Monday 23 April 2012

”Нийгмийн даатгалын мөнгийг улс төрөөс салгаж өглөө”


Малчдад дуулгах таатай мэдээ байна. Шинээр сонгогдох парламентаар саяхан өргөн барьсан Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх багц хуулийг хэлэлцэхээр болоод байгаа билээ. Уг хуулийг баталснаар өнөөгийн нийгмийн даатгалын тогтолцоонд бүрэн шинэчлэл хийгдэж, малчид ч тэтгэвэр тогтоолгох боломжтой болж буй аж. Тиймээс ч олон нийтийн анхаарлын төвд энэхүү хуулийн төслүүд байгаа юм. Энэхүү хуулийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Д.Нямхүү Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд байхдаа гардан боловсруулжээ. Тиймээс Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх багц хуулийн талаар түүнтэй ярилцлаа.

-Нийгмийн даатгалын тогтол­цоог шинэчлэх багц хуулийг боловс­руулахад ахалж ажилласан хүний хувьд нэг зүйлийг манай уншигчдад тодорхой хэлж өгөөч. Энэ хуулиудыг баталснаар ямар ахиц гарах юм бэ?

-Нийгмийн даатгалын багц хуулийг багагүй хугацаанд боловсруулж дууссан. Гэхдээ эдгээр багц хуулийг энэ удаагийнх бус дараагийн парламент батлах болов уу. Товчхоноор хэлэхэд, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг энэ хуулиудад хийж өгсөн. Тогтолцоо нь шинэчлэгдэхээр зохион байгуулалтаас эхлээд бүх систем шинэчлэгдэнэ.

-Энэ хуулиудын гол онцлог нь юу вэ?

-Монгол Улс тэтгэврийг гурван давхарга болгох тогтолцоо руу шилжүүлж байгаа. Хоёрдугаарт, тэтгэвэргүй хоцорсон олон мянган иргэдийг тэтгэвэртэй болгохоор тусгасан. Тэгэхээр ямар нэгэн байдлаар шимтгэл төлсөн ч, төлөөгүй ч тэтгэвэргүй хоцорсон бүх хүн тэтгэвэртэй болно гэсэн үг. Өөр бас нэг онцлог гэвэл өнөөдрийн тэтгэврийн шимтгэл төлж байгаа хүмүүс суурь тэтгэвэр аваад, дээр нь өөрийн шимтгэл төлсөн хэмжээ, хугацаанаас хамаараад тэтгэвэр авах бололцоотой болж байгаа. Тэтгэврийн үндсэн зарчим нь авч байгаа цалингийн хэмжээнээс хамаарсан байдаг. Түүнийг нь Засгийн газар ямар нэгэн улс төрийн шийдвэрээр нэмж, хасаад тэтгэврийн үндсэн зарчмыг алдагдуулдаг. Үүнээс болоод цөөн жил шимтгэл төлсөн бага тэтгэвэр авах ёстой хүн өндөр цалинтай ажиллаж их шимтгэл төлсөн хүнээс  илүү тэтгэвэр авах магадлал ихэсдэг. Тиймээс нийгмийн даатгалын мөнгийг улс төрөөс салгаж өглөө. Ингэхдээ төсвийн мөнгөнөөс гаргаж байдаг тусгай тэтгэвэр бий болгосон. Үүнийг одоогоор суурь тэтгэвэр гэж нэрлэж байгаа. Засаг түүнийгээ л дээшээ, доошоо хөдөлгөдөг болно. Харин шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврээр оролдох боломжийг нь хаачихсан.

-Үлдсэн давхарга нь юу вэ?

-Тэр нь өндөр цалинтай хүмүүст ирээдүйн тэтгэвэртээ зориулж мөнгө хураах бололцоог нь гаргаад өгчихөж байгаа юм. Бас нэг зүйл бий.

-Ямар?

-Одоо ажиллаж байгаа хүмүүс цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг. Дээрээс нь зээлээр авсан орон сууцныхаа мөнгийг төлөх гэж хэцүүхэн байдалд орж байна. Хичнээн ажилтай байгаад залуу гэр бүлд орон сууц авах барьцаа хөрөнгө алга.

Орон сууцаа зээлээр авчихлаа гэхэд эргээд төлөх гэж хамаг цалингаа өгч байна.  Үүнийг зохицуулж өгсөн.

