Thursday 26 April 2012

Ц.Нямдорж: Намайг хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж чадахгүй л дээ


Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Д.Загджав, Р.Раш, Ч.Улаан нар уржигдар Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж, шаардлага гардуулсан. Эл шаардлагад “УИХ-ын гишүүдээс бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан асуудал учир битүүлэг шалтгаанаар шийдвэрлэгдэхгүй удааширч байна. Манай намын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн ард түмэнд хандаж гаргасан “мэдэгдэлд” дурдсаны дагуу төрийн хуулийг дээдлэн хэрэгжүүлэх, улс төр, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх тодорхой алхам хийхгүй байгаа нь манай намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Намын дарга танд онцгойлон хандаж, зарчмын байр сууриа илэрхийлж, идэвхи санаачилгатай ажиллахыг шаардаж байна. Бид байр сууриа цаашид хэвээр хадгалж, санаачилга гаргаж хамтран ажиллахыг намын гишүүд, дэмжигчдэдээ уриалах болно” гэсэн байсан билээ. Ямартай ч огцрох огцрохгүй дээрээ тулаад байгаа Хуульзүйн сайд Ц.Нямдоржоос болж буй үйл явдлын талаар ямар байр суурьтай байгааг нь лавласан юм.

-Хүссэн хүсээгүй та олны анхаарлын төвд орчихлоо. Болж буй үйл явдлын талаар тайлбар өгөөч?
-Засгийн газрын хуулинд байдаг юм... Засгийн газар, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлаас бусад асуудлаар цагдаагийн байгууллагыг удирдаж хянаж шалгалт хийнэ гэсэн заалт бий. Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж Монголд хамгийн том хууль байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцдог эрхтэй субьектуудыг тэр хуулинд нарийн заагаад өгчихсөн байдаг юм. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх гээд... Өөр ямар ч хүн ийм ажиллагаанд оролцдоггүй. Тэр тусмаа сайд. Нэр бүхий гишүүдийн холбогдуулж буй ажиллагаа бол цэвэр эрүүгийн байцаан шийтгэх хуулиар явагддаг ажиллагаа. Эрүүгийн хууль гэдэг тэрний эх хууль нь. Эрүүгийн хуулийн нутаг дэвсгэр гэж байдаг юм. Тодруулбал, зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гарсан хэргийг Монголын хуулийн байгууллага шалгадаг. Дараачийнх нь, тэр эх хуулийг хэрэгжүүлдэг технологийн хууль буюу Эрүүгийн байцаан шийтгэх хууль. Уг хуульд, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхтэй субьектуудыг мөн л заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Засгийн газрын Ерөнхий сайд түүний аль нэгэн сайд оролцох ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Авлигатай тэмцэх газрын ажиллагаа эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд зааснаар явагдсан ажиллагаа. Тухайн байгууллага саналаа гаргаад, прокурор зөвшөөрөөд, шүүх захирамж гаргасны үндсэн дээр хийгдсэн ажил. Сүүлд нь гэр орноос нь аваачсан ажиллагаа бол эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа. Товчхондоо эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 74 дүгээр зүйлээр хийгдсэн ажиллагаа. 74 дүгээр зүйлд хэрвээ сэжигтэнг дуудаад ирэхгүй бол албадан ирүүлэх шийдвэрийг шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гаргана. Албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гээд заачихсан байдаг юм.

-Тэгэхээр нэр бүхий гишүүдийн гаргаж тавиад буй үндэслэл нь Хууль зүйн сайдыг огцруулах үндэслэл болохгүй гэсэн байр суурьтай байгаа юм байна, тийм үү?
-Хуулинд тэгээд биччихсэн юм. Би үзэлцээд байгаа юм биш. Хэрвээ би ямар нэгэн хэлбэрээр оролцоод эхэлсэн бол жинхэнээсээ хуулийн зөрчил болно.

-Гишүүд сайд өөрөө үүрэг даалгавар өгсөн. Чиглүүлсэн хүн нь гээд байгаа шүү дээ?
-Тэрийг би мэдэхгүй. Миний ойлгосноор АТГ-ын удирдлагууд буюу Ганболд, Хурц хоёр, мөн Цагдаагийн Ерөнхий газрын дарга тэр шөнө ажил дээрээ хоносон. Цагдаагийн ерөнхий газар тухайн үеийн үйл явдлын хэв журмыг нь хариуцаж суусан. Дээрээс нь албадан ирүүлэх тогтоолыг биелүүлэх ажиллагааг зохион байгуулахад шийдвэрээ гаргасан. Хэрвээ андуураагүй бол тэр баасан гаригийн орой 23 цаг 30 минутанд албадан ирүүлэх тогтоолыг гүйцэтгэ гэсэн цохолтыг Цагдаагийн эрх бүхий хүн нь хийсэн юм байна лээ. 24 цагаас өглөөний зургаан цаг хүртэл хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулахыг хуулиараа хорьчихсон. Хойшлуулшгүй ажиллагаа гэж жишээ нь, хүн нас барсан бол газар дээр очиж үзлэг хийхийг хэлнэ. Бусад тохиолдолд хуулийн байгууллага үдшийн 24 цагаас өглөөний зургаан цаг хүртэл ажиллагаа явуулах эрхгүй байдаг юм. Тухайн үед хуулиар хориглосон хугацаа нь болчихсон 24 цагаас зургаан цаг хүртэл тэд хөдлөөгүй юм байна лээ. Дахиад л хуулийн нөхцөл заалт үйлчилж байгаа нь тэр байхгүй юу. Тэгээд зургаан цаг болонгуут ажиллагааг гүйцэтгэсэн дүн харагддаг юм. Эрх бүхий байгууллагуудынх нь дарга нар ажил дээрээ суугаад хонож байхад, тэр тусмаа хуулиар огт оролцож болохгүй, хориотой хүн үүрэг даалгавар өгнө гэж байхгүй ш дээ.

