Sunday 22 April 2012

”Монгол 63 жилийн турш зээл төлнө”


УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржтой ярилцлаа.

-Лхагва гаригт УИХ-ын  хэсэг гишүүд Стратегийн орд газруудад хийсэн шалгалтын дүнг танилцуулахдаа Оюутолгойн орд монголчуудад үр ашиггүй тэр ч бүү хэл хоёр тэрбумын алдагдал хүлээнэ гэдгийг УИХ-ын Тамгын газар судалсан гэсэн. Ямар судалгаа,  хэзээ хийсэн юм бэ?


-УИХ-ын гишүүдийн ярьж байгаа шиг ашиггүй, алдагдалтай,  саяхан хийсэн судалгаа юм шиг яриад байсан. Энэ нь ойлголтын зөрүүтэй асуудал юм. Судалгаа  хийх болсон үндэслэл нь Засгийн газраас 2009 оны гуравдугаар сарын 4-ний өдөр УИХ-д Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчийн гэрээний төслүүдийг хуулийн төслийн хамтаар өргөн мэдүүлж, чуулганаар хэлэлцүүлэхийг хүссэн. Үүний дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулсан юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан 2009 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Тамгын газрын судалгааны төвөөр судалгаа хийлгэх албан бичиг ирүүлснээр энэ судалгааг хийсэн. Тухайн үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал нэлээд маргаантай, анхаарал татсан асуудал болоод байсан болохоор судалгааг яаралтай хийх үүрэг өгсөн. УИХ-ын гишүүд дураараа судалгаа хийсэн гэсэн яриаг ч гаргасан байсан. УИХ-ын гишүүдийн яриад байгаа алдагдалтай гэдгийг нь тогтоосон судалгаа манай судалгааны албаар лав хийгдээгүй.

-Яг ямар судалгаанууд хийсэн юм бэ?

-Нийт зургаан чиглэлээр манай судалгааны алба судалгаа хийсэн. Тухайлбал, Ашигт малтмалын орд ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний талаархи харьцуулсан судалгаа, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар судлаачдын шүүмж, судалгаа бас харьцуулалт, Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний төсөлд хийсэн шинжилгээ, санал зөвлөмж гэсэн чиглэлүүдээр хийсэн.  Эхний хоёр судалгааны хүрээнд уул уурхай, хөрөнгө оруулалтын  гэрээний зарчим, хэлбэрүүд, бусад орнуудын туршлага, анхаарах зарим асуудын талаар харьцуулсан судалгаа хийж, нэгтгэсэн. Мөн Оюутолгой орд ашиглах Хөрөнгө оруулалтын  гэрээний төслийн зарим зүйл заалтыг өөрчлөх талаар судлаачид, шинжээчдийн дүгнэлтийг багцлан агуулгын шинжилгээ хийж байсан. Дээрхи судалгаануудыг хийснээ бид тухайн үед УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж байсан.

-Нарийн судалгаа хийсэн гэж байсан?

-Зарим судалгааны хүрээнд Оюутолгой орд ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний зарим тодорхой асуудлаар нарийвчилсан судалгаа хийсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд тусгасан тогтворжуулсан болон тогтворжуулаагүй татвар, хувь хэмжээ, Монгол Улс Оюутолгой ордын 34 хувийг эзэмшсэнээр тухайн төслөөс хүртэх ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж, зээл эргэн төлөлт, хугацаа гээд бүх талаас нь судалсан. Монголын талын 34 хувьд ногдох эрх, үүргийг бүрхэгдүүлсэн олон асуудлууд байсныг энэхүү судалгаа харуулсан.

-Монголын тал  Оюутолгой ордоос 34 хувийг эзэмшсэнээр ямар ашиг гарна гэсэн тооцоо гарсан байсан юм бэ. Судалгааны үр дүн яаж гарсан юм бэ, гишүүдийн хэлдгээр ашиггүй гарсан гэж үү?

