Wednesday 18 April 2012

Г.Батхүү: С.Баяр муу ажиллавал зөвхөн МАХН биш Ардчилсан нам ч хариуцлага тооцох боломж байнга нээлттэй

УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй ярилцлаа.

-Парламентын гишүүнээс гадна та УИХ-ын нэг дэд даргын албыг хашиж байгаа. Чиг үүргийн хуваарилалтаар танд ямар ажил ногдож байна, ажлын явц хэр байна даа?

-Хуулийнхаа дагуу парламентад байгуулагдсан бүлгийн тоогоор УИХ-д дэд дарга байх ёстой. Өмнөх дөрвөн жилд Ардчилсан нам бүлэггүй зөвлөлтэй байсан. МАХН бүлэгтэй байсан учраас нэг дэд даргатай байж ирсэн байдаг. Өнөөгийн нөхцөлд бол дэд дарга нар хоёр жилээр ажлуудаа хувааж авъя гэж зохицсон. Одоо би УИХ-ын Байнгын хороод, ажлын хэсгүүд, дэд хороодын хуралдааны асуудлыг хариуцаж байна. Дээр нь УИХ-ын гишүүдийн алба, амины байр сууц, гадаадад ажиллах томилолт тэргүүтэй асуудлыг шийдэх чиг үүрэгтэй. УИХ-ын шинэ ордон барих асуудалд одоо гардаж ажиллахаар болж байна.

-Нээрээ П.Алтангэрэл тэргүүтэй хэдэн гишүүнд амины байр сууц шийдэх тухай яриа гарч байсан?

-Тийм ээ, хөдөө орон нутгаас сонгогдож ирсэн гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь бас л тулгамдаж байгаа. УИХ-ын зөвлөх, туслахын орон тоо нэмэгдэж байгаа учраас тэдний байр сууцны асуудал бий.

-Парламентын шинэ ордон барих асуудал олон жил яригдлаа даа?

-Гурав, дөрвөн ч жил яригдлаа. Гадны хүмүүс мөнгө өгчихөөд байхад тэрийг зохицуулаад ашиглачхаж чадахгүй яасан улсууд вэ гэмээр юм болж байна даа, үнэндээ. Тэр хөрөнгө оруулалтыг даруй ашиглаад, байшин сууц болгоод авчихгүй бол олдохоо байх ч мэдэх, асуудал улам л бүрхэг болно байх. Цаад газар нь жил жилийнхээ төсөвт тусгаад монголчууд ашиглана гээд хүлээдэг, өнөөх монголчууд нь хөдөлдөггүй нь хачин л юм болж таарч байгаа. Түргэтгэхийн тулд УИХ-ын дарга захирамжаараа ажлын хэсэг байгуулсан. Ахлагчаар нь би ажиллаж байна. Шадар сайд М.Энхболд тэргүүтэй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор, Байнгын хороодын дарга нар, гишүүд оролцсон ажлын хэсэг байгуулагдсан байгаа.

-Ардчилсан нам тодорхой шаардлага тавиад тангараг өргөөгүйгээс чуулган гацаж байсан. Тэр шаардлагуудыг биелүүлэхээр гэрээ хийн тохиролцсон дээр нь хамтарсан засаг байгуулах үндэс болсон ажлын хэрэгжилт, эхлэлийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Биелэлт, үр дүнг хэлэх хугацаа болоогүй байна. Ер нь Засгийн газрын дөрвөн жилийн ажлын төлөвлөгөө, хөтөлбөрт үндсэн чиглэл, зорилго маань багтаад, тусгагдаад явчихаж байгаа. Бас шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш дэлхийн эдийн засгийн байдал зэргээс шалтгаалаад аль аль намын амлалтуудаас хойшилж, удааширч, хугацаа алдах, хийх ажлын цар хүрээ багассан зүйлүүд бий. Гэхдээ Ардчилсан нам хэдий цөөнх болсон ч хийх ёстой, амласан зүйлүүдээ хэрэгжүүлэхийн төлөө л ажиллана. Гол зарчим бол Ардчилсан нам МАХН-ыг зөвшөөрсөн зэрэг янз бүрийн гаргалгаа гаргах, тайлбартаа биш зөвхөн ард түмэнд хэрэгцээтэй шийдвэр, үр дүн гарахад анхаарах ёстой.

-Танай намын шаардлагад Өршөөлийн хуулийн асуудал багтсан. Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой шүүх хурлуудаас хүүхэд, залуучууд яллагдаж байгааг яаваал зохистой юм бол. Өнөөх өршөөлийн хууль ч чимээ алга?

