УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбаттай ярилцлаа.
-УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хаврын чуулганаар хийсэн ажлаа тайлагнасан. Ер нь Монгол Улсын нийгмийн бодлогыг та юу гэж дүгнэж байна вэ. Халамжийн бодлого нь хэтийдсэн хэмээн үздэг. Энэ ойлголт хэр бодит вэ?
-Манай байнгын хороон дээр Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэгдэж байгаа. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үед Ардчилсан намын бүлэг санал зөрөлдөж завсарлага аваад, хаврын чуулганаар хараахан хэлэлцэгдэж амжсангүй. Ер нь халамжийг хүмүүс янз янзаар ойлгодог. Тухайлбал, халамжийн тогтол-цоо хэт хавтгайрлаа гэх мэт яриа гардаг. Яг бодит амьдрал дээр буюу анхан шатны газар болох сум, дүүрэг, баг, хороонд ажиллаж байгаа хүмүүс төрөөс үзүүлж байгаа халамж үйлчилгээ очих ёстой хүндээ очиж байгаа гэсэн мэдээлэл өгдөг. Харин ч бүр дутагдалтай байна гэж ярьдаг. Манай улсад ядуурлын төвшин их байна. Амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэн олон байдаг хэмээн ярьдаг хэрнээ нөгөө талаар халамжийн бодлого ихсэж хавтгайрлаа гэдэг. Харин үүнийг би сонгуулийн амлалт болон халамжийн бодлого хоёроо ялгаж, салгаж ойлгохгүй байна гэж боддог.Учир нь сонгуулийн үеэр халамжийн хавтгайрсан бодлого эх баригч намуудын аль алинаас нь гардаг. Түүнээсээ болоод Монгол Улсын халамжийн бодлогыг хавтгайрчихлаа гэж үзээд байдаг. Үүнийг л ялгах хэрэгтэй. Халамж бол аль улс оронд зайлшгүй шаардлагатай байдаг асуудал. Манай улсын халамжийн бодлогыг бусад улс орнуудтай харьцуулаад үзвэл доогуур орно уу гэхээс дээш гарахгүй. Тодруулбал, АНУ, Сингапур зэрэг оронд улсын төсвийнхөө орлоготой жин даахуйц халамжийн бодлогыг иргэддээ үзүүлдэг. Гэтэл манай улс гадаад дотоодын хөрөнгө оруулалт зэргээр тодорхой зорилтод чиглэсэн ажил хийдэг шүү дээ. Гэтэл өнөөдөр энэхүү халамжид хамрагдах хүмүүс маш их байна. Тиймээс энэхүү бодлогыг сонгуулийн амлалтаас ангид гэдгийг ойлгуулах ёстой юм. Гэхдээ бид өнөөдөр нийгэмд үйлчилж байгаа халамжийн тогтолцоо маань зөв үү, буруу юу гэдгийг ярилцах шаардлагатай. Халамж бол улс орон хөгжихийн хэрээр улам өргөжин тэлж, иргэдэд үйлчлэх үйлчилгээ нь нэмэгдэж байдаг. Тэгэхээр одоо байгаа тогтолцоогоор Дорж гуайд үйлчилж байгаа хэдий ч ядуурлаас гаргаж чадахгүй байна. Тиймээс ганц хүнд үйлчлэх бус бүхэл бүтэн гэр бүлд нь үйлчлэх бодлого хэрэгтэй байгаа юм.
-Төрөөс үзүүлж байгаа халамж үйлчилгээг хүртэх ёстой иргэддээ хүрч чадахгүй байна гэсэн зүйлийг хүмүүс ярьдаг. Түүнчлэн ядуу гэж яг ямар хүнийг хэлээд байгаа юм бэ. Тухайн хүн өөрийгөө нийгмийн аль давхаргад хамрагдаж байгаагаа хэрхэн тодорхойлох вэ гэх мэт зүйлийг мэдэхгүйгээс зохиомол ядуурал нийгэмд үүсэж байна гэж үзээд байгаа шүү дээ?
