-Танай
намын бүлгийн хурал ширүүхэн болсон, тэр хурал дээр таныг намын шинэчлэлийн
талаар их зөв үг хэлсэн гэж танай бүлгийн гишүүд ярьж байсан. Бүлгийнхээ хурал
дээр юу гэж хэлсэн юм бэ?
-Улс төрийн нам байнга өөрчлөгдөж
шинэчлэгдэж байх ёстой. Нийгэм нь ч тэгж шаарддаг. Улс төрийн нам гэдэг тухайн
нийгмийнхээ шилдэг тэргүүний хүмүүсийн цөм болоод нийгмээ урагш нь хөтлөх,
дагуулах удирдан манлайлах хүмүүсийн нэгдэл шүү дээ. Би “Намын Удирдах
зөвлөлийн цөмийг УИХ дахь намын бүлгийн гишүүдээс бүрдүүлбэл дээр” гэсэн
асуудал тавьсан. Удирдах зөвлөл олон түмний дэмжлэг авч УИХ-д сонгогдсон, намыг
удирдан манлайлж чадах лидерүүдээс гол цөмөө өрсөлдөөний зарчмаар бүрдүүлэх
ёстой. Энэ улсууд намын Бага хурлаар өрсөлдөөд, шүүгдээд Удирдах зөвлөлийн
гишүүн болгох ёстой. Гэтэл өнөөдөр дарга шууд УЗ-ийн гишүүдийн нэрийг оруулдаг,
ийм улсуудыг орууллаа гэж нэрийг нь уншаад, нөгөө хэдийг нь Бага хурал шууд
баталдаг. Энэ нь тийм оновчтой биш гэдэг нь анзаарагдаж байна. Энэ нь улс орны
төлөө шийдвэр гаргах, намын манлайлах чадвар, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг
хэрэгжүүлэхэд таагүй нөлөө үзүүлж байна. Бид удахгүй болох намын
Бага хурал дээр намынхаа Удирдах зөвлөлийн асуудлыг ярилцах шаардлагатай
байна. Ротациар өрсөлддөг, өрсөлдөөнөөр шилдэг тэргүүний улсууд Удирдах
зөвлөлд ордог, тэндээс гарсан бодлого шийдвэр нь нийт намын даган биелүүлэх,
УИХ дахь намын бүлэг, бүх намын түвшинд нэг шийдвэр болгож чаддаг хүчин
чадалтай байх ёстой. Одоогийн манай УЗ-ийн хүчин чадал нь сул байгаа юм. Үүнийг
сайжруулах хэрэгтэй байна. Одоогийн Удирдах зөвлөлийн гишүүдийг хүмүүс
таньдаггүй, хэн хэн байдгийг ч мэддэггүй. Намын гишүүд ч мэдэхээ больж байна.
Урьд нь мэддэг хүндэлдэг байсан. УЗ хүчтэй байвал манай нам хүчтэй болно.
Намын шийдвэр зөв бодлоготой болно, олон түмний эрх ашигт нийцэж чадна,
гарсан шийдвэрийг намын хамт олон даган биелүүлэх болно. Бодлого цэгцтэй болж,
мөрийн хөтөлбөр амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
-Удирдах
зөвлөл бол танд сайн л байдаг юм биш үү. МАХН-ын бүлгийн дэд даргаар таны
нэрийг оруулж ирж байсан ш дээ? Энэ нь намынхаа ерөнхий нарийн бичгийн даргатай
ойр болохоор тэр үү?
-Надад сайн муу байх нь гол зүйл
биш, би намынхаа эрх ашгийн үүднээс ярьж байна. Ер нь МАХН-ын гаргаж байгаа
шийдвэр Удирдах зөвлөлөөрөө тунгаагдаж, эцэслэн шийдвэрлэгдэх ёстой. Тийм
болохоор тэнд оюуны өндөр чадавхитай, нэр нөлөө бүхий улстөрчид тэнд байх
ёстой. Өнөөдөр системээ зөв болгох ёстой. Ийм байдалтайгаар бид 2012 оны
сонгуульд орж болохгүй. Эхний ээлжинд бид намаа цэгцэлж, шинэчлэх ёстой. УИХ,
намын бүлгийн хоорондох харьцааг зөв болгох хэрэгтэй. УИХ, Засгийн газар
хоорондоо уялдаа муутай, үл ойлголцол үүсч байна. Асуудал
буруу тийшээ яваад байна. Над шиг өөрөөрөө байхыг хичээдэг хүнд. Бүлгийн дэд
дарга болчихвол бодлогын дагуу дуугарах хэрэгтэй болно. Бодлого хамгаалах
хэрэгтэй болно, өөрөөрөө байх эрхгүй болно. Энэ чинь залуу хүний хувьд хэцүү
биз дээ. Өрсөлдөх зарчмаараа болсон, Дондог гишүүн бүлгийн дэд дарга болсон.
