Sunday 29 April 2012

Г.Занданшатар: Компани хэдэн хувийн ашигтай байх ёстойг хуульд заах боломжгүй


УИХ-ын гишүүн Г.Занданшатартай уулзаж ярилцав. Чуулган завсарласнаас хойш тэрээр хоёр хуулийн ажлын хэсэгт ажиллаж байгаа юм.
-Чуулган завсарласнаас хойш та юу хийж байна. Тойрогтоо ямар ажил амжуулж байгаа вэ?
-Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан дотоодынхоо бүтээгдэхүүнийг дэлгэрүүлэн хэрэглэх зорилгоор Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлөөс «Нэг баг нэг шилдэг бүтээгдэхүүн» үзэсгэлэн худалдааг ирэх сарын 6-7-ны өдрүүдэд МҮЭСТО-нд зохион байгуулахаар боллоо. Энэ ажлыг сумын Засаг дарга нартай хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж, бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж байна.

Малчид маань ааруул, сүү, сүүн бүтээгдэхүүн, эсгий урлал, сийлбэр, уран зураг зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнээ энэ үеэр зарж борлуулаад, эндээс хэрэглээнийхээ барааг аваад буцдаг. Баг бүр нэг шилдэг бүтээгдэхүүн танилцуулдаг энэ арга хэмжээг явуулж эхэлснээс хойш маш олон шилдэг бүтээгдэхүүн бий болсон. Энэ жилийн үзэсгэлэнд олон сайхан бүтээгдэхүүн ирнэ.
-Та хоёр хуулийн ажлын хэсэгт ажиллаж байгаа гэсэн. Ажлын хэсгийн ажил хэр үр дүнтэй байна?
-Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хуулийн төслийн шинэчилсэн найруул-га, өрсөлдөөний тухай хууль дээр ажиллаж байгаа. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах тухай хууль нь нийгэм, эдийн засгийн амьдралд хэт давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулж чадахгүй байна. Мөн бэлчээрийн тухай хууль дээр ажиллаж байгаа. Хуулийн төсөл ОДОО бараг бэлэн болсон.
-Шударга бус өрсөлдөөний хууль боловсронгуй биш байгаа нь манай зах зээлд шударга бус өрсөлдөөн хөгжих үндсийг бүрдүүлээд байна уу?
-Манай зах зээл бол төгс өрсөлдөөнт зах зээл биш. Өрсөлдөөнөөр үнэ нь тогтоогд-дог бүтээгдэхүүн бий. Гэхдээ Монгол Улсын газар нутаг том, хүн ам цөөтэй учраас үнэ, чанараар өрсөлдөөд явах зах зээл байдаггүй. Сумын жишээ татахад зарим нэг банкны үйлчилгээ, гол нэр төрлийн бүтээгдэхүүн зэрэг нь өрсөлдөөнд хамааралгүй бай-даг. Ялангуяа нефтийн бүтээгдэхүүн, онгоцны шатахуун, зарим нэг бүтээгдэхүүнийг цөөн хэдэн нийлүүлэгч хянах бололцоо олгосон зах зээл гэж ойлгож болох юм. Хууль нь ч мөн ийм бололцоо олгож байна. Тиймээс энэ байдлыг өөрчлөх зорилгоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа.
-Энэ хуульд өөрчлөлт оруулах талаар өнгөрсөн оны эхээр яригдаж байсан. Яагаад одоо хэлэлцэж байгаа юм бэ?
-Өрсөлдөөний тухай хуулийг өнгөрсөн хаврын чуулга-ны үед Жаргалсайхан дарга байхдаа санаачлан өргөн барьсан юм. Тухайн үед сонгууль болоод хэлэлцэж амжаагүй.
-Өмнөх хууль ямар сул талтай байсан юм бэ. Одоо ямар өөрчлөлт оруулах гэж байна?
-Өмнөх хуульд монополь аж ахуйн нэгжийн тодорхойлолтыг маш сайн зааж өгсөн боловч хүлээлгэх хариуцлагыг тодорхой заагаагүй. Тухайлбал манай зах зээл дээр хэдхэн компани нефтийн бүтээгдэхүүний зах зээлийг тодорхойлж байна. Тэдгээр нь зах зээл дээр ноёлохыг хориглосон заалт бий. Гэтэл ноёлж байхад 250 мянган төгрөгөөр торгох хариуцлага байгаа юм.

