Wednesday, 25 April 2012

Ж.Энхбаяр: 1995 онд Монголбанкинд 500 кг алт тушааж байлаа


Энэ удаад Жадамбаа генералын хүү УИХ-ын гишүүн Энхбаяртай улстөржилгүй ярилцсанаа хүргэж байна.
-Таныг Жадамбаа генералын хүү гэдгээр нь хүмүүс мэддэг юм билээ?
-Миний аав ухамсарт бүх амьдралаа улс эх орондоо зориулсан. Тэр үеийн хүмүүс улс орны төлөө гэсэн ганцхан л эрх ашигтай байсан. Дансандаа нэг ч төгрөггүй. Тэдний эдэлж байсан тусгай хангамж нь одооны энэ ардчиллын нэрээр гарсан том дарга нарынхтай харьцуулбал хүүхдийн будаа л гэсэн үг. Аав минь 36 насандаа генерал цол хүртсэн. Өнөөг хүртэл цэргийн гурван шатны сургуулийг алтан медальтай төгссөн хүн одоохондоо байхгүй шүү. Цэргийн нэр хүндтэй академиудад аавын минь нэр алтан үсгээр бичигдсэн байдаг.
-Тэгвэл таны бага нас цэргүүдийн дунд өнгөрчээ?
-Миний бага нас цэргийн казармд, цэрэг спортын зусланд өнгөрсөн дөө. Аав хаана явна би тэнд л байдаг байлаа. Машиных нь бүхээгт өдрийг өнгөрөөдөг байлаа шүү дээ.
-Аавын эрх хүү байх нь ээ?
-Эрх ч биш юм аа. Би аавдаа их цөөхөн үнсүүлсэн дээ. Бараг л гарын арван хуруунд багтах байх аа. Одоо бодохоор намайг ингээд дагуулаад л яваад байсан нь амьдралыг зааж байсан юм шиг. Миний аавын хамгийн сайн чанар нь дэндүү энгийн байсан нь. Аавыгаа дагаж олон түмэн дунд уусч, олон дотор байж, хүнтэй мэнд усаа мэдэлцэх, монгол зан чанар, ёс уламжлалд суралцсан. Би нас ахих тусам улам ухаажиж байна даа. Сайн эцэг, эхийн нэр гэдэг бол үр хүүхдэд  өвлүүлэх хамгийн том өв.
-Аавынхаа мэргэжлийг яагаад өвлөж аваагүй юм бэ?
-Би арван жилийн сургуулиа төгсөөд цэргийн сургуульд орсон. Намайг цэргийн сургуульд орсон 1990 он бол нийгмийн томоохон шинэчлэлийн үе байсан л даа. Хэдийгээр арван жилийн сургуулиа төгсөөд цэргийн сургуульд орсон ч хоёрдугаар курсээсээ гарчихсан юм.
-Сургуулиа яагаад орхисон юм бэ?
-Тухайн үед хүн бүр л ганзагын наймаанд явдаг байлаа. Би мөн адил сургуулиасаа гарч, Дэнжийн 1000-ын захад бараа ширхэглэж зарж эхэлсэн.
-Аав тань цэргийн хүн болохоор мэдээж хатуу дэг, журамтай байсан байх. Харин хүү нь ганзагын наймаа хийхээр явахад яаж  хүлээж авсан бол?
-Миний хувьд их зориг гаргасан үйлдэл байсан. Ах, дүү хамаатан садан ч загнаад, аав мөн зэмлэж л байлаа. Манай удамд дамчин, наймаачин хүн байгаагүй гээд л загнуулна. Орос руу наймаа хийх гээд гэрээсээ бүр оргож байлаа шүү дээ. Тэр үед чинь зах дээрээс цагаан хуудсаар гардаг байсан юм. Тэгээд л Орос руу таван ширхэг тарваганы арьс, савхины өөдсөөр хийсэн нэг куртик аваад явсан даа.
-Гэрээсээ оргож яваад ааваасаа нэлээд банга хүртсэн байх?