-Сүүлийн
үед хийгдэж байгаа томилгоо, боловсон хүчний асуудал их шүүмжлэлд өртөж байгаа.
Тухайлбал Зүүний хүчний холбооны гишүүн л бол албан тушаалд ногоон гэрлээр
очдог гэдэг.
-Энэ бол улс төрийн явцуу яриа. Ер
нь ажил хийж чадах хүн л албан тушаалд тавигдах ёстой. Миний санаа зовж,
бодлогын эсрэг зөрж дуугарсан асуудал бол Санхүүгийн зохицуулах хороо,
Монгол банкны удирдлагын асуудал. Банк санхүүгийн нарийн мэргэжилтэй, санхүүгийн
өндөр мэдлэгтэй, шинэ цаг үеийн боловсон хүчнүүдийг гаргаж ирэх шаардлагатай
байна. Намын нэрийн өмнөөс, намын бодлого гэдгээр шалгуурт бүрэн нийцэхгүй
хүмүүсийг оруулж ирдэг тал бий.
-Хамтарсан
засгийн газар хэр удаан орших бол?
- Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн
тулд улс төрийн нэг нам дангаараа засгийн газраа авч явах бололцоогүй байна.
Тийм болохоор хүссэн хүсээгүй хамтраад явж байна. Гэтэл сөрөг үр дүн нь улс
төрийн намуудын хооронд албан тушаалын буруу наймаа газар авч байна. Харж
байгаа биз дээ, Монгол банкны дэд ерөнхийлөгчөөс авахуулаад өнөөдөр ТЕГ-ын дэд
даргыг томилоход хүртэл харагдаж байна. Бүх салбарын дэд дарга 2 талаасаа
солбицон тавьж байна. Гол улс төрийн шантааж нь засгийн газрыг тогтвортой
байлгах, тэгээд 1,5 саяа өгөх…Энэ нь өөрөө буруу амлалт, буруу бодлого нь улс
оронд их хортой тусч байгаа юм. Нэг нь засгаа бариад нөгөө нь хянаад
шүүмжлэлтэй ханддаг явдал нь байхгүй болсон. Бүх юм хөшигний цаана, далдуур
хийгддэг. Энэ нь бүр хавтгайрч наймаалцдаг байдал руу орлоо. Энэ нь хоёр намд
хоёуланд нь хортой, эцэстээ улс оронд ч бүр ч их хохиролтой.
-МАХН-ын
дарга бие нь тааруу, эзгүй байгаа үед намын бүх удирдлага генсек У.Хүрэлсүхийн
гарт байгаа байх. У.Хүрэлсүх даргыг хэр ажиллаж байна гэж боддог вэ?
- Энэ хүнд 100 хувь өөрийнхөө хүчин
чадлаар ажиллах бололцоо алга байна л гэж би харж байгаа. Ерөнхий сайдад ч ийм
боломж алга.
-Яагаад?
- Яагаад гэвэл Хүрэлсүх даргатай
ажиллаж байгаа баг бол Баяр даргын баг. Ерөнхий сайд Батболдтой ажиллаж байгаа
баг бол Баяр даргын баг. Тэр улсуудад тавигдаж байгаа нийгмийн шаардлага, улс
орны хөгжлийн шаардлага бол намын шинэчлэлийн хөтөлбөрүүд, улс орны хямралт
байдлаас гаргах эдийн засгийн хөгжлийн бодлого явуулах шаардлагатай байна.
Гэтэл энэ том бодлого, суурь хоёр нь өнөөдөр хоорондоо нийлэхгүй байна. Үүнийг
би анзаарч байгаа. Энэ хоёр залуу өөрийнхөө хүчин чадлаар ажиллаж чадахгүй
байна, тийм бололцоо бүрдэхгүй байна.
-Та
бараг л Баяр даргыг бул хар чулуу гэх гээд байна уу?
-Энэ маягаар удаан явбал ажил
урагшлахгүй, ажилд садаа болж байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Намын даргын
асуудлаа шийдэх хэрэгтэй. Ингээд өөх ч биш, булчирхай ч биш байдалтай удаж
болохгүй.
-Одоо
С.Баяр намын даргаа өгнө гэвэл Ерөнхий сайд С.Батболд, МАХН-ын ерөнхий нарийн
бичгийн даргын хооронд намын даргын төлөөх дайн өрнөнө байх. Улстөрчид ч ингэж
хэлээд байгаа.
-Наадах чинь зүй ёсны л асуудал.
