Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Хууль зүй дотоод хэргийн яам л мэднэ

УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаанд УИХ-ын дэд дарга Г.Батхүү Авто тээврийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулга тавив. Өнгөрсөн оны тавдугаар сарын 29-ний өдрөөс эхэлж мөрдөх ёстой байсан энэ хууль өдий хүртэл хэрэгжээгүйгээс наад зах нь өнөөдөр 20 мянга гаруй хүн жолооны үнэмлэхээ хэнээс, хэзээ авахаа мэдэхгүй хохирч суугааг чуулганы танхимд ярьж байлаа. Хуулийн хэрэгжилтэд холбогдох яамд буюу Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарал тавихгүй байгааг гишүүдийн зүгээс шүүмжлэв.

-Та баталсан хууль хэрэгжихгүй байгаа шалтгааныг тодруулахаар асуулга тавилаа. Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн ямар заалтуудыг хэрэгжүүлэхгүйгээс асуудал үүсээд байна вэ?
-Өнгөрсөн парламентийн үед хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төслийг 2008 оны тавдугаар сарын 29-ний өдөр баталж, баталсан өдрөөс хэрэгжүүлэх ёстой байв. Гэтэл өнөөдөр хүртэл хууль хэрэгжсэнгүй. Хуулиар зохицуулах хэд хэдэн асуудал байсан. Дэлхийн нийтийн жишгээр автомашины бүртгэлийг мэргэжлийн байгууллага нь буюу тээврийн байгууллага бүртгэхийг нэгдүгээрт зааж өгсөн юм. Ингэснээр мэргэжлийн байгууллага нь автомашинаа тоолж, оношилж, хөдөлгөөнд оролцох хугацааг зааж, улсын дугаарыг нь олгодог болох байсан.

Харин цагдаагийн байгууллага нь үндсэн ажлаа буюу замын хөдөлгөөнөө зохицуулж, тэмдэг тэмдэглэгээгээ хийдэг байхаар зохицуулж өгсөн юм. Жолоочийг хоёр янзаар бэлтгэдэг дэлхий нийтийн жишиг байдаг. Энэ нь мэргэшсэн жолооч, жолооч гэсэн хоёр өөр ойлголт юм. Жолоочийнхоо мэргэжлийн дагуу аль нэгэн байгууллага, хувь хүнтэй гэрээ хийж, цалин авч ажилладаг тийм хүнийг мэргэшсэн жолооч гэдэг. Мэргэшсэн жолоочийг тусгай хөтөлбөрийн дагуу бэлтгэнэ. Харин мэргэшсэн бус жолооч нь өөрийнхөө хэрэгцээг хангах үүднээс автомашинаа өөрөө жолооддог байхыг хэлдэг. Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу Замын цагдаагийн газар нь өөрийнхөө хэрэгцээг хангах түвшний жолоочийг бэлтгэх, харин мэргэшсэн жолоочийг мэргэжлийн яам бэлтгэх ёстой байлаа. Гэтэл хуулийн энэ заалт хэрэгжсэнгүй. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжүүлэх үүрэгтэй Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Хууль зүй дотоод хэргийн яам ямар ч идэвхгүй ажиллаж байна.

-Асуулга тавьж байх үеэр жолооны үнэмлэхийн тухай ярьж байсан. Ц.Нямдорж сайд жолооны үнэмлэх олголтыг булаацалдаад байгаа юм бол та нар аваач гэсэн асуудлыг тавьж байсан. Өнөөдөр жолооны сургалтад суугаад үнэмлэхээ авч чадахгүй байгаа 20 гаруй мянган хүн байгааг сонслоо?

-Хоёр ангиллын жолоочийг тус тусдаа бэлтгэхийг заасан хууль гарчихаад байхад нэг жилийн хугацаанд 62 мянган жолооч бэлдсэн байна. Нэгэнт хуулийн дагуу бэлдээгүй болохоор энэ нь хууль бус үйл ажиллагаа болж, хариуцлагыг хэн үүрэх вэ гэсэн асуудлыг гаргаад байна.

-Үнэмлэхээ авч чадахгүй байгаа 20 гаруй мянган хүний асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Энэ асуудлыг яаж шийдэхээ Хууль зүй дотоод хэргийн яам л мэднэ. Хууль гарчихаад байхад мөнгийг авч, шалгалтад тэнцүүлж, үнэмлэх олгоно гэснээрээ энэ яам л шийднэ.

-Хууль бодит амьдралд нийцэхгүй тул өөр хуулийн төсөл санаачлах тухай ярьж байна?

-Хууль хэрэгжих ёстой. Үнэхээр хэрэгжих бололцоогүй хууль байсан юм бол яах гэж баталсан юм. Баталсан хууль болохгүй байгаа бол яагаад жил гаруй хугацаа болж байхад хууль санаачлаагүй юм бэ

2009 оны 5-р сарын 04, Даваа гариг, МОНЦАМЭ

No comments:

Post a Comment