Saturday 28 April 2012

Ш.Сайхансамбуу: Авлига хэр их авна төдий чинээ шоронд сууна


-Та Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн тухай тодруулахгүй юу?
-Мэргэжлийн хуульчдын баг энэ хуульд нэг жил найман сар гаргаж ажилласан. Үүнд н.Нарангэрэл хуульчаар ахлуулсан есөн хүний баг ажилласан байгаа. Хууль боловсрогдон УИХ-д өргөн бариад нэг сарын хугацаа өнгөрөөд байна. Нэлээд хөрөнгө зарсан. 2002 оны Эрүүгийн хуулинд түшиглээд нэлээд өөрчлөлт оруулж боловсруулагдсан байгаа. Энэ хуулинд анх удаа хэрэгт холбогдсон болон дахин давтан хэрэг үйлдсэн хүмүүст нэлээд анхаарч ажилласан. Зарим шүүх үйл ажиллагаа явагдах үед зарим хэргийг албадан хөдөлмөрөөр орлуулах, заавал ял эдлүүлэх нь гол нь биш гэсэн дэвшилттэй болж хувирч байгаа. Мөн Ерөнхийлөгчийн чуулган дээр хэлсэн цаазаар авах ялын асуудал энд давхар сөхөгдөж байгаа. Үүнд долоон төрлийн цаазаар авах ялыг нэг төрөл болгож оруулж байна. Хүнд, онц ноцтой, хэрцгийгээр санаатай хүний амь нас бүрэлгэсэн гэсэн нэршилийг үлдээж бусдыг нь хассан. Энэ хууль одоо хаврын чуулганаар хэлэлцэгдэх жагсаалтад орсон байгаа. Хууль зүйн байнгын хорооны дэргэд ажлын хэсэг байгуулагдана. Энэ хуулийг байнгын хороогоор хэлэлцэж чуулганаар хэлэлцэгдэх явцад цаазын ял байх уу үгүй юу гэдэг эцсийн шийдвэрийг УИХ шийдэх байх гэж найдаж байна.
-Хуучин тэнсэн харгалзах ял гэж байсан. Одоо энэ нь албадан ажил эрхлэх гэх мэт зүйл заалттаа шингэсэн үү?
-Иргэд 2002 оны Эрүүгийн хуулийг их чанга хатуу байна гэж гомдоллодог. Харин 2008 оны УИХ-ын сонгуулиар иргэдтэй уулзалт хийгээд явахад тэд энэ хуулийн тухай их ярьж байсан. Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүд хэрэгт их холбогдож, ял эдлэх нь ихэсчээ. Ялангуяа 12-оос дээш насны хүүхдүүд шилжилтийн насныхаа үед болгоомжгүйгээс болж хэрэгт холбогдож байна. Энэ нь ял болж хувирч байгааг эцэг эхчүүд хэлсэн. Ийм нарийн заалтууд байгаа учир Чуулганаар эцсийн шийд гарах байх гэж бодож байна. УИХ-ын гишүүд бүгд янз бүрийн л бодолтой байгаа. Тэдний дунд хуульчид ч байгаа. Тэд хатуу зөөлнийг нь тэнцүүлж өгөх байх. Энэ хуульд өөрчлөлт оруулахаар Шүүх, Цагдаа бүгд л нэг нэг зүйл хэлж байна. Энэ хуулийг найман жил хэрэглэчихлээ. Тэгэхээр одоо өөрчилж болно гэж бодож байна. Ард иргэддээ уян зөөлөн хандах хэрэгтэй. Залуучуудыг шоронд явуулах шаардлагагүй. Тэрний оронд албадан хөдөлмөр эрхлүүлж болно шүү дээ. Авлигатай тэмцэх газрынхан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал гаргасан байна. Энэ хуулинд тэр бүгд багтсан байгаа. Авлигатай тэмцэх талаар нэлээд орсон. Авлига авч улс орныг хохироосон хүнд олон жил ял өгч хашраахгүй бол болохгүй байна.
-Тэгэхээр таны өргөн барьсан хуульд Авлигачтай нэлээд хатуухан тэмцэхээр шийдсэн байх нь ээ?