-Бид судалгааг хийх гэж маш  олон эх үүсвэр дээр ажилласан. Тухайн үед гаргасан дүгнэлтдээ эзэн болно. Мөн ямар нэг хүний захиалга хэн нэгний оролцоог, ашиг, сонирхлоор хийгдээгүй. Төслийн гэрээний нийт үр ашгийн талаархи судалгаа биш. Тухайн үед Монгол Улс Оюутолгой ордын гэрээний 34 хувийг эзэмшээд, үүнд оруулах хөрөнгө оруулалтаа  “Айвенхоу Майнз” ХХК-иас 1,6 тэрбум ам.долларыг зээлээд, нийт ногдох ногдол ашгаасаа хэдийг төлөх, хэдэн жилийн хугацаанд төлөх талаар судалгаа гарсан. Судалгаа нь өөрөө өргөн цар хүрээтэй учраас дүгнэлт бүр  нь тусдаа гарсан. Тодорхой чиглэлээр хийсэн учраас дүгнэлт нь ч өөр гарсан. Монгол Улсад ашиг олох татварын гол төрлүүдийг ил болон далд аргаар тэглэсэн, гэрээний заалтууд хоорондоо зөрчилдсөн агуулгатай байсан. Төсөлд тусгаснаар нийт 15 төрлийн татвар, хураамжийг тогтворжуулах, 10 төрлийн татвар хураамжийг тэглэсэн байгаа юм. Монгол Улсын Татварын хуулиар ногдуулж буй бүх төрлийн татварыг гэрээний нөхцөлд тусгагдсан татварын нөхцөлүүдтэй  хуулийн зүйл, заалт нэг бүрээр харьцуулан гаргасан л судалгаа. Ногдол ашгийг урьдчилсан байдлаар тооцоод үзэхэд, Монгол Улс 2022 онд ногдол ашиг авч эхлэх хүртлээ 3,7 тэрбум ам.долларын зээл, хүүгийн хуримтлагдсан өртэй болох ба энэ өрийг ногдол ашиг авч эхлэх үеэсээ эхлэн төлөх юм бол эхний жилдээ 408,3 сая ам.доллар гэх мэтчилэн үе шаттайгаар бууруулах замаар төлсөөр 63 дахь жилдээ л төсөвт ямар нэгэн дарамтгүйгээр зээлээ төлж эхлэх боломжтой гэсэн тооцоо гарсан.

-Тэгэхээр 60 жилийн дараа л бид өрийн дарамтаас гарна гэсэн үг үү?

-Оюутолгойн төслөөс жилд дунджаар 200 сая ам.доллар ногдол ашиг хүртэнэ гэж тооцсон ч 60 гаруй жилийн туршид төсөвт тодорхой хэмжээний дарамт ирэх юм байна.  Гэрээний эхний 30 жилд Монгол Улс 656,3 сая ам.долларын өртэй байх юм байна гэсэн тооцоог судлаачид гаргасан байгаа юм. Дээрээс нь судалгааны дүгнэлтэд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд ойлгомжгүй, төөрөгдүүлсэн, хөрөнгө оруулагч талд хэт давуу эрх олгосон заалтууд байсан. Монголын талын 34 хувьд ногдох эрх, үүргийг бүрхэгдүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээний хувьд засч, залруулах, Монголын талын эрх ашигт нийцүүлэх зэрэг олон асуудлууд байгааг тухайн үед холбогдох албаныханд судалгааны дүнг танилцуулахдаа хэлж байсан. Ер нь бол УИХ-ын Тамгын газрын газар, тэр дундаа Судалгааны албанаас гаргаж байгаа судалгааны дүнг УИХ-д зөвлөх талаас нь гаргадаг. Бид хууль тогтоогчдод албан ёсны үүрэг болгох зүйл байхгүй, зөвхөн ийм ийм зүйл байна гэдгийг танилцуулга болгон өгдөг.

