НЯМГАРИГ сэтгүүл
Манай "Хообий" буланд саатсан эрхэм бол шог зураач С.Цогтбаяр.
Тэрбээр хөгжмийн бичлэг цуглуулдаг. Рок, поп урлагт сэтгэл зүрхээ зориулж яваа
түүнтэй өрнүүлсэн сонирхолтой яриаг танд хүргэж байна.
-Та хэзээнээс хөгжмийн бичлэг цуглуулж эхлэв?
-Долдугаар ангид байхаасаа гэхээр 40-өөд жил болж байна. Оюутан байхад хөгжмийн бичлэг олдохгүй, бараан зах дээр гарч пянз сольно. Гадаадаас ирсэн оюутнуудын авчирсан пянзыг худалдаж авна, сольж сонсдог байлаа. Одоо мөнгө нь байвал ногоон хурганы арьс, нохойн битүү туурай ч олдох байх. Хөгжмийн бичлэг технологийн хөгжлийг дагаад пянз, дараа нь хальс, одоо CD, DVD, HDVD болсон. Хамгийн сүүлд 40Gb багтаамжтай CD гарсан байгаа, мөн 250-300Gb хэмжээтэй CD-ны туршилт явагдаж байгаа. Ойрын 2-3 жилээс хэрэглээнд гарах байх. Иймэрхүү хувьсал цуглуулагчдад нөлөөлөх нь ойлгомжтой. Боломжтой бүх хувилбараар цуглуулгаа өргөжүүлнэ шүү дээ. Харин номны хувьд аудио, CD, PDF, гурван хэмжээст гээд цахим хэлбэрээр олон хувилбар бий. Үүнийг ашиглаад цахим номын сантай болж болно. Гэхдээ хэвлэмэл ном хэрэглээнээс гарахгүй. Арван хэдэн жилийн өмнө үлгэр, зүүд юм шиг ярьдаг байсан гайхамшигтай ч нөгөө талаар ойлгомжгүй эринд бид амьдарч байна.
-Таны хөгжмийн бичлэг хэчнээн болсон бэ?
-Цуглуулагчид тоо чухал биш. Бүрэн цуглуулгатай байхыг хүсдэг. Хүн ямар нэг зүйл цуглуулаад эхлэхээр тэрнийхээ сайхныг нь мэдэрч, ойлгох гэж судладаг.
-Тэгэхээр цуглуулгынхаа төрлөөс хамаарч тухайн салбарт мэргэшдэг байх нь ээ?
-Яг ч тэгэж хэлж болохгүй. Сонирхож байгаа зүйлийнхээ талаар мэдэж, ойлгох гэж судалгаа хийн, мэдээлэл цуглуулдаг юм. Би өөрийгөө архелогичтой зүйрлэнэ. Ямар нэг хуучны олдвор олж, түүгээрээ түүхийг тодорхойлдог. Би 60-аад онд төрсөн ч 50-60-аад оны үеийн хөгжмийг сонирхож, судлаж, хайж, цуглуулж байгаа. Өөрөөр хэлбэл, бид юуг сонсолгүй, юу мэдрэлгүй өнгөрөөсөн юм бэ гэдэгт анхаарал хандуулж байна. Шинэ зүйлийн хойноос хөөцөлдөх хэрэггүй. Тэртээ тэргүй олдоц их, дээр нь өдий насан дээр хип хоп гээд гүйх нь ч хаашаа юм. Сонирхож байгаа 50-60-аад оны хөгжмийн талаар илүү гүнзгий, хангалттай мэдээлэлтэй болмоор байна. Мэргэжлийн хүмүүсийн хажууд мэдэхгүй зүйл байх ч энгийн хүнээс өөр арай илүү түвшинд байгаа.
-Марк цуглуулагчид шиг хөгжмийн бичлэг цуглуулагчид хоорондоо солилцох явдал байдаг уу. Хоорондоо хэр холбоотой байдаг вэ?
-Төрөл, төрлөөрөө л холбоотой байдаг байх. Цуглуулагчдыг нэгтгэх гэж олон удаа оролдож байсан ч бүтэлтэй ажил болоогүй. 1980-аад онд хар зах дээр гарч холио солио, худалдаа хийгээд байгаа хүмүүсийн эдийг нь хураагаад, намын төв хорооноос клуб байгуул гэсэн даалгавар өгч байсан.
-Өөрийнхөө цуглуулгаас хамгийн үнэтэйг нь нэрлэвэл?