-Яаж тэр вэ. Нийгмийн даатгалын хуримтлалаас нь шийдэх хэрэг үү?

-Хэрвээ та ажиллаад, тэгээд нийгмийн даатгалын шимтгэлээ төлчих юм бол ирээдүйд авах орон сууцны чинь баталгаа болно гэсэн үг. Үүнд ялангуяа залуучууд хамрагдах боломжтой. Ирээдүйд төлөх шимтгэлээр нь барьцаалаад өнөөдөр орон сууцтай болгоно гэсэн үг шүү дээ. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэлд, орон сууцны зээлд гээд хоёр тийшээ төлбөр төлдөг байсан бол зөвхөн даатгалын шимтгэлээ л төлөөд байхад багагүй хугацааны дараа байрныхаа мөнгийг төлчихөөр бололцоог суулгаж өгсөн юм. Үүнийг Сингапураас эхлээд олон орон хэзээний хэрэгжүүлээд амжилтанд хүрчихсэн байна. Түүнээс гадна, ялангуяа малчид, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс тэтгэвэр авах бололцоогүй болчихоод байна. Тэднийг зөвхөн сайн дураараа шимтгэл төлж болно гэсэн заалт л үйлчилж байна. Ингэхээр бас л нэг асуудал гардаг. Учир нь тэр хүмүүс мөнгө хураах бололцоо бага. Өнөөдөр ажил олгогч тухайн ажилчныхаа нийгмийн даатгалын шимтгэлийн зарим хэсгийг нь төлдөг. Дээр нь ажилчин өөрөө бас төлдөг. Ингэснээр өндөр тэтгэвэр авах боломжтой байгаа юм. Яагаад гэвэл өндөр шимтгэл төлж байгаа учраас. Харин нөгөө сайн дураараа төлдөг хүмүүст ажил олгогч байхгүй учраас зөвхөн өөрийнхөө мөнгөнөөсөө л төлдөг. Ингэхээр бага мөнгө төлнө гэсэн үг. Энийг гадаадад янз бүрээр шийдсэн байдаг л даа. Жишээлбэл, Германд хөдөө аж ахуйн даатгал төлөгч ажил олгогчгүй бол оронд нь төр нь төлдөг. Энэ тогтолцоог нэвтрүүлэхээр судалж, боловсруулаад багц хуулийн төсөлд суулгачихсан. Ингэснээр малчин ирээдүйдээ тэтгэвэр авъя гээд шимтгэлээ төлвөл нөгөө талд нь тухайн хүний төлсөнтэй адил хэмжээний шимтгэлийг төр төлж өгнө. Тэгэхээр тухайн малчин мөнгө хуримтлуулах бололцоо хамаагүй өндөр болчихож байгаа биз.

-Малчдын асуудлыг ин­гээд шийдчихсэн юм байж. Харин зах, дэлгүүрт хувиараа худалдаа хийдэг хүмүүсийг яах вэ?

-Хөдөө, аж ахуйн даатгалаас гадна албан бус хөдөлмөр эрхлэгчдийн даатгал гэсэн хэлбэрээр хийгээд төр бас шимтгэлийг нь төлж болно. Гэхдээ албан бус хөдөлмөр эрхлэгчдийг бид нар албан ёсны хөдөлмөр эрхэлж байгаа хэлбэрт шилжүүлэхийн тулд ямар нэгэн байдлаар татвар төлөх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Тухайн хүн татварын албанд ямар нэгэн байдлаар бүртгэгдэх ёстой. Энэ нь малчдад ч бас хамаарна. Хүн амын орлогын албан татвараа төлнө гэдэг төрийнхөө өмнө үүрэг хүлээж байна гэсэн үг. Түүнийх нь төлөө төр тодорхой хэмжээгээр нийгмийн даатгалынх нь шимтгэлийг иргэндээ төлж байна гэж ойлгосон ч болно.

