Thursday 26 April 2012

Г.Занданшатар: Төсвийг хумих, тэлэх холимог бодлого явуулах хэрэгтэй


 
УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүн Г.Занданшатартай ярилцлаа.
-Дэлхий нийтийг хамарсан эдийн засаг, санхүүгийн хямрал  хүрээгээ тэлсээр байна. Манай  зарим улстөрч, эдийн засагч энэ хямралд Монгол Улс өртөхгүй хэмээн яриад байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-ОУВС-гаас гаргасан тайлангаар дэлхийн эдийн засгийн өсөлт хүлээж байсан  гүйцэтгэлээр буурч гарахаар байгаа юм билээ. Хятадын эдийн засгийн өсөлт 0.8, хөгжиж буй орнуудынх 0.2 хувиар буурна гэсэн дүгнэлт хийсэн. Энэ байдал Монголд нөлөөлнө. Дэлхийн эдийн засгийн өсөлт буурахын хэрээр түүхий эдийн үнэ ханш унах нь тодорхой шүү дээ. Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх 20 орны Сангийн сайд нарын уулзалт Бразилд болно. Энэ үеэр ОУВС-гаас төсвийн тэлэх бодлого явуулъя гэсэн санаачилгаа танилцуулах юм. Ингэснээр Засгийн газрын хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх боломжтой гэж үздэг. Мөн АНУ-ын Вашингтон хотод том гүрнүүдийн төрийн тэргүүнүүд   дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралыг зохицуулах асуудлаар уулзах гэж байна. Ийм нөхцөлд Монгол Улс ирэх жилийнхээ төсвийг  хэлэлцэж буй.
-Дэлхийн эдийн засаг 2008 онд хэдэн хувиар өсөх төсөөлөл байсан бэ?
-2.2 хувиар өсөхөөр төсөөлсөн. Гэтэл дөрөвний гурван хувиар буурахаар байна. 2009 онд хөгжингүй орнуудын эдийн засаг 0.3, АНУ-ынх 0.7, Европын орнуудынх 0.5, Японд 0.2 хувиар эдийн засгийн өсөлт буурах хандлага ажиглагдаж буй. Хөгжиж буй улсуудынх харьцангуй гайгүй, эдийн засгийн дундаж өсөлт 8.5, Энэтхэг 6.3, Азийн хөгжиж буй орнуудынх 7.1, Ойрхи Дорнодын орнууд 5.3 хувьд хүрнэ гэсэн төсөөллийг ОУВС-гаас гаргасан.
Хөгжингүй орнууд төсвөө тэлэх бодлого явуулах нь манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох  зэсийн үнэ өсөхөд эерэгээр нөлөөлөх магадлалтай. Дэлхийн эдийн засаг, үйлдвэрлэл өсөхийн хэрээр зэсийн үнэ өснө. Монголын жижиг эдийн засаг зэс, алтнаас шууд хамааралтай. Тийм учраас дэлхийн эдийн засгийн хямрал манайд эерэг ба сөрөг байдлаар нөлөөлөх нь гарцаагүй юм.
-Хөгжингүй орнуудын эдийн засаг хэдий хугацааны дараа сэргэх хандлагатай байх бол?
-АНУ-ын эдийн засаг 2009 оны сүүлээс сэргэнэ гэсэн прогноз гарсан. Япон улс цэвэр экспортоо дэмжих бодлого явуулж байгаа ч энэ нь буурах хандлагатай байгаа. Том эдийн засагтай орнуудад тодорхой хэмжээний өсөлт гарах боловч нэг хувийн хэлбэлзэлтэй байх болов уу. Хятадын эдийн засагт төрийн зохицуулалт гол үүрэгтэй байдаг учраас  энэ замаар  хямралаас хамгийн бага хохирол амсана гэж тооцож байгаа юм билээ.
-Инфляцийн өндөр түвшин эдийн засаг, иргэдийн амьжиргаанд шууд дарамт болж байгаа. Манай улсын хувьд дотоодоос хамааралтай инфляцийн дарамт багасаж байгаа ч инфляци ихээр  импортлогдсон хэвээр байна гэж үзэж байгаа шүү дээ?
-Хөгжингүй орнуудад инфляци 1.5 хүртэл хувиар, хөгжиж байгаа орнуудад боломжийн хэрээр буурч байгаа юм билээ. Манайх шиг жижиг эдийн засагтай оронд инфляцийн эрсдэл байгаа. Нийлүүлэлт, цалингийн өсөлт, хүлээлтээс  энэ бүхэн шалтгаалж байна. Ийм нөхцөл байдалд ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэж байна.  Алт, зэсийн үнийн уналт, нефтийн үнийн өсөлтөөс хамгаалсан харилцан уялдаатай бодлогыг Сангийн яам, Монголбанк хамтраад хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Олон улсад төсвөө тэлэх бодлого явуулж байна. Манайх яах ёстой вэ?