-Хөгжмийн цуглуулга нэг их үнэтэй төрөл биш. Марк, мөнгөн тэмдэг, хуучны эдлэл зэрэг өндөр үнэтэй зүйлс байна. Тухайлбал, Ил хаадын үеийн нэг ширхэг алтан зоос 40-50 мянган ам.доллар, эртний марк 2-3 сая ам.доллар хүрдэг. Үүнтэй харьцуулахад хөгжмийн бичлэг бол өртөг хямд, олдоц их. Хэдэн сая хувийг хэвлээд, тараачихдаг шүү дээ. Хамгийн гол нь түүнийг аваад, хадгалсан нь олон жилийн дараа үнэ хүрэх нь бий. Тухайлбал, тухайн үедээ олон сая хувь хэвлээд, 30 центээр зарж байсан хүн аалзын анхны дугаар одоо 30 орчим мянган ам.доллар хүрсэн байх жишээтэй. Хөгжмийн бичлэг ч гэсэн хэчнээн сая хувь хэвлээд л тараадаг.
-Тэгвэл сонирхогчдын анхаарал татахуйц, одоо ховорт тооцогдох бичлэг бий биз дээ?
-Манайхан сонирхдог AC DC гэж байсан хүнд рок хамтлагийн бүрэн цуглуулга бий. Энэ мэт иймэрхүү бүрэн цуглуулгыг үнэлж болно. Бас зөвхөн цуглуулагчдад зориулж цөөн тоогоор гаргасан CD-нүүд бий. Надад зөндөө л бичлэг байгаа. Хэн нь юу сонирхохыг мэдэхгүй болохоор тэр гэж нэрлэж чадахгүй нь.
-Та яагаад өөрийнхөө цуглуулгын үнэ цэнэтэй биш гээд байгаа юм?
-Үнэ яригдах төрлүүд бол эртний эдлэл, марк, зоос, мөнгөн тэмдэгт, урлагийн бүтээлүүд. Хүнээс мөнгө зээлж байгаад 70 мянган ам.доллароор хүрэл хутга авлаа гэсэн хүнтэй таарч байсан. Үүнийг хэн нэгэн мөнгөтэй гадаад хүн 80 мянган ам.доллароор худалдаж аваад явахыг хэн байг гэх вэ. Цуглуулагчид улсын өмнөөс соёл, түүхийн дурсгалуудыг цуглуулах, системтэй болгоход чухал ажил хийдэг юм. Хувь, хувьсгал гэдэг хамаагүй, тэр эдийг эх орондоо үлдээсэн гэдэг нь хамгийн чухал. Ядарч, зүдэрч олсон мөнгөө ийм зүйлдээ зардаг хүмүүс. Марк, тэмдэг, зоос гээд зардал ихтэй төрөл байна шүү дээ. Нэг хамтлагийн бүрэн цуглуулга ихдээ 1000-2000 ам.доллар болдог бол энэ мөнгөөр хэрийн хуучны марк авч чадахгүй. Яахав Битлзийн анхны цомог, Жон Ленноны гарын үсэгтэй хуудас гэвэл үнэтэй л байх.
Цуглуулж болохгүй юм гэж байхгүй. Оросын сайт дээр хаант Оросын, хувьсгалын үеийн афиша, постерны зураг тавьсан байсан. Энэ цуглуулгаас дизайны урлагийн хөгжил, түүх гээд олон мэдээллийг авч болно. Манайд одоогоор алга. Зөвхөн 1800-аад оны үеийн Coco-Cola-ны анхны сурталчилгааны зурагт хуудсаас эхлээд цуглуулан бүтэн альбом хийсэн байна лээ. Өрнө дахины арилжааны том зах зээл дээр мөнгө олж болох бүхнийг хөдөлгөж байдаг. Манайд одоо л эхэлж байгаа. Материаллаг үнэ цэнээсээ гадна түүх, соёл, хөгжлийн баримт болох гээд олон талын ач холбогдолтой.
-Сүүлийн үед хөгжмийн бичлэг i pod, MP 3, MP 4 форматаар гарч, тун элбэр болсон. Энэ таны цуглуулгад хэрхэн нөлөөлж байна вэ?
-Би ийм хувилбраар цуглуулж байгаа. Маш их хөрөнгө зарж хийсэн бичлэгийг хүмүүс интернэтээс үнэгүй авах боломжтой болсон. Үүнээс болж дуу бичлэгийн салбар донсолгоонд ороод байгаа. Цомгийн борлуулалт 70 хувь буурч энэ салбар хямралд хүрч байгаа. Техникийн дэвшил чинь нэг талаасаа ололт ч гэлээ нөгөө талдаа өмнөх зүйлээ үгүйсгэдэг.
-Энэ нь цуглуулагчдад нөлөөлөх үү?
-Бидэнд үнэ чухал биш. Зөвхөн үйлдвэрлэгчдийн асуудал. Цуглуулага гэдэг үнэ хүрэхээр нь зарна гээд дараад байдаг хувьцаа, бонд биш. Гэхдээ бичлэгийг дижитал хувилбарт оруулахаар дээд, доод өнгө нь алга болохоос эхлээд жинхэнэ эх бичлэг, пянзнаас өөр сонсогддог юм.