Банкнаас зээл ав, төр чиний өмнөөс барьцаа гаргаж өгье. Гэхдээ чи татварын албанд бүртгүүлж, татвар төлөх ёстой гэсэн л зарчим юм. Одоо бол иргэд аж ахуй эрхлэх гээд зээл авахаар банкинд ханддаг. Гэтэл  банкныхан “Орлого чинь хүрэхгүй байна” гээд зээл олгодоггүй гэж их гомдоллодог. Мэдээж банк тодорхойгүй орлоготой хүнд баталгаагүй зээл олгохгүй шүү дээ. Тиймээс орлого, зарлага нь тодорхой, тэр нь баталгаажсан бүртгэлтэй байх ёстой. Гэтэл энэ бүртгэлийг манайхан тоодоггүй. Үүнээс л болоод тухайн хүний өмч баталгааждаггүй. Тиймээс тухайн хүн хашаагаа бүртгүүлэхээс эхлээд бүхнээ баталгаажуулах ёстой. Ингэвэл Монгол Улсын хөрөнгийн хэмжээ ч гарч ирнэ. Хувь хүний ч хөрөнгийн хэмжээ тодорхой болж баталгаажна. Баталгаажчихсан өмчтэй, татварын албанд төлсөн татвар, даатгалын шимтгэл төлсөн дэвтэртэй иргэн зээл авахаас эхлээд бусад бүх харилцаанд оролцох боломж бүрдэх юм. Үүнийг л яриад байна.

-Тэтгэвэр ярихаар 1990 оноос өмнө, хойно тэтгэвэрт гарснаас шалтгаалаад  хоёр өөр зүйл болчихдог. Тэрийг ер нь яаж шийдэх вэ. Тэр хэвээрээ байсаар л байх юм уу?

-Өмнөх нийгэмд нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудлын тухай яриа л даа. Тэр үед нийт цалингийнх нь сангаас шууд шимтгэлийг нь суутгачихдаг байсан юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, тээврийн жолооч мянган төгрөгийн цалинтай байлаа гэхэд түүнээсээ шимтгэл төлж байна гэсэн үг. Өнөөдрийн хуулиар бол хоёр сая төгрөгийн цалинтай хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин үржүүлсэнтэй тэнцүү хэмжээнээс шимтгэл төлнө гэсэн заалттай. Ялгаа байгаа биз.

-Тийм байна. Үлдсэн нь өөрт нь үлдэх нь байна шүү дээ?

-Тийм ээ. Одоо хөдөлмө­рийн хөлсний доод хэмжээ 140 мянган 400 төгрөг байгаа. Ингээд тооцвол 1 сая 404 мянган болно. Энэ мөнгөнөөсөө л шимтгэл төлнө. Үлдсэн 600 мянган төгрөгөөсөө шимтгэл төлөхгүй гэсэн үг. Ийм ялгаатай. Нөгөөтэйгүүр 1990 оноос өмнөх үед төлж байсан шимтгэл улсын төсөв рүү шууд ордог байлаа. Тиймээс улс шимтгэлийг нь авчихсан учраас тэтгэврийг нь өгөх үүргийг хуулиар хүлээдэг гэсэн үг. Гэтэл улсын эдийн засгийн байдал шилжилтийн үед муудсан учраас тухайн хүний шимтгэл төлсөн хэмжээнд нь тэтгэвэр олгож чадахгүйд хүрсэн. Одоо ч чадахгүй байна. Тиймээс янз бүрийн тогтоол журам гаргаад хасаад, хязгаарлачихсан хэрэг. Энэ л асуудал болоод байна л даа. Тухайн үед мянган төгрөгийн цалинтай хүмүүс өнөөгийн ханшны зөрүү, амьдралын өртөг зэргийг тооцохоор сая төгрөгтэй дүйцэхүйц цалин авдаг байж. Энэ нь гарцаагүй үнэн. Тиймээс тухайн хүний тэтгэвэр тухайн үед 45 хувиар тогтоогдсон бол 450 мянган төгрөгийн тэтгэвэр авах ёстой. Гэтэл яагаад 150-200 мянган төгрөгийн тэтгэвэр аваад байна гэж бодож байна.

-Мэдэхгүй. Яагаад?

