Tuesday, 24 April 2012

Д.Очирбат:Би өөрийгөө сайд больё гэж амбиц гаргасангүй


УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбаттай ярилцлаа
-Сүүлийн үед засаг маань нэлээд бужигналаа. Таны хувьд энэ байдлыг хэрхэн харж байв?
-АН хамтарч засагт орж ирсэн. Гэхдээ одоо гарч байна. Энэ бол хэзээ нэгэн цагт байх л ёстой асуудал байсан. Өчигдөр манай нам АН-ынхны байсан яамд дээр очих хүмүүсийн нэрсийг тогтоож, Засгийн газрыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдлээ. Одоо удахгүй байнгын хороодоороо сайд нарынхаа асуудлыг хэлэлцэх байх.
Ерөнхийлөгчөөс ч хариу ирэх болов уу.
Бараг 3.5 жил АН-тай хамтарч ажиллахдаа засгийн ажил тодорхой хэмжээнд явж байсан боловч бие биедээ тавих хяналт байхгүйн улмаас хоорондоо найр тавьсан, цалгар назгай байдлаар ажил явагддаг байсан байх гэж ойлгогдож бай-гаа. Гэхдээ одоо ганцхан МАН-аас томилогдсон сайд нар гарч ирнэ. Хэдийгээр богино хугацаа үлдсэн боловч энэ хооронд маш их зүйлийг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Одоо тэд зөвхөн сонгуульд оролцох бус чухам юу хийж чаддагаа нам, ард түмэндээ харуулах хүнд шалгуурт орж байсан гэсэн үг. Тэдэнд эрх бус үүрэг маш их байгааг санагалзах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Үүнийг шинээр томилогдох сайдууд маань өөрсдөө ухаарах биз дээ.
-Эрүүл Мэндийн сайдаар таныг томилогдоно гэсэн яриа өнгөрөгч долоо хоногийн турш өрнөсөн. Гэтэл яг шийдэл дээр өөр хүн ороод ирлээ...
-Очирбатыг сайд болох хэмжээнд хүмүүс харж байна гэвэл сайн л байна. Түүнээс би өөрөө заавал сайд болъё гэж амбиц гаргасангүй. Би л энэ УИХ-д байгаа ганц эмч хүн шүү гэж хэлээгүй. Аль нэг сонинд би болох ёстой гэж ярилцлага өгсөнгүй. Аль нэгэн дарга дээрээ очиж би болно шүү гэж гуйж, гувшиж явсангүй. Манай намын Удирдах зөвлөлийн хурал дээр сайд нарынхаа хэдийг нь УИХ-аас, хэдийг нь гаднаас томилох вэ гэдэг асуудлаа шийдсэн. Өөрөөр хэлбэл, Батлан хамгаалах, ЗТБХБ, Сангийн сайд нарыг УИХ-аас, Тэргүүн шадар, Эрүүл мэнд, Байгаль орчны сайдуудыг гаднаас томилохоор болсон. Мэдээж, Эрүүл мэндийн сайдыг УИХ-аас томилох шийдвэр гаргасан байсан бол, гишүүд маань намайг өрсөлд гэсэн бол би тэр сонголтод нь ороод явахад татгалзах зүйл байхгүй байлаа. Аль яаманд хэнийг томилох тухай саналаа оруулах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Ерөнхий сайд, намын дарга хүний хувьд өөрийн гэсэн бодлого байсан болов уу. Би үүнийг хүндэтгэж байна. Намын бүлэг хуралдаж байхад Д.Лүндээжанцан гишүүн хурандаа цолтой хүний хувьд Батлан хамгаалахын сайдад өрсөлд гээд нэрийг маань оруулж байсан. Гэхдээ би тэр үед Лүндээ даргад баярлалаа гэдгээ хэлээд Эрүүл мэндийн яам бол миний мэргэжлийнх. Харин Батлан хамгаалахын яам дээр мэргэжлийн хүн нь очих ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн.
-Одоогийн нэр дэвшээд буй Н.Хүрэлбаатарын тухайд ажлаа хэрхэн хийх бол. Танд ямар бодол байна вэ?