-Тийм. Авлига хэдий чинээ их авна төдий чинээ удаан шоронд суух ёстой гэдгийг энэ хуулиар хатуу зааж өгнө. Авлигачтай тэмцэх хуулийг ярихаас өөр арга байхгүй. Хэсэгчилж биш 2002 оны хуулийг улам сайжруулах зорилготой. Мөн хүүхэд, эмэгтэйчүүд, залилангийн хэргийг яаж зохицуулах талаар нэлээд тусгагдсан. Мөн цаазаар авах ялын асуудал байна. Монгол Улсын төрийн тэргүүн цаазаар авах ялын талаар нэгэнт асуудал тавьчихлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газар эрүүгийн хуультай танилцаад яг адил, зарчмын нэгдсэн санал өгсөн. Хууль хэлэлцэгдэхэд санаа өгөх байх.
-Хүндрүүлэх ангилалд ямар хэргүүд багтсан бол?
-Албан тушаалын болон авлига орно. Сүүлийн үед хүнд ноцтой гэмт хэргийн гаралт ихсэж байгаатай холбогдуулж чангатгасан зүйл олон бий.
-Хэргийг давтан үйлдсэн бол хохирлын хэмжээг нь харгалзахгүй зүйл анги чангардаг. Энийг хэрхэн зохицуулсан бол?
-Давтан хийсэн жижиг хэргээс олон жилийн ял авч байгаа асуудлыг их анхаарч байгаа. Үүнтэй холбоотой хүмүүсийн сайн мэдэх жишээ бий. Гар утас, арван мянган төгрөг хулгай хийснээс дахин давтангийн үйлдлээр 10 жилийн ял авсан. Гэтэл 15 тэрбум төгрөг идсэн хүн мөн үүнтэй ижил ял авсан байна. Энийг л шүүмжлээд байгаа юм. Хэрэг хийсэн хүн хэчнээн төгрөгний хохирол учруулахаар хэрэг хийсэн бэ түүнтэйгээ ижил ял эдлэх. Харин хэрэг хийгээгүй хүн ял эдлэх ёсгүй. Хэлмэгдээд шоронд орж ял эдэлж байгаа хүн зөндөө байгаа. Улсад 15 тэрбумын хохирол учруулсан хүн шоронд сууж байгаад гарч ирж таарахгүй. Бүх насаар нь хорих ял оноосон ч болно. Харин жижиг давтангийн хэрэг хийсэн ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг нийгэмшүүлэх хэрэгтэй. Ийм боломж манай улсад байгаа. Гадны хуулийг хуулах нь бас тийм оновчтой биш. Монгол хүний зан аашинд тохируулж хуулийг цэгцлэх хэрэгтэй.
-Хуулийг өргөн барих явцад Засгийн газраас буцсан. Үүний шалтгааныг тодруулахгүй юу?
-Засгийн газар хэлэлцээд нэг гишүүн өргөн барьсан Концепцийн чанартай хууль учир Хууль зүйн яам өргөн барих учиртай гэж санал гаргасан. Хууль зүйн яамыг харвал 10 юм уу 20 жил болно. Энэ хуулийг өөрчлөхгүй. Тэгэхээр УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу шуурхай энэ хууль руу орж санаачилсан хэлбэр юм. Бусад гишүүд ч ярьж байгаа. Засгийн газрыг харахаа болих хэрэгтэй. Ингэсээр байтал ард иргэд мартагдаж байна. Тиймээс гишүүд, ард иргэд хамтарч сайн ажиллах хэрэгтэй. Энэ жилийн төсөвт суулгаж өгсөн мөнгийг суулгасан.
-Та бас шагналын тухай төсөл оруулахаар болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Энэ хуулийг З.Алтай, Ц.Даваасүрэн бид гурав боловсруулсан. Хуучин шагналын хуульд ажиллаж байсан туршлагатай хүмүүсийн саналыг сонсож хийсэн. Монгол Улсын одон медаль шагналын тухай хууль гэж оруулж байна. Хуучин Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар бий болсон шагналууд одоо байна. Эднийг нэгтгэж УИХ-ын тогтоолоор шагналыг ард иргэдэд өгдөг болох санал дэвшүүлсэн. Хэн танил тал ихтэй нь шагнал авах биш гавьяа байгуулсан нь хүн авах ёстой.