-Та цуглуулгаа өргөжүүлэхэд хэр их цаг зарцуулдаг вэ?
-Цаг зарцуулах юу байх вэ. Ердөө л худалдаж авах асуудал. Энгийн худалдаа хийхтэй адилхан. Жаахан шуналтай байдаг биз. Гадаадад Цацаа, Со гээд найзуудтайгаа явбал ном, CD-ны дэлгүүрээр хэдэн цаг хэснэ.
-Цуглуулга хийхийн ач холбогдол нь юу вэ?
-Би өөрөө уран бүтээлч хүн. Наад зах нь сэтгэлзүйн таашаал авна. Үр хүүхддээ өвлүүлнэ. Хүмүүс янз бүрийн л юм цуглуулдаг. Саяхан Монголын болон дэлхийн цуглуулагчдын талаар нэг ном гарсан байна лээ. Ваар, заан, хун, шүдэнз гээд л цуглуулж болохгүй зүйл гэж алга. Сүүлийн үед их оюунлаг цуглуулагчид олширсон юм уу гэж санагдаад байгаа.
Миний бодлоор "хобби" гэдэг үгийг "дон" гэж орчуулмаар. Дуртай, сонирхсон зүйлийнхээ хойноос амь тавьж, бодно, харамсана. Англид явж байгаад "Битлз"-ийн Anthology гэж ном харлаа. Ачаа ихтэй болохоор аваагүй юм. Энд ирсэн хойноо "20 фунт, авчихдаг л байж" гэж бодогдоод. Тэнд байдаг найздаа захиж, авсан хойноо сая нэг санаа амарсан. Ховор, нандин, таалагдсан зүйлээ бодоод хорхойсоод байдаг нь цуглуулагчдын араншин. Манай Сайнсайхан гэж найз хар пянз байх үеэс цуглуулсан. Бие нь муу гэсэн мөртөө дэлгүүр хэсээд, хөгжмийн бичлэг цуглуулаад явж байсан. Удалгүй, цагаан сарын үеэр бурхан болсон гэж дуулдсан. Цуглуулагчид чинь лангууны дор, айлын новшин дунд, булан нь цухуйсан байхад л хэрэгтэй гэснээ олж хардаг хорон нүдтэй байдаг юм.
Нөгөөтэйгүүр хувийн цуглуулагчид төр засгийн анхаарахгүй байгаа, анхаарсан ч хийж чадахгүй байгаа ажлыг хийдэг. Урлаг, соёл, түүхийн үнэт дурсгалыг хувийнхаа мөнгөөр авч хадгалана. Би "Азийн өв соёлын сан"-гийн удирдах зөвлөлд байдаг. Тэнд ажилладаг залуус эхлээд Монголын гар урлалын бүтээгдхүүнийг худалдаалдаг байснаа яваандаа сайхныг нь мэдэрч, одоо цуглуулагч болсон. Бүр музей байгуулаад, Монголын түүх, соёлтой холбоотой үнэт зүйлсийг худалдаж авахаар Sotheby\'s, Нью-Йоркийн дуудлага худалдаанд оролцож, Занабазарын бүтээсэн бурханыг авчирахын тулд хувиасаа 200-300 мянган ам.доллар аваад явж байсан. Монголын үнэт цаасны түүхийг өгүүлэх бүтэн цуглуулгатай хүн байна. Данзангийн үед гараад устгагдсан "Бага болзоот" хэмээх үнэт цаас дэлхийд дөрөвхөн ширхэг байдгийн нэгийг олоод авсан байх жишээтэй. Багш мэргэжилтэй нэгэн монгол цоож, цуурга цуглуулсан байна лээ. Энэ нь хаа ч байхгүй, Монгол улсын улсын цоож, цуурганы түүхийг бүрдүүлж, нэгтэгсэн хэрэг. Энэ бол цуглуулагчдийн нийгэмд гүйцэтгэж буй чухал үүрэг.
Манай урд хөршийнхөн бол энэ асуудлыг төрийн хэмжээнд, бодлогоор зохицуулдаг. Санхүүгийн бэлтгэлтэй хэд хэдэн баг гаргаж хувь хүний гар дээрээс авахаас эхлээд томоохон дуудлага худалдаанд оролцож цуглуулдаг. Хятадууд Монголтой холбоотой бүхнийг хуу хамж, үнэ цохиж авч байгаа гэж нэг сониноос уншсан. 1990-ээд оны эхээр хямд үнээр, маш олон соёлын дурсгалт зүйл гадагшаа гарсан. Заримыг нь манай цуглуулагчид буцаан авч байна шүү дээ. Тэгэхээр нэг хүн донтоод, эд цуглуулаад, байгаа биш, улсад хэрэгтэй үйл хийж байдаг юм.
No comments:
Post a Comment