-Намынхаа нөхдөд энэ талаар хэлсэн үү. Намын бүлэг болон Удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудлаар ярилцсан уу гэх гээд байна л даа?
-Их хурлын гишүүдэд хууль уншиж өгч ойлгуулах үүрэг надад байхгүй. Тэд өөрсдөө хуулийнхаа хил хязгаарыг мэдэж гүйцэтгэх ёстой шүү дээ. Түүнээс биш би 75 гишүүний гэрт нь очиж хууль уншиж өгнө гэж байхгүй шүү дээ. Өөрсдөө мэдэж, хууль бус юмнаас өөрсдийгөө хол авч явж, хууль зөрчигдөх хил хязгаарт тулбал хөлөө татаж сурдаг байх ёстой, эд нар. Би яагаад үг хэлээгүй вэ гэхээр байцаан шийтгэх ажиллагаа явагдаж байгаа учраас тэр. Та нар ном журмаараа ажиллаарай гэдэг үгийг оройн 21 цаг 30 минутын үед Д.Сандаг-Очирт утсаар хэлсэн. Өөрөөр хэлбэл ийм ажиллагаа явагдаж байна гэж надад хэлэхэд нь наадах чинь цэвэр байцаан шийтгэх ажиллагаа учраас та нар тус тусынхаа эрхийг хэрэгжүүлээрэй. Ганцхан асуудал байна. Хүн гэмтээж, замбараагүй байдал үүсгэж болохгүй. Бусад асуудал нь та нарын байж байгаад шийддэг асуудал гэж хэлээд л утсаа тавьсан даа.

-Та маргааш өглөө нь бүлгийнхээ хуралдаан дээр Н.Энхбаярыг баривчлах үйл ажиллагаа болж буйг мэдээгүй гэж хэлсэн юм биш үү?
-Үгүй дээ, миний хэлсэн үгний зарим хэсгийг салгаж аваад ярьчихсан юм шиг байна лээ. Өглөө босоод утсаар асуухад ажиллагаа дуусаад л гэсэн. Унтаж... гэдэг үгийг хэлсэн юм аа. Тэрнээс унтсан гэдгийг нь тасалж хэлсэн юм байлгүй дээ, бодвол. Наадах чинь хуулийн шал өөр хоёр ойлголт ш дээ. Ажиллагаа дуусаад Төв аймгийн замд гарч байна. Ямар нэгэн хүн гэмтээгүй гэсэн мэдээллийг л өгсөн.

-Өнөөдөр Н.Энхбаяр дарга суллагдаж байгаа гэх юм?
-Би энэ тухай мэдээллийг дуулаагүй байна. Энэ чинь дахиад л байцаан шийтгэх ажиллагаа шүү дээ. Суллах шийдвэрийг зөв гэж үзвэл Авлигатай тэмцэх газар саналаа гаргаад прокурор нь хянаад, шүүгч нь захирамжаа хүчингүй болгодог асуудал. Их зовлонтой нь энэ хууль хаана явж байна вэ гэдгийг мэдрэх чадамж, чадвар их хурлын гишүүдэд тааруу байна. Монгол хуулийн алтан хилийг давж гишгэх юм бол гэдэг дээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн алтан хил гэдэг хэрэг мөрдөх шүүхийн үйл ажиллагаа явуулж байхад өөр хэнбугай ч оролцох эрхгүй тийм л хил байдаг юм. Тэр хилийг давчихаад өөр асуудал ярих нь хуульд харш. Огт болдоггүй ажиллагаа.

-Түүнээс гадна Н.Энхбаярын хоригдож байгаа өрөөнд очиж нэгжлэг хийлгэсэн гэсэн байх аа?
-Өчигдөр намайг очиж уулзсан энэ тэр гэсэн худлаа мэдээлэл тараасан байна лээ. Би Төв аймагт очилгүй тав, зургаан жил болж байна. Өнгөрсөн намар хажуугаар нь нэг өнгөрсөн. Очоогүй шүү. Мэдээж манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын асуудал хариуцсан ажилтнууд очиж, нөхцөл байдлыг нь хэвийн байлгах, хамгаалалтын албаны хүмүүстэй нь харьцах гээд асуудлууд байгаа л байх. Ийм ажиллагаануудыг хийж байгаа байх аа, тэд. Түүнээс биш миний хувьд тэнд очих эрх ч, үүрэг ч байхгүй.

