Monday, 23 April 2012

Э.Мөнх-Очир: УИХ-ын дөрвөн гишүүний халдашгүй эрхэд халдаагүй


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир
УИХ-ын гишүүн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Э.Мөнх-Очирыг "Ярилцах танхим "-даа урилаа. Тэрбээр Лондонгоос ирээд удаагүй байсан бөгөөд түүнтэй явсан газрын сонин, хачин болоод цаг үеийн асуудлаар ярилцсан юм.
-Таныг "Туул ривер контрисайд" компанитай холбогдуулан Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хандсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөч?
-Тайлбар өгөөд байх ч юу байх вэ дээ. Авлигатай тэмцэх газарт хандсан юм бол удахгүй шалгаж эхлэх юм байгаа биз. Одоохондоо намайг Авлигатай тэмцэх газраас дуудсан тохиолдол гараагүй байна. Ер нь бол Авлигатай тэмцэх газарт нэг удаа шалгуулахад буруутах зүйлгүй гэж боддог. Би өөрөө сайн дураараа шалгуулъя гэж бодож байсан юм. Энэ бол сонгуулийн циклтэй холбоотой асуудал л даа. Сонгууль дөхөөд ирэхээр эсвэл томилгоотой холбоотойгоор дандаа л ийм асуудал гардаг шүү дээ.
Уг нь би нэлээд олон төрийн бус байгууллагатай хамтарч ажилладаг юм.

Гэтэл сайн зүйл хийж байгааг минь анзаарсан хүмүүс дуугүй өнгөрдөг. Зүгээр нэг ашиг хонжоо олох гэсэн санаатай хүмүүс л ийм зүйл хийгээд яваад байдаг юм уу даа. Энэ тохиолдлыг би ямар нэгэн ашиг хонжоо хайсан хөдөлгөөнүүдийн нэгнийх нь хийж байгаа үйлдэл л гэж ойлгож байгаа. Юу хүсээд байгаа нь удахгүй тодорхой болох байх аа.
-Авлигатай тэмцэх газарт хандана гэдгийг манайхан хүндээр хүлээж авдаг болчихож. Бараг л гэмт хэрэгтэн мэтээр гэх үү дээ. Саяхан Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Авлигатай тэмцэх газраас шалгаж, байцаахаар албадан саатуулсан. Гэтэл тэр хүнийг яллах гэж байгаа мэтээр хүлээж авсан. Мөн үүнээс хойш "Хуулийн байгууллагууд ямар ч уялдаа холбоогүй ажилладаг" гэсэн шүүмжлэл гараад байгаа. Баривчилсан үйл явцыг та юу гэж дүгнэж байна вэ?
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах үйл явцыг би телевизээр эхнээс нь дуустал харсан. Ер нь зөвхөн Монголд ч биш дэлхийн аль ч улсад хуулийн байгууллагууд нь хоорондоо ийм зөрчилдөөнтэй байдаг л юм. Тухайлбал, манайхаар бол Авлигатай тэмцэх газрынхан нь "Бид нар" гэж байхад цагдаагийнхан нь "Үгүй, бид" гэх ч юм уу. Мөн Тагнуулын ерөнхий газрынхан, прокурорынхон, цэргийнхэн ч байна. Эд чинь хоорондоо байнгын өрсөлдөөнтэй байдаг. Ер нь ажил нь тийм л юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албадан саатуулах явцад тодорхой хэмжээний уялдаа холбоотой байсан уу, гэвэл байсан л юм шиг байгаа юм. Гэхдээ дээр хэлсэн шиг өрсөлдөөний арга техник ажлынх нь дундуур ороод будилуулчихсан юм болов уу гэж харж байгаа.
-Авлигатай тэмцэх газрынхан төрийн тусгай хамгаалалтынханд "Баривчилгаа явуулна шүү" гэдэг мэдэгдлийг хүртэл хүргүүлсэн юм билээ. Энэ тухай албаных нь хүн хэлж байсан?
-Тиймэрхүү зүйл сонсогдож байгаа. Гэхдээ зүгээр мэдэгдэх бол нэг асуудал. Гэхдээ тухайн үед уялдаа холбоогүй байсан гэх нь ч юу юм. Ер нь бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуайг баривчлах явцад хуулийн байгууллагынхан өөрсдийн амбицыг гаргачихснаас болоод л асуудал үүссэн шүү дээ.
-Бас "Баривчилгааны талаарх нууц задарсан байж болзошгүй" гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Үүнээс болоод Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тухайн өдөр долоодугаар сарын 1-ээр шоудсан ч гэх юм. Ер нь ийм нууц задруулах боломжтой гэж та үзэж байна уу?
-Баривчилгааны талаарх нууц задруулсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ баривчилгаа болох гэж байгааг Н.Энхбаяр гуайн чихэнд хэн нэгэн хүн шивнэсэн байна уу, үгүй юү гэдэг нэг их сонин асуудал биш шүү дээ. Тухайн хүн долоодугаар сарын 1-ий асуудлаар мэдэгдэл хийнэ гэдэг мэдээлэл тухайн үйл явдал болохоос өчнөөн хоногийн өмнө гарчихсан байсан байх аа.
-Тухайн өдөр нь л мэдээлэл хийх гэж байгаа тухайгаа мэдээлсэн шүү дээ?
-Үгүй ээ. Тэр өдөр Төрийн ордонд мэдээлэл хийнэ гэдгээ л мэдэгдсэн болохоос биш долоодугаар сарын 1-тэй холбоотой мэдээлэл хийнэ гэдэг нь хэдийнэ тодорхой болчихсон байсан юм. Тиймээс би баривчилгааны талаарх нууц задарсан эсэх талаар яриа гаргах нь зөв биш байх гэж бодож байгаа. Харин Н.Энхбаяр гуай баривчилгааны үйл ажиллагаа явагдаж байх үед телевизээр "Намайг долоодугаар сарын 1-тэй холбоотой асуудлаар баривчлах гэж байна" гэж хэлдэг нь л сонин. Үүнээс болоод хүн бүрт өөр ойлголт төрүүлчих шиг болсон.
-Тухайн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаярынд байсан УИХ-ын дөрвөн гишүүний халдашгүй байдалд хуулийнхан халдсан уу, үгүй юү гэдгийг тогтоохоор байнгын хороодоос ажлын хэсэг гаргасан. УИХ-ын зарим гишүүн "О.Чулуунбат, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр нар өөрсдөө халдашгүй байдлаа Н.Энхбаяр гэдэг хүнд ашиглуулсан" гээд байгаа. Та юу гэж дүгнэж байна?
-Би тэр гишүүдийн тухай юу хэлэх вэ дээ. Тухайн үед өөрсдөө л гэрт нь очсон шүү дээ. Н.Энхбаяр гуайг баривчлах гээд багахан хэмжээний мөргөлдөөн болж байгааг тэр гишүүд бүгд л харсан даа. Машиных нь цонхыг хагалж, дайрч байгааг ч мэдсэн.