-Ээждээ хэлсэн байсан л даа. Аавд хэлээгүй. Намайг ийм шийдвэр гаргасанд аав уурлаад надтай нэг жил юу ч яриагүй. Энэ бол миний хувьд хамгийн хатуу шийтгэл байлаа. Тухайн үед манай аав Засгийн газрын гишүүн байж билээ. Тэр үеийн Засгийн газрын хийсэн томоохон зүйл бол гадаад паспорт. Орос орон манай улсыг хаясанд би баярладаг. Монгол Улс хаягдаж байж л бие дааж чадсан, олон улсын тавцанд гарч ирсэн. Тийм шийдвэр гаргаагүй Орост хараат үлдсэн бол яах ч байсан юм билээ.
-Тэгээд аавтайгаа хэзээ “эвлэрлийн гэрээ” байгуулсан бэ?
-Яахав сүүлдээ аав ойлгосон л доо. Тухайн үед  улс оронд бизнесийн үйл ажиллагаа эрхлээд, татвар төлөх нь хэрэгтэй байсан. Би 1995 онд Монгол¬банкинд 500 кг алт тушаасан юм. Тухайн үед Монголбанк алтаа шавхаад мөрийтэй тоглоод алдсан хүндхэн үе байсан. Тэгэхэд шинэ цаг үе, өөр арга хэлбэрээр улс оронд хувь нэмэр оруулж болдог юм байна гэдгийг ойлгож эхэлсэн байх л даа. Энэ үеэс л буцаад аав хүү хоёрын харилцаа зузаарсан.
-Алганы амт хэр хүртэж байв. Цэргийн хүмүүсийг их ширүүн гэдэг?
-Хүртэлгүй яахав. Чанартайхан шиг, хурааж хурааж байгаад нэг авна. Аавдаа нэг алгадуулахад хийморь сэргээд л сайхан болно шүү дээ.
-Таныг хамгийн анхны уул уурхайн компани байгуулж байсан гэдэг?
-1992 онд анхны уул уурхайн компани байгуулсан. 14 салбар компани, 2000 гаруй ажилтантай ч байж үзсэн шүү.
-Мэдээж бүгд уул уурхайн салбар биш байх?
-Янз бүр л байсан. Геологи уул уурхай, аялал жуучлал, барилгын компани, дээд сургууль гээд л Монголд юу хийж болохоор байна бүгдийг нь хийсэн дээ.
-Бизнесийн салбараас улс төрд хэрхэн хөл тавьж байв даа?
-1996 онд МАХН үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Тэр үед Бат-Оргил, Хулан бид хэд энэ намыг дахин босгох ёстой үзсэн. Тэгээд л улс төрд орсон. Манай нам дээр намайг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гээд бөөн юм болж л байлаа.
-Яагаад тэгсэн юм бол?
-Миний хувьд хамгийн гол нь нутгийн олон түмнээ түшиглэсэн юм. Сонгууль болохоос долоо хоногийн өмнө судалгаа авахад 15 мянган хүн намайг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байсан. Тэр үед олон түмнийхээ хүсэлтээс буцах эрхгүй болсон байсан л даа. Тэгсэн надад олон ч албан тушаал амлаж байлаа. Одоо ажилдаа ор гээд л. Би энэ сонгуулиар Монгол Улсын хэмжээнд хамгийн их саналыг авч чадсан. Сонгогчид өөрөөрөө бай, шударга бай гэж захисан. Дуугарч бай гэсэн. Үүнийг нь биелүүлж л явна.
-Таны хобби?
-Аялах дуртай. Багаасаа аавыгаа дагаад тэнээд сурчихсан болохоороо л тэр юм уу. Агаарт л гарахгүй бол хотод долоо хоноход л бачуураад явчихна шүү дээ.
-Тэгээд хотын энэ утаанд яаж байгаад байна?
-Хотоос 30 км-ийн цаана амьдарч байгаа.
-Гадаад дотоодоор хэр их аялж байна даа?