-Яагаад гэвэл Засгийн газар хязгаарлалт тогтоочихсон. Дээр нь итгэлцүүр гээд юмыг жил болгон гаргадаг. Түүнд нь үнэ ханшийн зөрүү бодитоор тусч чаддаггүйгээс бага тэтгэвэр болоод хувирчихаж байгаа юм. Уг нь нийгмийн даатгалынхаа үндсэн зарчмаар бол Засгийн газар гарцаагүй буруудна л даа. Үүнийг ойлгосон иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаад тэтгэврээ нэмүүлж, шинээр тогтоолгож байна. Тэтгэвэр нь дутуу тогтоогдсон байх магадлалтай тэтгэвэр тогтоолгосон 30-аад мянган хүн бий. Социалист чиг баримжаагаар явсан орнуудад насжилт өндөрсөөд, төрөлт багасаад ирэхээр тэтгэвэр маш хүнд асуудал болж байна л даа. Тэтгэврээ өгч чадахгүй хэмжээнд хүртэл хүрч байна. Олон улсын валютын сангийн тэргүүн Кристан Лагард ч энийг анхаарууллаа. Эхнээсээ зарим орнууд тэтгэврээ тавьж дийлэхээ байгаад тэтгэвэрт гарах насыг нэмж байна.

Жишээ татахад, Франц, Герман улс 60-тай тэтгэвэрт гаргадаг байсныг хоёроор нэмээд 62 настайд нь гаргахаар болсон чинь иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна. Бид ч ийм байдалд хүрч болзошгүй. Тэгэхээр одооноос тэтгэврийн тогтолцоог зөв хэлбэрээр явуулах хэрэгтэй. Тиймээс л ажилласан. Ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан хүний хувьд нийгмийн даатгалын багц хуулийн төслийг их боловсронгуй болсон гэж бардам хэлнэ. Ажлын хэсгийнхэн ч маш их хөдөлмөрлөсөн.

-Удахгүй Франц, Германы жишиг Монголд давтагдах юм биш биз дээ. Мэргэжлийн хүмүүс удахгүй хүн амын цонх үе гарч, ажиллах хүчин нь цөөнхи, тэтгэврийн насныхан олонхи болно гээд яриад байгаа л даа. Тэр үед яах вэ?

-Насжилтын үндэсний стратеги гэж бий. Түүгээр хэдэн онд Монгол Улсад тэтгэврийн насныхан давамгайлах, хэдэн онд хамгийн их ажиллах хүчний нөөцтэй байх вэ гэдгийг нарийн тооцоод гаргачихсан. Энэ тооцооллоор 2040 он хүртэл хөдөлмөрийн чадвартай хүмүүс хамгийн олонтой үе гарч ирнэ. Энэ нь 1960-1970-д оны үед төрөөс баримталсан одонгийн мөнгөтэй холбоотой. Хүүхдийнх нь тоогоор мөнгө олгоод эхлэхээр төрөлт ихэссэн. Тэр үед төрсөн иргэд маань өнөөдөр нас биед хүрч ажиллах хүчний нөөц болчихлоо гэсэн үг. Харин 1990-ээд онд төрөлт буурсан. Энэ үеийнхэн ид насандаа хүрэх мөчлөг ирэх үед Монгол Улсад ажиллах хүчний нөөц багасна, тэтгэврийн хүмүүсийн тоо ихэснэ. Тэр үед яах вэ гэдгийг одоо батлуулах гээд байгаа хуулийн төсөлд нарийн тусгаад өгчихсөн учраас санаа зовох зүйлгүй. Одоо бид хүн амаа өсгөх бодлого барьж байгаа. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалыг бас сайжруулах ёстой. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх ёстой шүү дээ. Одонгийн шалгуурыг бууруулна гэдэг маань иргэдээ олон хүүхэдтэй байхыг дэмжинэ ээ гэсэн үг. Саяхан өргөн баригдсан Эхэд урамшуулал олгох тухай хууль гээд бий. Түүнд олон хүүхэдтэй эхчүүдэд цалин олгохоор тусга­­­чих­сан.

Хүүхэд өсгөнө гэдэг бол хүнд хөдөлмөр. Тиймээс хүүхдийнх нь тооноос хамаараад шаталсан байдлаар цалин олгож байх хууль батлагдана.

-Яагаад?

