Thursday 26 April 2012

Ж.Батзандан: Эрх баригчид сонгуулийн луйвраа далдлахын тулд ганц худагт хорьсон гэдгийг сүүлд мэдсэн


Энэ удаагийн ''Би Монголоо ингэж хөгжvvлнэ'' буланд АН-ын ҮЗХ-ны гишvvн Ж.Батзанданг урьж ярилцлаа.
-Таны хувьд Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ер нь бол өөдрөг, гэрэл гэгээтэй харагдаж байгаа. Гэхдээ эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд бодитой наалдахгүй байна. Асар том газар нутагтай, байгалийн баялагтай, 2.7 сая хүн амтай, ардчилал, зах зээлийн тогтолцоог тууштай сонгосон Монгол Улс хөгжихгүй байхын аргагүй. Жаахан алсын хараатай, зөв, цэгцтэй бодлого явуулахад баян Монгол ядуу байх боломжгүй шүү дээ.

-Хөгжилд саад болж байгаа зүйл нь юу байна. Таныхаар Монгол Улсын хөгжилд юу хамгийн ихээр үгүйлэгдэж байна вэ?
-Аливаа улс орны хөгжил цэцэглэлт бол маш их хөдөлмөр, хичээл зүтгэл, цаг хугацаа шаарддаг. Хөгжил цэцэглэлтэд тохиолдох олон саад бэрхшээл бий. Тухайлбал авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал, шударга бус явдал, эх оронч бус зөвхөн амин хувиа хэт хичээх үзэл гэх мэт зүйлүүд өнөөдөр Монгол Улсын хөгжлийг чөдөрлөж байна. Манай нийгэмд эрх чөлөө, эд баялаг бол хангалттай байгаа. Гагцхүү шударга ёс л ус агаар мэт дутагдаж байна. Шударга ёс бол аливаа нийгмийг гэрэлтүүлэгч бамбар юм. Шударга ёс хаана байна тэнд хөгжил дэвшил ирдэг. Түүнчлэн шударга ёс хаана байна тэнд эрх мэдэлтнүүд бус эгэл хүмүүс хождог гэдэгт би итгэдэг.

-Энэ улс оронд амьдарч, ажиллаж байгаа хүн бүхэн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа. Харин таны хувьд ямар байдлаар нэмэр болж байна вэ?
-Анх хэсэг нөхдийн хамт 2004 онд Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийг байгуулахдаа үндсэн гурван зорилгыг өмнөө тавьсан юм. Өөрөөр хэлбэл, авлигын эсрэг тэмцлийг эхлүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос ард иргэдэд алтан хувьцаа олгох, төрийн шийдвэр гаргах төвшинд иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох гэсэн зорилготой байсан. Харин өнөөдөр эргээд харахад Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь гэмт хэрэгт тооцогдож, Эрүүгийн хуульд орлоо. Түүнчлэн авлигын эсрэг нийгмийн сэтгэл зүй тодорхой хэмжээнд бүрдсэн байна. Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ордуудаас иргэдэд хувьцаа олгох үйл явц тодорхой хэмжээгээр эхэлсэн. Ерөнхийлөгчийн дэргэд Иргэний танхим, Авлигатай тэмцэх газрын дэргэд Олон нийтийн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Монголын сум болгонд иргэний хөдөлгөөнүүд үйл ажиллагаагаа явуулж төрөлх нутаг, газар шороо, байгаль орчноо хамгаалж байна. Энэ бүхнээс үзэхэд Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөний үндсэн зорилго тодорхой төвшинд биеллээ олсон гэж дүгнэж болно.

