Sunday, 29 April 2012

Г.Занданшатар: 1,2 тонн алт хаачив аа


Хувиараа ашигт малтмал олборлогч иргэд буюу нинжа нарын үйл ажиллагааг зохицуулах хуулийг санаачлан батлуулах гэж зүтгэж яваа цөөн хэдэн гишүүдийн нэг нь Г.Занданшатар юм. Тэрбээр уржигдар Төрийн ордонд болсон "Бичил уурхай ба хөдөөгийн хөгжил" үндэсний зөвлөгөөнд илтгэл тавьж, хууль эрх зүйн орчинтой болгохыг бусад гишүүддээ хандан уриалж байгаа аж. Уул уурхайн асуудал болон банкны салбар гадны мэдэлд ихээр орж байгаа, мөн Оюу толгойн дараа Таван толгойн асуудал дээр ямар байр суурь баримтлах ёстой талаар түүнтэй ярилцав
-Бичил уурхайн тухай хуулийг батлан гаргах цаг нь болсон гэж олон жил ярьж байна. Гэвч өнөөдрийг болтол эрх зүйн зохицуулалттай болгосонгүй?
-Бичил уурхайн хуулийг гаргахгүй удааширч байна. Энэ хуулийн төсөл хэлэлцэгдэж батлагдахгүй долоон жил саатаж байгаа. Ингэж саатсанаас болоод эмх замбараагүй байдал улам л газар авч гар аргаар ашигт малтмал олборлогчдын эргэн тойронд нь маш олон хууль бус, сөрөг үзэгдлүүд гарч байна.
-Монголд хичнээн хүн гар аргаар ашигт малтмал олборлож байгаа талаар мэдээлэл авсан байх?
-Хууль бусаар 53 мянган хүн хувиараа ашигт малтмал олборлож байна гэсэн судалгаа гарсан байна. Зарим олон улсын байгууллага судалгаа хийгээд 100 мянгад хүрсэн гэсэн тооцоо ч гаргаж. Говь-Алтай аймгийн Бигэр суманд л гэхэд 13-20 мянган хувиараа ашигт малтмал олборлогч байна гээд бодохоор 100 мянгад хүрсэн ч байж магадгүй юм. Нийтдээ 18 аймагт'80-100 цэгт гар
артаар алт, зэс, жонш, нүүрс олборлож байна гэсэн судалгаа гарчээ. Үүнийг дагаад гэмт хэрэг, архидалт, бие үнэлэх гэсэн сөрөг үзэгдэл газар авсаар байгаа. Мөн гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийн 30-40 хувь нь эмэгтэйчүүд, долоо орчим хувь нь хүүхдүүд байна.
-Олзны хойноос улайраад амь насаа алдахаас ч эмээхээ байсан юм шиг байна лээ?
-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар мэдэхгүйгээсээ болоод амь насаа алддаг. Одоогоор 127 хүн гар аргаар ашигт малтмал олборлож байгаад амь насаа алдсан байна. Ийм тулгамдсан асуудал үүсчихээд байхад нүдээ аниад, чихээ таглаад байгаад байж болохгүй. Төр засаг үнэхээр олон арван мянган ажлын байр гаргаж өгч чадахгүй байгаагаас хойш амьдрахын төлөө зүтгэж байгаа эдгээр иргэдийг хуулийн хүрээнд ажиллах боломжийг бүрдүүлэх цаг нь болсон.
-Та гадагшаа хүртэл явж туршлага судлаад бичил уурхайн талаар мэргэшиж байнаа даа?
-Энэ үзэгдэл зөвхөн Монголд байгаа ч юм биш. Дэлхийн 55 улсад 13-20 сая хүн байнга гар аргаар ашигт малтмал олборлож байна гэсэн судалгаа байдаг. БНХАУ-д л гэхэд 315 сая иргэн гар аргаар алт олборлодог гэсэн. Гар аргаар ашигт малтмал олборлохыг байгаль орчин, эдийг засаг гээд олон талын асуудалтай хамтад нь нэгтгэн үзэж, 1990 оноос уул уурхайн дэд салбар гэдгийг хүлээн зөвшөөрч, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн хөгжүүлэх болсон юм билээ. Зарим орон Ашигт малтмалын тухай хуульд бичил уурхай I гэсэн бүрэлдэхүүн хэсгийг оруулж харилцааг нь зохицуулж байна.
-Нинжа нар жилд 4-5 тонн алт олборлодог гэсэн мэдээлэл байдаг. Энэ талаар та судалж үзэв үү?
