Tuesday 17 April 2012

Х.Баттулга: МоАХ төрийн бус байгууллагуудын эцэг

УИХ-ын гишүүн Х.Баттулгатай ярилцлаа.

Монголын Ардчилсан холбооны 22 жилийн ойд зориулж МоАХ-ы дарга, УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгатай ярилцлаа.

-МоАХ-ны 22 жилийн ойг яаж тэмдэглэх вэ?

-1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд болсон анхны жагсаал цуглаан дээр МоАХ байгуулагдсаныг зарласнаар монголчуудын ардчилсан нийгэм рүү шилжих хөдөлгөөн өрнөсөн. Жил бүр энэ өдрийг Ардчиллын баяр болгон тэмдэглэдэг, Бид энэ өдрийг ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд явсан МоАХ-ны гишүүддээ "Энэ хувьсгалыг эхлүүлсэн хүмүүс бол та нар гэдгийг нь сануулж, хүндэтгэл үзүүлэх баяр болгон тэмдэглэдэг. 22 жилийнхээ ойгоор уламжлалт баярын хурлаа хийнэ. Концертоо үзнэ. Бөхөө барилдуулна. Энэ өдөр бас партизанууддаа байр өгдөг уламжлал тогтсон. Тэр өгөгдөх байх. Арванхоёрдугаар сард Ардчиллын олон баяр давхацдаг. Үүнээс арванхоёрдугаар сарын 10-нд ардчиллын ууган байгууллага МоАХ-ны баяр сайхан болох байх аа гэж бодож байна.

-МоАХ-ны тэмцэл хэр үр дүнд хүрсэн гэж үзэж байна?

-Олон нийт болон хэвлэлийнхэн тодорхой үнэлэлт дүгнэлт өгөх байх. Ер нь бол анхны тавьсан шаардлагууд үндсэндээ биеллээ олсон шүү дээ. Гэхдээ анхны ололтыг цааш нь тууштай үргэлжлүүлээд, ахисан түвшинд гаргаж чадсан уу гэвэл үгүй л болов уу. Өнгөрсөн 22 жилийг эргэн харахад 1996-2000 оныг эс тооцвол засгийн эрхийг өрсөлдөгч посткоммунист нам л дангаар барьж байсан. Бид боломжийн сөрөг хүчин байж ирсэн.

-1996-2000 онд Ардчилсан хүчин Засгийн эрх барьж байхдаа боломжийг муу ашигласан байх аа?

-1996 онд ардчилагчид залуу байжээ. Төр, засгийн эрх барих туршлагагүй байсан. Тэр хэрээрээ овон алдаа гаргасан. Түүнийг нь МАХН ашиглаж шоглодог ч байсан.

-Монгол Улсыг ардчилсан улс гэж үзэж болох уу?

-Ардчилсан бус улс лав биш. Төгс биш ардчилалтай гэх нь зөв байх. 1990 онд анх зорилгоо болгож байсан хүний эрх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, хувийн өмч гэсэн асуудлууд бол боломжийн шийдэгдсэн. Одоо эдийн засгийн талаас орхигдуулсан, хийж чадаагүй олон асуудлууд байгаа. Энэ нь ардчиллын үнэлэмжид сөргөөр нөлөөлдөг.

-МоАХ-ыг хүмүүс жагсаал, цуглаанаар ойлгосоор ирсэн. Одоо нам, гүмхэн байна уу даа?

-Сөрөг хүчин байхад жагсаал, цуглаан, шаардлагаар л асуудлыг шийдэхээс өөр боломж байдаггүй. Өнөөдөр АН-ын удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлдөх хороонд МоАХ-ны том төлөөлөл байна. УИХ-д АН-ын том бүлэг байна. Тэгэхээр бид ажлаа хийгээд л, тэмцээд л яваа биз дээ. Заавал жагсаал, цуглаанаар тэмцэл хийдэг биш. Төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр гаргалтанд оролцох бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийдэх боломж бас байгаа. Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа олон нам, ТББ, иргэний хөдөлгөөнүүд чинь МоАХ-ны зорьж, хүсэж байсан нэг зүйл.

Олон намын систем, олон ургальч үзлийг тунхаглаж байлаа шүү дээ.

