Tuesday 17 April 2012

Х.Баттулга: “Шинэ яармаг” хорооллыг байгуулах хөрөнгө шийдэгдэж байгаа

УИХ-ын гишүүн Х.Баттулга

100 мянган айлын орон сууц хөтөлбөр өнгөрсөн жилээс яригдаж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэлд орон сууцны хороолол барихаар зураг төслийг нь хийж буй. Шинэ орон сууц болон, иргэдэд олгох орон сууцны зээлийн асуудлаар ЗТБХБ-ын сайдаас цөөн зүйл тодрууллаа.

-Засгийн газрын хуралдаанаар орон сууцны зээлтэй холбоотойгоор баталгаа гаргах асуудлыг хэлэлцсэн. Үүн дээр ямар шийдэлд хүрэв?

-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутаг, Улаанбаатар хотод нийтдээ16 хороолол босох юм. Үүний нэг болох «Шинэ Яармаг» хорооллыг байгуулах хөрөнгийн асуудал шийдэгдэж байгаа. Ерөнхий сайд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ санамж бичгийн дараагийн алхам нь жилийн дөрвөн хувийн хүүтэй,12 жилийн хугацаатай орон сууцны зээл юм. Одоо энэ зээлийг буцааж төлнө гэсэн баталгааг Хөгжлийн банк гаргаснаар “Шинэ яармаг” хороолол баригдана. Энэ хороололд 15 мянган айлын орон сууц баригдана.

-Шинэ хороололд орон сууцнуудаас өөр юу юу баригдах вэ. Шинэ суурьшлын бүс бий болгох асуудал ч яригдаж байгаа?

-Бидний тавьж байгаа гол нөхцөл бол шинэ хороололд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг эхэлж барих юм. Энд ажилгүй, бага орлоготой иргэдийг сургалтад хамруулааД, орон сууцжуулна. Мөн шинэ хороололд амьдрах 15 мянган өрхийн иргэдэд үйлчлэх үйлчилгээний газруудыг хамт байгуулахаар төлөвлөсөн.

-“Шинэ Яармаг” хороолол хэзээ босох вэ?

-Хөгжлийн банкнаас баталгаагаа хурдан гаргаад өгчихвөл асуудал энэ ондоо шийдэгдэнэ. «Шинэ Яармаг» хорооллын ерөнхий төлөвлөгөө, ажлын зургууд нь гарчихсан. Хот төлөвлөлт ерөнхийдөө хороолол маягаар орон сууц барих хэлбэр рүү явж байгаа.

-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох асуудал яригдаж байгаа. Үүнийг хэрхэн олгох гэж байна вэ?

-Хөгжлийн банкнаас эх үүсвэр үнэтэй орж ирэх юм бол барилгын салбар руу үнэтэй очно. Жишээ нь арилжааны банкнууд сарын нэг хувийн хүүтэй зээл өглөө гэж бодоход жилийн 12 хувь болчхож байгаа юм. Ийм тохиолдолд нөхцөл байдал хүндэрнэ. Үүний зөрүүг засгаас төлнө. Тухайлбал 12 хувийн хүүтэй зээл өгвөл зөрүү зургаан хувийг нь төр төлнө гэсэн үг. Энэ нь нөхцөл сайтай зээл учраас аль болохоор бага зөрүү гаргаж, бага хувийг улсын нуруун дээр үүрүүлэх бодолтой байна. Ер нь ажлын эхлэлээ зөв тавьчхад цаашаа зөв үргэлжилнэ шүү дээ.

-Хүний хөгжил сангийн мөнгийг орон сууцны урьдчилгаанд өгнө гэсэн. Энэ жил хэзээ хэрэгжих вэ?

-Одоо эхэлж байна.

Эх сурвалж
Өглөөний сонин

No comments:

Post a Comment