-Эрх үүргийн яриа үүгээр цэглэгдэж болно. Гэхдээ сайд танаас болж нам дотор чинь хагарал үүсч байна. Нам тарж бутрах дээрээ тулчихлаа. Ардын намын гишүүний хувьд өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй юу?
-Би ерөөсөө асуудал гаргаж тавиагүй шүү дээ. Зүгээр л хууль зөрчихгүй гэж хичээгээд сууж байгаа хүн. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг цагдаа, АТГ, прокурор явуулж байхад би зүгээр сууж байх ёстой хүн. Зүгээр суухгүй бол өнөөх хууль руу нь алхаж орчих гээд товчхондоо зөрчил болчих гээд байдаг нарийн зааг бий. Би 10 жил прокурор хийчихсэн, эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хил нь хаана байдгийг, хэзээ зөрчил болдгийг мэддэг ухааны амьтан байхгүй юу. Би нам дотор асуудал тавиагүй. Манай намын харьяалалтай зарим гишүүд асуудал тавьсан нь үнэн. Тэд хэрхэхээ өөрсдөө мэдээд шийдэх асуудал. Хагарал бутрал гарахгүй байлгүй дээ. Ер нь МАН-ын бүлгээс надаас болж гарах хүмүүсийн тоо тэд хүрлээ ч гэх юм уу бөөн яриа гаргасан. Хэвлэлийнхэн гаргасан. Гэхдээ асуудал тавьсан нөхдийн дотор МАХН руу гүйгээд, нэгдэх ёстой, тэгэхгүй бол сонгуульд ялагдаж магадгүй гэж ярьдаг хүмүүс байж л байгаа харагдсан. Гэхдээ тэр бол надад сонирхолгүй сэдэв.

-Таныг сайн дураараа албан тушаалаа өгөөч гэх хандлага нийгэмд бас байна л даа?
-Пөөх. Эхлээд хэн нь хууль зөрчсөн гэдгийг тогтоочих хэрэгтэй. Санал гаргасан зарим хүн нь хууль зөрчиж үү, Ц.Нямдорж зөрчиж үү гэж... Хэрвээ намайг зөрчсөн гэдэг дүгнэлт гараад ирвэл би үг дуугүй яваад өгнө. Гэхдээ намайг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж чадахгүй.

-Яагаад?
-Би тэр ажиллагааг хийлгээгүй учраас.

-Түүнээс гадна сүүлийн үед баривчилгааг зохион байгуулсан зарим хүмүүсийг ажлаас нь халсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хаана?

-Цагдаагийн Ерөнхий газрын Энхбат гэлүү дээ, мөн Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газраас нэр бүхий хүмүүсийг хална гэсэн гэж?
-Наадах чинь хууль хяналтын байгууллагад байнга л хийгдэж байдаг ажил ш дээ. ЦЕГ-ын тэргүүн дэд дарга байсан Дулаанжаргал генерал дипломатын ажилд шилжиж байгаа. Оронд нь Чингис хурандаа дэд даргаар нь тавигдсан. Дулаанжаргал дипломатаар шилжих тухай яриа одоогоос гурав, дөрвөн сарын өмнө гарсан яриа. Өөрөөр хэлбэл наадахтай чинь ямар ч холбогдолгүй. Шүүхийн шийдвэр биелүүлэх хоёр дэд даргын ажлыг хооронд сольчихсон. Иргэний шүүхийн шийдвэр биелүүлэх асуудал хариуцсан дэд дарга Эрүүгийн шүүхийн шийдвэр биелүүлэх дэд дарга гэж хоёр дэд даргатай. Би томилж өөрчлөх эрхтэй. Энэ хоёр албан тушаалыг хооронд нь сольчихсон. Энэнээс хохирсон хүн байхгүй. Наадах чинь дандаа л цуурхал яваад байгаа юм. Жишээ нь, дараачийн ээлжинд миний талаар санал тавьсан хүмүүсийг Нямдорж аваачиж хэрэгт хийх гэж байна гэсэн мэдээлэл сонингуудаар яваад л байх юм байна шүү дээ. Би сүүлийн үед өөрсдөө ийм юм бичүүлээд байгаа юм биш байгаа гэж хардаад байгаа. Надад хүнийг аваачиж хэрэгт холбодог, шалгадаг, материал бүрдүүлдэг эрх байхгүй. Дахиад л өнөө байцаан шийтгэх хууль... Байцаан шийтгэх хуулиараа хэдхэн хүн л тийм эрхтэй. Айсан хүнд аргал хөдөлж харагдана гэдэг үг бий. Хэрвээ аргал хөдөлж харагдаад байгаа бол тэр миний хариулах асуудал биш шүү дээ. Хэрэггүй юм байгаа юм.

З.Урсгал

No comments:

Post a Comment