Энэ утгаараа тэдний үйл ажиллагааг МоАХ-ны үйл ажиллагаа ч гэж үзэж болохоор. МоАХ-ны аймаг, дүүргийн салбаруудын дарга нар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Манай орон нутгийн салбарууд уул уурхайн элдэв зөрчлүүдтэй тэмцэж байна. Гэхдээ зөвхөн МоАХ тэмцэх албатай гэсэн үг биш. МоАХ 1990 онд тэмцлийн салхийг хагалж, замыг засаж өгсөн. Энэ олон ТББ, иргэний хөдөлгөөнүүдийн ихэнхийг МоАХ-ны партизанууд удирдаж байгаа.

-МоАХ-ны 20 жилийн ойгоор зарласан эдийн засгийн хувьсгал ямар шатанд байна?

-Бид 20 жилийн ойгоор монгол хүний эрхийг баталгаажууллаа. Одоо харин эдийн засгийн эрх чөлөө, баталгаа хэврэг хэвээрээ байна гэж дүгнэсэн. Тиймээс ардчилсан хувьсгалын үргэлжлэл Эдийн засгийн хувьсгалаа эхлүүлэх уриа дэвшүүлсэн. Ажилгүйдэл, ажилгүйдлээс болсон ядуурал, ядуурлаас үүссэн ядуу ухамсрыг арилгах зорилт тавьж байгаа. Монгол Улс хөрөнгөлөг иргэнтэй, хөгжилтэй нийгэм бүхий орон болох ёстой.

-Тийм болохын тулд юу хийх ёстой вэ?

-Юуны өмнө уул уурхайн баялгаа боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай. Нэмүү өртөг бий болгох хэрэгтэй. Үүний тулд ажиллах хүчнээ сургаж, бэлтгэнэ. 200-300 мянган ажлын байр лавтай бий болно. Тэр нь одоогийнх шиг амь аргацаах төдий цалинтай ажлын байр биш. Орчин үеийн бүтээмжтэй, өндөр цалинтай, баталгаатай ажлын байр байх болно. Иргэд нь тохилог орон сууцтай, хөдөө хотгүй дардан замаар холбогдсон байх тийм зорилт тавьж байлаа. МоАХ-ны даргын хувьд 20 жилийнхээ ойгоор ийм зорилтыг дэвшүүлээд, үүнийгээ УИХ-аар 2010 оны 6 сард Засгийн газраас хэрэгжүүлэх хөтөлбөрүүд болгон батлуулаад авна гэдэг нь бидний зорилго хэрэгжих гээд явж байна гэсэн үг мөн үү.

-1996 он хүртэл МАХН-аас бусад нам МоАХ-ны амыг хардаг байсан. Одоо МоАХ АН-ын харьцаа ямар байна?

-МоАХ анх удаа ҮЗХ-д албан ёсны фракцаа зарласан. Нам томоохон шийдвэр гаргахдаа манай фракцтай зөвшилцдөг. Фракц нь үйл ажиллагаа, бодлогыг зохион байгуулалттай сөрөх гэж биш, эерэг тал руу нь эргүүлж, дэмжээд явах л арга хэлбэр. Haм дотор өрсөлдөөн, эрүүл саруул шүүмжлэл байлгах нэг арга л даа.

-Саяхан таны сонинд өгсөн ярилцлага нэлээн шуугиан тарьж байна. Тэргүүн шадартай дахиж уулзсан уу?

-Засгийн газрын хурал, бүлгийн хурал дээр тааралдаад л байгаа. Тэр ярилцлагыг мушгиад, элдвээр тайлбарлаад эхэлж байна. Нэг удаа сонинд ярилцлага өгөөд л намын дарга болчихдог бол их хялбар л байхсан. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнэбат харин зөв дүгнэж ярьсан байна лээ. "Жирийн нэг, эрүүл байдаг л шүүмжлэл" гэж Кабинетын зарчим гээд Засгийн газрынхаа буруу бодлогыг шүүмжилж болохгүй гэсэн дүрэм байхгүй. Буруу зүйл байвал хэлэх л хэрэгтэй. Уг нь би биш, намын дарга маань хэлэх ёстой юм байгаа юм. Нам доторх том фракцыг толгойлж байгаагийн хувьд би намынхаа үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх эрхтэй, үүрэгтэй.

Сонгууль дөхсөн байхад намын рейтингэд санаа зовох ёстой.