-Хориглосноороо далд хэлбэрт шилжиж, албан бус салбар болчихдог, Хэрэв хууль эрх зүйн хүрээнд оруулчихвал улс орны эдийн засагт ч үр өгөөжтэй. 2005 онд хувиараа ашигт малтмал олборлогч нар 1.7 тонн алт Монгол банкинд тушааж байсан байна. Гэтэл одоо 500 кг болж буурчээ. Гэтэл бичил уурхай эрхлэгчдийн тоо болон тэдний олборлож байгаа алтны хэмжээ буураагүй. Алтны үнэ өссөөр байгаа учир харин ч нэмэгдсэн байх магадлал өндөр байна. Тэгэхээр 1.2 тонн алт хаачив аа. Үүнд төр засаг анхаарахгүй байж болохгүй.
-Монгол банкинд тушаахгүй байгаа юм чинь хилээр л гаргаж байгаа. Манай гаалийн байгууллага ийм их хэмжээний алт нууцаар гаргаад байхад мэдэхгүй байна уу эсвэл?
-Хилээр гаргаж байгаа шүү дээ. ГЕГ-ын даргад.Цэвээнжав гуай хилийн боомтуудаар гарч байгаа машинуудад юу ачсан байгааг нэвт шувт харах тоног төхөөрөмж байхгүй гэдэг юм билээ. Байгаль орчинд халгүй, татвар хураамжаа төлөөд олборлосон алтаа улсад тушаагаад үйл ажиллагаагаа явуулах хэлбэрийг л бид хуульчлах гээд байгаа юм. Дэлхийн бусад улс орны туршлагаас харсан ч бичил уурхайн талаар хууль гаргах хэрэгтэй байна. Монголбанк гэхэд л худалдааны төлөөлөгчийн газарт зөвшөөрөл өгөөд алтыг нь худалдаж авдаг механизмыг бий болгож, гар аргаар алт олборлож байгаа иргэдийг бүртгэлжүүлэх хэрэгтэй юм. Бух хүн бүртгэлтэй бол хариуцлага тооцогдоход хялбар. Мөн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орно.
-Бичил уурхайн хуультай болох асуудал бараг гурван ч УИХ-ын нүүрийг үзэж байна. Яагаад энэ хуулийг батлахаас жийрхээд байдаг юм бэ?
-Энэ хуулийг батлахгүй байгаа шалтгаан гэвэл ний нуугүй хэлэхэд учрыг сайн ойлгохгүй байгаагаас л үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд, ард иргэд нэгдсэн ойлголттой болохгүй байгаа юм. Зөв гольдролд нь оруулаад, төр татвараа авдаг болоод, нөхөн сэргээлтийг хийлгэдэг болговол гар аргаар ашигт малтмал эрхлэгчдэд ч ашигтай төдийгүй улс орны эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулна. Энэ асуудлыг шууд хориглоод үр дүнд хүрдэггүй гэдгийг олон орны туршлага ч харуулж байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гээд,өнөө маргаашийнхаа хоолыг олох гээд газар ухаж, алт хайж байгаа хүмүүс зөндөө бий. Энэ асуудлыг төрийн зөв бодлогоор зохицуулах боломж байгаа юм.
-Уг нь Бичил уурхайн тухай хуулийн төсөл өмнөх парламентын үед хоёр дахь хэлэлцүүлэгтээ ороод гацсан.Энэ юунаас болсон юм бэ?
-Энэ хууль гарах гээд сүүлийн хэлэлцүүлэгтээ ороод явж байтал Хонгорын асуудал дэгдээд хойшлогдсон юм. Зарим гишүүд манай аймагт гар аргаар алт олборлогчид байдаггүй. Ийм хууль гарчихвал гар аргаар ашигт малтмал олборлогчид орж ирээд газар ухаж сэндийчээд эхэлнэ гээд эсэргүүцсэн. Гэтэл байдал өөрөөр эргэж өнөөх аймгууд руу нь бичил уурхай эрхлэгчид чинь орчихсон байна.
-Хэнтий, Хөвсгөлөөс сонгогдсон гишүүдийг хэлээд байна уу?
-Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд энэ хуулийн төслийг эсэргүүцээд байсан. Гэвч одоо Хөвсгөл аймгийн Дархадын хотгорт, Говь-Алтай аймгийн Бигэрт юу болоод байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр харуулсан болохоор олныг нурших хэрэггүй байх.
-Газрын хөрсийг эргүүлж хаячихаад нөхөн сэргээхгүй орхиж байгаагаас болоод бэлчээр сүйдэж байна?
-Улсын хэмжээнд 14 мянган га газар ухагдаж эвдэгдсэн байна. Үүнээс ердөө 3000 га газарт л нөхөн сэргээлт хийжээ. 11 мянган газрын 1000 га газрыг бичил уурхай эрхлэгчид сүйтгэсэн бол үлдсэнийг нь . уул уурхайн компаниуд олборлолт явуулаад нөхөн сэргээхгүй орхисон байна.
-Та нэг урт нэртэй хуулийн төсөл санаачлан ергөн барих гэж байгаа гэл үү?
-Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл санаачилсан юм.