-Яагаад гэвэл Ерөнхийлөгч энэ хуулийг дэмжсэн. Гэхдээ бас ийм заалт нэмсэн. Хөдөлмө­рийн хуулиар шинэ төрсөн эх хүүхдээ хоёр нас хүртэл харж болно гээд заачих­­­сан байдаг ч цалин өгдөггүй. Хүүхдээ харах хугацаанд орлогогүй учраас амьдрал ахуй нь хэцүүддэг. Аргагүйн эрхээр хүүхдээ харахаас татгалзаж, ажилдаа ордог. Ажиллаж байх үедээ авч байсан цалинг нь хүүхдээ хоёр нас хүртэл нь харах хугацаанд өгдөг болно гэсэн заалтыг Ерөнхийлөгчийн санаачилгаар нэмсэн. Ихэр хүүхэд төрүүлсэн эх хүүхдээ гурван нас хүртэл цалин авна гэсэн үг. Ингэснээр тухайн хүүхэд эрүүл, саруул, зөв хүмүүжилтэй иргэн болж өсөхөд маш их ач тустай. Олон хүүхэдтэй гэр бүлийн 70 хувь нь ядууралд өртөж байна. Харин нэг юм уу, хоёр хүүхэдтэй айлын 12 хувь нь ядууралд нэрвэгддэг гэсэн судалгаа бий. Олон хүүхэдтэй айлын орлого багасаад зарлага нэмэгдэж байна гэсэн үг. Орлого нь багасаад, зарлага нь ихэсч байна гэсэн үг. Үүнийг л зохицуулах юм.

-Тэгэхээр ажил хийх эмэг­­тэй хүн олдох болов уу? Хүүхэд гаргачихаад тэднийгээ хараад бас хажуугаар нь мөнгө аваад л гэртээ суугаад байх юм биш үү?


-Энэ цалин чинь их мөнгө биш шүү дээ. Таван хүүхэдтэй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина. Одоогийнхоор бодох юм бол 140 мянга 400 төгрөгийн цалин авна гэсэн үг. Найман хүүхэдтэй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин ихэсгэсэнтэй тэнцүү мөнгөөр цалинжина. Энэ тохиолдолд 280 мянга 800 төгрөг авна. Дээрээс нь ажиллаж байгаад хүүхдээ гаргасан бол цалингаа авна. Ингэхээр тухайн эхийн орлого боломжийн хэмжээнд очих боломжтой гэсэн үг. Нэг хүүхэдтэй эх өдөрт найман цаг ажилладаг гэж тооцвол дахин хүүхэд гаргавал өдөрт 12 цагийн ажилтай болно. Дахиад түүнийгээ хоёр нас хүрэхэд дахин нэг хүүхэд гаргалаа гэж бодьё. Ингээд энэ айл гурван нялх хүүхэдтэй болно гэсэн үг. Ийм эх ямар хэмжээний ажил хийх вэ?

-Гурван хүүхдээ өсгөж, тор­­ниул­на гэдэг амаргүй даваа л даа?

-Хоногийн 24 цагийн 20 цагт нь ажиллана гэсэн үг шүү дээ.

-Энэ мөнгө авч байсан ца­­лингаас биш хөдөлмөрийн хөлс­­ний доод хэмжээнээс хамаа­­рах юм байна шүү дээ. Энэ зөв үү?


-Хоёр өөр заалт бий. Эхнийх нь хүүхдийн тооноос хамаарч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр мөнгө авна гэсэн үг. Нөгөөх нь хүүхдээ хоёр нас хүртэл асрах хугацаанд цалингаа бүтнээр нь авах тухай юм. Энэ нь ажил хийж байсан хүмүүсийн хувьд ашигтай мэт харагдаж байгаа ч  үнэндээ ажил огт хийж байгаагүй эхчүүдэд хамгийн их ашигтай. Ажил хийж байгаа хүний хувьд нэг хүн ч гэсэн цалингаа авч, гэр орон, цаашлаад өөрийн ирээдүйн карьераа бодно гэж нэг асуудал байна. Өөрийн нийгэмд эзлэх байр сууриа олж  өсч дэвжих хүсэл бий. Гэтэл түүнийгээ хаяад гэртээ сууна гэдэг тэр бүх боломжоосоо татгалзана гэсэн үг. Ялангуяа өндөр цалинтай, сэхээтэн эмэгтэйчүүдийн хувьд их хүнд тусна гэсэн үг. Тиймээс хэдэн хүүхэд хэзээ гаргах вэ гэдгээ төлөвлөж таарна.

-Монгол ардын нам 1,5 сая төгрөгийн амлалт шигээ 2016 онд дөрвөн хүүхэдтэй айлд байр өгнө гэж байна. Энэ нь дахиад бэлэнчлэх сэтгэлгээг дэврээх юм биш үү? 


