Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Оюутолгой өнөөдөр гэрээ хийгээд маргааш нь мөнгө орж ирэх орд биш

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй ярилцлаа.

-Нийгмийн анхаарлыг хамгийн их татаж буй асуудал бол "хоёр толгой"-н гэрээг байгуулах явдал. Тэгэхээр эндээс яриагаа эхлэх нь зов байх аа?

-Тийм байх. Оюутолгой, Тавантолгой бол улс орны ирээдүй, ард түмний хэтийн хувь заяаг олон зуун жилийн турш авч явах чухал ач холбогдол бүхий ордууд. Тийм ч учраас энэ асуудлыг эдийн засгийн хямралыг давж гарахын төлөө гал унтраах арга хэмжээ болгон хэтэрхий яарч шийдэж болохгүй. Энэ төслүүдийг эхлүүлэх, хэрэгжилтийг түргэтгэх нь гарцаагүй чухал. Гэвч энэ “хоёр толгой"-г яаралтай эргэлтэд оруулж эдийн засгийн хямралаас гарах хэрэгтэй гэж яриад байх юм.

-Тиймээ, яг одоо ийм сэтгэлгээ нийгэмд давамгайлж байгаа шүү дээ...

-Тэр хоёр толгойг эргэлтэд оруулъя гэдэг чинь ямар ч хамаагүй нөхцөлөөр, ямар ч хамаагүй үнээр оруулъя гэсэн үг биш шүү дээ. Эдийн засгийн хамгийн ашигтай нөхцөлөөр ашиглалтад оруулах байр суурийг Монголын тал барих ёстой. Тиймээс байр сууриа дахин тодотгох хэрэгтэй. Тэрнээс биш ямар ч хамаагүй нөхцөлөөр гэрээ л байгуулж байвал боллоо гэсэн байдлаар асуудалд хандаж болохгүй. Хэрвээ тийм л байсан юм бол бид аль хэдийнэ дэлхийн эдийн засаг хямраагүй байхад нь эргэлтэд оруулчих хангалттай хугацаа байсан гэдгийг санах хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл байлгаж байсан нь гэрээ хийж чадахгүйдээ биш харин хамгийн ашигтай нөхцөл байдлыг хүлээж байсан юм шүү. Одоогоор Тавантолгойд хөрөнгө оруулагчдын асуудал шийдэгдээгүй байх шиг байна. Тийм болохоор харин ч манайх илүү ашигтай хувилбарыг сонгох боломж нь нээлттэй.

Тухайлбал, 4-5 хэсэг болгон хуваагаад олон хөрөнгө оруулагч татан оролцуулж болно. Үндэсний компаниудаа ч оруулах хэрэгтэй. Тэгээд ч ганцхан компанийн мэдэлд тэр их баялгийг өгч байснаас олон чадалтай компанид эзэмшүүлбэл Монголын тал өөрсдийн үзэл бодлоо давуу эрхээр илэрхийлж байсан ч ашигтай байх болно. Ингэснээр дэлхийн томоохон компаниудын эрх ашгийг нэгэн зэрэг оруулж ирж чадна. Тэгж байж тэнд бид өрсөлдөөн бий болох ёстой. Тавантолгойг Оюутолгой шиг ганцхан компани л эзэмших юм бол үр дүн нь ойлгомжтой. Хэр олон компани оруулж ирж чадна тэр хэмжээгээрээ Монголын төрийн эсрэг ганцхан том хөрөнгө оруулагч болж сууж чадахгүй гэсэн үг. Одоо бол Оюутолгой манай төрийн эзэмших хувиас илүү хувь эзэмшсэн ганцхан компани болчхоод байна шүү дээ. Уг нь тэр хувийг хэд хэдэн компаниудад жижиглэж өгсөн бол манай эрх ашигт нийцэх байлаа.

-Оюутолгойн гэрээний хэлэлцээрийн явцыг та сонсож байгаа юу?