-Би өөртөө нэг зорилт тавьсан юм.
-Ямар?
- 45 нас хүрэхдээ дэлхийн 100 оронд очно гэж төлөвлөгөө гаргачихсан байгаа.
-Одоо төлөвлөгөөнийхөө хэдэн хувийг биелүүлээд байгаа вэ?
-40 гаруй орноор аялсан. Одоо 36 настай гэхээр есөн жилийн дотор 50 гаруй орноор аялах юм байна.
-Хамгийн сүүлд аль улсад очоод ирэв?
-Канадад очсон. Жилд 4-5 орон үзэхээр ямар ч байсан зорьсондоо хүрч чадах байх.
-Хүмүүс аялсан орноосоо өөрийнхөө сонирхдог зүйлийг авдаг. Таны хувьд?
-Би очсон орон болгоноосоо аяга авдаг. 40 гаруй аяга бий. Энэ магадгүй миний бас нэг хобби болчихсон байх.
-Гэр бүлийн аялал уу, эсвэл үүргэвчтэй аялал уу?
-Гэр бүлээрээ жилд нэгээс хоёр удаа Монгол орон болон гадаадад аялдаг. Монголдоо очоогүй газар бараг үлдээгүй дээ. Манай улс чинь их сайхан үзэж харах газар олонтой.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Миний эхнэр удам залгах гурван хүү төрүүлж өгсөн. Сая том хүүгээ ОХУ руу цэргийн сургуульд явуулсан. Суворовын сургуульд орсон.
-Хүүгийн чинь сонголт уу, таных уу?
-Миний хүү өөрөө энэ мэргэжлийн сонгосон. Би үүнд нь маш их баярласан. Миний чадаагүйг хүү минь хийнэ гэхээр сайхан санагдсан.
-Хүмүүс хүүхдээ цэргийн биш бизнес, санхүү чиглэлээр сургадаг болсон юм шигээ?
-Эх оронд эр цэрэг хэрэгтэй байна. Би хүүхдүүдээ мөнгө хөөгөөсэй гэж боддоггүй.
-Яагаад, одоо цагт мөнгө хөөж л амьдрах юм биш үү?
-Хүн бүр мөнгө хөөж болохгүй. Би сонгосон хувь заяанаасаа эсрэг явсан. Миний мөрөөдөл цэргийн хүн. Би уг нь бэлтгэл дэслэгч цолтой шүү дээ. Гэвч үүгээрээ ажиллаж, амьдарч чадаагүй.
-Та цэргийн хүн болоогүйдээ харамсдаг хэр үү?
-Тийм, манай курсийнхнээс хурандаа нар төрсөн. Миний үе тэнгийнхэн энэ тэнд ангийн орлогч, штабын дарга хийж байна. Цэргийн хүн болж чадаагүйдээ дотроо хөнгөн гунигтай л явдаг юм.  Гэхдээ өнгөрсөндөө харамсдаггүй. Цагийг би хоосон өнгөрүүлээгүй. Хувийн ч тэр, хувьсгалын ч тэр бүх л ажлаа амжуулсан. Энэ үед хийх юмаа хийсэн.
-Удахгүй Цагаан сар болох гэж байна. Таны баярын гангараа юу вэ?
-Дээл өмсөнө. Олон ч дээлтэй. Хөдөө гараад явчихвал жинхэнэ хөдөөний хүн болно шүү дээ. Хотод л ингэж хувцаслаж байгаа болохоос биш хөдөө явахаараа дандаа дээл өмсдөг.
-Та их эрт бууралтаж байна шүү?
-Аав минь буурал үстэй байсан юм. Тэгэхээр удмынх л байх л даа. Гэхдээ миний үс арай эрт бууралтаж байна. Магадгүй улс төрд орж ачаалал ихтэй ажиллаж байгаагаас ч болж байж мэдэх юм.
2010 оны 2-р сарын 08, Даваа гариг
Ардчилал сонин

No comments:

Post a Comment