Энэ талаар гадуур хүн бүхэн л ярьж байгаа. УИХ-ын гишүүд ч ярьж байна. "Ардчилсан нам хий хоосон хөөрлийн байдалдаа бодит дүгнэлт хийгээч ээ" гэсэн л нэг яриа. Түүнээс биш хэн дарга байх эсэх тухай асуудал хөндөөгүй. "Айсан хүнд аргал хөдөлнө" гэдэг болоод, зарим нэг хүн сандраад байгаа юм уу. Нэг ийм учир утгагүй юм болоод, над руу элдвээр дайраад л байгаа.

-Вэб сайтад тавигдсан тэр ярилцлагад маш олон хүн сэтгэгдлээ үлдээсэн байсан.

- Үзсэн. Энэ чинь нийгэм эрүүл, саруул бодит шүүмжээр цангаж байгааг л харуулж байна. Хамтарсан Засгийн газарт орохдоо маш том амлалт авсан. Тийм болохоор засагт хамтарсан асуудал хэр биелж байгааг заавал дүгнэх хэрэгтэй. Цагаан дээр хараар гэрээ байгуулсан. Гэрээ биелсэн, үгүйг сонгогчдод тайлагнах цаг ойртож байна. Бид ямар хүүхдүүд биш. Хэдэн биенээ хөөргөөд, хуураад явж болохгүй биз дээ. Тэр ярилцлага бол нийгэмд яригдаад байгаа эрүүл шүүмжлэлийн тусгал төдий шүү дээ.

Ажил зогсоож байгаад,нарийн төмөр зам тавих гэж байж магадгүй

-Эдийн засагчид төмөр замгүй уул уурхай үнс гэдэг. Шинэ төмөр зам тавих ажил ямар шатандаа байна?

-Техник, эдийн засгийн үндэслэл, трасс батлагдсан. Чиглэл болон геологийн ажил дууссан. Миний бухимдаад байгаа зүйл нь хоёр жил болж байхад зам барих санхүүжилтэд санаачилга гаргахгүй байгаад юм. Эдийн засагч биш захын хувьд ч ойлгомжтой. Таван толгойн орд гэдэг чинь газар дор байгаа бөөн нүүрс. Ашиглахын тулд эхлээд ухна. Дараа нь зөөж, худалдан авагчид дөхүүлж өгнө. Тэгж байж мөнгөө авна. Тэгэхээр юуны өмнө л дэд бүтцээ байгуулдаг нь жишиг болчихсон зүйл.

-Хэн мөнгө олох ёстой вэ?

-Засгийн газар, Сангийн яам. Манай яаманд мөнгөний эрх мэдэл байхгүй. Зам барих мөнгийг Сангийн яам, шинэ байгуулагдсан Хөгжлийн банк гаргана гэсэн шийдвэртэй. Гэтэл эдгээр байгууллагууд Засгийн газар дээр зангидагдахгүй байна. УИХ Засгийн газарт аль 2010 онд төмөр замаа барьж эхлүүл гээд үүрэг өгчихсөн. Бүх тооцоо, үндэслэл гарчихсан.

-Засгийн газар яагаад хөдлөхгүй байна?

-Ерөнхий сайд илүү тодорхой хариулах байх.

-Хэр хэмжээний мөнгө хэрэгтэй вэ?

-Таван тэрбум орчим ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө байхад болно.

-Хоёр жилийн дотор барих боломж бий юу?

-Байгаа. Энэ хэрийн замыг манайд л том гэж яриад байгаа болохоос бусад оронд бол энгийн, байдаг л ажил байхгүй юу. АНУ, баруун Европын хөгжсөн, хүчирхэгжсэн түүхийг харахад төмөр зам гол үүрэг гүйцэтгэсэн байдаг.
-Төмөр замыг олон жил толгойлсон гэх Раш гуай итгэл муутай байсан.
-Одоо ашиглагдаж байгаа төмөр замыг хоёр жилийн дотор л тавьсан юм билээ. Монголчууд чадна. 1947-1949 онуудад баригдсан энэ замыг хараад, баясаад л суудаг. Шинийг барих тухай ярихаар л бүтэхгүй юм яриад, хэний төлөө байгаа нь ойлгогдохгүй. Техник хөгжсөн одоо цагт гараар барьж байснаас илүү хурдан барих байх.

-Ийм Засгийн газарт АН байх хэрэгтэй юм уу?

-Би ганцаараа шийддэг юм биш л дээ.

-Ажил чинь зогсчихоод байхад...