-Энэ нь шинэ гэр бүлд мөнгө өгнө гэдэгтэй адил буруу бодлого ч байж магадгүй. Хөдөөний малчин айлд заавал хотод байр өгвөл хөдөөг хөгжүүлэх, шилжилтийг саармагжуулах бодлогоо яах вэ? Харин Ардчилсан нам арай өөр маягийн хөшүүрэг тавьсан. Хувьцаа гэж. Энэ бол өөрөө цааш нь өвлүүлж, зарж, хөрөнгө болгож болдог мөнгө, хөрөнгө. Хувьцааны цаана жил бүр ногдол ашиг авах эрх үүсч байна. Гэр бүл хичнээн олон хүүхэдтай байна төдий чинээ олон хувьцаа ирнэ. Төдий хэмжээгээр байгалийн баялгаас хүртэнэ. Тэр талаас нь бодвол зүгээр нэг орон сууц өгөөд хаях, тогтмол өсөн нэмэгдэж буй орлоготой болгох хоёр өөр байгаа биз. Орон сууцыг бол авч болно. Харин маргааш яах вэ, зараад л иднэ шүү дээ. Орлого багатай өрх тэр орон сууцны ашиглалтын зардал байрны хөлсийг бүгдийг өөрөө төлж чадах уу. Харин хувьцааны ашиг бол жил бүр өсөн нэмэгдэнэ.

-Нийгмийн даатгалын сангийн мөнгө байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй байна гэж хүмүүс ярьдаг. Гадаадын орнуудад энэ мөнгийг өсгөдөг. Хүүтэй байдаг. Түүн шиг энэ мөнгийг өсгөх талаар энэ хуулиудад тусгасан зүйл байгаа юу?

-Маш тодорхой суулгаж өгсөн. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө гэж тэтгэврийн даатгалын сангийн мөнгийг хэлж байгаа юм. Дэлхий дээр хуваарилалтын зарчим, хуримтлалын зарчим гэсэн хоёр тогтолцоо байдаг. Эхнийх нь шимтгэл төлж байгаа хүмүүсийн мөнгийг одоо тэтгэвэр авч байгаа, тэтгэвэрт гарч байгаа хүмүүст шууд өгдөг гэсэн үг. Нөгөөх нь төлсөн шимтгэл зөвхөн тухайн хүний дансанд л орно. Өөр хэний ч нэр дээр очихгүй гэсэн үг. Манайх 2015 оноос хуримтлалын зарчимд шилжээд цуглуулсан мөнгөнөөсөө тэтгэвэр авна гээд хууль баталчихсан. Хүн бүхэнд нэрийн данс нээнэ гэж байгаа. Гэтэл социализмын үеийн хүмүүсийн мөнгө төсөв рүү ороод байхгүй. Буцаагаад энэ хүмүүст төр өөрөө улсын төсвөөс тэтгэвэр тавьж чадахгүй. Тэгэхээр хуваарилалтын зарчмаар шимтгэл төлсөн хүмүүсийн мөнгийг аваад нөгөө хүмүүстээ тэтгэвэр болгоод өгчихөж байгаа юм. Харин шимтгэл төлсөн хүмүүст нь нэрийн данс нь байгаад байдаг. Тэгсэн хэрнээ дансанд нь мөнгө байхгүй. Ийм хоёр зарчим хоёулаа манайд байгаа.Хуримтлалын тогтолцооны нэг сайн тал нь нэрийн дансанд мөнгө хуримтлуулсан бол их бага байлгах нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарна. Бас тэтгэвэрт гарангуутаа бөөнд нь авах эрхтэй. Гуравдугаарт, өөрийнхөө хүүхэд юм уу хэн нэгэнд өвлүүлж болно. Эсвэл өөрөө аваад зарцуулж болно. Ингэж бодох юм бол яг банкны хадгаламж шиг хүний өөрийн мэдлийн мөнгө болж байгаа юм.