-Одоо нэр дэвшсэн Н.Хүрэлбаатар бол залуу, эмч хүн. Энэ салбарт ажиллаж байгаа хүн. Тиймээс үлдсэн хугацаанд түүнийг салбараа төлөөлөн сайн ажиллаж чадна гэсэн бүрэн итгэлтэй байна.
-Та дээр хэлэхдээ намынхаа даргаасаа гуйж гувшиж явсангүй гэлээ. Тэгэхээр одоогийн санал болгож буй хүмүүс тэгж явсан хэрэг үү?
-Ер нь сайд болох талтай, сайд болъё гэсэн улсууд их байсан. Тухайлбал, УИХ-аас томилох яамдад би сайд болох ёстой гэж өөрөө өөрийгөө дэвшүүлэх хүмүүс гарч ирж л байсан л даа. Тэр бол зөв шүү дээ. Өөрөө өөрийгөө дэв-шүүлж, өөрийгөө дүгнэхгүй юм бол хэн өөрийг чинь дөвийлгөх юм. Би тэр утгаар нь ярьсан. Түүнээс бус илүү их амбицлаад гүйгээд байсан гэдэг утгаар нь хэлсэнгүй.
-Сайдуудын нэрсийг шийдвэрлэх Удирдах зөвлөлийн хуралдаан нэлээд ширүүхэн болсон гэсэн. Хотын фракц, Зүүний хүчний холбоо гэсэн хоёр хэсэг байсан гэх юм. Зарим тохиолдолд мөнгө төгрөг авсан, өгсөн ч сураг байна лээ...
-Намын бүлэг дээр сайд нарынхаа асуудлыг хэлэлцсэн. Д.Хаянхярваа, Ц.Дашдорж нарын хувьд бүлэг дээр санал хураалтаар гарч ирсэн. Түүнээс бус аль нэг фракц, эсвэл мөнгө төгрөгөөр гэх ойлголт байхгүй. Үүнийг би баттай хэлнэ. Тэр тусмаа УИХ, танил тал, ангийнхан дотроо байгаа хүн тийм зүйл хийхгүй. Харин салбарынхаа төлөө юм хийж чадна, энэ салбарт ажиллаж байсан, мэргэжлийн хүн гэдэг утгаараа л өрсөлдсөн. Тэр боломжийг нь ч намын дарга бүлэг дотор оруулж ирсэн. "Та бүхэн дотроо сайхан өрсөлд. Саналаа хураагаад гараад ир. Харин гадагшаа улс төр байж болохгүй шүү" гэж хэлсэн.
-Одоо дөрвөн сарын хугацаа л байна. Энэ хугацаанд шинэ сайдууд ямар нэг ажил хийж амжина гэж үү?
-Төрийн албыг бас ч болохгүй. Хугацааг их, бага гэж ялгаварлаж болохгүй. Хийх л ёстой үүрэг нь. Боломж л байвал хийнэ. Гэхдээ хамгийн гол нь сэтгэл. АН-ын гүйцээлгүйгээр орхиод явсан зүйлийг хийх ёстой. Тухайн яамдынх нь мөрийн хөтөлбөрт тусгагдсан дутуу орхисон ажлууд байгаа. Тэдгээрийг гүйцээж хийх ёстой. УИХ-аас төсөв, санхүүг нь батлаад өгсөн ажлуудыг маш шуурхай, түргэн хийх хэрэгтэй байгаа юм. Түүнээс бус сон-гууль болохоос өмнө сайд болж үзэх гэсэн, намтартаа сайд байсан гэх сэтэр зүүсэн байхаар Засгийн ажилд орж ирж байгаа болих буруу ойлголт.
-Танай намын даргыг сонгуулиар тойроггүй үлдсэн хүмүүсээ сайд болгосон нэрээр хуурах гэж байна гэх мэдээлэл байсан. Энэ хэр үнэний ортой вэ?