-Ард түмний эрх ашиг байхад гацаанаас гаргаад цааш явуулмаар л байгаа юм. Яаж, ийж байгаад эхлүүлнэ. Зогсооно гэж байхгүй. Зам барих ажлыг санхүүжилт хүлээлгүй эхлүүлчихсэн байгаа. Хэрэв эхлүүлээгүй бол "Баттулга чаддаггүй л байхгүй юу" гээд ам асууна шүү дээ.

-Танд төмөр замын ажлыг явуулахгүй байгаа тал дээр ямар нэг хардлага байгаа юу. Жишээ нь, анхнаасаа маргаад байсан нөгөө нарийн царигийн замаа тавих гэж оролдох гэх мэт...

-Тийм юм бодогдож байна, сүүлийн үед. Урагшаа гаргахад хурдан хялбар байх, монголчууд боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлж чадахгүй байх энэ тэр гээд хүслүүд байгаа. Хэрэв тэгвэл нөгөө "Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор" барих хөг ч өнгөрнө. Зүгээр л хэдэн хүн баялгийг маань түүхийгээр нь зөөж, идээд байх л сонирхолтой болно.

Цөөхөн хүний эрхийг хуулиар хязгаарладаг

-Архи, тамхины бизнесмэнүүдийг УИХ-д орох эрхийг хаах нь хүний эрх зөрчихгүй юу?

-Энэ гэнэтхэн надаас гарчихсан санаа биш. Олон жилийн өмнөөс олон хүн ярьсан сэдэв. Олон хүнтэй уулзаж, учирлаж, олон шатанд ярьсан. Намынхантайгаа ярьсан. Нэг л зориглохгүй байгаа юм.

-Яагаад?

-"Манай гишүүд дотор чинь тийм бизнес эрхэлдэг гишүүд байна" гэдэг. Тэр тусмаа л энэ хууль хэрэгтэй. Архи, тамхины бизнес эрхэлдэг хүн бол тэр бизнесийнхээ л ашгийг хүртээд явах ёстой. МҮХАҮТ топ аж ахуй нэгжүүдийг шалгаруулдаг. Тэрэндээ архи, тамхины компанийг шалгаруулах ч хэрэггүй. Сэтгэц, эрүүл мэндэд нөлөөлдөг, донтуулдаг бараа үйлдвэрлэдэг компанийн эзэд УИХ-д орж ирээд жигтэйхэн шударга юм яриад байхаар иргэдийн төрд итгэх итгэл алдраад байна.

Саяхан сонинд архи уугаад амиа алдсан 13 настай хүүхдийн тухай мэдээ гарсан.

Үүнээс илүү гамшиг гэж байх уу, Архидалт ямар түвшинд байгаагийн тод жишээ. Гэтэл тэр хүүгийн уусан архийг үйлдвэрлээд байгаа хүн УИХ-д шударга царайлаад суухаар хэн итгэх юм бэ. Би ухаантайдаа ийм юм яриад байгаа юм биш. Бусад улс орнуудын бэлээхэн туршлага байна. Энэ чинь ёс зүйгүй асуудал. Японы Сангийн сайд халамцуу төрхтэй уулзалтад оролцсон хэргээр огцорч байна. УИХ бол хууль тогтоох, төрийн дээд байгууллага. Тиймээс ёс зүйн хэм хэмжээ эндээс эхлэх ёстой гэж бодоод байна л даа.

-Хэр өргөн хүрээ хамрах юм бэ?

-Архи, тамхины үйлдвэрийг үүсгэн байгуулагч, компанид хувьцаа эзэмшигч дээр нь мансууруулах бодис, хар тамхитай орооцолдсон хүн бас УИХ руу тэмүүлэх хэрэггүй. Энэ цөөхөн үндэстэнд чинь эдгээр бүтээгдэхүүнүүд чинь хэтэрхий том аюул байхгүй юу.

- Хар тамхитай орооцолдсон гэдэг нь?

-Хар тамхитай овоо тэмцэж эхэлсэн. Гэтэл сүүлийн үед сулраад ирсэн.

-Яаж?

-Маш олон залуу фэнтэй рок дуучин байдаг. Хар тамхины хэргээр шоронд орсон, удалгүй гараад л ирчихсэн.

-УИХ-д нэр дэвших гэж байгаа юм уу?