-Хөгжингүй орнууд төсвөө тэлэх талаараа хэлэлцэж эхэлж байна. Жижигхэн эдийн засагтай орон эдийн засгийн өсөлт, хэрэглээгээ дэмжих зайлшгүй шаардлагатай. Төсвийн холимог бодлого явуулах бололцоотой. Төсвийн урсгал зардлуудыг царцааж, хэмнэх бодлого явуулах шаардлага гарч байна. Үр ашиг багатай  нийгмийн халамжийн бодлогоо эргэж харах ёстой. Нийгмийн халамж зайлшгүй шаард¬лагатай хэсгээ дэмжих хэрэгтэй.
Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэх замаар төсвийн тэлэх бодлого явуулж, үр дүнгүй нийгмийн халамжийн зардлыг бууруулах чиглэлээр хумих бодлого хэрэгжүүлбэл үр дүнгээ өгнө гэж тооцож байгаа. Эрүүл мэнд, боловсролын салбарт төсвөөс маш их хөрөнгө зарцуулж байгаа. Үүнийг үр ашигтай болгохын тулд энэ салбарт томоохон шинэчлэл хийж, зарлагыг оновчтой болгох ёстой. Дарга нарын  хэрэглээний асуудал байна. Эд хогшлын зардал, төрийн албан хаагчдын сургалт, гадаад, дотоодод аялдаг зардлыг эрс бууруулах хэрэгтэй. Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг өсгөж байж хэмнэлтийн горимд шилжинэ.
-Төсөв тэлэх, хумих талаар УИХ-ын гишүүд нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй байгаа шүү дээ?
-Манайхан туйлшрах юм. Тэлэх, хумих холимог бодлого явуулах нь зөв. 
Бид маш их цаг хугацаа алдлаа. Зунжин, намаржин бид улстөржлөө. Төсөв, санхүүгийн баримт бичиг боловсруулах хугацаа Засгийн газарт  маш бага байлаа. Найм, есдүгээр сард Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлаад, есдүгээр сард төсвийн тодотгол хийчхээд аравдугаар сард төсвөө хэлэлцэх боломжтой байлаа. Гэтэл өнөөдөр хамаг зүйл овоорчхов. Төсөв, мөнгөний бодлого, үндсэн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөр гээд санхүүгийн томоохон  бичиг баримтын төслийг  ганцхан сарын дотор бэлтгээд оруулна гэдэг дэндүү учир дутагдалтай.
-Төсөв хэмнэх бодлого яриад байгаа ч урсгал зардлыг бууруулах талаар бодитой алхам хийгдсэнгүй гэсэн шүүмжлэл гишүүдийн зүгээс гарч байгаа. Та үүнтэй санал нийлж байгаа юу?
-Нийлнэ. Төрийн албан хаагчдын дадлагажилт, сургалт, зөвлөлгөөний  зардалд 18 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Бусдаар ажил, үйлчилгээ гүйцэтгүүлсний зардалд 30 тэрбум төгрөг зэргийг тусгасантай санал нийлэхгүй.
Улаанбаатар хотын төлөвлөлтөд хангалтгүй хөрөнгө зарцуулахаар байна лээ. Нийслэлийн хүүхэд, залуучуудын чөлөөт цагт зориулсан цэцэрлэгт хүрээлэн, спортын төв барих, нийслэлийн замын асуудлыг шийдэх, агаарын бохирдлыг бууруулахад зориулах хөрөнгө оруулалт, хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дүүргүүдэд соёл, үйлчилгээний төв байгуулах  цогц бодлого хэрэгжүүлэх талаар бага анхаарсан байна. Хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар  хамтарч ажиллах  талаар томоохон төсвийн бодлого хэрэгжүүлэх ёстой.
-2009 оны төсөвт шинэлэг зүйл хэр харагдав?
-Байдаг л төсөв болж. Шинэ, бодитой зүйл олж харсан.

2008 оны 11-р сарын 10, Даваа гариг
Өнөөдөр сонин

No comments:

Post a Comment