Saturday 28 April 2012

Орон сууцны дээд зөвлөл УИХ-ын ажлын хэсэгт тайлбар хийв


СӨХ-үүд улс төржиж байна
Төрийн ордны "В" танхимд өчигдөр Хууль зүйн болон Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооноос байгуулагдсан "СӨХ болон нийтийн эзэмшлийн газрын эрх зүйн байдлын тухай" хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг хуралдав. Тус ажлын хэсгийн ахлагч нь УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, гишүүд нь Д.Амаржаргал Ж.Энхбаяр. Р.Гончигдорж нар юм. Хуралд СӨХ-ны Дээд зөвлөлтэй холбогдуулан гомдол гаргасан иргэд болон СӨХ-ны Дээд зөвлөл (ДЗ)-ийнхөн оролцов. Мөн нийслэлийн газрын албаны төлөвлөгчид 2005 оноос хойш нийтийн эзэмшилд газар олгоогүй тухай мэдээлэл хийв. Харин энэ мэдээлэл үнэн эсэхийг пүрэв гаригт ажлын хэсгийн ахлагч Ш.Сайхансамбуу газар дээр нь шалгах юм байна. Хурлын эхэнд СӨХ-ны ерөнхийлөгч Д.Жигжидийн мэдээллээр бол 1999 оноос хувьчилж эхэлсэн орон сууцны хувьчлал үндсэндээ дууссан аж. Дээр нь төрөөс 40, 100 мянган айлын орон сууцны барилга барих хөтөлбөр батлагдсан. Энэ бүхнээс үүдэн 1999 онд 200 гаруй СӨХ байгуулагдаж тэдгээр нь нийлж хуралдаад хуулийн дагуу Дээд зөвлөлөө байгуулсан гэнэ. Харин сүүлийн үед СӨХ нэлээд улс төржих хандлагатай болж байгаа аж. Энэ нь хуульд оруулсан өөрчлөлт-тэй холбоотой. Зарим СӨХ-ны удирдлага хурлаа хийхгүй тамгаа барьж зугтаад мөнгөө үрээд явдаг тохиолдол олонтаа гарсан. Энэ бүхнийг эцэс болгох зорилгоор хуульд хэрэв СӨХ-ны дарга гишүүн бол тухайн хорооны дарга хурлыг зарлах эрхтэй болсон. Энэ нь зарим тохиолдолд Засаг дарга нарын сонирхлоор хурал хийх хандлагатай болж байна. Мөн СӨХ-ны ДЗ-д харьяалагддаггүй цөөн тооны СӨХ байдаг. Тэр нь голдуу хотын төвийн баян СӨХ-үүд бөгөөд тэнд 40-50 сая төгрөгийн асуудал яригдана. Нийслэлд газрын маргаан орон нутгийн тулаан болж хувирсан бөгөөд 2005 онд нийтийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэхийг зогсоо гэсэн боловч өнөөдөр дөнгөж 60 хувьтай байна. Хэргийн учир өмне нь олгогдсон газрыг хэрхэн буцааж авах асуудал тодорхойгүй, хуулийн зохицуулалт байхгүй.
Нүцгэн хүүхэн доод давхар уруу цөмөрчээ
СӨХ-ны ерөнхийлөгчийг хам-гийн их түгшээж байгаа асуудал бол хуучирсан ба нийслэлийн хавтгай дээвэртэй байшингууд гэнэ. Хавтгай дээвэртэй байрнуудын 50 хувьд засвар хэрэгтэй. Гэсэн ч нийтийн байрны засварт төрөөс нийслэлд 2.5, орон нутагт 0.5 тэрбум төгрөг гаргадаг нь хаанаа ч хүрдэггүй юм байна. Дээр нь хуулиар төрөөс нэг удаа засвар хийлгэсэн байр дахин төрийн хишиг хүртэх хувьгүй аж. Хуучирсан барилгын нэг хөгтэй жишээ бол нэгэн эмэгтэй ваннд хэвтэж байгаад доод давхрын айлдаа цөмөрч орсон гэнэ. Бас дээвэр засч байсан залуу доод айлдаа цөмөрч орсон тохиолдол. Энгийн үед ийм байдалтай байгаа байшин газар хөдлөлтөд бол ямар ч үлдэгдэлгүй сүйрнэ. Түүнээс дутахгүй аюул нь өнөөдөр нийслэлд байгаа 1300 лифтний 90 гаруй хувийнх нь хугацаа дууссан.