Аливаа юм чинь өрсөлдөөн, өрсөлдөөн бол хөгжил шүү дээ. Өнөөдөр өрсөлдөөн
алга. Хоёр нам хамтарчихсан, хяналт царцчихсан. Энэ нь сүүлийн үед хавтгайрч
байгаа хоёр намын албан тушаалын солилцоогоор харагдаж байна. АН бол нам төрхөө
алдаж, увайгүй албан тушаалын шантаажинд орчихсон. Нам чанараа алдчихсан. Албан
тушаал авч, эрх мэдэл л хангагдаж байвал юу ч хамаагүй болж, нийгэмд хүлээсэн
үүргээ мартчихсан байгаа. Энэ байдал бүр хэтэрч байна. Сая Монгол банкны дэд
ерөнхийлөгчийн томилгоон дээр харагдаж байна. Энэ бол томоохон нь жижиг дээр
бүр хавтгай явж байгаа. Нам нь нам шиг, засаг нь засаг шиг л баймаар байгаа юм.
-Баяр
дарга Америкт байгаа болохоор тэр болгон зааж зөвлөөд байх боломжгүй хэн хэнд
нь чөлөөтэй ажиллах боломж байж болох юм?
-Өнөөгийн дэлхий ертөнц орон зайн
хязгаар үгүй болсон. Африкт байна уу, Антрактидад байна уу хамаагүй болоод
байнаа. Монгол улсад Баяр даргагүй болж байгаа юм нэг ч байхгүй. Бүх юманд
оролцоотой байгаа. Намын амьдралд, засгийн амьдралд ч тэр. Тэр бол эрх барьж
байгаа намын дарга хүн. Баяр даргагүйгээр асуудал шийдэх боломжгүй.
-Та
тэгээд хэн нь МАХН-ын дарга болж чадна гэж үзэж байгаа юм бэ?
-Хэн чадалтай улс орныг аваад явах
хөгжлийн гарцыг нээж өгч чадаж байгаа хүнийг л дэмжинэ. Би хэн нэгний хүн болж,
кармаанд нь орж, тэр хүний дохио зангаагаар дуугарч явахыг хүсдэггүй. Ингэж
болохгүй гэж үргэлж өөртөө захидаг. Хэн улс эх орныг хөгжлийн шинэ шатанд
гаргаж чадахав, тэр хүнийг дэмжинэ. Өнөөдөр Монгол улсад болж байгаа
салбар юу байна. Аль салбар энэ 20 жилд амжилттай хөгжив? Алга л байна.
Тэгэхээр өөрөөр харах хэрэгтэй, хөгжлийн шинэ бодлогыг боловсруулах хэрэгтэй.
Улс төр, эдийн засгийн шинэ загвар зайлшгүй. Тэгэхгүйгээр хуучнаар цаашаа удаан
явахгүй. Үндсэндээ Монгол орон шаварт суучихаад, харахад гаднаа сайхан хааз
өгөөд уухилаад байгаа мөртлөө улам доошоо шигдээд байгаа машин шиг л байна.
-УИХ-ын
дэгийн тухай хууль бөөн хэрүүл болоод гөлөг, нохойдоо тулаад дууссан. Одоо юу
болж байгаа вэ?
-Тэр гөлөгний нэг нь би л дээ.
Тэмүүжин бид нар хамтраад УИХ-ын эрх зүйн байдлын тухай хууль, УИХ-ын гишүүдийн
эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажилласан. Энэ бол нийгмийн
шинэ шаардлага. Үнэхээр Монголд парламентын засаглал байгаа юм бол, ард түмэн
төлөөллөөрөө дамжуулаад засгийн эрхээ Үндсэн хуульд заасны дагуу барьж байгаа
бол парламентын засаглалыг бэхжүүлэх шаардлага байгаа. Энэ үүднээс бид хэд
хэдэн зарчмын санал оруулсан. УИХ-ын хяналтын эрх мэдлийг өргөжүүлэх, УИХ-ын
гишүүдийн бие даасан байдлыг хангах, УИХ-ын гишүүний мандатын халдашгүй эрх гэж
бий, түүнээ хадгалж өөрөөрөө байх, ард түмний төлөөллөө хангах ийм бололцоог
бүрдүүлж өгөхийг л зорьсон.
-Ил
хэлсэн нь Нямдорж сайд болохоос олон хүн дургүй байгаа юм билээ?
-Яахав өнөөдөр бүх юм болж байна гэж
үзэж байгаа нэг хэсэг бий. Үүнийг өөрчлөх ёстой, хөдөлгөх ёстой гэж бодож
байгаа нэг хэсэг бий. Тэрний л зөрчил дөө. Дэлхий ертөнц асар хурдтай
өөрчлөгдөж байна. Бид одоо хурдаа нэмэх хэрэгтэй байна, урагшлах хэрэгтэй
байна.