Зохиомлоор барааны хомсдол бий болгох, үнэ өсгөх зорилгоор бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг зогсоох, үндэслэлгүй үнэ нэмэх, хуйвалдах явдлыг арилгахын тулд Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах хороог бодитой үйл ажиллагаатай, хараат бус болгох шаардлага байгаа.
-Байцаагчдыг хараат бус болгох ямар боломжийг харж байна?
-Монополь аж ахуйн нэгж үүд хорооны үй л ажиллагаанд нөлөөлөх бололцоог нь хааж, байцаагчдын эрх үүргийг нэмэгдүүлнэ. Зөрчил дутагдлыг арилгуулах, хугацаа тавьж биелэлтийг хангуулах, бүтээгдэхүүн чанарт дүгнэлт гаргах эрхийг байцаагчид олгох өөрчлөлт оруулах зорилготой байгаа.
-Гадаад орнуудад 6-7 хувийн ашгийг дундаж, 10-15 хувийн ашгийг өндөр ашигтай гэдэг бол Монголын аж ахуйн нэгжүүд 50-60 хувийн ашигтай ажилладаг гэдэг юм билээ. Хуульд ашгийн талаар тодорхой дурдах уу?
-Ер нь манай төрийн байгууллагууд сураг мэдээллээр шийдвэр гаргах биш, судалгаа тооцооны үндсэнд үг хэлмээр байна. Тоонд үндэслэхэд олон янзын дүн гардаг шүү дээ. Ямар цаг хугацаа, ямар нөлөөллийн тоо байх эсвэл түүвэр тоо байх зэргээс шалтгаалж дүн өөр өөр гардаг. Тэгэхээр хуульд хэдэн хувийн ашигтай байх ёстой гэдэг тоо тавих боломж байхгүй. Хууль зөвхөн зарчмыг нь тодорхойлно.
-Үүнээс гадна «Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар хэтэрхий удаан ажилладаг. Шударга бус өрсөлдөөн бий болоод өнгөрсний дараа судалгааны дүн гарч үр дүнгүй боллоо» гэж шүүмжлэх хүмүүс олон байдаг?
-Бид олон улсын байгууллагуудтай уулзаж, шударга бус өрсөлдөөнийг хянах ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх асуудал тавина гэж бодож байгаа. Нөгөө талаар улсын байцаагчийн шалгах, тайлан нэхэх, хариуцлага тооцох эрхийг нэмэгдүүлбэл боломжийн хэмжээнд хүрнэ.
-Энэ хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулж байгаа юу?
-Захиргааны хариуцлагын тухай, төрийн болон орон нутгийн өмчийн тухай, тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Мөн захиргааны шийтгэлийн тухай, зар сурталчилгааны тухай, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт орно. Ялангуяа хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулах нь маш чухал. Зөвхөн төрийн байгууллага шударга бус өрсөлдөөнийг хянах бус, иргэн хяналт тавих нь чухал. Тухайлбал аль нэг дэлгүүр хүүхдэд архи зарвал түүнийг мэдсэн иргэн шүүхэд гомдол гаргаж, их хэмжээний мөнгө нэхэмжлэх боломжийг олгох юм. Тиймээс хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийг өөрчлөлтийг ойрын хугацаанд оруулах хэрэгтэй байна.
-Хоёр дахь хуулийн талаар сонирхъё. Бэлчээрийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулахаар ярьж байна вэ?
-Энд бэлчээр эзэмших талаар заалт оруулахгүй. Монгол Улсын газар нутгийн ихэнх нь бэлчээр. Тийм учраас бэлчээр нутгийг хамгаалах чиглэлээр өөрчлөлт оруулж байна. Малчид, орон нутгийн захиргаа яаж хамгаалахыг хуульчилж өгнө. Бэлчээр хамгаалж байгаа хүмүүст урамшууллыг яаж олгох, талхалсан хүмүүст ямар хариуцлага ногдуулах талаар тодорхой болгоно.
-Тэгвэл бэлчээрийн газрыг сүйтгэсэн хүмүүст ногдуулах хариуцлагаас гадна сүргийн бүтэц ч яригдах нь?
-Ашигт малтмалын төлөө мал аж ахуйгаа түрж гаргаад байгаа боловч нөхөн сэргээлт хийхгүй байна. Тийм учраас бэлчээрийг цөлжүүлсэн бол хариуцлагыг нь ногдуулж, мөнгөн торгууль төлүүлэх, нөхөн сэргээлт хийлгэх заалтыг тусгана.

Сүргийн бүтцийн тухайд ямар төрлийн малаас бэлчээрийн татвар авах вэ гэдгийг ярьж байна. Ямаа, адуу хоёр бэлчээр тахалдаг гэдэг. Гэхдээ малчид үгүйсгэж байгаа.
2009 оны 1-р сарын 28, Лхагва гариг
 Өглөөний сонин

No comments:

Post a Comment