-УИХ-ын 2008 оны сонгууль гээд ярихаар долдугаар сарын 1-ний өдрийн үйл явдал яах аргагүй сөхөгддөг. Түүхэнд үлдсэн энэ хар өдрийн хэрэг илрэх болов уу?
-Та зөв хэллээ. Долдугаар сарын 1 бол сонгуультай, тэр тусмаа луйврын сонгуультай шууд холбоотой. Сонгуулийн луйвар, булхайгаа далдлахын тулд эрх баригчид галт зэвсэг хэрэглэж хүний амь насанд хүрсэн гэдэг нь тодорхой болсон. Энэ хэрэг шүүхийн шатанд явж байгаа. Шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Дээр нь нэмж хэлэхэд энэ хэргийн гол буруутан нь дан ганц цагдаагийн хурандаа нар бус тэдэнд тушаал өгсөн төрийн өндєр албан тушаалтнууд байгаа юм. Мөн сонгуулийг луйвардсан нам, түүнд оролцсон албан тушаалтнуудад ч гэсэн хариуцлага хvлээлгэх ёстой. Товчоор хэлбэл сонгуулиа луйвардуулсан ард иргэд бус сонгууль луйвардсан улстөрчид буруутай.

-Түүнчлэн долдугаар сарын 1-ний хэрэгт таны нэр холбогддог. Мөн энэ хэргээс мултрахын тулд АН-ыг сонгосон гэсэн зүйл яригддаг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Намд орсноор гэмт хэргээс мултарчихдаг, ламд очсоноор нүглээ цайруулчихдаг гэж бодох нь гэнэн хэрэг. Долдугаар сарын 1-ний асуудлаар олон хүнийг холбогдуулан шалгасан. Намайг ч мөн адил. Зарим хүмүүс намайг өршөөлийн хуульд хамрагдсан гэсэн буруу ойлголттой байдаг юм. Уг нь надтай холбогдох асуудлыг 2009 оны хоёрдугаар сард прокурор үндэслэлгүй юм байна гээд хэрэгсэхгүй болгосон юм шүү дээ. Үнэндээ иргэн Батзанданг бол долдугаар сарын 1-ний хэргээр бус эрх баригчид сонгуулийн луйвраа далдлахын тулд Ганц худагт хорьсон гэдгийг сүүлд мэдсэн. Учир нь нэр дэвшигч сонгуулийн санал авсан өдрөөс 30 хоногийн дотор өөрийн биеэр сонгуулийн талаарх гомдлоо гаргадаг хуультай. Намайг 33 хоног хориод дараа ямар ч тайлбар хэлэлгүй Ганцаас гаргасан. Энэ хугацаанд цагдаагийнхан надаас байцаалт авах бус зөвхөн 2008 оны сонгууль шударга болсон гэдгийг л хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдсон шүү дээ. Харин АН-д орсон гол шалтгаан бол таны бодож байгаагаас их өөр. Ардчилсан Ерөнхийлөгчтэй болох, долдугаар сарын 1-ний хэлмэгдүүлэлтийг зогсоох, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэх гэсэндээ. Түүний үр дүн одоо тодорхой харагдаж байна шүү дээ.

-Таныг ард иргэд тэмцэгчийн дүрээр хүлээж авсан. Гэтэл яагаад аливаа нэг улс төрийн намын харьяалалд орчихов гэдэг байдлаар хүмүүс ихэвчлэн хүлээж авч байна. Өөрөөр хэлбэл, нам сонгох болсон шалтгаан тань юу байна вэ?
-Тэмцэл бол олон хэлбэртэй. Хүн болгон л амьдралынхаа төлөө тэмцдэг шүү дээ. Нам бол хүссэн хүсээгүй улс төрийн гол институт. Америкт, Японд ч, Монголд ч тэр адилхан. Тийм болохоор улстөрчид бүгд л ямар нэг намын харьяалалтай байдаг. Би хувьдаа улстөрч болгон нийгмийн хэмжээний хүчтэй тэмцэгч бас бодлоготон байгаасай гэж хүсдэг.