-Ер нь залуучууд шүүхээр яллагдаж байгаа нь тун харамсалтай. Гэхдээ тэр өдрийн үйл явдал үүдсэн шалтаг, шалтгаан юу болохыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Өнөөдөр шүүхээр ял авч байгаа нь тэднийг гэм баруу гэсний илэрхийлэл. Энэ тохиолдолд л өршөөлийн тухай яригдах зохилтой болчихэгд байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүхээр арай ч яллахгүй, ингэснээр өршөөх шаардлага гарахгүй, захиргааны арга хэмжээгээр шийдчихнэ гэж би хувьдаа бодож байсан. Тэгээд Өршөөлийн хуулийг хойш тавьж байлаа. Нэгэнт шүүхийн шийдвэр бүхий ялаас тэр улсуудыг өршөөх асуудал одоо бол яригдах болж байна.

-Тэгээд хуулиа хэзээ өргөн барих вэ?

-Чухамдаа би өршөөхөөр хэрэг хийгээгүй улсуудыг өршөөх тухай ярих нь буруу гэж үзэж байсан юм л даа. Ер нь удахгүй өргөн барих байх, бид ярилцаж байгаа, өргөн барих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хүний эрхийн дэд хороо, хүний эрхийн комисс дээр судалж байгаа ажлууд бий. Тэр бүхэнтэй бид танилцана. Дээр би хэлснээр долдугаар сарын 1-ний үйл явлан үүдэл шалтгааныг нухацтай судална гэдэг нь сонгууль дахиж будилахгүй, луйвар гаргахгүй бололцоо боломжоор хангах эрэл хай-гуул, гарц олох л үр дүнтэй юм шүү дээ. Ард түмэн бухимдаад гараад ирсэн нь нэг удаагийн сон-гуулийн үр дүнгийн илэрхийлэл биш. Цаг хугацааны хувьд улс төрийн сонгуультайгаа холбогдож байгаа ч мөн чанартаа тэдний амьдрал хүнд байгаа. Амьдрал нь сайжрах гэрэл гэгээ ч харагдахгүй байгаагаас бүх зүйл шалтгаалсан. Тэгэхээр бид ард түмний амьдралын дэвшлийн тулд нийгмийн хөрөнгө оруулалт, төсвийг зөв залах ёстой байна. 2009 оны төсөв дээр би байнга "Бид байгаа мөнгөө эргээд нэмүү өртөг бий болгоход л зориулах хэрэгтэй" гэж хэлж байгаа. Ажлын байр бий болгох чиглэлд л хөрөнгө оруулах хэрэгтэй.

-Арилжааны банкуудад эрсдэлийн сангаас 300 тэрбум төгрөг байршуулах төслийг та юу гэж үзэж байгаа вэ. Эдийн засгийн ажиглагчид бол арилжааны банкуудыг зохиомол нугалаа гаргаж, төрөөс мөнгө авах гээд байна гэх юм?

-300 тэрбумын санхүүжилтийг өргөн барих ажилд би оролцсон. Энэ мөнгөөр хэрхэх талаар нэлээд судалгаа явуулсан юм, уг нь. Одоо бол би өөр байр суурьтай байгаа.

-Яагаад байр суурь тань өөрчлөгдчихөв?

-Өнөөдөр орон сууцны үнэ хямдарлаа. Гэтэл 300 тэрбумыг өгвөл л хүмүүс зээлж авангуутаа орон сууц руу хийчих гээд байна. "40 мянган айлын орон сууц" гээд хөтөлбөр гараад иртэл хүмүүс сүүлчийнхээ мөнгөөр ч хамаагүй орон сууцтай л байх ёстой юм байна гээд бодчихсон. Хүн орон сууцтай болох нь зөв. Гэхдээ дотор нь сууж л байвал хоосон байх ч хамаагүй гэж бодож л болохгүй. Орон сууцнаас наана нь хүнд өчнөөн хэрэглээ байдаг. Орон сууцныхаа зээлийг төлж чаддаг орлоготой, бизнестэй, эрдсэдлээ тооцсон л байх хэрэгтэй. Үүний тулд нэмүү өртөг бий болгох ажлын байр хэрэгтэй. Тэр нэмүү өртгөөрөө зээлээ төлдөг болохгүй л бол утгагүй. Тэгэхээр иргэдийн амьдралыг дээш татахын тулд орон сууц барих нь чухал биш ээ, эхлээд ажлын байраар хангаж, ядуурлаас нь салгая. Тэгээд ч манайхан барилгын компаниудыг дэндүү их санхүүжүүллээ. Барилгын компаниуд дэндүү их ашиг хийлээ. Ажлын байртай, нэмүү өртөгтэй хүн өөрсдөө л тооцоо хийгээд боломжоороо орон сууцаа авна л биз дээ. Өөрөөр хэлбэл, тэр 300 тэрбумын санхүүжилтийн хууль батлагдаад гарвал орон сууцны зээл биш ажлын байр бий болгох зээл рүү зориулах хэрэгтэй. Манайхан өнөөдөр импорт руу чиглэсэн том үйлдвэрлэл эрхлэх хэрэгтэй л гээд байгаа юм. Би ч санал нэг. Гэхдээ эхлээд сүү, мах, гурилаар зах зээлээ хангах хэрэгтэй. Үүний л тулд 300 тэрбумыг зориулах хэрэгтэй.