-Одоохондоо сонин хэвлэлээс л мэдээлэл авч байгаа. Манай төр өөрийн эзэмших 34 хувиа нэмэгдсэн өртгөөр нь ирээдүйд олох орлогоосоо худалдаж авахаар болж байгаа юм шиг байна билээ. Уг нь Үндсэн хуульдаа газрын хэвлий дэх баялаг маань ард түмний өмч байхаар тунхаглачихсан байдаг. Гэтэл түүнийгээ гадны нэгэн компанид эзэмшүүлээд дараа нь өөрсдөө эргүүлээд худалдаж авахаар болж байх шиг байна. Өөрөө өөрийнхөө юмыг хүнд өгчхөөд худалдаж авна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ийм зарчим хаана байдаг юм бэ. Тэгэхээр Үндсэн хууль болон бусад хуулийн заалтыг зөрчиж ард түмний эрх ашгийг хөндөж байгаа хэрэг. Хэрвээ ийм гэрээний хувилбар УИХ-д орж ирэх юм бол хүлээж авах боломжгүй. Тэгээд ч сонин хэвлэлд мэдээлснээр "Айвенхоу майнз" компанийг 48 хувь хүртэл эзэмших эрхтэй "Рио Тинто" нь санхүү-гийн хүндрэлээсээ болоод яг одоогоор өөрийнхөө активуудыг зарж эхлээд байгаа. Гэтэл бас "Рио Тинто"-гийн хамгийн том хувьцаа эзэмшигч БНХАУ-ын "Чалко" гэдэг компани зэсийн активууд худалдаж авч эхлээд хоёр гурван жилийн нүүр үзэж байна. Тэгэхээр энэ компани цааш нь хятадуудад худалдах нь тодорхой. Гэхдээ хятадууд Оюутолгойг эзэмших нь гээд эмзэглээд байгаа юм бас алга. Тэртэй тэргүй хятадууд XXI зуунд дэлхийн эдийн засгийг тодорхойлж байна шүү дээ.

Тийм болохоор манай улс "Рио Тинто"-той гэрээ хийснээрээ энэ компанийн л хувьцааны үнийг өсгөж өгч байгаа хэрэг. Хатуухан хэлэхэд "Рио Тинто"-г л үнэд хүргэж өрнөөс нь гаргаж өгөхөөр гэрээ хийж байна гэсэн үг. Тэгээд эцсийн эцэст ялгаагүй л Хятадын компанид эчих нь. Ийм тохиолдолд яагаад шууд Хятадтай гэрээ хийж болохгүй гэж. Заавал дунд нь "Рио Тинто"-гоор зуучлуулж компанийг нь босгож өгөхийн хэрэг юу байна. Энэ бол хэний ч өмнө тодорхой асуудал. Зөвхөн би олж харчхаад бусад нь олж харахгүй байгаа юм биш. Бүгдээрээ л ойлгож, мэдэж байгаа. Тэгэхээр яарах хэрэг байна уу. Харин тэрний оронд цаана нь сонирхоод байгаа компани нь шууд гэрээгээ хийгээд өөрсдийн эзэмших 34 хувиа баталгаажуулбал яадаг юм бэ. Болно шүү дээ. Жишээ нь манай Гурванбулаг гэх мэт ураны активуудыг эзэмшигч гадны компаниуд нь "Марубени"-тэй олон сая ам.доллараар гэрээлж байна. Үүнээс Монгол Улсад нэг ч төгрөг орохгүй. Оюутолгойгодоо энэ хэвээр нь зүтгүүлэх юм бол яг л түүнтэй адилхан болно.

Үүнээс гадна ард түмний эзэмших 34 хувийг засаг худалдаж авахаар ярилцаж байгаа атлаа тэнд хувийн компаниудынхаа эзэмшиж болох хувийг огт ярихгүй юм. Өнөөдөр хувийн компаниуд л Монгол Улсыг нуруундаа үүрч явна гэхэд хилсдэхгүй. Хэрэв тэднийгээ энэ том ордууддаа хувь эзэмшүүлбэл цаашид тэд нь төртэйгөө нийлээд дийлэнх хувийг нь эзэмшиж, нэг эрх ашиг ярьж болдог бололцоог бий болгох учиртай л даа.