-Шагналыг дагалдах мөнгөн шагналын тухайд?
-Чингис хааны одонгоос бусад шагналд дагалдах мөнгөн шагнал бараг байдаггүй. Алдарт эхийн одон улиралд 50 мянган төгрөгийн халамж өгдөг. Шагнал гардсан хүнд мөнгөн шагнал дагалдаж ирдэг байх нь зөв юм. Гадны жишгийг харахад шагнал авсан хүнд мөнгөн шагнал дагалдаж ирдэг. Тэр мөнгөөр нь дараагийнхаа үйл ажиллагааг тухайн хүн төлөвлөдөг байна. Бүх шагналыг нэг удаагийн мөнгөн шагналтай болгосон байгаа.
-Ямар шагналуудыг нэгтгэж нэг нэрд багтаасан бэ?
-Монгол Улсын хөдөлмөрийн баатар гэх мэт шагналыг нэгтгэж Улсын баатар цолтой болгохоор санал өгсөн. Ямар нь Хөдөлмөрийн баатар, ямар нь Улсын баатар вэ. Ийм хоёр баатартай улс манайхаас өөр улс алга. Одоо харж байхад Улсын баатар цолыг авах болзол хоёр л байна. Энэ нь дайнд явах, эсвэл нас барсны дараа нь нэхэн олгох. Аз таарч амьд үлдвэл авна, эсвэл сансарт нисвэл авна. Гэтэл ийм бололцоо монголд байхгүй байна. Нас барсных нь дараа шагналыг нэхэн олгодог байсныг болиулна. Гэхдээ улсдаа их гавьяа байгуулж байсан бол нэхэн олгож болох юм. Мөнгөний дүнг УИХ-аас Ерөнхийлөгчийн төсөвт тогтоож өгдөг. Сар болоод л болж байгаа баяраар биш жилд шагналыг нэг л олгодох баймаар байна. Энэ хууль батлагдлаа гээд төсөвт нэг их өөрчлөлт орохгүй байх. Дунджаар 3.4 тэрбум төгрөг төсөвт суулгаж өгөхөд болох байх.
-Зарим нэг шагнал цөөрсөн бол ямар шагналууд нэмэгдсэн байна?
-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн оронд Өгөдэй хааны одонг хийсэн. Шагналаараа ч гэсэн ард иргэдийнхээ ухамсарт Монгол сэтгэлийг жаахан суулгаж өгөх хэрэгтэй байна. Алтангадас одонг Хубилай хааны одонгоор солих саналтай байна. Нэг удаа шагнагдахад таван сая төгрөг дагалддаг байхаар төсөл явж байна. Өгөдэй хааны одонг найман сая төгрөг дагана. Энэ төслөөр алдарт эхийн одонд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл хүүхдийн тоо цөөрсөн. Хоёрдугаар зэргийн одонг дөрвөн хүүхэдтэй, зургаан хүүхэдтэй бол нэгдүгээр одонг олгоно. Харин найман хүүхэдтэй бол Өүлэн эхийн одон олгоно.
-Манайд жүжигчин, дуучин аль нь ч байсан Гавьяат гэдэг цол авдаг?
-Энэ төслөөр гавьяат гэсэн энэ цолыг хассан. Энийг хүмүүс их дэмжиж байгаа. Дуучин гэдэг хүнд бол өөрөө их том цол шүү дээ. Гадаад улсад ийм цол байхгүй зөвхөн манайд л байна. Ардын таван цол байгаа. Ардын жүжигчин, эмч, багш, ардын уран зохиолч гэх мэт нь үлдсэн. Энэ цолыг жинхэнэ шалгарсан хүмүүс хүртэнэ. Харин одоо байгаа гавьяат цолыг чинь зүгээр л рекламанд тоглосон хүмүүс ч бараг авч байна шүү дээ. Ийм шагналын төсөл өргөн барьсан. Ерөнхийлөгчийн тамгын газар бас бидэнтэй санал нэг байгаа.
2010 оны 3-р сарын 24, Лхагва гариг
Нийгмийн толь

No comments:

Post a Comment