-Би тэгж харахгүй байна. Харин одоо энэ нэр дэвшсэн хүмүүс Засгийн газрынхаа хийж хэрэгжүүлсэн ажлыг өндөрт өргөж, намынхаа нэр хүндийг өсгөх хэрэгтэй байна. Манай намын сонгуульд ялалт байгуулах эсэх нь бараг эднээс шалтгаалах болчихоод байгаа юм. Яагаад гэвэл МАН дангаараа Засгийн эрхээ барьж байна шүү дээ. Тиймээс салбар салбартаа маш их үүрэг гүйцэтгэх ёстой. Одоо та нар намын хараанд орлоо шүү гэдгийг хэлье. Өнөөдөр манай эрүүл мэндийн салбарт л гэхэд хийх ёстой маш их ажил байна шүү дээ.
-Та хэрэв сайд болсон бол тэр бүхнийг хийх байсан уу?
-Цаашид боломж гарна. Би энэ салбарынхаа төлөө зүтгэж байгаа. Дараа боломж нээлттэй байх учраас энэ удаа өрсөлдье гэсэнгүй.
-Магадгүй та энэ удаа хоёрын хооронд тийм сэтэр зүүгээд яахав гээд сайд болохыг хүчлээгүй юм биш биз?
-Хүмүүс тэгж ойлгож магадгүй. Гэхдээ богино ч байсан, урт ч байсан төрийн ажлыг хийх ёстой гэдгийг хэлье. Надад ч гэсэн тийм зүйл байгаагүй. Эрүүл мэндийн сайдыг УИХ-аас томилох байсан бол өрсөлдөх байсан. Магадгүй тийм тохиолдолд би ганцаараа өрсөлдөгчгүй гарах байсан болов уу.
-Таныг нэг хэсэг “матрын” нулимс унагасан хэмээн ярьсан. Үүнд хэрхэн хандаж байв. Нэлээд эртнээс эхэлсэн хэрүүл байх аа?
-Ч.Сайханбилэг нь ч юм уу, АН нь ч юм уу жаахан дургүй зүйл дээрээ л амны уншлагаа хэлдэг юм шиг байгаа юм. "Очирбат эхчүүдэд урамшуулал олгох хууль дээрээ АН бойкот тавьчихаар матрын нулимс унагаад"хэмээн ярьсан гэсэн. Би тухайн үед хэлбэл хэлэг, бичвэл бичиг гээд нэг, хоёр удаа өнгөрөө-сөн. Бүр сүүлдээ гурав, дөрөв дэх удаагаа болж, Ч.Сайханбилэг өөрөө санаачилж хэвлэлүүдэд ярилцлага өгч эхэлсэн. Үүнд нь жаахан дургүй хүрээд чуулганы хуралдаан дээр бид хоёр маргасан юм. Түүнээс хэд хоногийн өмнө Сонгуулийн тухай хууль хэлэлцэж байхад байнгын хорооны хуралдаан дээр би Ч.Сайханбилэгийг эсэргүүцсэн юм.
"Яагаад заавал чи санаачилж, бүх зүйл чинийхээр болдог юм.
Чиний хэлсэн болгон зөв. Биднийх буруу байдаг юм уу" гэсэн байр сууриа хэлтэл яг хажуудаа сууж байсан намайг 100 гр  татсан байна, нүд нь улайчихаж гэсэн. Ингэж хэвлэл мэдээллийн өмнө өөрийнхөө өнцгийг гаргаж, намайг буруутан болгож харагдуулахын тулд шууд гүтгэсэн. Түүнд нь тухайн үед юм хэлээгүй. Дараа нь дахиад тийм явуургүй зүйл яриад байхаар нь чуулганы хуралдаан дээр "Чи бол хүн чанар муутай баагий байна, Монголчууд хажуудаа байгаа хүнээ шууд гүтгэхийг түгжилдэх гэдэг юм. Чи бол түгжилддэг нөхөр байна" л гэсэн. Яриа бол иймэрхүү л юм болсон.
Нийтлэлч
Т.Гэрэлмаа
Эх сурвалж
Өдрийн сонин 2012 оны 1-р сарын 18, Лхагва гариг

No comments:

Post a Comment