-Тэгээд таны яриад байгаа энэ алдааг Засгийн газар, ажлын хэсгийнхэн үнэхээр мэдэхгүй байгаа хэрэг үү. Эсвэл мэдэн будлиад байгаа юм болов уу?

-Хөндлөнгөөс хараад ийм алдаа хийх гэж байгааг нь ойлгоод байхад дотор нь ороод ажиллаж байгаа хүмүүс олж харахгүй байна гэхэд би итгэхгүй байна. Хамгийн хялбар, хамгийн хурдан аргаар хэдэн төгрөгтэй болъё гэсэн санаа л давамгайлаад байгаа байх. Оюутолгойн хувьд өнөөдөр гэрээ хийгээд л маргааш нь их мөнгө орж ирэх орд биш шүү дээ. Хэрвээ үнэхээр тийм боломжтой байсан бол нэг удаагийн амь тариа болгон ашиглаж магадгүй байлаа. Гэвч байдал огт өөр. Гэтэл юундаа яараад байгааг л би ойлгохгүй байгаа юм.

-Хямралын үед Засгийн газар хийсэн юмтай харагдахын тулд яараад байж болох л юм?

-Бидэнд ердөө л үр дүн хэрэгтэй. УИХ ч ард түмэн ч үр дүнг нь л хүлээж байгаа. Гэтэл энэ хямралын үед үр дүн нь гарахгүй, тэгээд ч ард түмэнд ашиггүй хувилбараар Оюутолгойн гэрээг яаравчлаад байгааг ойлгохгүй юм. Бид сайн бодож тунгаах хэрэгтэй. Ямар ч үнээр хамаагүй хоёр толгойг л ашиглалтад оруулж байвал боллоо гэж бодох болсон байна шүү дээ. Гэхдээ би хоёр толгойн асуудлыг шийдэхийн эсрэг байгаа юм биш. Харин тэндээс олон жил саалиа авч ард түмэндээ ашигтай байлгахын тулд л алдаа мадаггүй гэрээ байгуулахыг хүсэж байна. Монголчууд өөрийнхөө баялгийг өөрсдөө худалдаж авах энэ гэрээг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Хүн өөрийнхөө хотон доторх хониноосоо
барьж авч идшээ хийхдээ мөнгө төлдөггүй биз дээ. Яг л үүнтэй адилхан. Харин ч бид гадны хөрөнгө оруулагчдад хувиа өгч байгаа нь их юм.

-Хямралд улам ташуур өгч байгаа нэг юм бол ам.долларын ханшийн өсөлт. Монголбанкны шинэ ерөнхийлөгч "долларын ханшийг хазаарлаад үзүүлээд өгнө" гэж томилогдоод бараг сар боллоо. Гэтэл байдал улам л дор* доод байх юм?

-Монголбанкны удирдлагыг шинэчлэхдээ их зүйлийг хүлээж байлаа. Эдийн засгийн хямралаас болоод банкнуудын чадавх муудаж, ард түмний банканд итгэх итгэл алдарч байгаа үед Монголбанк хамгийн гол үүргийг гүйцэтгэж ажиллах ёстой байгууллага мөн. Тийм ч учраас урьд нь ажиллаж байсан удирдлагыг улам сайжруулахын үүднээс шинэ хүн тавьсан. Гэтэл өнөөдөр Л .Пүрэвдоржийн хийж байгаа ажил огт мэдрэгдэхгүй байна. Түүний ажлыг бас л үр дүнгээр нь тооцно шүү дээ. Тэр салбартаа очоод хэдэн хурал удирдсан, хэдэн цаг хүртэл ажиллаж сууж байгаагаар нь тооцохгүй. Хийсэн ажил үйлдлээс нь ямар үр дүн улс орон, ард түмэнд хүрч байгаагаас л түүнийг дүгнэнэ. Л.Пүрэвдоржийг анх ажилд авахад ам.долларын ханш 1ЗОО төгрөг байсан бол өнөөдөр 1600 хүрчихлээ. Гэтэл ханшийн энэ өсөлт Монголын ганц том баяр цагаан сараар тохиож байгаа нь ард түмэнд маш хүнд тусч байна шүү дээ. Цагаан сарын гол бараанууд импортоор орж ирдэг болохоор ам.долларын ханшийн өсөлт ард түмний амьдралд хамгийн ихээр нөлөөлж байгаа нь гарцаагүй.

