Sunday 29 April 2012

Г.Занданшатар: Хямралыг гэтлэхэд иргэн бүрийн эх оронч сэтгэл хэрэгтэй


Америкийг 1930-аад оны үед дайраад өнгөрсөн эдийн засгийн их хямралын үеэр Ерөнхийлөгч нь ард түмэндээ хандаж тийм ч содон бус, анхаарал үл татах нэгэн үгийг маш уран яруу тодоор хэлжээ. Тэгэхэд Америкийн санхүү дампуурч, эдийн засаг нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан гэдэг.

Банкандаа үл итгэх болсон иргэд нь мөнгөө татаад эхлэхээр дампуурахгүй хаачив л гэж. Эдийн засгийн хямралын эсрэг байдгаараа мачийсан Засгийн газар эцсийн арга болгож Төрийн тэргүүн Ф.Рузвельтийг олны өмнө үг хэлүүлэхээр гаргасан юмсанж. Тэрбээр ард түмэндээ хандаж, гудсан дороо мөнгөө хадгалалгүй банканд хандахыг уриалснаар америкчууд хямралын их давалгааг санаснаас хохирол багатай давжээ.

Азийг нөмөрсөн эдийн засгийн хар шуурганаар БНСУ-ын иргэд гар, бугуй, хүзүүндээ буй бүхий л үнэт гоёлоо төв банкандаа тушаах болсноор валютын нөөц эрс нэмэгдэж, экспортын орлого санаанд оромгүйгээр өсөөд эхэлсэн гэдэг.
“Яг ийм эх оронч сэтгэл одоо л бидэнд хэрэгтэй байна” гэж УИХ-ын гишүүн Г.Занданшатар уриалав.
2009 оны төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Төсөв, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэх үеэр эрхэм гишүүн ийм санаа дэвшүүлсэн. “Эдийн засгийн хямрал яаж ч даамжирч магадгүй учир байж болох бүхий л боломжоо дайчлах хэрэгтэй.

Монголын газар нутгаас олборлож буй бүх алтыг зөвхөн Монголбанкандаа тушаая. Шатахууны үнэ хямдарлаа. Үүнийг дагаж өсдөг бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг буулгах талаар иргэн бүр эх оронч сэтгэл гаргаж ажиллая. Хямралыг хохирол багатай давахын тулд итгэлцэл бий болгоё” зэргээр 10 зөв алхам санаачилснаа УИХ-ын тогтоолд тусгуулахаар эрхэм гишүүн ажиллаад эхэлжээ.

Санхүү, эдийн засгийн хямралтай төр, засаг боломжоо шавхаж тэмцэх нь тодорхой. Үүн дээр иргэдийн итгэл, эх оронч сэтгэлгээг хослуулах нь хямралыг саармагжуулах, санаснаас хохирол багатай даван туулах боломж олгоно гэж санаачилгаа Г.Занданшатар  тайлбарлав.
2008 оны 12-р сарын 25, Пүрэв гариг
Өнөөдөр сонин

No comments:

Post a Comment