-Манай улс ядуу иргэдээ тодорхойлж чадахгүй байгаа нь үнэн. Ямар ч аргачлал байхгүй. Тиймээс бид гадаад дотоодын донор байгууллагуудын тусламжтайгаар ядуу иргэдээ тодорхойлох гэж байгаа. Үүнийгээ ч хуульдаа тодорхой тусгах талаар хэлэлцэх байсан. Тэгэхээр Монгол Улсын хэмжээнд нийтэд нь халамжийн бодлого гаргадаг тогтолцооноос татгалзана. Тиймээс аймаг, сум, баг, дүүрэг, хороогоор нарийвчилж гаргах шаардлагатай. Түүнчлэн ийм орлоготой,тодорхой эрхэлсэн ажилгүй, амьдралаа авч явах чадваргүй гэх мэт үзүүлэлтээр орлого орлуулан тооцох аргачлалаар гаргаж ирдэг олон улсын туршлага байдаг; Үүнийг хэрэглэх талаар хуульдаа тусгаж өгөх юм.-Өмнө нь яагаад манай улс энэхүү аргачлалыг хэрэглэж болоогүй юм бэ. Иймэрхүү үзүүлэлт байхгүйгээс иргэдэд үзүүлж байгаа нэг удаагийн халамжийн үйлчилгээнээс үүдэн эдийн засагт тодорхой хэмжээний өөрчлөлт гардаг. Энэ нь жирийн иргэдийн хэтэвчинд нөлөөлдөг?
-Өмнө нь ганц хоёр удаа хэрэгжүүлж эхэлсэн хэдий ч Монгол Улсын хэмжээнд хэчнээн ядуу иргэд байна гэсэн тойм үзүүлэлтээр дүгнээд, тэдэнд төрөөс үзүүлэх ёстой халамжийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байгаа.юм. Харин бид энэ удаад бол бүр нарийвчлан тодорхойлж гаргаж ирнэ. Түүнийгээ олон улсад хэрэглэдэг аргачлалыг ашиглаж гаргаж ирэхийн зэрэгцээ хуулиараа хэрэгжүүлж эхэлнэ. Манай байнгын хороон дээр маш олон хэлэлцэх ёстой асуудал байгаа. Хаврын чуулганы үеэр маш ачаалалтай ажилласан. Нийтдээ долоон хуулийг УИХ-ын чуулганаар батлуулж гаргасан байна.-Ядуурлыг бий болгож буй гол үндэс суурь ажилгүйдэл. Тиймээс энэ оныг Засгийн газраас "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил'' болгов зарласан байгаа. Тэгэхээр энэхүү хөтөлбөрийн үр дүн нийгэмд хэрхэн илрэх бол гэж та үзэж байна вэ?
-Засгийн газраас энэ оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" жил болгон зарласантай холбогдуулан маш олон ажлыг хийж байгаа. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль нь батлагдчихсан. Тиймээс бид хуулиа хэрэгжүүлэх үүднээс тодорхой хэмжээний шаардлага тавьж ажиллах болохоор үр дүн сайтай байна гэж бодож байгаа. Засгийн газраас энэ оныг онцлох жил болгон уриалснаар тодорхой үр дүн нийгэмд гарна. Цаашид энэхүү эрч хүчээрээ явбал ажилгүй иргэдийн тоо буурна.-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл батлагдсан. Тэгэхээр энэ нь оюутнуудад хэрхэн үйлчлэх бэ. Сурлагын дүн зэргийг харгалзан үзэх үү?
-Монгол Улс үндэсний тэтгэлгээрээ өдрийн ангид суралцаж буй бүх оюутнууддаа олгохоор болсон. Иймэрхүү жишээ олон улсын төвшинд байдаг. Харин үүнийг бид аль өнцгөөс харах вэ гэдгээс шалтгаална. Үүнийг хэрэгжүүлж байгаа олон улс ч бий. Ингэснээр оюутнуудын сурах орчин болон сурлагын амжилт дээшилж, чанартай боловсон хүчин бэлтгэгдэнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр их, дээд сургуулиудыг дэмжиж байгаа бодлого юм шиг боловч тоог нь цөөлж, стандартын төвшинд хүргэх ёстой.-Оюутнуудад төрөөс тэтгэлэг үзүүлэх болсонтой холбогдуулан их, дээд сургуулийн төлбөр ирэх хичээлийн жилээс эхлэн нэмэгдэх тодорхой болсон байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Бид бүхэн зөвхөн хуулийнхаа хэрэгжилтийг хянана. Сургалтын төлбөр юунаас үүдэн нэмэгдэж байгааг тогтоодог байгууллага бий.
Эх
сурвалж:Монголын мэдээ
Б.Пүрэвжав
2011 оны 7-р сарын 27, Лхагва гариг
No comments:
Post a Comment