Wednesday 25 April 2012

Ж.Энхбаяр :Манай нам баян,ядуугийн ялгааг арилгахын төлөө санаа тавьж байгаа


Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та ажлаа аваад удаагүй байна. Шинэ томилогдсон сайд ажлаа юунаас эхлэх гэж байгаагаас яриагаа эхэлье?
-Мэдээж үе үеийн Ерөнхийлөгчийн болон сайд нарын бодлогыг цаашид хэрэгжүүлнэ. Нэлээд олон зорилт дэвшүүлж байгаа, тооцоо судалгааг нь үзэж байна. Богино хугацаанд хийх ажил их байна. Энэ зургаан сарыг нэг жилийн хэмжээний үр дүнтэй байлгахын төлөө шунаж ажиллаж байна. Ер нь энэ зургаан сард хоноцын сэтгэлээр хандахгүй.
-Танд энэ ажлыг Ерөнхий сайд санал болгосон уу. Сайдад нэлээд олон хүн нэр дэвшсэн. Чухам яагаад таныг сонгож, итгэл хүлээлгэсэн юм бол?
-Манай намын хамт олноос үүрүүлж байгаа ачаа шүү дээ. Ж.Энхбаяр гэдэг хунд итгээд сайд болгоё гэж  гишүүд дэмжсэн. Энэ салбарт сэтгэлтэй, бас ч гэж мэдэх зүйлээ мэддэг учраас хариуцлага үүрүүлж байна гэж ойлгосон. Монгол Улсын зэвсэгт хүчин, ард түмнийхээ өмнө , төр засгийнхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа.
-Салбараа хэр мэдэх вэ. Таны аав олон жил батлан хамгаалахын салбарт ажиллаж байсан учраас арай ойр байв уу?
-Миний төрсөн, өссөн, хүн болсон, хүмүүжсэн орчин бол арми, зэвсэгт хүчин. Цэргийн хүний гэр бүл, үр хүүхэд ямар үүрэг хүлээж байдгийг мэднэ. Олон сар, жилээр томилолтоор ажиллахаас эхлээд, хар, бор, сайн муу, сайхан муухайг бүхнийг нь мэднэ.
-Таны аав Батлан хамгаалахын сайдаар олон жил ажилласан. Аавынхаа талаар ярихгүй юу. Аав хүү хоёр, нэг салбарыг удирдана гэдэг ховор тохиолдол байх?
-Аав маань 1982-1996 он хүртэл Батлан хамгаалахын орлогч сайд, сайдаар ажиллаж байсан. Амьдралынхаа бүхий л хугацааг Зэвсэгт хүчин, армид зориулсандаа. 1996 онд бурхны оронд очсон. Аавынхаа хариуцаж байсан энэ салбарыг хариуцна гэдэг хувь тавилан юм болов уу. Манай гэр бүл хэдэн үеэрээ батлан хамгаалах салбарт ажиллаж байна. Би гурав дахь үе нь. Миний хүү дөрөв дэх нь. Одоо цэргийн сургуульд суралцаж байгаа. Манай гэр бүлээс олон хурандаа, офицер төрсөн. Хилийн цэрэгт ч, зэвсэгт хүчинд ч байна.
-Таныг аавынхаа адил сайд гэж дуудуулахын тулд багагүй лобби хийж сайд болсон гэж ярилцах юм?
-Ямар үр дүн гаргах нь вэ гэдгийг цаг хугацаа харуулна. Тайлбар тавихыг хүсэхгүй байна.
-Танай намын Бага хурал боллоо. Намын бага хурлын өнгө аясыг та гишүүний хувьд хэрхэн дүгнэж байна?
-Намын Бага хурлаар ирэх 20 жилд Монгол Улсыг яаж хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг ярьж байна. Бид "Бүгдийг зах зээл зохицуулна" гэж ярьсаар 20 жил явлаа.
Энэ бол өрөөсгөл ойлголт байсан.
Улс орон өөрийнхөө хөгжлийн бодлогыг тодорхойлж, тэр бодлогыг харж иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөдөг. Тиймээс олон түмэнд итгэлийг бий болгох ёстой. Ирээдүйд тийм болно гэсэн итгэлийг ард түмэн мэдрэх юм бол түүндээ хүрэх зорилго бий болно гэж үзэж байна.
-Ардчилсан намын ҮЗХ-г танай намын Бага хуралтай харьцуулдаг. Тэр утгаар Бага хурлаас зөвхөн хөгжлийн хөтөлбөр биш өөр ямар асуудал яригдах бол гэсэн хүлээлт байсан. Энэ хурлаар намын дотоод бүтцийн талаар ярих үнэхээр шаардлагагүй байв уу, эсвэл дээрээс хянаад хэлэлцэх асуудлыг тохирчихов уу?
-Манайх дээрээсээ хянаад байдаг нам биш. Энэ намын дээр байж, авч явна гэдэг их хүнд, хариуцлагатай ажил. Манайх бол ардчилалтай нам. Энэ хурал ч үүнийг харуулж байна. Ардчилал гэдэг анархи байдлыг хэлдэггүй. Дүрэм журмын хүрээнд явагддаг. Хүний эрх, бусдын эрх үүргийг хэм хэмжээнд нь манай нам барьж чаддаг.
