхлэх вэ?

-Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банк байгуулсан. Хөгжлийн банкны баталгаагаар "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хот хөдөө нийлээд 16 хороолол болно. Нэг хороолол буюу "Шинэ яармаг" хорооллыг хөрөнгө мөнгийг Хятадын банкнаас авахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн дараагийн алхам нь жилийн дөрвөн хувийн хүүтэй, 12 жилийн хугацаатай орон сууцны зээл. Энэ зээлийг Хөгжлийн банк буцааж төлнө гэсэн баталгаа гаргаад сайн нөхцөлтэй "Шинэ яармаг" гэсэн хорооллоос эхэлнэ. Бидний тавьж байгаа гол нөхцөл бол мэргэжлийн сургалтын төвийг эхэлж барина. Тэнд амьдрах иргэдэд үйлчлэх эмнэлэг, бусад үйлчилгээний салбарыг хороолол маягаар барьж байгуулна гэсэн төлөвлөгөө гаргасан. Хөгжлийн банк баталгаа гаргачихвал энэ асуудал 2011 ондоо багтаад хэрэгжээд явах бололцоотой. Хот төлөвлөлтийг хот маягаар байгуулахаар барилгажилтаа эхэлж байна.

-Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрхэн олгох гэж байна вэ?

-Хөгжлийн банкнаас эх үүсвэр үнэтэй олж ирэх юм бол тэр хэрээр банкны салбар руу очихдоо үнэтэй очих болж байгаа. Жишээлбэл, арилжааны банкнууд сарын нэг хувийн хүүтэй зээл олголоо гэхэд жилийн 12 хувийн хүүтэй болох байгаа. Ийм тохиолдолд нөхцөл байдал хүндэрнэ. Үүний зөрүү, 12 хувийн хүүтэй байлаа гэхэд зургаан хувийнх нь хүүг Засгийн газраас төлнө гэсэн санаа. Одоогийн Хятадаас авах зээлийн нөхцөл их боломжийн учраас аль болох бага зөрүү гаргаж зөрүүг нь улсын нуруун дээр үүрүүлэх ажил хийх юм.

-Цаашид яах бол?

-Эхлэлээ зөв тавьчихвал орон сууцны зээлийн хүү буурна. Орлогын талдаа актив өндөрсөөд ирэхээр хүү багасах ёстой.

Нийтлэлч
Ш.Эрдэнэчимэг
Эх сурвалж
Монцамэ

No comments:

Post a Comment