-АН-ын ҮЗХ-ны гишүүн. Гудамжинд жагсаал хийж явснаас эрх мэдэлд хүрсэн нь дээр гэдэг үүднээс энэ оны сонгуульд нэр дэвшихээр шийдсэн юм уу?
-Эрх чөлөөгүй хүн, эрх мэдэлгүй улстөрч хоёр адилхан гэж үг бий. Би зөвхөн энэ сонгуульд нэр дэвшихээр шийдсэн юм биш л дээ. 2008 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд нийт 36 мянган сонгогчийн санал авсан байдаг. Улсын хэмжээнд авсан саналын тоогоороо айрагийн тавд орсон. Харамсалтай нь зохион байгуулалттай сонгуулийн луйврын золиос болсондоо. Ер нь иргэд итгэл хүлээлгэвэл миний бие сонгуульд нэр дэвшихээс татгалзах зүйлгүй.

-Сүүлийн үед хувьсгал хийх талаар их ярих болж. Хэрвээ хувьсгал хийвэл ямар өөрчлөлт гарах вэ. Хувьсгал хийснээр хэнд хожил ирэх вэ?
-Ямар хувьсгал гэдгээс олон зүйл шалтгаална. Миний хувьд иргэд сонгогчид сонгуулийн хувьсгал хийгээсэй. Энэ хувьсгалаас эрх мэдэлтнүүд бус эгэл олон түмэн хожоосой гэж хүсч байна.

-АН нэр дэвшигчдээсээ 50 сая төгрөгийн татвар авсан. Та төлсөн үү?
-Нэгэнт намын эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг гишүүний хувьд хүндэтгэнэ. Гэхдээ мөнгөтэй хүн улс төрд ордог, мөнгөгүй хүн нь улс төрөөс хөөгддөг системд би маш дургүй. Ийм системээр хол явахгүй. Бусад намууд ч ялгаагүй нэр дэвшигчдээсээ мөнгө авдаг нь нууц биш. Манай намын хувьд ил тод нээлттэй авч байгаагаараа ялгаатай.

-Эл шийдвэрийг эсэргүүцэж байгаа хүн олон байсан. Энэ асуудалд таны байр суурь ямар байсан бэ?
-Хүн болгон адилхан бодолтой байх албагүй. Тийм болохоор энэ шийдвэрийг эсэргүүцсэн гишүүдийн санаа бодлыг сонсох ёстой. Ардчилал гэдэг бол олонхиор асуудлаа шийддэг ч цөөнхийн үзэл бодлыг хүндэтгэж үздэг ситем. Ер нь мөнгөний босго тавих нь залуучууд, эмэгтэйчүүдийг л хавчиж байгаа нэг хэлбэр шүү дээ. Үүнийг цаашид яавч хүлээн зөвшөөрч болохгүй. Цаашид улс төрийн намуудын тухай хуулийг өөрчилж хатуу гишүүнчлэлгvй болгох, өмч хөрөнгийг нь нийтийн өмчлөлд шилжүүлэх хэрэгтэй гэж би боддог. Хүүхдүүдэд цэцэрлэг олдохгүй байхад улс төрийн намуудад тэнгэр баганадсан байр байх шаардлага байхгүй л болов уудаа.

-Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсан шалтгааныг юу гэж харж байна вэ. Түүнийг төр барьж байх үед та бүхэн нэлээд эсэргүүцэж жагсаал хийдэг байсан?
-Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнөөс түүнийг Ерөнхийлөгч байхад нь 2005 онд УМБГ-т, 2007 онд АТГ-т хандаж байсан. Мєн түүнтэй холбогдох нэр бүхий 10 албан тушаалтны авли-га, хээл хахуулийн хэргийг ч шалгуулахаар өгч байсан шүү дээ. Иргэдийг шалгадаг шигээ дарга нарыг ч бас шалгадаг л байх хэрэгтэй. Үүнд буруу зүйл байхгүй. Харин баривчилсан процесс нь манай цагдаагийн байгууллагынхны үнэн нүүр царайг харуулсан явдал боллоо. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байгаа цагт цагдаагийн бүдүүлэг байдал өөрчлөгдөхгүй байх. Намайг ч гэсэн цагдаа нар 2008 онд ингэж л барьж байсан.

Б.ПҮРЭВЖАВ
Монголын мэдээ

No comments:

Post a Comment