Sunday 29 April 2012

Г.Занданшатар: Гишүүдийн хуралдаанд оролцсон эсэхийг олон нийтэд мэдээлнэ


УИХ дахь МАХН-ын бүлэг дүрэмдээ өөрчлөлт оруулахаар болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатараас тодрууллаа.
-Бүлгийн хуралдааны дүрэмд өөрчлөлт оруулжээ. Ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?
-МАХН-ын бүлгийн хуралдааны дэгийг шинэ УИХ-ын бүтэц бүрэлдэхүүн хэлэлцэж баталдаг. Энэ нь шинээр сонгогдсон гишүүд УИХ-ын үйл ажиллагаанд хэрхэн яаж оролцох дүрмээ зохиож байна гэсэн үг юм. Бүлгийн дүрэмд хэд хэдэн шинэлэг зүйл нэмэгдсэн. УИХ-аас томилогдож, сонгогддог боловсон хүчний ажилд туслалцаа үзүүлж хяналт тавих, асуулгад хариулт авах, жил бүр ажлын тайлан сонсож дүгнэлт гаргах, итгэл үзүүлэх эсэхийг шийдвэрлэх гэсэн зарчмын асуудал орсон. Ингэснээр УИХ-аас сонгогдож, томилогддог албан тушаалтнуудын ажилд үнэлэлт дүгнэлт өгч, илүү хяналттай болгоно. Мөн бүлгийн хуралдааны ирц, УИХ-ын үйл ажиллагаа, ажлын хэсэгт ажиллаж буй байдал, гишүүнийхээ үүргийг хэрхэн биелүүлж буй талаар намын байгууллагууд болоод олон нийтэд ил тод мэдээлдэг болж байна. Ингэснээр УИХ-ын чуулганы ирц, бүлгийн хуралдаанд ингэж оролцлоо гэдэг нь тодорхой болно.
-Бүлэг дотор байнгын ажиллагаатай ажлын таван хэсэг байгуулсан гэсэн. Yүрэг зорилго нь тусдаа байх уу?
-Бүлгийн дотор ажлын таван хэсэг байгуулж байна. Yүнд нийгмийн бодлого, хууль эрхзүй, төрийн байгуулалт, эдийн засаг, санхүү, орон нийтийн удирдлага гэсэн чиглэлүүд багтана. Эдгээр ажлын хэсэгт бүлгийн гишүүд хуваагдаж чиглэл чиглэлээр мэргэших юм. Гишүүдэд бүхнийг мэдэх бололцоо байхгүй. Тиймээс нэг хэсэг нь нийгмийн бодлого, нөгөө хэд нь хууль эрхзүйгээр мэргэшээд явна. Ажлын таван хэсэг нь бүлгийн ажлын албатай нийлээд сонгогч, олон нийттэй харьцаж, сонгогчдоос ирсэн асуудлуудаар бодлого боловсруулах, санаачлах үүрэг хүлээж, тусалж ажиллана.
-Бүлгийн хуралдаанд оролцоогүй гишүүн хариуцлага хүлээх үү. Бүлгийн хуралдаан бас дэгтэй шүү дээ?
-Дэг нь бүлгийн хуралдааныг бүрэн дүүрэн ирцтэй, эмх цэгцтэй, зохих журмын дагуу явуулах боломжийг хангадаг. Бүлгийн үйл ажиллагааны үндсэн зарчим бүлгийн хуралдаан. Бүлгийн хуралдаанаар хуулийг дээдэлж асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн саналыг хүндэтгэж олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Бүлэг дэг сахиулагчтай болохгүй. Бүлгийн хуралдааныг зохион байгуулагч байна. Гишүүд бүлгийн хуралдаанд оролцохгүй, хоцорвол хариуцлага хүлээнэ. Хуралд ирээгүй гишүүнийг хүлээхгүйгээр хуралдаж асуудлыг шийдвэрлээд явах учраас гишүүн тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэлгүй үлдэж, орон нутгаа төлөөлөх эрхгүй болох юм. Харин хоцорсон гишүүн тухайн асуудлаар асуух, санал хэлэх эрхгүй үлдэнэ. Дараа нь хуралд оролцсон, хуулийн төсөл санаачилсан үзүүлэлт зэргийг ээлжит чуулганы төгсгөл бүрт олон нийтэд МАХН-ын бүлгээс мэдээлнэ. Олон нийтэд тухайн гишүүн ажлаа хэрхэн хийв гэдгийг тайлагнах юм.
-Журмын өөрчлөлт хэзээнээс хэрэгжих вэ?
-Ирэх долоо хоногоос мөрдөх байх. Бүлгийн хуралдаанаар шийдвэрлэнэ. Тухайн гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй ч нам өмнөөс нь хариуцлага хүлээдэг. Тиймээс парламентын засаглалтай олон улсад ийм шаардлагууд тавигддаг. Дүрэмд өөрчлөлт орсноор бүлгийн гишүүний хүлээх хариуцлага, намаас дэмжих хандлага зэрэг асуудал нягтарч байгаа юм. Аливаа улсын парламент төлөвшихөд бүлгийн оролцоо чухал байдаг.
-Түр ажлын хэсгүүд байгуулагдана гэлээ. Орон тоо, бүтэц бүрэлдэхүүнийг хэрхэн батлах вэ?
-Түр ажлын хэсгүүдэд олон нийтийн байгууллагуудаас зөвлөх, мэргэжилтнүүдийг ажиллуулах боломжийг бүлгийн дүрмээр олгосон. Тухайлбал, иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээх асуудлаарх ажлын хэсэг гарсан. Yүнд мэргэжлийн хүмүүс багтаж байгаа. Бүлгийн дэргэдэх 1.5 сая төгрөгийн хишгийг иргэдэд хүртээх боломжийг хайх судалгаануудыг хийгээд явж байна. Эдийн засгийн байдал зэргээс шалтгаалж олон нийтийн санал бодлыг сонсох ажлын хэсэг байх шаардлагатай гэж үзсэн. Бүлгийн ажлын албаны болоод эдийн засгийн боломж хязгаарлагдмал учраас таван ажлын хэсэг гарсан.
2008 оны 12-р сарын 04, Пүрэв гариг
Үнэн сонин

No comments:

Post a Comment