-Та долдугаар сарын 1-ний үйл явдлыг ганцхан сонгууль биш олон сонгууль, ирээдүйдээ итгэл алдарсан хүмүүсийн үйлдэл байсан гэлээ...

-Тийм ээ, саяын сонгуулиас хүмүүс өөр үр дүн хүлээж байсан нь биелсэнгүй. Нөгөө талаасаа хүн бүхэн саналаа өгсөн, биесээсээ асуухаар бүгд л, 70-80 хувь нь ардчиллыг дэмжлээ гэж ярилцсан. Гэтэл сонгуулийн үр дүн нөгөө талдаа гарчихсан. Энэ бүхэнд хүмүүс их бухимдсан.

-Харин тийм ээ, аль нэгд нь магадгүй ардчилалд нь эрх өгөөд бодлогоо хэрэгжүүлэхийг нь харъя гэж саналаа өгөөд, түүнийхээ төлөө тэмцээд нэг хэсгийгээ шоронд явуулчихсан байтал нөгөө хоёр хүчин дээгүүрээ хамтарчихсаныг өнөөдөр олон нийт таалахгүй л байх шиг байгаа юм?

-Нэгдүгээрт, ард түмэн Ардчилсан намд ямар нэг хэмжээгээр төрийн бодлогоо бариулахыг хүсчээ. Гэтэл дүн яаж будлиад, ямар завхрал гарсныг хэн ч хэлж мэдэхгүй, тогтоогоогүй л шүү дээ. Гэхдээ яаж ч шахагдаж, дарагдаж гарч ирсэн бай өнөөдрийн Ардчилсан намын 26 суудал ард түмнээс "Ашигт малтмалын талаарх бодлогоо хэрэгжүүл ээ..." гэсэн захиа даалгавартай яваа. Үүнээс ухарч, Монголын ирээдүйг шийдвэрлэх түүхэн хугацааны төрийн ажилд бид оролцохгүй, сөрөг хүчин гээд үлдэж болохгүй л байхгүй юу.

-Та өөрөө хамтарсан засгийг дэмжиж, оройлж байгуулсан хүмүүсийн нэг. Тэгтэл нийтийн бухимдсан гээд өөрийнхөө яриад байгаа шалтгаанаа сөрөөд хамтрахыг дэмжиж байсан хэрэг үү?

-Тийм ээ би хамтарсан засгийг оройлон дэмжсэн. Бид цөөнх болчихлоо гээд сөрөх биш боломж нь байгаа бол бодлогоо хэрэгжүүлэх нь л зөв. Түүнээс биш сайд хийх, намынхныгаа ажилтай болгох мэт явцуу эрх ашиг байхгүй. МАХН-ын дуулгавартай хүмүүс, туслагч болохын төлөө бүр ч биш. Цөөнх нь олонхио байнга шүүмжилдэг, олонхи нь буруу ч байсан хамаагүй бодлогоо хамгаалж цөөнхийнхөө эсрэг ажилладаг байдлыг үгүйсгэе. Түүний оронд тал талаас нь ажил шахдаг хянадаг механизм хэрэгжүүлье, хариуцлагаа хүлээе л гэж байгаа. Энэ механизмаар явахгүй бол хамтарсан Засгийн газраас больчхож болно шүү дээ.

-"Одоо манай намын гишүүд МАХН-ын хэвлэлийн төлөөлөгч шиг л юмнууд болчихлоо, ажил ярих аргагүй байдаг юм байна" гэсэн шүүмжлэл байна?

-Хүн бүхний дүгнэлт өөр байх л даа. Би бол ард түмэн, намын дарга, хэсэг бүлэг хүмүүсийн өмнөөс үг хэлэхгүй. Би өөрийнхөө л байр суурийг хэллээ. Яг миний байр суурь шиг өнөөдөр нөхцөл байдлыг ойлгож, эрх ашгийг хамгийн түрүүнд тавьж байгаа хүн олон гэж хардаг. Харин тэр хүмүүсийн итгэл, хамтарч засаг байгуулж, том эрх ашгийн төлөө гал дундуур явж, сайн муу нэр хүлээсэн хүмүүсийн хи-чээлээр бий болсон бололцоог л хамтарсан Засгийн газар сайн ашиглаасай. Тэгж чадахгүй бол хариуцлага тооцно.