-Монголбанкны ерөнхийлөгчийг юу ч хийж чадахгүй, ямар ч туршлагагүй байна гэж арилжааны банкууд нь голоод байна шүү дээ?

-Хамт очиж суугаагүй болохоор тэр хүний юу хийж байгааг би мэдэхгүй байна. Гэхдээ Монголбанк асуудлаа боловсруулаад УИХ-аар хэлэлцүүлэхэд байнгын хороо, Засгийн газар ч нээлттэй байгаа. Гэтэл ийм асуудал огт орж ирэхгүй байна. Нөгөө талаар УИХ Монголбанкны ерөнхийлөгчийг томилно гэсэн хуулийн заалт бий. Тэр хуулийн дагуу бид ерөнхийлөгчийг нь сольсон. Гэтэл баг нь хэвээрээ байгаад байх юм. Уг нь тэднийг чинь ажиллаж чадахгүй байна гээд ерөнхийлөгчийг нь өөрчилсөн хэрэг. Хэрэв А.Батсүхээс болоод Монголбанк муу ажиллаж байсан бол одоо сайжирвал сайжрахаар хугацаа өнгөрлөө. Байдаггүй, хэвээрээ. Бүр муудаад байдаг.

-Л.Пүрэвдорж гуайг Монголбанкны ерөнхийлөгчөөр тавих үед таныг чухам ямар байр суурьтай байсныг би санахгүй байна. Гэхдээ Л .Пүрэвдоржийг томилсон нь зүгээр л улстөрийн томилгоо байсан шүү дээ. Тэгэхээр тэр хүнээс нэг их юм хүлээгээд хэрэггүй байх аа?

-Ер нь бол УИХ дээр МАХН-ын гишүүд олонхийг бүрдүүлдэг. Асуудлыг олон-хиороо шийддэг ардчилсан парламенттай шүү дээ. Тэрнээс цөөнхөөрөө шийдээд асуудлыг УИХ-д оруулах боломжгүй. Тэгэхээр МАХН бүлэг дээрээ маш нухацтай ярилцлаа гээд л асуудлыг оруулж ирсэн. Тийм болохоор бид олонхийн эсрэг ямар нэгэн зүйл хийгээгүй. Гагцхүү Л.Пүрэвдоржийгоо сайн ажиллуулахыг л хүссэн. Түү-нээс өөрөөр хандах боломж цөөнхөд байхгүй шүү дээ. Одоо бол томилсон Л.Пүрэвдоржтойгоо МАХН, бас УИХ ч сайн ажилламаар байна.

-Монголбанкны ерөнхийлөгчийг томилно гэдэг нэг яамны төрийн нарийн бичиг ч юм уу, дэд сайдыг томилохоос илүү нарийн ажил байх. Ийм томилгооны үеэр л хамтарч засаг барьж байгаагийнхаа шидийг гаргаагүй нь Ардчилсан намын алдаа байсан гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?