Нөгөө талаасаа бас нэг боломж бол энэ сангийн мөнгийг зарим орнууд татаж аваад өөсдийнхөө бүтээн байгуулалтад ашигладаг. Одоо шимтгэлийн орлого жилдээ 350 орчим тэрбум төгрөг байна. Энэ бол 300 гаруй сая доллар. Манай Засгийн газар “Оюутолгой”, “Рио Тинто”, “Чалко” ч юм уу, янз янзын хятад, америк гадны нөхдийн өмнө уруулаа унжуулж хэдэн төгрөг олох шаардлага алга. Иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл болох асар их хэмжээний мөнгө байна шүү дээ. Түүнийг нь зээлээд ашиглах хэрэгтэй. Манайд хичнээн гавьяат эдийн засагч байна аа. Тэд ийм санал гаргахгүй юм. Бидний боловсруулсан энэ хуулийг УИХ-ын гишүүд сайн уншиж ойлгох хэрэгтэй. Харамсалтай нь манай УИХ-ын зарим гишүүд хууль унших нь битгий хэл ганц хуудас цаас дээр товчлоод бичээд өгөхөд уншдаггүй. Тэгсэн хэрнээ гараа өргөж, худлаа ярьж сууж байгаад гараад явчихдаг хүн энэ их хуралд олон байна.  Ийм УИХ-ын гишүүнтэй байхаар эх орон яаж хөгжих вэ? Эд нар чинь улс орныг хөгжүүлж, нийгмийн амьдралын гол шийдвэрийг гаргадаг хүмүүс. Гэтэл тэр хүмүүс нь ажилдаа хайхрамжгүй хандаж, өчнөөн цагаар ажлаа тасална. Зарим нь хөдөөнөөс сонгогдчихоод гадаадад очоод амьдарч байгаад ирж байна. Эсвэл өөрийнхөө бизнесийг хөөгөөд компани дээрээ л сууж байдаг улсууд байна.  Нүүрс зөөгөөд, хил дээр очоод хэвтчихдэг нөхдүүд байна. УИХ-д цаас нухаад, бодлого яриад, юмыг шийдээд хийх л улсууд орж байх ёстой юм байна.

-Ингэхэд та өөрөө ямар цалин авч, хэр шимтгэл төлсөн хүн бэ. Хэзээнээс шимтгэл төлж эхлэв. Бас л авч байгаа цалин буурч, өсч байсан байх?

-Хүн болгон нэрийн данс руугаа ороод үзэхэд дурайтал гараад ирнэ дээ. Миний хувьд 1989 онд ЗХУ-ын Хмельницкий хотын Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуулийг инженер мэргэжилтэй төгсч ирээд Гутлын үйлдвэрт ажилчнаар ороод, дараа нь мастераар ажилласан. Мастерын цалин 750 төгрөг. Мастер, инженерүүд бол хамгийн өндөр цалинг авдаг байсан. Түүнээс хойш ардчилсан хувьсгал болж зах зээлийн системд шилжсэнээр хувийн “Хан-Хөхий” компаниа байгуулсан. Тэгээд л “Шинэст” ХК, “Арвижих” ХК, “БҮК-2” ХК-ийн захирал, ТУЗ-ийн дарга, “Монширкон” ХХК-ийн ерөнхий захирал, “Улаанбаатар менежмент” ХХК-ийн удирдах зөвлөлийн даргаар ажилласан. Тухайн үеийн хамгийн өндөр цалинг авч байсан. 2008 оноос Нийгмийн хамгааллын дэд сайдаар ажилласан. Энэ албыг хашихдаа төрийн өндөр албан тушаалтан зэрэглэлээр цалинжиж байлаа. Ингээд бодохоор ер нь миний тэтгэвэр их өндөр гарна шүү. Гэхдээ би төрөөс төрсөн тэрбумтнууд гэдэг шиг төсвийн хөрөнгөөр амьдраагүй. 1989-1991 оны хооронд хоёр, 2008-2012 оны хооронд дөрвөн жил гээд нийт зургаан жил л төрөөс цалин авч үзсэн. Бусад 16 жилд нь татвар төлөгч байлаа. Одоо миний нэг компани л жилдээ 10 гаруй тэрбумын төлж байна гэв.

Үүгээр бидний яриа өндөрлөв. Хэрэвзээ дараагийн УИХ энэхүү багц хуулийн төслийг дэмжвэл иргэдэд ихээхэн боломж бий болох аж.
Л.НАРАНТӨГС
Ардын эрх

No comments:

Post a Comment