Тиймээс "Цааш үргэлжлээд нэг иймэрхүү зүйл болно доо" гээд гадарлаж л байсан байх. Мэдэж байж л очсон. Ер нь бол УИХ-ын гишүүний халдашгүй эрхэнд халдана гэдэг чинь гишүүний гэрийн хаалгыг эвдээд орно гэсэн үг. Нөгөөтэйгүүр, тухайн гишүүний гар, хөлнөөс нь чирээд байсан бол халдсан гэж хэлж болох байх.
Эсвэл тухайн хүний машины цонхыг хагалах ч юм уу, хаалгыг нь эвдсэн бол бас тэгж хэлж болох байсан.

Тухайн үед яг юу болсныг би мэдэхгүй л дээ. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын ярьж буйгаар бол тэнд байсан диваныг аваад дээр нь хөмөрчихсөн гэж байгаа. Тэгэхээр үүнээс цагдаагийнхан Н.Энхбаяр гуайг баривчлах гээд замаа чөлөөлж байгаад ийм үйлдэл гаргасан байх талтай гэсэн бодол төрж байна. Тиймээс энэ үйлдлийг УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдсан гэж хэлэхэд хэцүү. Тэр орон сууц тухайн гишүүдийнх биш байсан учир.
-Яг энэ хэргээс болоод дээрх гишүүд Ардын намын таван гишүүнтэй нийлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлага тавьсан. Зарим хүн нь "Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ бүх үйл ажиллагааг мэдээгүй учир огцрох ёстой" гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Тэдний энэ үйлдлийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тухайн үед юу болсныг мэдэж байх ямар шаардлагатай юм. Энэ чинь зүгээр л өдөр тутам л болдог зүйл шүү дээ. Заавал сайд мэдэх албагүй. Ер нь манай улсад бүх л болохгүй байгаа зүйлийг сайд, дарга нартай холбож ярьдаг шүү дээ. Тухайлбал, "Цахилгаан тасарчихлаа. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд руу ярьдаг юм уу" гэдэг. Бага байхын л болохгүй л юм гарвал "Сайд нь юу хийдэг юм бэ" гэдэг байсан байх аа. Яг энэ сэтгэлгээнээсээ одоо болтол салаагүй байгаагийн л нэг илрэл нь дээрх үйлдэл юм болов уу. Үнэнийг хэлэхэд манайд л иймэрхүү зүйлээр шуугиан дэгдээгээд байгаа болохоос олон улсын жишигт бол сайд, Ерөнхийлөгчийг нь зүгээр л бариад явчихдаг биз дээ. Нөгөөдүүл нь ч гэсэн өөрсдөө ухамсартай учир хуулийнхаа байгууллагад очоод мэдүүлгээ өгчихдөг байх жишээтэй. Ер нь бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг тухайн өдөр болсон үйл явдлаас болоод огцруулах гээд байгаа юм биш. Харин тухайн өдрийн маргааш гишүүдтэй хэрхэн харьцсан харьцаанаас нь л болж огцруулах гээд байгаа гэсэн дүгнэлтийг би хийж байгаа.
-Танай намынхан уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулаад байгаа ч Ц.Нямдорж сайд огцрох нь бараг тодорхой болчихсон. Ардчилсан намынхан шаардлага тавьсан есөн гишүүнтэй санал нэг байгаа. Дээр нь нэмээд гурван бие даагч гишүүн байна. Хэрэв энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцвэл та ямар санал өгөх вэ?
-Би бол огцруулахгүй л гэдэг санал өгнө.
-Танай намаас МАХН-д нэгдэхээ илэрхийлсэн хэсэг гишүүн байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат нар "Н.Энхбаярыг баривчлах үйл явцаас болоод намдаа итгэх итгэл алдарсан. Тиймээс хуучин намынхаа батлахыг сэргээх хүсэлтэй байгаа" хэмээн тойруугаар мэдэгдсэн. Та тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?
