Sunday, 29 April 2012

Г.Занданшатар: Бид Засгийн газарт шаардлага тавьж байна


УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Айвенхоу Майнз” компанийн удирдлагуудыг өчигдөр хүлээн авч уулзаж, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар санал солилцсон юм. Уг уулзалтад “Айвенхоу Майнз” компанийн ерөнхийлөгч Жон Макен, дэд ерөнхийлөгч Жон Фогнани, “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-ийн ерөнхий захирал Кийт Маршал, гүйцэтгэх захирал А.Мөнхбат нар ирсэн.Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, Оюутолгой төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар нар байлцлаа. Уулзалтын дараа ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатараас дараахи асуултад хариулт авсан юм.
-Гэрээний гүйцэтгэл аль шатандаа байгаа вэ. Энэ гэрээний гол шалгуур нь юу бэ?
-УИХ-аас гарсан ажлын хэсэг Т.Бадамжунай даргаар ахлуулаад ажиллаж байгаа. Бүлэг, Эдийн засгийн байнгын хорооны түвшинд л бид Монгол Улсад ашигтай байх хэлбэрээр нь гэрээг судалж, боловсруулах ажлыг гүйцэтгэж байна. Маш олон байгууллагаас Бүлэгт болон Эдийн засгийн байнгын хороонд санал ирж байгаа. Монгол Улсад л хамгийн ашигтай хэлбэр байх ёстой гэсэн саналууд зонхилж байна. Ер нь улсад л орж ирэх ашгаар гэрээний эцсийн зорилго хэмжигдэнэ. Өөрөөр хэлбэл, хичнээн хэмжээний мөнгө орж ирэх, ажлын байр хэдээр нэмэгдсэн, эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэсэн гол шалгууртай. Тэгэхээр гол асуудал дээрээ төвлөрч, судалгаа тооцоог нарийн хийж байна.
-”Айвенхоу майнз” компанийн удирдлагууд УИХ-ын даргатай уулзлаа. Тэгэхээр энэ уулзалтаар ямар асуудлыг чухалчилсан бол?
-Санал л солилцлоо.
-Манай талаас ямар асуудал тавьж байгаа вэ?
-Нэгдүгээрт, хүүгийн хувийг тогтмол авч үзнэ гэсэн саналыг хэлсэн. Ирээдүйд хүүгийн түвшин өөрчлөгдөхөд Монголын талд ашиггүй болж ирэх магадлалтай. Иймд ямар ч эрсдэлгүйгээр 34 хувийг эзэмшинэ гэсэн асуудлыг голлон ярьлаа. Энэ байдлаас үүдээс маш олон асуудал гарч байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад олгогдох 125 сая амдолларын хүүгийн хэмжээ бага байх тухай асуудал.Мөн ордны нөөц хэмжээ бүрэн тогтоогдсон эсэх, татварын дээд, доод хязгаарын хэмжээ, Монгол Улс олох орлогынхоо доод хэмжээг тогтоох эсэх асуудлыг
тавилаа.
-УИХ-аас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу гэрээний төсөлд ямар зүйлийг нэмж оруулж байгаа бол?
-Засгийн газрын хийх ажил. Бид Засгийн газартаа шаардлага тавьж байна. Эдийн засгийн байнгын хорооны болон УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа.
-Гэрээний төсөл дээр хөрөнгө оруулагч талтай ойр ажиллаж чадаж байгаа юу, та бүгд?
-Одоогоор Засгийн “газрын хэлэлцээрийн ажил үргэлжилж байгаа. УИХ нэгдсэн байр сууриа илэрхийлсэн. МАХН хаалттай хуралдаж байр сууриа илэрхийлж байсан. Эдийн засгийн байнгын хорооны болон бүлгүүдийн саналыг нэгтгэнэ. Манай намын бүлгийн хувьд намын ажлын хэсэг 15 заалттай саналаа тавьсан байгаа.
-Гэрээний төслийг хаврын чуулганаар хэлэлцэх үү?
-Ер нь дөрвөөс долоон долоо хоногийн дотор хууль батлагдах юм бол зунаас эхлээд ажлаа эхлүүлэх бололцоотой байгаа юм билээ. Жон Макен: Зунаас уурхайн барилгын ажлыг эхлүүлэх бодолтой байгаа “Айвенхоу майнз” компанийн гүйцэтгэх захирал Жон Макентей уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.
-УИХ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу та бүхэн ажлын хэсэг, Засгийн газартай ямар тохиролцоонд хүрэв, гэрээний төсөлд ямар өөрчлөлт оруулах вэ?
-Бид УИХ-ын даргатай гэрээний төслийн талаар ярилцлаа. УИХ-аас тавьсан асуулгад хариулт өгөхийг зорьсон. Гэхдээ нарийвчилсан болон засах зүйл байгаа эсэхийг илүү сонирхож байх шиг байсан. Хоёр талууд дахин яриа хэлэлцээр хийсний дүнд бид тохиролцоонд хүрнэ гэж бодож байна. Бид Засгийн газартай урт удаан хугацаанд хамтран ажилласны үр дүнд аль аль талын ашиг сонирхолд нийцсэн гэрээ болсон гэж үзэж байгаа. Мэдээж бидэнд харилцан ойлголцоход амаргүй асуудал олон байсан. Дэлхийн туршлагатай шинжээчид ч Монголын Засгийн газарт үр өгөөжтэй гэрээ болсон гэж дүгнэж байгаа.

Дэлхийн банк, санхүүгийн хямрал болж буй үед энэ төслийг даруйхан хэрэгжүүлж эхлэх нь чухал юм гэсэн. Манай компанийн төлөөлөн удирдах зөвлөл ч өнөөдөр энэ төслийг бүрэн хэмжээгээр нь хэрэгжүүлж эхлэх цаг нь болсон гэж үзэж байгаа. Төслийн ажил анх эхэлсэн 2003 онд дэлхийн зах зээлд металлын үнэ доогуур байснаа өсч эхэлсэн ч өнөөдөр дахиад уналтын байдалд хүрлээ. Үнийн энэ бууралтын үед уурхайг барих нь зөв юм. Тэгвэл үнийн дараагийн өсөлтийн үед бид хожих болно. Гэрээ ойрын хугацаанд батлагдаж, санхүүгийн эх үүсвэрээ шийдвэл энэ зунаас уурхайн барилгын ажлыг эхлүүлнэ гэлээ.
2009 оны 4-р сарын 03, Баасан гариг
Өнөөдрийн Монгол

No comments:

Post a Comment