-Үгүй л дээ. Би жишээ авч байна. Тоглолтыг нь хүмүүс үзээд байгаа болохоор биширч байна гэсэн үг. Бишрэн шүтэгч нь хар тамхи хэрэглээд, шоронд ороод, удалгүй гараад ирэхээр хүүхдүүд хар тамхи хэрэглээд сүйд болдоггүй юм байна гэсэн ойлголт авна биз дээ. Хичнээн олон рок попын залуучууд хар тамхитай холбогдов.

-Та спиртийн хэрэгтэй орооцолдоод авсан биз дээ?

-Би цагаан хэрээ биш ээ. Алдаанаасаа сургамж аваад, бусдыг алдаанаас холдуулахсан гээд л явж байна.

-Ямар сургамж авав ?

-Архины үйлдвэрийн хувьцааг бүгдийг нь зарсан. Цаашид архи, тамхи, мансууруулах бодисын салбарт ямарваа хэлбэрээр оролцохгүй гэж шийдсэн. Манайх шиг хоёр том хөрштэй, ийм их баялагтай, цөөхөн хүн амтай орон архи, мөнгө, хар тамхи гээд донтох юманд дурлах нь улс орны аюулгүй байдалд хортой гэдгийг ойлгосон.

-Хүний эрх зөрчлөө л гээд байна?

-Олонхийн эрх ашгийн төлөө цөөнхийн эрхийг хуулиар хязгаарладаг л биз дээ. НҮБ анх байгуулахдаа л Хүний эрхийн түгээмэл тунхагтаа хүн хаана ч амьдрах эрхтэй гээд заачихсан.

Гэтэл зарим нь АНУ-д амьдаръя гээд чадахгүй л байгаа биз дээ.

Архи үйлдвэрлэх нь хүний халдашгүй эрх юм бол архинаас болж зовж байгаа гэр бүл, эхнэр, хүүхдүүдийн эрх нь яагаад үйлдвэрлэгч цөөн хүнийхээс дор байх ёстой юм бэ? Архинаас болж орой болгон хэдэн айлд ямар зовлон учирч байгааг тооцоолоход ч бэрх. Олонхийн амгалан амьдрах эрхийг дээдлэх талаар яагаад ярихгүй байгаа юм?. Нөгөө нэг асуудал нь архи үйлдвэрлэгчид тойрогтоо архи тараадаг. Архийг нь уух гэж л уулзалтанд нь ирж байна гээд бод Доо. Хэдэн удаа сонгогдоно, тэр хэмжээгээрээ архидалтыг өөгшүүлж байна.

-Сүүлийн үед их мөнгөтэй хүнийг олигархи гэдэг болсон. Та олигархи мөн үү?

-Олигархи манайд байхгүй л дээ. Мөнгөөрөө дамжуулж улс төрийн шийдвэр гаргуулдаг хүнийг л олигархи гэдэг. Урьд нь хамгийн их мөнгийг архинаас олдог байсан. Одоо уул уурхай болж байна. Тэр их мөнгөөр өөртөө ашигтай шийдвэр гаргуулдаг гэсэн ойлголт л юм. Би бол ямар юмаараа шийдвэрт нөлөөлөх вэ дээ. Энэ заалтаа оруулах гээд л чадахгүй байгаа биз дээ. Би хиам, талхны үйлдвэрийн хувьцаа эзэмшигч.

-Ядуурлаас мөд салах болов уу?

-Сална. Сайхан болно оо. Бид чинь шинэ гэрийнхээ түлхүүрийг аваад 20-иодхон жил болж байна шүү дээ.

-Сингапур 25-хан жилд бар болсон биз дээ?

-Тийм улсуудтай харьцуулахад удаан хөгжиж байгаа нь үнэн. Казахстаныг хар. Тийм учраас бид хөгжихсөн гэж яараад байгаа юм.

-Төмөр замаа сурталчилж болдоггүй юм уу?

-Хувийн PR-aa хийлээ гээд байх юм байна шүү дээ.

-МоАХ-ны гишүүд, дэмжигчдэдээ хандаж хэлэх үг байна уу?

-Та бүхний амиараа дэнчин тавьж хийсэн ардчилсан хувьсгал хамгийн адармаатай үедээ ирчихээд байна. Хойч үедээ сайхан амьдрал бэлэглэхийн тулд ардчилалд та бүхний дэмжлэг цаашид ч хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.

Нийтлэлч
Х.Баттөгс
Эх сурвалж
Өдрийн сонин

No comments:

Post a Comment