-Үндэсний томоохон хөрөнгө оруулагчдыг гадаадынхан шахалт үзүүлдэг болсон гэх болгоомжлол хуулийн төсөл санаачлахад нөлөөлсөн үү?
-Гадаадын хөрөнгө оруулалтад тавих хяналтын нэг хэлбэр нь хувьцаа эзэмших эрхийг нь хязгаарлах явдал бөгөөд энэ нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалах эдийн засгийн болон улс төрийн шалтгаан болдог. ОХУ-д улс орны батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулах тухай хууль, ХБНГУ гадаадын хөрөнгө оруулагч стратегийн компаниудад хувьцаа эзэмшихийг хязгаарласан хуультай байдаг. Агаарын тээврийн компаниудад гадаадынхан хувьцаа эзэмшихийг Америкт хориглосон зохицуулалт бий. Мөн Австрапийн ВНР компани хувийн өмчийнх. Хэдий тийм ч ВНР нь Австралийн хувьд стратегийн ач холбогдол бүхий компани учраас тодорхой хэмжээний хувьцааг нь худалдаж авах гэсэн Хятадын "Чиналько" компанийн саналыг Засгийн газар нь зөвшөөрөөгүй.
Манай улсад ураны тусгай Канадын аж ахуйн нэгж компаниа тэр чигээр нь хятадууд зарчихлаа. Гэтэл стратегийн ашигт малтмалд уран тооцогддог, Энэ тухай гаа манай улсын төр, засгийн байгууллагад огт мэдэгдээгүй. Үүнийг зохицуулсан хууль байдаггүй, Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагад гадаадынхан хяналтаа тогтоочихвол яах вэ гэдэг асуудал бас бий. Батлан хамгаалах болон цөмийн энергитэй холбоотой зэрэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбарт гадаадынхан хөрөнгө оруулахаар бол заавал зөвшөөрөл авдаг тогтолцоо, хууль эрх зүйн зохицуулалт байх ёстой гэж үзэж хуулийн төсөл санаачилсан.
-Монголын банкнуудыг гадаадынхан худалдаж авсаар дотоодын хөрөнгө оруулалттай банкгүй болох нь гэсэн болгоомжлол ч байна?
-Банкны салбарыг энэ төсөлд оруулаагүй. Хуучны социалист буюу 3 үүн Европын орнуудын банкуудын хувьцааг Баруун Европын томоохон банкууд худалдаж авсан байдаг. Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын үеэр барууныхан хөрөнгөө буцаагаад татчихаар Зүүн Европын ихэнх орны банкны салбарт дампуурахад хүрсэн. Тэгэхээр үүнд болгоомжтой хандах ёстой Банкны хуулиар зохицуулж болох бөгөөд нарийн тооцоо судалгаа хийх шаардлагатай.
-Оюу толгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдлаа. Одоо Таван толгойн асуудал яригдаж эхэллээ. Хөрөнгө оруулагчдын сонирхол ч илт мэдрэгдэж байтаа. Энэ талаар та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ?
-Намуудын амлалтыг хэрэгжүүлэх, Монгол Улсын хөгжлийг тодорхойлоход Таван толгойн орд чухал үүрэгтэй. Монголын тал 50-иас илүү хувиа эзэмших, таван талын хөрөнгө оруулагч татах, Орос, Хятад, Япон, Солонгосуудтай хамтран хөрөнгө оруулах зэрэг 3-4 хувилбар яригдаж байгаа гэсэн мэдээ бий.
-ОХУ Таван толгойн ордыг авахаар санаархаж байгаа гэсэн мэдээлэл тус улсын хэвлэлээр гарах боллоо. Хойд хөршийнхөн төмөр зам, шатахууны асуудлыг тулгаж энэ ордыг өрсөлдөгчгүйгээр авах гээд байгаа юм шигээ?
-Энэ талаар мэдээлэлгүй байна.
-Таван толгойн ордыг эргэлтэд оруулахаар болбол Оюу толгойн орд шиг парламентаар хэлэлцэж байж шийдэх ёстой юу?
-Холбогдох яамд асуудлаа боловсруулаад УИХ-д танилцуулах ёстой. Ард түмэнд ил тод хэлэлцэхгүйгээр Таван толгойн орд, түүнтэй холбоотой төмөр замын асуудлыг ярьж болохгүй. Энэ бүхэн олон түмний хяналт дор, парламентаар хэлэлцэгдэх ёстой юм.
-Төмөр замын талаар төрийн бодлогогүй явж ирсэн. Одоо төмөр замыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ, тэгээд орос ах нартай хамтарна гэсэн мэдээллийг холбогдох албаны хүмүүс ярих болж. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Ийм чухал асуудлыг УИХ-д оруулж хэлэлцэх ёстой. Түүнээс биш нэг газрын даргын шийддэг зүйл биш,
Д.ДОРЖПАГМА
2009 оны 10-р сарын 15, Пүрэв гариг
Өдрийн сонин

No comments:

Post a Comment