-Эдийн засгийн байнгын хороонд хэзээ танилцуулсан бэ, хэр хугацаанд хийсэн судалгаа юм?


-Судалгааг бид сар орчмын хугацаанд хийж дуусгаад 2009 оны дөрөвдүгээр сарын 3-ний өдөр Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж байсан. Эдийн засгийн байнгын хороогоор ч мөн хуралдаан 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр УИХ-ын тогтоол гарч, Засгийн газарт тодорхой үүрэг, чиглэл өгч байсан.

-Эдийн засгийн байнгын хороо болон УИХ хүлээж авсан юм байна. Харин гэрээг засч, залруулсан уу. Төсөл яг энэ байдлаараа байгуулагдсан уу эсвэл өөрчлөлт орсон уу?

-Ер нь гэрээ УИХ-аар хэлэлцээд, батлагдсаны дараа тусдаа дүгнэлт гаргаагүй. Бидний гаргасан судалгааг авч хэрэгжүүлсэн эсэхийг би хэлэхгүй. Зарим улстөрчид судалгааны дүнг хэт улс төржүүлээд, нэг тийш нь хэлтийлгээд яриад байгаа.  Судалгааны дүнг гэрээнд тооцсон эсэхийг улстөрчид өөрсдөө хэлэх байх.

-Оюутолгойг 50 жил ашиглах ёстой гэсэн байхад  63 жилийн дараа урьдчилсан зээлээсээ гарч чадна гэж байна л даа.  Энэ судалгаанаас харахад бид алдагдал хүлээх нь тодорхой болсон юм биш үү?

-Оюутолгой төсөл дээр бид ажилласан. Төсөл дээр тал бүрээс нь дүгнэлт хийхэд энэ тоо л гарсан. Үүнийг бид хариуцахгүй. Энэ дүгнэлтийг УИХ-ын гишүүн бүрт албан бичгээр хүргүүлсэн. Түүнийг хэрхэн яаж хүлээж аваад, яаж дүгнээд хууль тогтоох үйл ажиллагаанд хэрэглэсэн бэ гэдгийг УИХ-ын гишүүд хариулах байх.

-Оюутолгой төслийн гэрээ нэгэнт байгуулагдсан. Яагаад танай энэ судалгаа гурав, дөрвөн жил цаасан дээр “хэвтээд”, одоо гэнэт улстөржих хэмжээний асуудал үүсчих вэ?

-Ер нь бол УИХ-ын Тамгын газрын Судалгааны төв хэн нэгнээс хараат бус, гагцхүү бодит баримтан дээр үндслэн судалгаа хийдэг. Миний тавьдаг нэг шаардлага ажилчдынхаа дүгнэлтэд хэн нэгэн оролцохгүй, үнэн зөв байх ёстой. Харин энэ дүгнэлтийг хэрхэн яаж ашиглах нь бидний асуудал биш.

-УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан талаар Тамгын газарт гомдол ирсэн байх. Тамгын газар энэ асуудалд яаж хандаж байна. Хуулийн байгууллагад хандах уу?

-УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын даргад гомдол гаргасан байгаа. Одоогоор хэрхэн яаж арга хэмжээ авч ажиллах нь тодорхойгүй байна. Ер нь миний тооцоолж байгаагаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж шийдвэрлэх байх. Яагаад гэвэл УИХ-ын гишүүд өөрсдөө  ийм асуудал тавьсан учраас эдгээр байнгын хороогоо хэлэлцэнэ. Ер нь бол УИХ-ын гишүүний хувьд тусад нь халдашгүй байдлыг хуульчлаад тогтоосон эрх зүйн акт ховор байдаг. Нэг зүйлийг онцлоход Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд Монгол Улсын иргэний эдлэх эрх, эрх чөлөөний тухай заалт бий. Тэр заалт манай гишүүдэд хамаарна гэж бодож байгаа. Тухайлбал, халдашгүй эрх, эрх чөлөөтэй байх, эрүү шүүлт тулгаж, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэж заасан байдаг. Гомдол гаргасан УИХ-ын гишүүний хувьд халдашгүй байх гэсэн зүйл заалт хамрагдах байх гэж бодож байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах явцдаа Ерөн­хийлөгчийн хамгаалалтын бү­рэн эрх дуусаагүй байхад нь биед нь халдсан гэж үзэх хүмүүс байгаа л даа?


