Tuesday 17 April 2012

Х.Баттулга:Журмынхаа дагуу тендер зарлахаар шийдвэр гаргасан

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга

Засгийн гарын өчигдрийн хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулах замаар гэрээ байгуулан гүйцэтгүүлэх автозамын барилгын ажлын жагсаалтыг хуралдаанаар баталсан аж. Ингэснээр тухайн замын ажлыг гүйцэтгэх тендерт олон аж ахуйн нэгж өрсөлдөж, улмаар ажлыг чанартай хийх боломжийг нээж өгч байна. Түүнчлэн дээрх жагсаалтын дагуу олон улс, улсын чанартай 1376.9 Улаанбаатар хотын 48.7 километр замын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх аж. Тухайлбал, Улаанбаатар-Мандалговь, Өндөрхаан-Чойбалсан, Тосонцэнгэл-Улиастай, Өндөрхаан-Мөнххаан- Баруун-Урт,Алтай-Дарви, Тариалан-Мөрөн,Шаамар- Цагааннуур-Түшиг сум зэрэг чиглэлд хатуу хучилттай зам тавьж, Улаанбаатар хотноо Зүүн дөрвөн замын уулзварт олон түвшний огтлолцол хийж, Хасбаатарын гудамжны автозамыг өргөтгөн, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрнээс Энхтайвны гүүр хүртэлх автозам зэргийг шинэчлэхээр төлөвлөөд байгаа ажээ.

Энэ талаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас тодрууллаа.

-Засгийн газрын хуралдаанаар авто замын асуудлыг хэлэлцсэн байна. Шинээр баригдах замын санхүүжилтийг хэрхэх вэ?

-Өнгөрөгч онд Засгийн газрын 36 дугаар тогтоолоор "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтод хөтөлбөр гаргасан байгаа. Хөтөлбөрт заасны дагуу эхний ээлжид барих авто замын жагсаалтыг 2011 оны тавдугаар сард Засгийн газар 105 дугаар тогтоолоор баталсан.

Өөрөөр хэлбэл, улсын чанартай 1300 гаруй километр зам барихаар төлөвлөсөн.

Түүнчлэн 5000 километр замын зураг төслийн ажил хийгдсэн. Тэдгээрийн санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан олгох бөгөөд шууд гэрээ хийж, хэрэгжүүлэхээр тогтоолд заачихсан. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, хэрэгжүүлэх боломжгүй гэсэн байр сууринд хүрсэн.

-Ямар учраас ийм шийдвэрийг гаргасан юм бэ?

-Одоохондоо Хөгжлийн банкны зүгээс хөрөнгө оруулалт хийх боломжгүй гэж мэдэгдсэн байгаа. Ер нь ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл санхүүжүүлэх чадваргүй гэсэн. Тиймээс эл асуудлыг хэрэгжүүлэхэд нэлээд хугацаа алдах учраас журмынхаа дагуу тендер зарлахаар шийдвэр гаргасан.

Нийтлэлч
Б.Пүрэв
Эх сурвалж
Монголын мэдээ

No comments:

Post a Comment