-Ардчилсан нам засгаас гарахад намын даргынхаа "Ханилж яваад нөхрөө хаялаа" гэсэнтэй санал нийлэх үү. Танай намын даргыг тойрсон шүүмжлэлүүд намын амжилтад нөлөөлөх болов уу?
-Түүнийг олон түмэн тунгаах биз.
-2012 оны сонгууль эхэлчихлээ. Ирэх сонгуульд МАН ямар амжилт гаргах бол. Ардчилсан нам Засгийн газраас гарсан нь МАН-д нөлөөлөх болов уу?
-МАН ачаагаа үүрсээр ч ирсэн. Цаашдаа ч үүрсээр байх болно. АН-ын улс төрийн шийдвэрийг хүндэтгэх ёстой. МАН бол түүхэн замнал, ирээдүйг харах чадвар, нөлөөллөөрөө үнэхээр том нам. Энэ намд Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах бодлого, боловсон хүчний нөөц байна. Намын хамт олны эв нэгдэл байна. Тийм учраас 2012 оны сонгуульд Ардын нам ялна. Яагаад гэвэл бидний бодлого, үзэл баримтлал, хөтөлбөр маань Монгол хүний төлөө, Монгол Улсын төлөө.
-Танай намынхныг хөрөнгөтний, дандаа компанийн захирал, баячуудын цуглуулга болсон гэж шүүмжилдэг нь тодорхой болсон. Үнэхээр ч Бага хурлын гишүүдийг харж байхад мөнгөтэй байхыг гол шалгуураа болгодог юм шиг харагдах юм?
-160 гаруй мянган гишүүн дотор Монгол Улсын нийгмийн бүх төлөөлөл байна. Хамгийн  гол нь  энэ  хүмүүсийн нэгдэл нь намын үнэт зүйл. Энэ намын үнэт зүйл маань өөрөө баялгийн зөв хуваарилалтын төлөө чиглэж байгаа. Нийгмийн чиглэлтэй томоохон арга хэмжээг явуулдаг МАН-ын үнэт зүйлийг ойлгоод, үзэл баримтлалыг нь дэмжээд орж ирж байгаа залуус. Ялангуяа хөрөнгөтэй, амжилтад хүрсэн хүмүүс өнөөдөр бий болсон баян, ядуугийн ялгаа, тэгш бус хуваарилалтад санаа зовж, үүнийг арилгахын төлөө нэгдэж байгаа юм. Энэ хүмүүс "Би татвар төлөхгүй, хөрөнгөө нэмэгдүүлнэ" гээгүй. Бүгд татвараа төлье, энэ ялгавартай хуваарилалтыг өөрчилье, баян ядуугийн ялгаа нийгмийн тогтворгүй байдлыг бий болгох учраас үүнийг арилгая л гэж байгаа.
-Ингэхэд яагаад баян, ядуугийн ялгаа бий болоод, баялаг тэгш бус хуваарилагдчихсан юм бэ?
Бид 20 жил будиллаа.
-Харин ч МАН-ынхны олонх нь энэ тэгш бус хуваарилалтын дээр нь байгаа юм биш үү?
-Би санал нэгдэхгүй байна. Монгол Улсын банк санхүү, гол үйлдвэрлэл, бизнес, хэвлэл мэдээлэл, эдийн засгийн дэд бүтцүүд өөр хүчинд байгаа гэж хардаг.
-Ямар хүчинд?
-Мэдээж Ардчилсан намд.
-Таныг сонгуульд нэр дэвшихгүй гэж сонссон. Энэ үнэн юм уу?
-Миний тухай гарч байгаа янз янзын ярианд цэг тавья. Ж.Энхбаяр гэдэг хүн Говь-Алтай  аймагт  нэр  дэвшинэ. Алтайн ард түмнээсээ хэзээ ч урвахгүй, хөөтөл нь явахгүй.
-Алтайн ард түмэн танд итгэл хүлээлгэж Их хуралд илгээсэн. Харин хоёр дахь удаад бардам очих нүүр бий юу?
-Өнгөрсөн  дөрвөн жилийн хугацаанд  хийсэн  ажилдаа сэтгэл хангалуун байгаа. Алтайн ард түмнийхээ төлөөлөл байж чадсан, амласандаа хүрсэн гэж бодож байгаа. Тиймээс ирэх сонгуулиар очиж алтайчуудаараа дун тавиулна даа.
-Та 2008 онд нэр дэвшихдээ намдаа хандив өргөж байсан уу?
-МАН бол мөнгөөр сонгуулийн эрх худалддаг нам биш. Бүх шатны гишүүдээсээ санал аваад, анхан шатаа зохион байгуулаад Удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд шийддэг. Олон түмний төлөөллийн эрхийг мөнгөөр үнэлж авна гэдэг зүйл Ардын намд байдаггүй.
-Зарим хүн намдаа хандив өгсөн гэдгээ ил хэлдэг шүү дээ?
-Хүмүүсийн өгсөн хандив мөнгөний асуудал , байдаг л байх. Миний хувьд ямар нэг хандив мөнгө өгөөгүй. Цаашид ч  ийм ёс зүйгүй асуудал байхгүй.
Нийтлэлч
Б.Нямсүрэн
Эх сурвалж
Зууны мэдээ
2012 оны 2-р сарын 03, Баасан гариг

No comments:

Post a Comment