-Одоо ч бид нэг л тийм ойлгомжгүй байдалд орчхоод байна л даа. Хамтарсан Засгийн газарт орчихсон юм болохоор цөөнхгүй ч юм шиг. Гэхдээ яг энэ үед сөрөг хүчингүй гэхэд хаашаа юм. Манай намын бүлэг дээр бол маш их мэтгэлцэж, тал талаас нь ярьдаг. Бид тэмцэлдээд байж болж байна л даа. Тэглээ гээд энэ цаг үед Монгол Улс хожих уу гэдгийг бодох хэрэгтэй. Би бол УИХ дотор цөөнхийг төлөөлж суугаа УИХ-ын дэд дарга. УИХ дээр асуудал шийдэхээрээ яах аргагүй цөөнх болчхоод байдаг. Нэгэнт хамтарсан Засгийн газарт орчихсон болохоор зовлон нэг болчихдог. Гэхдээ жаргал, зовлонгоо аль алиныг нь хуваалцах хэрэгтэй л дээ. Харин хамтарчихлаа гэдгээрээ сөрөг хүчний шүүмжлэл байхгүй болж, аль, аль тал нь хариуцлагаас мултарч байгаа юм биш гэдгийг зөв ойлгох хэрэгтэй.

-Одоо ч гэсэн Ардчилсан намаас сонгогдсон Сангийн сайд л загнуулаад сууж байгаа биз дээ?

-Нэгэнт хамтарсан Зас-гийн газар байгуулсан тул Сангийн сайд нь аль намаас томилогдсон гэдэг нь асуудлын гол бус. Өнөөдөр бид цөөнх болж хурал хаядаг, завсарлага авдаг, асуудлыг гацаадаг байр суурин дээр биш ард түмнээ ядуурлаас гаргах, хямралыг давж гарахын төлөө хамтран ажиллаж, гаргасан алдаа бүхнээ хамтран засдаг тийм л байр сууринаас ажиллах цаг болжээ л гэж ойлгож байна.

-Та ер нь хамтарсан Засгийн газрыг нэг л таа-шаахгүй байгаа юмаа даа?

-Харин ч эсрэгээр. Хамтарсан Засгийн газраас их зүйлийг, том үр дүнг хүлээж байгаа. Тийм ч учраас үйл ажиллагааг нь дэмжиж ажиллаж байгаа. Энэ Засгийн газар бол хоёр толгой болон стратегийн ач холбогдолтой бусад том ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эдийн засгийн хямралыг даван туулах түүхэн хариуцлагыг үүрч байгаа Засгийн газар.

-Өнөөдөр эдийн засгийн хямрал айл бүрийн ширээн дээрх талхнаас хумслаад эхэлчихсэн байхад УИХ нь амраад юу ч хийхгүй суугаад байгаа нь утгагүй санагдаад байгаа шүү?

-Хямрал амьдралд бодитоор нөлөөлж эхлээд байна. Гараад хар л даа. Хотын автомашины хөдөлгөөний түгжрэл багассан байна. Нарантуул зах дээр лангуу ажиллуулах чадавхтай хүмүүс нь ховордож байна. Цагаан сар дөхөөд ирэхээр хүнсний лангуунуудын хавиар хөл гишгэх зайгүй болдог байсан бол одоо сэлүүхэн болчхож. Бас Улаанбаатар Өвөрхангайн замаар бараа, түүхий эд ачсан том жижиг ачааны машинууд хөвөрч байдаг байсан бол одоо бараг алга. Энэ бол дохио.

"УИХ амарчихлаа" гээд хүмүүс бухимдаад байна. Энэ бол ойлголтын зөрүү юм л даа. УИХ амраагүй. Зүгээр л чуулган завсарласан. УИХ-ын гишүүд хөдөө орон нутагт, хотод тойрогтоо ажиллаж байгаа. Бас маш олон ажлын хэсгүүд чиглэл чиглэлээр ажиллаж байна. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд дээрээ сууж ажиллаж л байгаа.

-Наадах чинь бол ердийн үед ч хийдэг л ажил чинь. Харин хямралын үед юу хийгээд зүгээр суугаад байгаа юм бэ гэж асууж байна л даа?

-Хямралын үед УИХ асуудлыг хэлэлцэхэд бэлэн л байгаад байна шүү дээ. Засгийн газар "Санхүү эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьчхаад байна. Энэ долоо хоногт УИХ дахь намын бүлгүүд, холбогдох байнгын хороод, ээлжит бус чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэх болно.
Ээлжит бус чуулганаар энэ төлөвлөгөөг нухацтай хэлэлцэнэ. Ажлын төлөвлөгөө хэр зэрэг бодитой болж, ямар хугацаанд бодит эдийн засгийг сэргээх нь л хамгийн чухал үр дүн.