-МАСЗХ-ны
дарга олдохгүй байна гээд байгаа нь үнэн үү? МАСЗХ-ны дарга болохоос та
татгалзсан, Бямбацогт гишүүн бас татгалзсан гэсэн, тийм үү?
-МАСЗХ өөрийн дүрэмтэй. Залуучуудын
байгууллагыг 50 нас хүрсэн удирддаг, үүгээрээ дамжуулж улс төр хийдэг байсан
юм. Удирдах зөвлөл гээд дандаа 40-50 нас гарчихсан улсууд. Залуучуудын
нэрээр улс төр хийдэг байсныг би эсэргүүцдэг байсан. Залуучуудын байгууллага
залуучуудынх л байх ёстой, залуучуудын эрх ашгыг хамгаалах ёстой. Олон улсын
стандартад 35 хүртэлх насыг залуу нас гэж үздэг. Залуучуудыг улс төрд орох,
нийгэмд өөрийн байр суурийг илэрхийлэх, хөгжиж, дэвжих бололцоог нь бүрдүүлэх
ёстой гэж үзэж, дүрэмд өөрчлөлт оруулж чадсан юм. Энэ өөрчлөлтийг оруулж,
залуучуудыг дэмжих том бодлогыг хийсэн хүн бол У.Хүрэлсүх дарга. Энэ
хүний нам доторх залуучуудад хийсэн том гавьяа нь энэ. Энэ бол цаашид үргэлжлэх
ёстой зарчим. Миний нас 37 дүрмийн дагуу нас хэтэрсэн. Бид
залуу үеэ дэмжих ёстой. Залуучууд гарч ирэх ёстой.
-МАСЗХ-г
зангидаад явах чадалтай 35 нас хүрээгүй залуу МАХН дотор байгаа юм уу?
-Бид бүгд л хэн ч биш байсан.
Адилхан л залуучууд. Өрсөлдөөд өөрсдийгөө нээх бололцоог нь бүрдүүлж өгөх
ёстой. Ямар ч гэсэн улс төр дахь залуучуудын оролцоог хангах тал дээр МАХН-ын
хийсэн зүйлүүд бусад намуудаас илүү. МАХН бол АН-тай зүйрлэхийн аргагүй
залуусаа дэмждэг. Хар л даа. Залуучуудын оролцоог маш өндөр түвшинд хангаж
чадаж байгаа. Энийг бол нүүр бардам хэлнэ. Сайн муу юм, алдаа оноо байсан.
Байлгүй яахав, үүнийхээ хүчинд энэ байгууллага оршин тогтноод алдаа оноогоо
шүүгээд, улам цэгцрээд явж байгаа. Тэгэхээр бид залгамж үеэ зөв гаргаж ирэх
хэрэгтэй. Улс төрийн бүх л түвшинд гараад байгаа залуучууд маань тэгж амархан
дээшээ гарч ирдэг юм биш. Намынхаа дүрмийн дагуу ахмад болон дунд үетэйгээ
хоорондоо өрсөлдөөд гарч ирдэг. Тэрнээс биш залуу гээд найр тавиад байдаг юм
байхгүй. Тэндээ хүрвэл хатуу шүү дээ. Манайх олон залуу боловсон хүчинтэй, тэр
дотроос өрсөлдөж гарч ирнэ гэдэг хэцүү.
-Намд
залуучуудын бүлэг гэж байна уу? Хэн хэн байгаа юм бол?
-Ганц жигүүр ганцаардаад сайн дэвж
чадахгүй байна. Одоо хос жигүүртэй болгодог юм уу гэж бодож , залуучууд ярьж
байгаа. Бид хөгжлийн асуудлаар голлож ярина. Шинэ бодлого боловсруулах залуусын
жигүүр байгуулах зүйтэй байх. Хоёр жигүүртэй бол МАХН их өндөр ниснэ.
-Харин
ч бүр дордож, нөгөө гурван монгол зодолдоно гэгч болох юм биш үү?
-Энэ бол үзэл бодлоо илэрхийлэх
өрсөлдөөн. Өрсөлдөөн чанар дагуулдаг. Өрсөлдөөнгүй тогтонги болох тусам балчиг
намаг болно. Урсгал гол улам тунгалаг болдог, тогтоол ус өмхийрч, тэнд элдэв
хортон шавьж үржиж, халдварт өвчин гардаг. Олон ургальч үзлийг дээдэлж чадсан
улс төрийн нам хол явж чадна.
2010 оны
2-р сарын 09, Мягмар гариг
Тэргүүн
сонин
No comments:
Post a Comment