Friday 27 April 2012

Ч.Үржинбадам: Ихрүүдийн яслитай болох цаг нь болсон


Монголын ихрүүдийн холбооноос зохион байгуулдаг “Ихэр заяа-2012″ арга хэмжээ  энэ сарын 26-30-ны хооронд зохион  байгуулагдаж байна. Тус арга хэмжээ өчигдөр “ АХА” тэмцээнээр эхэлсэн бөгөөд тус холбооны тэргүүн Ч.Үржинбадамтай энэхүү арга хэмжээний талаар ярилцлаа.
-Ихрүүдийн холбоо анх хэдэн онд байгуулагдаж байсан бэ? Одоогийн байдлаар танай холбоонд нийт хичнээн ихэр бүртгэлтэй байна?
-Ихрүүдийн холбоо 2004 онд анх байгуулагдсан. Дэлхийн ихрүүдийн холбоонд 2008 онд элссэн. Ихрүүдийн холбоонд одоогоор нийт  4000 гаруй ихэр бүртгэлтэй байдаг. Орон нутагт амьдардаг ихрүүд маань баяраа хийгээд эхэлчихсэн байгаа. Уг нь манайх ихрүүд баярын өдрөө жагсаал хийж нээлтээ хийдэг уламжлалтай. Энэ жил тодорхой шалтгаануудаас болж баярын парад хийсэнгүй. Мөн Гандантэгчинлэн хийдийн хамба лам Чойжамц 60-аас дээш насны ихрүүдийг хүлээж авч уулздаг байгаа.
-Хамгийн залуу буюу ахмад ихрүүд хэдээс хэдэн настай вэ?
-Манай ихрүүдийн холбоонд хоёр хоногийн өмнө хамгийн залуу ихэр нэг сартай ихэр бүртгэлтэй байсан бол өнөөдрийн мэдээгээр төрөөд хоёр хонож байгаа ихэр бүртгэгдлээ. Хамгийн ахмад настай ихэр 85 настай таван ихэр бүртгэлтэй байдаг. Удам дамжсан ихрүүд ч мөн цөөнгүй байдаг.
-Олны танил ихрүүд ч цөөнгүй байдаг гэж сонссон?
-Дунжаа, Дунжмаа гэж хоёр ихэр гавьяат байдаг. Мөн СТА авьяаслаг ихрүүд цөөнгүй бий. Зөвхөн олны танил гэлтгүй ихрүүдээ алдаршуулах олон ажлыг хийдэг. Бид ихрүүдээ урлаг спортын авъяас, чадвараар нь шалгаруулдаг.
- Асрамжийн газруудад хичнээн ихэр байдаг вэ?
- 16 ихэр асрамжийн газар байдаг. Тэдгээр ихрүүдээ мөн баярлуулсан байгаа.
-Орон нутгаас хичнээн ихэрүүд ирж оролцож байна вэ?
-1500 км-ээс хүрэлцэн ирж, “Ихрүүдийн баяр”-таа оролцож байгаа ихрүүд байна. Ховд аймгийн Алтай сумаас 60 настай ихэр морин хуурч ирж,  мэндчилгээ дэвшүүлэхээр ирээд байгаа. Мөн Дундговь, Өвөрхангай, Булган, Дарханаас  ихрүүд ирж оролцдог. Аймаг бүр ихрүүдийн салбар зөвлөлтэй байгаа. Дараа жилээс амжвал аймаг бүрийн салбар зөвлөлүүдтэй очиж уулзах болно. Сүхбаатар аймаг, Архангай аймгийн зэасаг дарга нар нийт 20 гаруй ихрүүдийн замын зардлыг дааж, энэхүү баярт оролцуулж байгаа нь манай холбооны үйл ажиллагааг дэмжиж буйн илрэл. Ихрүүдийн баярыг ивээн тэтгэдэг бүх байгууллага хамт олондоо энэ завшааныг ашиглан баярлалаа гэж хэлмээр байна.
-Ихэр хүүхдүүдийн нийгмийн хангамж хир байдаг юм бол. Таны бодол?
-Төрөөс ихэр хүүхдүүдийн нийгмийн хангамжийг сайжруулах хэрэгтэй гэж боддог. Гурван ихэр оюутан, гурван ихэр төрийн албан хаагч байна. Тухайлбал, оюутны төлбөрөөс хөнгөлөх, төрийн албан хаагч бол амьдрах нөхцлийг нь сайжруулан орон сууцны хөнгөлтөнд хамруулах зэргээр  дэмжих л хэрэгтэй байгаа юм. 2009 онд л гэхэд хамгийн их гурван ихэр төрсөн буюу нийт 27 ихэр төрсөн байдаг.
-Ихрүүдийн холбоо цаашид ямар ажил хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Би өөрөө уран бүтээлч хүн мөн ихрүүдийн холбоонд маань олон авьяаслаг ихрүүд байдаг. Тэгэхээр уран бүтээлийн нэгдэлтэй болох санаатай. Цаашид энэ санаагаа ажил болгоно.  Мөн “Гурван ихэр хүүхдийн сувиллыг хэзээ байгуулж, амлалтаа биелүүлэх вэ” гэсэн асуултыг төрийн эрх мэдэл бүхий , шийдвэр гаргагчидад хандсан ажил эхлээд байгаа. Хамгийн сүүлийн таван жилийн мэдээгээр Улаанбаатарт хоёр ихэр 2832, гурван ихэр 47 төрсөн. 2009 онд хамгийн олон буюу гурван ихэр 27, 2011 онд 1382 ихэр хүүхэд мэндэлсэн. Энэ бүхний цаана ихрүүдийн нийгмийн асуудал яригдаж,  эцэг эхчүүдийн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх зардал эрс нэмэгдэж байгаа. Иймд энэ асуудлыг төр анхааралдаа авч, ихрүүдийн яслитай болгох цаг нь болсон.
Э.Сувд

No comments:

Post a Comment