-Сайдууд дэмий л тал тал тийшээ давхиад мөнгө хайгаад байх шиг байх юм?

-Асуудлын гол нь мөнгө хайхдаа биш. Мөнгө хайх гэдэг бол нэг ажил нь. Эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа өнөө үед мөнгө хэрэгтэй байлгүй яах вэ. Гэхдээ ийм үед эдийн засагт шууд нөлөөтэй, мөнгөгүйгээр хийж болдог ажил байдаг. Наад зах нь захиргааны дарамтаа багасгах хэрэгтэй юм. Тухайлбал, оны өмнөхөн татвараа төлөөгүй компаниудын дансыг хаачихсан байсан. Дансаа хаалгасан компани яаж татвараа төлөх юм бэ. Дансыг нь хаахын оронд хямралын энэ хэцүү үед эдийн засаг бизнесийн орчныг улам бүр таатай болгож, тодорхой салбарууд тухайлбал ард түмний амьдралд амин чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүнсний үйлдвэрлэгчдийн татварыг хойшлуулах гэх мэт олон төрлийн уян хатан арга хэмжээг хэрэгжүүлж яагаад болдоггүй юм бэ. Энэ мэтчилэн мөнгөгүйгээр, бага мөнгөөр хийж болдог бодлогын түвшний ажлууд олон байна.

Хойд хөрш маань тэхэд тэтгэврийн тодорхой хэсгийг инфляцийн эсрэг индексжүүлэх арга хэмжээ авсан байна. Бид түүнийг хэрэгжүүлбэл тэтгэврийн хөгшид, тэтгэмж авдаг эмзэг бүлгийнхэн маань ядаж хямралд бага өртөх юм даа.

Энэ хямрал гэдэг юм чинь .13 улсын дотоодын үйлдвэрлэл, ажлын байр хоёрыг л идээд эхэлбэл аюулд өртөж байгаагын илрэл. Гэтэл манайд аль хэдийнэ энэ хоёр халдаад ороод ирчихсэн. Бусад улс орон үүний эсрэг арга хэмжээ авч байгаа нь харагдаж байна. Хямрал анхан шатандаа биш бүр банк санхүүг даваад үйлдвэрлэлрүүгээ ороод ирчихлээ. Ажилгүйдэл нэмэгдэх төлөвтэй. Энэ хоёроо Засгийн газар онилж ажиллах ёстой байтал зарим үед дотоодын компаниудынхаа ажил руу орж, бүтээгдэхүүнийх нь үнийг буулгаж, алдагдал амсуулах гэж мэрийгээд ч байгаа юм шиг харагдах юм. Төр зоргоороо юмны үнийг тогтоож гар бие оролцдог байгууллага биш шүү дээ. Барууны улс орнууд том том компаниудаа авч үлдэхийн төлөө Засгийн р нь хувьцааг нь худалдаж авч, хөрөнгө оруулалт хийж байна. Гэтэл манайх татвараа төлсөнгүй гээд дансыг нь хаачхаж байна. Эдийн засгийн хямрал болоод татвараа төлж чадахгүй байна шүү дээ, цаадах нь.

-Сүүлчийн асуулт. Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаа талаар хэвлэлд бичих боллоо. Та энэ тухай юу гэж хэлмээр байна вэ?

-Би 45 нас хүрсэн. Улс төрд олон жил явсан. Төрийн албыг ч удаа дараа хашлаа. Тиймээс дадлага туршлагатай болсон. Парламентад суудалтай намын УИХ-ын гишүүн. Тэгэхээр шалгууруудыг бол хангасан байх юм. Тийм болохоор Ерөнхийлөгчид нэр дэвших эрх нь нээлттэй шүү дээ. Ном дүрмээрээ бол манай намын Их хурлаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулдаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

2009 оны 2-р сарын 11, Лхагва гариг, Өдрийн Сонин

No comments:

Post a Comment