-Би тэднийг тэгж хэлснийг мэдээгүй юм байна. Хэрэв үнэхээр тэгж мэдэгдсэн бол "баяртай" л гэж хэлнэ. Хүн шийдвэрээ гаргасан байхад би өөр юу гэх юм бэ. Харин МАХН-д орчихоод хуучин тойрогтоо энэ жил нэр дэвших юм бол тухайн тойрогт Ардын намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа хүнд юу гэж хэлж өрсөлдөх вэ гэдгээ л сайн бодох хэрэгтэй.
-Дээрх гишүүдийг МАХН-ын нууц гишүүд гээд байгаа. Үнэхээр ч энэ үйл явдал болохоос өмнө нэр дэвших тойргийн асуудлаас болоод намынхаа удирдлагуудад гомдсон гишүүд янз бүрийн авир гаргаж байгаа. Тэднийг өмнө нь "Гомдогсдын арми"-ийнхан гэж нэрийдэж байсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулиас л болж ийм асуудал үүссэн гэхэд болно. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн "гулсах" заалтыг Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас хүчингүй болгох нь тодорхой. Унасан тохиолдолд намын нэр дугуйлах хувилбар байгаа ч бас л Үндсэн хууль зөрчих болчихоод байгаа. Хэнд ч ойлгомжгүй байгаа учир энэ асуудал олон таамаг дагуулж байна. Та УИХ-ын сонгуулийн тухай хуулийн ирээдүйг хэрхэн харж байна?
-Яг энэ асуудал өнөөдөр толгойны өвчин болж байна. Тиймээс энэ л асуудал бүлгийн хуралдааны гол сэдэв болж байгаа шүү дээ.
-"УИХ-ын Сонгуулийн тухай шинэ хууль Үндсэн хууль зөрчиж байна" гээд байгаа тохиолдолд хуучин хуулиараа буюу 100 хувь мажоритари тогтолцоогоор сонгууль явуулах хууль, эрхзүйн боломж бий юү?
-Нэгэнт л шинэ хууль нь "Үндсэн хууль зөрчиж байна" гээд Үндсэн хуулийн Цэц дээр унаад байгаа тохиолдолд шинэ хууль хүчингүй болно гэсэн үг. Тэгэхээр шинэ хуульд байгаа "Хуучин хуулийг хүчингүй болгоно" гэсэн заалт ч давхар хүчингүй болно шүү дээ. Тиймээс хуучин хуулиараа сонгууль явуулахаас өөр аргагүй болж байгаа биз дээ.
-Ямар хэргээр Лондон явсан юм бэ. Зорьсон ажил тань бүтэмжтэй юү?
-Олон улсын буудлагын холбооны их хурал Лондон хотод хоёр хоног болсон. Манай холбоо дүрэмдээ өөрчлөлт оруулах гэж олон жил ярьсан ч нэг л бүтэлтэй болж өгөхгүй байсан юм. Энэ асуудлыг олон улсын буудлагын холбооны их хурлаар танилцуулсан ч харамсалтай нь ганц, хоёрхон зүйлээс болоод бүдэрчихлээ. Хэрэв энэ асуудал дэмжигдчихсэн бол манай улс шиг тивдээ рейтингээрээ дээгүүр бичигддэг хэрнээ олон улсын түвшинд нөлөөлж чаддаггүй улс тусгай хороодуудын шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллах боломжтой болох байсан. Гэхдээ олон улсын буудлагын тэмцээн байгуулах хэмжээний том цогцолбор байгуулах асуудлыг дэмжүүлж чадлаа. Тиймээс ойрын үед олимп зохион байгуулах хэмжээний том цогцолбортой болох болов уу гэж найдаж байна. Уг цогцолборыг байгуулахаар нисэхийн цаана газар авах хүсэлтээ Нийслэлийн газрын албанд тавьж зөвшөөрүүлсэн. Энэ асуудлыг Ерөнхий сайд их анхаарч ажилласан л даа.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Нийтлэлч
Р.Сарангоо
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин  2012 оны 4-р сарын 23, Даваа гариг


No comments:

Post a Comment