-Танай намын даргыг хууль бусаар сонгогдсон, их хурал зарлах ёстой гэсэн яриа гараад чимээгүй болчихлоо?

-Энд ямар ч алдаа байхгүй. Манай намын дотоод дүрмийн дагуу явсан. Намын дарга өргөдлөө өгсөн тохиолдолд их хурал хуралдахгүйгээр Үндэсний зөвлөлдөх хороогоороо шинэ даргаа томилдог. Тийм сонгуулиар олонхын саналаа авчихсан даргын хувьд ямар ч асуудал байхгүй. Би Н.Алтанхуяг гэдэг хүний тухайд ярьж байгаа юм биш. Намын дарга хэн ч болсон бай дээрх байр суурь дээр л байна.

-Танай намын бас нэг шаардлага бол Баянголын асуудлыг даруй шийдэх ёстой гэж байсан, тэр юу болов?

-Уг нь ийм асуудал хууль, хяналт, цагдаагаар яваад шүүхэд очдог хууль Монголд байхгүй. 2004 онд бид өөр хуулиар сонгуулиа явуулсан юм. Тийм болохоор З.Энхболд шүүхдээд нэг жил, зургаан сарын дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхээ олж авч байсан. Энэ сонгуулиар хэдий хугацаанд УИХ-ын ги-шүүний бүрэн эрхийг олгохыг нь хуулиараа заагаад өгчихсөн. Тэгээд өндөр эрхтэй Сонгуулийн ерөнхий хорооноос болж 2009 оны төсөв хэлэлцэх асуудалд Баянголынхон төлөөлөлгүй л байна. Гэтэл тэд саналаа өгсөн үү, өгсөн. Би УИХ-ын дэд даргын хувьд СЕХ-ны даргыг хүлээн авч уулзсан. Прокуророос асуудалгүй бол хэзээ ч өргөн барихад бэлэн гэсэн. Прокурор нь "Манайд хамаагүй..." гэж хариулсан. Хэдэн сар өнгөрлөө. Сонгуулийн хуулийг дахиад шинэчлэх шаардлагатай нь харагдаж байна.

-Энэ тойргийн төлөөллийг парламентад оруулж ирэхийн тулд одоо яах ёстой юм бэ?

-Миний зүгээс арга дуусгаад байна. Одоо тэр сонгогчид нь шахах, өөрсдийнхөө төлөөллийг төрд оруу-лахын төлөө ажиллах хэрэгтэй. Гэхдээ долдугаар сарын 1-ний өдөр шиг юм бол гэж байгаа юм биш л дээ. "Би саналаа өгсөн, миний сонгосон хүн хаана байна вэ" гээд ард түмэн өөрсдөө нэхэх ёстой цаг болсон. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ажиллах л ёстой.

-Хамтарсан засаг сонгосон С.Баяр дарга намдаа рейтинг муутай байгаа бололтой. Энэ нь удахгүй болох МАХН-ын Бага хурлаар хэлэлцэх ерөнхий нарийн бичгийн даргын сонголтод нөлөөлж байгаа гэгдэх юм. МАХН-ын генсек хэн болох эсэхээс улс төрийн амьдралд ч өөрчлөлт орно гэгдэж байна. Та хэрхэн харж байна вэ?

-Надад нарийн мэдээлэл алга. Би МАХН-ын дотоод асуудлыг тайлбарлах эрхгүй, алба ч үгүй. Хэрэв С.Баяр муу ажиллавал зөвхөн МАХН ч биш Ардчилсан нам ч хариуцлага тооцох боломж байнга нээлттэй. Тийм эрх зүйн чадамж, сэтгэл зүйн бэлтгэл ч манайханд бий. Эцсийн эцэст УИХ-ын дэд даргын албан тушаал дээрээс миний харж, дэмжиж, бодож, хүсч байгаа зүйл гэвэл улс орон минь хөгжөөсэй л гэж бодож байна. Ер нь цаашдаа нам гэдэг зүйлийг бүх шатандаа ярих асуудлыг багасгах хэрэгтэй. Нэгдүгээр сар гараад л төрийн албан хаагчид намын харьяалалгүй болно. Төрийн албан хаагчид намын харьяалалтай байх хэрээр нэг нь ялахаар нэг хэсэг нь ажилгүй, тэр хэрээр төрийн залгамж чанар, төрийн ажлын уялдаа холбоо алдагдсаар ирсэн. Хүмүүсийн ярьж байгаагаар хамтраад нэг нам болчихлоо гэгдэх л юм. Тийм юм байхгүй, хариуцлагаа тооцно, амлалтаа ч хэрэгжүүлнэ.

2008 оны 11-р сарын 18, Мягмар гариг, Өдрийн сонин

No comments:

Post a Comment