-Албаныхан янз янзаар тайлбарлаад байна л даа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өнгөрсөн долоо хоногт АТГ-аас шийдвэр гарч баривчлахаар болсон. Ер нь бол хүмүүс олон янзаар тайлбарлаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний хувьд тусгай хамгаалалтыг УИХ-ын тогтоолоор авч, тусгай хамгаалалтгүй болгох уу, халдашгүй байдлыг өөрчлөх үү гэсэн асуудал тавиад байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний төрийн тусгай хамгаалалтыг хоёр агуулгаар ойлгогдож, яригдах ёстой. Нэгт, төрийн тусгай хамгаалалтын тухай хуулинд зааснаар аюулгүй байдлыг хангах асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл, орон байр,  бие халдашгүй байна. Хоёрт, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан эсвэл байгаа хүний хувьд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд Төрийн нууцтай харьцаж байдаг. Өөрөөр хэлбэл, тэд Монгол Улсын амин чухал төрийн нууцын мэдээллийг агуулж байдаг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч байх хугацаандаа ч, байснаас хойшхи дөрвөн жилийн хугацаанд энэ хүмүүсийг шадарлан хамгаалдаг. Ерөнхийлөгчийг гадаадад байсан ч, Монголын нутаг дэвсгэрт байсан ч, өдөр шөнийн алинд ч шадар хамгаалалтыг буулгах  ёсгүй. Тэр ч бүү хэл хорих газарт ч шадар хамгаалалт хамт хоригдох ёстой.

-АТГ-аас хамгаалалтын хуга­цаа дууссан, бид хуулийн дагуу ажил­­ласан гэж яриад байгаа шүү дээ?

-Энэ бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудал гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны зургадугаар сарын 18-ны өдөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн. Дараагийн Ерөнхийлөгч бүрэн эрхээ авч эхэлсэн өдрөөс эхлэн тусгай хамгаалалтын хугацаа байх ёстой. Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хамгаалалтын бүрэн эрхийн хугацаа 2013 оны зургадугаар сарын 18-нд дуусгавар болно.

-УИХ-ын тогтоолоор Ерөнхий­лөгч байсан хүний хамгаалалт тог­тоодог. Харин тусгай хамгаалалт буул­­­гах эсэхийг УИХ шийдэх ёстой юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч байсан болон байгаа хүнийг хуулийн байгууллага хорих  шийдвэр гарсан тохиолдолд УИХ-ын шийдвэр гаргана гэсэн хуулийн заалт одоогоор байхгүй. АТГ-ын албан тушаалтны ярьж байгаа УИХ-ын тогтоолоор барьсан гээд байгаа. Гэтэл энэ тогтоол нь өөр заалттай байгаа шүү дээ. Өмнөх Ерөнхийлөгчид ч гэсэн энэ заалтын дагуу хамгаалалтад байгаад ирсэн. Тэгэхээр АТГ-ынхан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын биед нь халдаж, баривчилсан нь хууль бус, ор үндэсгүй зүйл гэж хэлмээр байна. Ер нь бол УИХ-аас батлан  гарсан хуулийг, Үндсэн хуулийг хэн нэгэн этгээд, албан тушаалтан өөрийн үйл ажиллагааг зөвтгөх,  өөрийн эрх ашигт нийцүүлэн тайлбарлах эрх байхгүй.
Ш.ОЮУНЧИМЭГ
Ардын эрх
2012/04/19

No comments:

Post a Comment