Гомдсон иргэд СӨХ-ны дээд зөвлөлийг татан буулгахыг шаардав
Дараа нь эрхэм гишүүдэд гомдол гаргасан иргэд саналаа хэлэв. Тэдний ярьж буйгаар бол СӨХ-ны ДЗ зөвлөл сайн хуультай боловч түүнийгээ ерөөсөө хэрэгжүүлдэггүй гэнэ. Зүгээр л татвар нэрээр мөнгө хурааж тансаглачихаад СӨХ- нуудын хурлыг очиж үймүүлээд суудаг газар гэнэ. Хятад чийдэн тэргүүтэй барааг СӨХ-нуудад шахаад зогсохгүй, машин унаагаа шинэчлэх мөнгө нэхэж явах нь энүүхэнд. Энэ бүхнийг сонин хэвлэлээр мэдээлсний төлөө шүүх, цагдаагаар айлгана. Тэдний үзэж буйгаар Д.Жигжид ерөнхийлөгчийг огцруулаад зогсохгүй СӨХ-ны ДЗ-ийг татан буулгах шаардлагатай гэнэ. Гэхдээ зүгээр нэг татан буулгаад орхихгүй. Гомдогчид өмнө нь хуулиар СӨХ-ны ДЗ-ийн хүлээж байсан үүргийг сум, хороодын Засаг дарга нарт өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Газрын албаныхан 2005 оноос хойш нийтийн эзэмшлийн газар олгоогүй
Нийслэлийн газрын албаны дэд дарга н. Буянбадрах ийнхүү мэдээлэв. Нийслэлд 400 гаруй СӨХ байдгаас 297 нь газраа баталгаажуулсан аж. Үлдсэн СӨХ-д газраа баталгаажуулах хүсэлт ирээгүй гэнэ. Хэрэв эдгээр СӨХ-д хүсэлтээ ирүүлбэл газрын албад саадгүй баталгаажуулах ба 2005 оноос хойш СӨХ-ны харьяаны нэг ч газар олгоогүй гэдгээ баталсан. Харин энэ мэдээллийн дараа ажлын хэсгийн ахлагч Ш.Сайхансамбуу "Би пүрэв гаригт үзэхээр товлосон хэд хэдэн газар байгаа. Хэн та нараас надтай явах вэ" хэмээн асуув. Газрынхан бүгд хамт явахаа амлав.
Хуралд оролцогсод тайлбар, мэдээлэл хийсний дараа ажлын хэсгийнхэн зарим зүйлийг СӨХ-ны ерөнхийлөгчөөс тодруулав.
Ш.Сайхансамбуу:
-Энэ хүмүүс СӨХ-ны ДЗ-ийг татан буулгах, татвар, төлбөрийн зориулалтыг шалгах тухай яриад байна. Яаж шийдэх юм?
Ж.Энхбаяр:
-СӨХ-ны ДЗ орон нутагт ямар ажиллагаа явуулж байна?
-Дулааны төв шугамаас орон сууцны хаалт хүртэл хэний мэдэлд байдаг юм?
-Хавтгай дээвэртэй байшин төрөөс мөнгө гаргаж засах боломжгүй юм байна. Монсардаар шийдэж болохгүй юу?
СӨХ-ны ерөнхийлөгч Д.Жигжид:
СӨХ-ны ДЗ бол хурлаар хамт олны шийдвэрээр байгуулагдсан байгууллага. Саяхан хурал хийгээд би ажлаа өгөх гэсэн зөвшөөрөөгүй. Цалин, хангамжгүй албан тушаал юм. Ерөнхийлөгч ээлжит бус хурал зарлах эрхтэй. Би одоо ч зарлахад бэлэн байна. Харин иргэдийн ярьсан зүйлийг нэг нэгэнгүй шалгаж өгөхийг хүсье. СӨХ орон нутагт үнэхээр хүрч чадахгүй байгаа. Гэхдээ гарын авлагаар хангасан.
Том хотуудад бол төв шугам орон сууцны хаалт хүртэлх шугам орон сууцны конторуудад байдаг. Хөдөө орон нутагт бол дулааны зуухтайгаа хамт байдаг. Хавтгай дээвэртэй байшингийн дээрээс ус гоожих асуудлыг монсардаар шийдэх боломжтой. Гэхдээ мэргэжлийн хяналтынхан гэнэт шинэ стандарт гаргаад зогсоочихсон гэж хариулав.
Харин ажлын хэсгийн ахлагч Ш.Сайхансамбуу хурал дээр яригдсан асуудлыг шалгасны дараа дахин хэлэлцэхээр болов.
Х.Баттөгс
2010 оны 3-р сарын 11, Пүрэв гариг
Өдрийн сонин

No comments:

Post a Comment